Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/02619

 

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 09 сарын 19 өдөр                Дугаар  183/ШШ2022/02619                     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 15160 хаягт байрлах, Г ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х 33 тоотод оршин суух, Б овогт Д.Э /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5 452 665.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

Хариуцагч Д.Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Э-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 452 665.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Голомт банк нь Д.Э-тай 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/КР55016079****3990 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2 500 000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Д.Э нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосон байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн төлбөр 2 492 286.68 төгрөг, хүү  1 713 949.22 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 708 233.56 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 538 195.77 нийт 5 452 665.23 төгрөгийг Д.Э-аас гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2011 оны 5 дугаар сараас хойш картаа авч ашиглаж эхэлсэн. Энэ хугацаанд олон удаагийн үйлдлээр 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртлэх хугацаан картаа ашиглаж зарцуулсан байдаг. Эхний төлөлтөө 2018 оны 5 дугаар сараас эхлэн төлж эхэлсэн. Хорин нэгэн удаагийн төлөөлөлтөөр нийт 12 183 000 төгрөг төлсөн байна. 2019, 2020 онд төлөлт нэг ч хийгдээгүй. Үүнээс хойш Голомт банкнаас мессэж болон и-мейл хаяг, утсаар мэдэгдсэн. 2020 оны 3 сараас утсаар ярихад Дүнжингарав худалдааны төвд бизнес эрхэлж байгаа удахгүй хүнээс бөөн мөнгө орж ирнэ тэгэхээр төлж барагдуулъя гэсэн тайлбар хэлж байсан. Мөн 2020 оны 5 сард дахин ярихад одоо орлого байхгүй болсон зээлээ төлж чадахгүй гэсэн. 2020 оны 6 дугаар сард ярихад зээлээ төлөхөө мэдэж байгаа, танайх шаардлагатай ямар арга хэмжээ авдаг юм тэрийгээ аваа гэсэн тайлбар хэлж байсан. Голомт банк нь мөнгө зээлийг нь төлүүлэхээр 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэл гаргахдаа анкет дээр бөглөсөн Х дүүргийн  33 тоот хаягт нь нэхэмжилж байсан. Уг хаягт оршин суудаггүй гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 2 дугаар 21-ний өдөр мэдэгдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс хариуцагчийн хаягийг тодруулахаар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргуулахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж эрэн сурвалжлуулах хүсэлтээс татгалзсан байсан. Хариуцагчийн бүртгэлтэй утасны дугаар, зээлийн төлбөрийн талаар сар бүр мессэж очдог. Интернет банкаар бол өөрийнхөө үлдэгдлийг шалгах боломжтой тэгэхээр энийг шаардаагүй төлөхөө мэдэхгүй байсан гэдэг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Кредит картын гэрээний 2.1 дүгээр зүйл болон 3 дугаар зүйлд эрх хэтрүүлсэн хувь хугацаа  хэтрүүлсэн хүүг ямар нөхцөлөөр хэрхэн бодож  төлүүлэх талаар тодорхой заасан байна. Иймд банк шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

 2.Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сард Голомт банктай “Кредит картын гэрээ” байгуулан тус кредит картнаас 2 500 000 төгрөгийн зээл авсан. Энэ үед би Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан ба зээл авсны дараа миний санхүүгийн байдал хүндрэлтэй, зээлээ төлөх боломжгүй байсан. Байдал ийм байхад 2019 онд Дүнжингарав худалдааны төвийн лангууны түрээсийн төлбөр огцом нэмэгдэж би түрээсийн төлбөрөө ч төлж чадахгүйд хүрсний улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Үйл ажиллагаагаа зогсоосны дараа ажил хайж, орлоготой болохыг хичээж байсан боловч ажилд орж чадалгүй явсаар цар тахал гарч улс даяар хөл хорио тогтоож хорио цээрийн байдалд шилжсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ажилд орж чадаагүй. Үүний улмаас надад банкны кредит картны зээлээ төлөх ямар ч боломж байгаагүй. 2018 оны 5 дугаар сараас өнөөг хүртэл Голомт банкнаас надтай утсаар холбогдоогүй, ирж уулзахыг санал болгоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Иймд би ажилд орчихвол зээлээ төлчихнө өөр асуудал үүсэхгүй гэж бодсон. Би одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй орлогогүй байгаа. Голомт банк ХХК-тай байгуулсан “Кредит картын гэрээ”-ний наймдугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэх ба...” гэсэн заалтын дагуу Голомт банк нь надтай зөвшилцөх талаар нэг ч удаа ярилцаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг мэдэгдээгүй нь гэрээний тус заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд миний бие Голомт банк ХХК-тай харилцан тохиролцон, нэхэмжилж буй үнийн дүн болох 5 452 665 төгрөгөөс боломжтой хэмжээгээр багасгаж, мөн төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөх хүсэлтэй байна гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Г ХХК-ийн “Эрх олгох тухай” бичиг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-иас Д.М, Ц.Н нарт олгосон итгэмжлэл, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Кредит картын гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01202 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Д.Э-ын Кредит картын тооцооллын хүснэгт /хэргийн 2-11-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар гэсэн баримтуудыг /хэргийн 19-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 4 206 235 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1 246 428 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-ыг кредит картын гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 2 492 286,68 төгрөг, хүү 1 713 949,22 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 708 233,56 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 538 195.77 төгрөг, нийт 5 452 665.23 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г ХХК-тай кредит картын гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийн зээлийг ашиглаж байсан талаараа маргаагүй, ковид19 цар тахлын улмаас эргэн төлөх боломжгүй байсан, нэхэмжлэлийн шаардлагаас боломжтой хэмжээгээр багасгаж, төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөх хүсэлтэй гэж тайлбарласан. 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Э-тай 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/КР55016079****3990 тоот Кредит картын гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй кредит картыг 2 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 2 жилийн хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар байх бөгөөд кредит картын гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаараа маргаагүй байна.

 

Зохигч талууд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ/КР55016079****3993 дугаартай кредит картын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г ХХК нь 2 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч Д.Э-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/КР55016079****3990 тоот Кредит картын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 2 492 286,68 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1 713 949,22 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 708 233,56 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 538 195,77 төгрөг, нийт 5 452 665,23 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн картын тооцооллын талаар маргаагүй бөгөөд цар тахлын улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй, санхүү хүндрэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

            Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн кредит картын гэрээний хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 2.1, 3.5, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4, 3.9-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гэвч Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч цар тахалтай холбоотой зээлийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 2 492 286 төгрөг, хүү 1 713 949 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 708 233 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 538 195 төгрөг нэхэмжилснээс хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүүний төлбөр болох 1 246 428 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан, талуудын байгуулсан кредит картын гэрээний дагуу зээлийн эрх болох 2 500 000 төгрөгийг хариуцагч нь ашигласан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байхад нэхэмжлэгч нь гэрээний 4.3.3, 6.1.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагчаас зээлийн эрх хэтрүүлсний хүүний төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн болно.  

 

Иймд хариуцагч Д.Э-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 492 286 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1 713 949 төгрөг, нийт 4 206 235 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгож, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүүний төлбөр болох 1 246 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 82 249 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 4 206 235 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 246 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 193 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 82 249 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.                                      

                                                                                                              

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН