| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/00562/И |
| Дугаар | 183/ШШ2022/02753 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2022/02753
| 2022 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2022/00484 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 19 104 629,74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т,
хариуцагч Д.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МСГББСБ ХХК хариуцагч Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 176 225.74 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.Б нь 2017.05.29-ний өдөр ********* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9 500 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, жилийн 42 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авч, УНТ **-** улсын дугаартай, ачааны өөрөө буулгагч автомашиныг барьцаалсан. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлэхгүй зайлсхийсээр зээлийн гэрээний хугацаа 2018.11.28-ны өдөр дууссан байна. Иймд хариуцагч Д.Баас үндсэн зээл 9 071 671.22 төгрөг, зээлийн хүү 14 803 069.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 501 484.90 төгрөг, нийт 28 176 225.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд зээлийн төлбөрийн 9 071 596 төгрөгийг төлсөн бөгөөд бид тодорхой хугацаа тохирч мөнгийг төлвөл тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр тохирсон. Гэвч 2022.06.30-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул 19 104 629,74 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч С.Д нь гадаад улсад амьдардаг бөгөөд бид хамтран зээлдэгч Д.Баас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь хоорондоо холбоотой байдаг гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан ба Д.Б миний бие нь МСГББСБ-д хандаж зээл авах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч МСГББСБ нь иргэн Д.Б надад зээл олгоох зориулалтаар ямар нэгэн данс нээгээгүй бөгөөд миний дансанд зээлийг шилжүүлээгүй, надад зээл олгоогүй, миний бие тухайн зээлийг огт ашиглаагүй болно. Миний бие Д.Б нь тухай үед 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ********* тоот зээлийн гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зээлдэгчийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж байгаа юм байна гэж ойлгон гарын үсэг зурсан. Тиймээс миний бие зээлдэгчийн бусдад төлөх зээлийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэх, түүний үүргийг өөртөө шилжүүлэн авах үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй юм. Иймд дээрх үнэн, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж МСГББСБ-ийн 2022.04.25-ны өдөр шүүхэд гаргасан зээлдэгч С.Дыг хариуцагчаар татан оролцуулж, Д.Б намайг хариуцагчаас хасах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие уг мөнгөнөөс 9 071 596 төгрөгийг С.Доор төлүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг төлүүлэхэд туслая гээд хооронд нь холбож өгсөн. Гэвч надад хамаатай мэтээр намайг төл гэж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2009.12.23-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.05.29-ний өдрийн зээл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017.05.29-ний өдрийн фидуцийн гэрээ, 2017.05.29-нөөс 2018.11.29-ний өдөр хүртэлх хүү тооцооллын хүснэгт, харилцагчийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх.6-27,38/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ********* тоот зээлийн гэрэээг байгуулж, 9 500 000 төгрөгийг 18 сарын хугацаанд сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар гэрээний үүргээ огт биелүүлээгүй, зээлийн хугацаа дууссан байна. Иймд хариуцагчаас 19 104 629,74 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч зээлийг С.Д авсан бөгөөд захиран зарцуулсан тул би хариуцагч биш гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
МСГББСБ ХХК, С.Д нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ********* дугаартай зээл, барьцааны гэрээ байгуулагдаж, МСГХХК нь 9 500 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь зээл, барьцааны гэрээгээр тогтоогдож байх ба дээрх гэрээний зээлдэгчээр С.Д оролцсон байна.
Харин уг гэрээнд зээлдэгч С.Д, хамтран зээлдэгч Д.Б нар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 11-16/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон С.Дын өмчлөлийн Daewoo ******* маркийн ****УНТ улсын дугаартай улаан өнгийн автомашиныг барьцаалсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 18-21/
Талууд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ********* дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба зээлдэгч МСГББСБ ХХК нь 9 500 000 төгрөгийг зээлдэгч С.Дын дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд эдгээр асуудлаар маргаагүй.
5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, мөн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд талуудын байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ********* дугаартай зээл, барьцааны гэрээгээр хариуцагч Д.Быг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж гарын үсэг зуруулсан хэдий ч зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцож, үүрэг хүлээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, зээлийн гэрээг зээлдэгч С.Дтой байгуулсан байх ба зээлдэгчээр Д.Быг оролцуулж, үүрэг хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна.
Иймд дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Б зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй байх тул түүний хариуцагч биш гэж маргасан нь үндэслэлтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МСГХХК-ийн хариуцагч Д.Баас зээлийн гэрээний үүрэгт 19 104 629.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298 831.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ