Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,   

Шүүгдэгч С.М,        

Нарийн бичгийн дарга А.Наранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн С-ын М-д холбогдох 2528000000175 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт:      

Холбогдсон гэмт хэргийн талаар:    

Шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед 2.77 хувийн согтолттойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.М-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй. Өмнөх мэдүүлэгтэй тохирч байгаа гэв.

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би нөхөр Мтэй 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Гурвантэс суманд ирж “Говь шанх” дэлгүүр орж лаазтай пиво 8 ширхэг аваад Гурвантэс сумын урд байх толгод дээр очиж манай нөхөр М 4 лаазтай 500 мл пивог уугаад байж байгаад найз болох Заяа, Гантулга нарыг дуудаж тэр хоёр ирээд үлдсэн байсан 4 лаазтай пивог хувааж уугаад Заяа, Г, манай нөхөр М нар манай машинтай явж дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр гэх пиво хоёр савыг авч ирж бас бид 4 хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед бид Гантулгын гэрт очихоор явж байх үедээ манай нөхөр М өөрийн “Приус 20” загварын тээврийн хэрэгслийг унаж явах үедээ урд явж байсан цагаан өнгийн Приус загварын тээврийн хэрэгслийг араас нь мөргөсөн. Тэгээд цагдаа нар шууд ирсэн.” (хавтаст хэргийн 20-21 дэх тал)   

Гэрч Н.Га мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 06 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цагийн үед нөхөртэйгөө хамт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцож байх үед “МТ” ШТС-ын хажууд байх засмал зам дээр миний араас гэнэт юм мөргөж чанга чимээ гарсан. Би сандраад буугаад харахад хөх өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл миний машины араас мөргөсөн байсан. Би жолоочийн суудлаас бууж ирсэн М гэх хүнтэй уулзах гээд очиход маш их согтолттой байсан ба миний ярьсан зүйлийг сайн ойлгохгүй байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн... миний машинд учирсан хохирол болох 6,500,000 төгрөг орчим болж байх шиг байсан ба М-д энэ талаар хэлэхэд миний хохирлыг бүрэн барагдуулна гэж миний ... дугаартай Хаан банкны данс руу 6,500,000 төгрөг шилжүүлэн миний хохирлыг бүрэн барагдуулсан.” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал)

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 62 дугаартай санал (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 62 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 76 дахь тал).  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед 2.77 хувийн согтолттойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 53-34 УНЭ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал тогтоогдож байна.          

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт гэрч М.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), гэрч Н.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал), жолоочийн мэдээлэл (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал) болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаанд: “С.М нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан” (хавтаст хэргийн 47 дахь тал) гэх мэдээлэл болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Шүүгдэгч С.М-ийн согтолтын хэмжээ 2.77 хувьтай гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал)-ээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ. 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.     

Шүүгдэгч С.М нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.       

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.М-д дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.       

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, тухайн гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг уг гэмт хэргийн шинж болгон хуульчилсан болно.

Харин шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох явцад Н.Г-ийн эзэмшлийн “Тоёота приус” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар “Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 4,180,000 төгрөг, үнэлгээний хөлс 332,000 төгрөг, нийт 4,512,000 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 38-39 дэх тал) учирсан талаар баримт авагдсан ч шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр 6,500,000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна.

Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ өөр гэмт хэргийн шинжийг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,   

Шүүгдэгч нь дахиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг ойлгосон. Дахиж тийм асуудал гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч С.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн С-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.                                                           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

6. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ