Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/02524

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр             Дугаар 183/ШШ2022/02524                   Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  дүүрэг, 904 тоот байрлах, Х ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 733 тоот байрлах, Г ХХК /РД:*****/-д холбогдох

Ажлын үлдэгдэл хөлс 19 777 485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Гэрч С.С, О.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х  ХХК нь хариуцагч Г ХХКхолбогдуулан ажлын үлдэгдэл хөлс 19 777 485 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Х ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Г ХХК-тай Г/18-11 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч Г  ХХК-ийн техникийн даалгаврын дагуу гуйцэтгэгч Х ХХК нь өөрийн материалаар Б дүүргийн 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлтийн ажлын хүрззнд 826,11 мкв цонхыг 1 мкв нь 115 000 төгрөгөөр, резин турк ажлыг 1 800 000 төгрөгөөр буюу нийт  96 802 650 төгрөгийн үнэ бүхий ажлыг 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь гэрээт ажил 100 хувь дуусаж, улсад хүлээлгэн өгч комиссын акт баталгаажсанаар үлдэгдэл хөлсийг гүйцэтгэгч талд төлж дуусгахаар талууд хэлэлцэн тохиролцсон. Г ХХК нь гэрээнд заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 50 хувь болох 48 401 325 төгрөгийг болон үлдэх 50 хувийн үнийн дүнгээс 20 000 000 төгрөгт тооцон “Авто зогсоол”-ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус манайд шилжүүлсэн. Харин гүйцэтгэгч Х ХХК нь дээр дурдсан гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, улсын комисс ажлыг хүлээн авсан боловч захиалагч Г ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19 777 485 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Өнгөрсөн хугацаанд манай компани нь энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийн асуудлаар Г ХХК-тай аль болох зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж, талуудын хамтын ажиллагааг хүндэтгэн, бизнесийн ёс зүйг баримталж, төлбөр төлж барагдуулах хангалттай хугацаа өгч, хүлээцтэй хандаж ирсэн боловч үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Г/18-11 дугаартай “Туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 19 777 485 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж Х ХХК-д олгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Г ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гэрээний нийт үнийн дүнг 96 820 650 төгрөг гэж тодорхойлсон. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр, авто зогсоол шилжүүлсэн баримтыг хавтас хэрэгт хавсаргаж өгсөн. Хэдийгээр хариуцагч нь компанитай гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэж байгаа боловч бид Г ХХК-тай тохиролцож, тэдний 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлтийн ажлыг нь хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Манай хүлээлгэн өгсөн ажлыг хүлээн аваад улсын комисст өөрсдөө хүлээлгэн өгөөд санхүүжилтээ авсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй, амаар хэлэлцэн тохирч ч болно. Мөн О.Н нь өөрөө Г ХХК-ийг төлөөлж байгаа, энэ цонхны ажлыг нь хариуцаж байгаа гэж хэлж байсан, мөн гэрээнд гарын үсэг зураагүй гэж байгаа боловч компанийн тамга, тэмдэг дарагдсан байдаг. Тийм байж мэдээгүй гэж байгаа хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлснөөс 28 400 325 төгрөгийг 53 дугаар сургууль болон 127 дугаар цэцэрлэгийн төлбөр гэж шилжүүлснийг харахад нэхэмжлэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлж, 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлийн ажлыг Улсын комисст хүлээлгэн өгсөн гэдгийг харж болно. Хариуцагч тал ажлаа хийлгэж, Улсын комисс тус ажлыг нэгэнт хүлээж авсан учраас гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдлээ л нэхэмжилж байгаа гэв.  

 

2.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г ХХК нь Х ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 14-өдөр Г/18-11 дугаартай, Туслан гүйцэтгэх гэрээ нэртэй ажил гүйцэтгэх гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй, уг гэрээг Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж маргаж байна. Г ХХК нь 2018 онд Нийслэлийн Б дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн их засварын ажпыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим төрийн ажил үйлчилгээг бусдаар туслан гүйцэтгүүлсэн байдаг. Ийнхүү бусдаар зарим төрлийн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхдээ Г ХХК-ийг итгэмжпэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирал О.Ж нь тэдгээр бригад, компаниудтай өөрөө гэрээ хийж, гэрээгээ баталдаг байсан. Харин 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Г/18-11 дугаартай, Туслан гүйцэтгэх гэрээ нэртэй ажил гүйцэтгэх гэрээнд Г ХХК-ийн захирал О.Ж компанийн нэрийн өмнөөс хүсэл сонирхлын илэрхийлээ илэрхийлж гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээнд зурагдсан О.Ж-ны гарын үсэг нь түүний үсэг биш бопно. Компанийн тухай хуульд компанийн өдөр тутамын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал эрхлэн явуулна гэж заасан. Гүйцэтгэх захирлын /захирал/ хүсэл зоригийн илэрхийлэл нь компанийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Энэ утгаараа аливаа хуулийн этгээдийн бичгээр хийсэн хийсэн гэрээ, хэлцэлд хуулийн этгээдийн эрх баригч эсхүл түүний эрх олгосон этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хуулийн хүчин төгөлдөр болдог эрх зүйн зохицуулалттай. Иймээс  2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Х ХХК, Г ХХК нарын хооронд байгуулагдсан Г/18-11 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “..хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д тооцогдох үндэслэлтэй байна. Нөгөөтэйгээр уг гэрээний төлбөрт Г ХХК-иас Х ХХК-д ямар нэгэн хэлбэрээр мөнгө болон эд материалаар төлбөр төлсөн тохиолдолд байхгүй. Х ХХК нь Г ХХК-тай бус өөр этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний төлбөр тооцоогоо авсан үйл баримт байдаг. Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас туслан гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 777 485 төгрөг гаргуулахыг хүссэн. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Г/1811 дугаартай туслан гүйцэтгэх гэрээний нөхцөлөөр шаардаж байгаа юм байна. Манай Г ХХК нь 2018 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тендер авч Нийслэлийн 53 дугаар сургуулийн засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн. Уг гэрээний нөхцөлөөр их засварын ажлыг Г ХХК нь өөрсдийн хөрөнгөөр, өөрсдийн ажилчдаар хийж гүйцэтгүүлсэн болно. Гэтэл Хаан цонх ХХК нь 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлийн ажлыг Г ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, гэрээний нийт үнийн дүнг 96 820 650 төгрөг байхаар тохиролцож, үүнээсээ тодорхой хэмжээний төлбөрийг авч одоогоор 19 777 485 төгрөг үлдсэн, энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэдэг шаардлага гаргасан байна. Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон туслан гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээнд тооцогдох боломжгүй гэрээ байгаа. Г ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж байсан зүйл байхгүй бөгөөд 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлийн ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн гэх нотлох баримт байхгүй байна. Манай компани өөрийнхөө ажилчдаар тус ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Харин ажилчдын хувьд бусад бригадтай аман хэлэлцээр хийж, манайхаас санхүүжилт авах байдлаар туслан гүйцэтгэх гэрээг аман хэлэлцээрээр хийх зарчимтай байдаг. 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлийн ажлыг манай компанийн ажилтан О.Н бусад хүмүүсээр туслан гүйцэтгүүлсэн асуудал бий. Шүүх дээр маргаан үүссэний дараа О.Ж захирал уг нөхцөл байдлын талаар О.Н-аас мэдэж, тодруулсан. О.Н нь Х ХХК-ийн захирал н.Х-той аман хэлэлцээр хийж, ажил гүйцэтгүүлж байгаад талууд заавал бичгээр гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн учраас л уг гэрээг байгуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл О.Н нь тамга тэмдэг ашигласан хууль бус, манай компанийн ажилтан О.Н нь уг ажлыг гүйцэтгэхээр аваад өөрөө Хаан цонх ХХК-тай гэрээний харилцаанд орсон учраас манай компани хариуцахгүй, нэхэмжлэгчид хөлс төлөх үүрэггүй гэж үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Х ХХК-иас А.А-д олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Туслан гүйцэтгүүлэх гэрээ, Х ХХК-иас С.Х-т олгосон итгэмжлэл, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А.А, Х ХХК нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ү-2205****34 тоот Р.Н-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Төлбөр хийсэн өдөр мөнгөн дүн гэх хүснэгтэн баримт, Х.Х-ын эзэмшлийн 500***955 тоот дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Х ХХК-иас С.Х-т олгосон итгэмжлэл, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Туслан гүйцэтгүүлэх гэрээний хуулбар гэсэн  баримт /хх-ийн 3-9, 40, 41-42, 43, 44, 45, 46-49, 60, 67-68-р хуудас/,

хариуцагчаас Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Г ХХК-иас Т.У-т олгосон итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Ж.А-аас Т.У-т олгосон итгэмжлэлийн хуулбар, хариу тайлбар гэсэн /хх-ийн 16-17, 25, 27-28-р хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/781 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажлын гэрээ /Б дүүрэг, 53 дугаар сургуулийн барилга/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Дулаан алдалтыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх Б дүүрэг, 53 дугаар сургуулийн барилга /Г ХХК/-г гаргуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас 51****46012, 51***46023, 500***645 тоот данс эзэмшигчдийн талаарх мэдээлэл, 5***46012 тоот дансны 2018 оны 12 дугаар сарын дансны гүйлгээний хуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн хүсэлтээр О.Ж-ны гарын үсгийн хэвд шинжээч томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан болно. /хх-ийн 1-58, 77-81, 97-105-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, цонхны ажил хийж гүйцэтгэсэн боловч хийсэн ажлын үлдэгдэл хөлс 19 777 485 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.  

3.Хариуцагч Г ХХК нь туслан гүйцэтгэх гэрээг компанийн захирал О.Ж-тай байгуулаагүй, компанийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, туслан гүйцэтгэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №Г/18-11 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээнд нэг талаас захиалагч Г ХХК, түүнийг төлөөлөн захирал О.Ж, нөгөө талаас гүйцэтгэгч Х ХХК, түүнийг төлөөлж захирал Х.Х нар Б дүүргийн 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлтийн ажлыг тоо хэмжээ техникийн тодорхойлолтын дагуу гүйцэтгэхээр, ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 14 хоногоор буюу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 1 м.кв цонхны үнийг 115 000 төгрөгөөр, 53 дугаар сургууль нийт 826.11 м.кв, резин турк 1 800 000 төгрөг, нийт үнийг 96 802 650 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

            Гэрээний 3.3-д “гэрээ байгуулж талууд гарын үсэг зурснаар гүйцэтгэгч талд урьдчилгаа 50 хувь 48 401 325 төгрөгийг ХААН банкны 500***955 тоот данс буюу иргэн Х.Х-ын дансанд шилжүүлнэ”, 3.4-д “гэрээний үнийн дүнд Ү-220*****34 тоот дугаартай Б дүүргийн 3 тоот хаягт байршилтай 12 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр үнэлэн төлбөрт оруулж ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрэхэд гүйцэтгэгч талд шилжүүлэн өгнө”, “гэрээт ажил 100 хувь дуусаж улсад хүлээлгэн өгч комиссын акт баталгаажсанаар үлдэгдэл 28 401 325 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэн төлнө” гэж заасан байна.

 

            5.Талуудын маргааны зүйл нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Туслан гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар байна, гэрээнд заасан 53 дугаар сургуулийн цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй байна.

 

            6.Хариуцагчийн төлөөлөгч нь туслан гүйцэтгэх гэрээнд Г ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.Ж нь гарын үсгээ зураагүй, гэрээг байгуулагдсан эсэх талаар мэдэхгүй, гэрээ нь хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор заасан бөгөөд тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

            Хариуцагч нь гэрээнд гарын үсгийг захиалагчийг төлөөлж Г ХХК-ийн захирал О.Ж нь гарын үсэг зураагүй болох нь гэрч О.Н-ын мэдүүлэг, шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох тул Г ХХК нь туслан гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцахгүй, гэрээнд заасан ажлын хөлсийг компаниас шилжүүлээгүй, О.Н нь компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтанд тооцогдохгүй гэж маргасан.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2026 тоот шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн 2018.8.14 гэсэн огноотой Г/18-11 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ гэсэн баримтын О.Ж гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгийн шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн О.Ж-ны гэх 2018, 2019, 2022 оны гарын үсгийн загварууд бүхий материалын хүрээнд харьцуулан шинжлэх адилтгалын шинжилгээ хийх боломжгүй байна” гэжээ.

            Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Н нь “...Г ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсгийг зурж, компанийн тамга тэмдгийг ашигласан” гэж мэдүүлсэн.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь туслан гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, О.Н нь Г ХХК-ийг төлөөлж байгаа гэж ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарласан.

           

            Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №НХААГ-18/0042 дугаартай “Дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажлын гэрээ” /Б дүүргийн 53 дугаар сургуулийн барилга/-г нэг талаас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагч, нөгөө талаас Г ХХК гүйцэтгэгч нар харилцан тохиролцож Дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажлыг Б дүүргийн 53 дугаар сургуулийн барилга 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эхэлж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулна, гэрээний нийт дүн 642 708 847 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулжээ.

            Мөн 2018 оны 12 дугаар сарын 14-нд №2018/781 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Бага төвөгшилтэй ангиллын Дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажил Баянзүрх дүүрэг 53 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан, барилга байгууламжийн төлөв байдал шаардлага хангасан, барилгын ажлыг гүйцэтгэгч Г ХХК гэжээ.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №НХААГ-18/0042 дугаартай “Дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажлын гэрээ”-гээр ажил гүйцэтгэгч Г ХХК нь дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажлыг Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн барилгад хийж гүйцэтгэхээр тохирсон, энэ талаар зохигч маргаагүй болно.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно”, 347.2-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заасан.

            Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгчийн хүлээх үндсэн үүрэг нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд энэ үйлдлийг ажил гүйцэтгэгч заавал биечлэн гүйцэтгэх албагүй, өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлж болох ба энэ тохиолдолд түүнийг ерөнхий ажил гүйцэтгэгч гуравдагч этгээдийг туслан гүйцэтгэгч гэнэ.

Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаар Б дүүргийн 53 дугаар сургуулийн барилгын цонхны ажлыг нэхэмжлэгч Х ХХК нь хийж гүйцэтгэсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь цонхны ажлыг Г ХХК нь өөрсдийн ажилчдаар хийж гүйцэтгүүлсэн гэсэн боловч энэ талаар баримтаар нотлоогүй, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барилгын цонхны ажлыг манай компаниас О.Н нь хариуцаж байсан гэж тайлбарласан.

            Гэрч О.Н нь шүүх хуралдаанд “...Г ХХК нь манай эгчийн компани бөгөөд уг ажлын тендерийг авсан байсан, ажил гүйцэтгэхийг би хувиараа хүмүүстэй уулзаж тохирсон, компанитай гэрээ хийнэ гээд байхаар нь гэрээнд өөрөө гарын үсэг зурж байгуулсан, Г ХХК цонх шинэчлэлтийн ажлыг надад хариуцуулсан байсан”, гэрч С.С шүүх хуралдаанд “...төслийн хяналтын инженерээр ажиллаж байсан, Г ХХК нь 53 дугаар сургуулийн гадна фасадны ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн, цонхын ажлыг Хаан цонх ХХК хийж гүйцэтгэсэн, ерөнхий дулаалгын тендерт Г ХХК нь орсон, Г ХХК-ийн зүгээс О.Н хариуцаж байсан” гэж тус тус мэдүүлсэн, мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь хариуцагч Г ХХК төлөөгүй, гэрч О.Н нь өөрөө төлсөн гэсэн боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Н нь ажлын хөлсийг төслийн санхүүжилтээс төлсөн гэж мэдүүлсэн болно.

            Иймд гэрч О.Н, С.С нарын мэдүүлэгээр Б дүүргийн 53 дугаар сургуулийн цонх шинэчлэлтийн ажлыг Хаан цонх ХХК-иар гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар хийсэн ажлын үр дүнг хариуцагч Г ХХК нь хүлээн авч, захиалагч болох Нийсэлэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан №2018/781 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдож байна.

Тиймээс хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг цонхны ажлыг хийсэн туслан гүйцэтгэх гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, компанийн хүсэл зориг байгаагүй, гэрээ байгуулсан эсэхийг мэдээгүй гэсэн боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул зөвшөөрлийг эцсийн дүнд бодит үйлдлээр олгосон буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар бодит үйлдлээр илэрхийлсэн байна гэж дүгнэж, хариуцагчийн төлөөлөгчийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

7.Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн тул хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан тул хэлэлцэн тохиролцсон хөлсөө төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчээс ажлын хөлсний үлдэгдэл гэж 19 777 485 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь О.Н-т мөнгө өгч үүргээ гүйцэтгүүлсэн, гэрч О.Н нь ажлын хөлсийг төлөөд дуусгасан гэж мэдүүлсэн.

            Зохигч талууд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №Г/18-11 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсийг нийт 96 802 650 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

            Хэрэгт авагдсан “төлбөр хийсэн мөнгөн дүн” гэх баримтаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 48 401 325 төгрөгийг 5163046023 дугаар данснаас урьдчилгаа гэж, 2018 оны 12 дугаар сарын 29-нд 20 000 000 төгрөгийг 51*****6012 тоот данснаас шилжүүлснийг 8 618 260 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож, грашийг 20 000 000 төгрөгт тооцон үлдэгдэл 19 783 065 төгрөг байна” гэсэн бөгөөд ХААН банкны Х.Х-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 29-нд 51****46012 данснаас 20 000 000 төгрөг “53-р сур, 127-р цэцэрлэг цонхны төлбөр” гэж, 2018 оны 8 дугаар сарын 15-нд 51****6023 данснаас 48 401 325 төгрөг “53-ын цонхны урьдчилгаа” гэж гүйлгээний утгатайгаар шилжиж орсон болох нь тогтоогдож байна.

            Дээрх ажлын хөлсийг шилжүүлсэн 516***012 тоот данс Т.Б, 5163***023 тоот данс О.Н-ынх болох нь банкны дансны мэдээллээр тогтоогдож байх бөгөөд гэрч О.Н нь Т.Б-тэй 5***6012 тоот дансыг хамтран эзэмшдэг гэсэн боловч баримтаар тогтоогдоогүй, мөн уг ажлын хөлс 70 гаруй сая төгрөгийг төслийн буюу тендерийн санхүүжилтээр төлсөн, мөн ажлын хөлсөнд граш шилжүүлж хөлс бүрэн төлөгдсөн гэж мэдүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй болно.

            Хэрэгт авагдсан дансны гүйлгээний баримтаар 2018 оны 8 сарын 15-нд 48 401 325 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-нд 20 000 000 төгрөгнөөс 8 618 260 төгрөгийг тооцож, нийт 57 019 585 төгрөгийг ажлын хөлсөнд төлж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б дүүргийн  3 тоот 12 м.кв автозогсоолыг 20 000 000 төгрөгөөр тооцсон болох нь баримтаар нотлогдож байна.

            Иймд хариуцагч Г ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл болох 19 777 485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

            Хариуцагчийн төлөөлөгч болон гэрч О.Н нар нь нэхэмжлэгчийг цонхыг буруу хийсэн, хийсэн ажил нь доголдолтой байсан гэсэн боловч туслан гүйцэтгэх гэрээний 4.5-д “гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 36 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримтгүй, нэхэмжлэгчийн хийсэн ажлыг улсын комисс чанарын шаардлага хангасан гэж үзэж, ашиглалтад оруулахаар комиссын дүгнэлт гарсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256 838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 19 777 485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256 838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.                                  

                                                                 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН