| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/02701/И |
| Дугаар | 183/ШШ2022/02618 |
| Огноо | 2022-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2022/02618
2022 оны 09 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2022/02618 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 15160 хаягт байрлах, Г ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х 10 тоотод оршин суух, О овогт Б.Ц /РД:********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14 979 846.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,
Хариуцагч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 979 846.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г ХХК-тай ЗГ/116831901 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хийж 5 000 000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 34 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр болох 5 225 382.62 төгрөг, зээлийн хүүний төлбөр болох 5 467 794.82 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр болох 2 098 699.44 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү болох 2 187 969.46 төгрөг буюу нийт 14 979 846.34 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч Б.Ц-оос Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 979 846.34 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч үндсэн зээл 5 000 000 төгрөгийг төлнө гэж байгаа боловч бид энэ хэмжээнд эвлэрлэх боломжгүй байна. Учир нь гэрээгээр хүү, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсний төлбөрийг авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь уг кредит картыг өөрөө аваагүй, өөр байгууллагад авч өгсөн гэсэн боловч манай банктай Б.Ц нь гэрээ байгуулж, кредит картыг хүлээн авсан байдаг. Зээлийн хүсэлтэд энэ талаар огт дурдаагүй, мөн өөр хүн ашиглаж байгаа талаар мэдэгдээгүй. Мөн байгууллага ашиглаж байсан гэсэн боловч кредит картын гүйлгээг нь харахаар хувийн хэрэгцээнд ашиглаж байсан байдаг. Тиймээс бид гэрээний нэг тал болох Б.Ц-оос нэхэмжилж байгаа юм гэв.
2.Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 онд М ХХК-д ажилладаг байсан бөгөөд тус компани нь Г банкны Цэцээгүн салбартай харилцагч байгууллага байсан ба М ХХК-ний захирал Т ХХК хэмээх хуулийн этгээд байгуулж 3 орны жүжигчид оролцуулсан адал явдалт тулаант “С” МУСК бүтээл хийж байх хугацаандаа хөрөнгө мөнгө дутсанаас үүдэн хамт ажиллаж байсан тодорхой тооны хүмүүсээр харилцагч банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулан авсан байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 28-нд Казакстан улсад, 2019 оны 12 дугаар сарын 05-нд Монгол улсад кино театруудаар нээн гаргаж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас үргэлжлүүлэн гарах боломжгүй болсон байдаг. Тухайн кино хэр хэмжээний орлого олж хэр хэмжээний алдагдалд орсныг мэдэхгүй байгаа бөгөөд миний хувьд өөрийн төрсөн эцэг эхээс 20 сая төгрөгийн зээл Хас банкнаас гаргуулан оруулж, өөрийн эзэмшлийн машин болох 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 30, төрсөн дүүгийн 2013 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 30 машинуудыг заран оруулж, хувь хүмүүсээс хүүтэй зээлсэн мөнгө хүүтэйгээ 16 сая төгрөг оруулснаас гадна өөрийн амьдарч байгаа Х дүүргийн хотхонд байрлах 62,24 м2 орон сууцыг Б ББСБ-д 45 сая төгрөгт тавьж оруулж одоо өөрөө Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжийн дагуу 102 сая төгрөг төлж байгаа. Дээрх оруулсан хөрөнгө мөнгө хүү алданги дундаас тухайн байгууллагаас төрсөн дүүгийн ажиллаж байсан хугацааны цалин, приус 30 машинтай дүйцэх хэмжээний эд хөрөнгө гаргуулан дүүгээ хохиролгүй болгосон байдаг бөгөөд үлдэгдэл төлбөр мөнгөнүүдийг өөрөө төлсөөр яваа билээ. Г нь М ХХК-д ажиллаж байсан ямар шалтгаанаар зээл гаргуулан төлж чадахгүй байгааг мэдэж байгаа хэрнээ тус компанид ямар нэгэн шаардлага тавихгүйгээр тухайн иргэдээс маш их хэмжээний хүү алданги нэхэмжилж байгаа. М ХХК ажилтандаа Голомт банк нь харилцагчдаа маш их мөнгөний хохирол учруулахаас гадна Монгол банкны найдваргүй зээлдэгч ангилалд оруулж ажил амьдралд үлэмж их хэмжээний хохирол учруулж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд зээл гаргуулан авахад тодорхойлолт гаргаж өгсөн М ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Надад байгууллагын тодорхойлолтгүй, гэрээ хэлэлцээрийн бичиг цаас байхгүй, өөрөө болон бусдаар нотлуулах боломжгүй маш их хэмжээний зээл алдагдал байгаа тул тухайн нэхэмжлэлийн мөнгийг огт төлөх боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 5 000 000 төгрөгийг л төлөх боломжтой, хүү, эрх хэтрүүлсэн болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй байгаа. Учир нь би Г-аас кредит картыг авсан нь үнэн боловч уг картыг авчихаад шууд өөрийн ажиллаж байсан компани болох М ХХК-нд өгсөн юм. Уг компани, түүний захирал нь картыг ашиглаж, киноны үйл ажиллагаанд захиран зарцуулсан. Тиймээс дээрх хүмүүсээс бусад төлбөрийг нэхэмжилж авах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед зээл авах болоход миний бие шаардлага хангаж байсан учраас кредит картын гэрээг байгуулсан. Банкинд хандаж уг зээлийг би төлөхгүй, компани төлнө гэж амаар хэлж байсан, тэгээд компаниас нэх гэж хэлэх гэхээр албан ёсны гэрээ байхгүй болчихоод байна. Мөн компанийн захирал н.Б, нягтлан гэдэг хүмүүс нь надтай холбогдохгүй зугтаад утсаа хаагаад алга болчихсон, хаана байгааг нь мэдэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.Ц-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14 979 846.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 10 693 176 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4 286 660 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц-г кредит картын гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 5 225 382.62 төгрөг, зээлийн хүү 5 467 794.82 төгрөг, зээлийг хугацаа хэтрүүлсний төлбөрт 2 098 699.44 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүүнд 2 187 969.46 төгрөг, нийт 14 979 846.34 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь кредит картыг өөрөө ашиглаагүй, М ХХК-нд хүлээлгэн өгч, уг компани нь ажил хэрэгтээ ашиглаж байсан тул зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн зээл болох 5 000 000 төгрөгийг зөвшөөрнө, түүнийг ашигласан хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүүг картыг ашигласан М ХХК, түүний захирлаас шаардах нь зүйтэй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.Ц-той 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/116831901 тоот Кредит картын гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй кредит картыг 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 2 жилийн хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулсан болох нь тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь кредит картыг ашигласан эсэх талаар байна, кредит картын гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.
Зохигч талууд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/116831901 дугаартай кредит картын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Хариуцагч нь кредит картын гэрээ байгуулсан, картыг хүлээн авсан талаараа маргаагүй боловч уг мөнгийг ашиглаагүй, кредит картыг М ХХК буюу түүний захирал нь ашигласан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Хэрэгт авагдсан кредит карт эзэмших хүсэлтийг маягтийг хариуцагч Б.Ц нь бөглөсөн талаараа маргаагүй, уг хүсэлтэд харилцагчийн гараар бичих хүсэлтэд “...зэс карт авах хүсэлтэй байгаа тул олгож өгнө үү” гэсэн байх бөгөөд М ХХК-ийн үйл ажиллагаанд зориулах талаар ямар нэгэн хүсэлт байхгүй, мөн уг компанийн захирал гэх С.Б-ийг барилгын сантехник, салхивч цахилгааны үйл ажиллагаа эрхэлдэг гэж бичжээ.
Мөн хариуцагч нь М ХХК-нд ажиллаж байхдаа зээл авсан, бүтээл хийж байхад хөрөнгө оруулалт дутаад хамт ажиллаж байсан хүмүүсээс зээл гаргуулан авсан байдаг энэ нь тус дүүргийн шүүхийн захирамжаар нотлогдоно гэсэн боловч түүний шүүхэд ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01165 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, эвлэрлийн гэрээнд тайлбарт дурдсан үйл баримтын талаар дурдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь тус дүүргийн шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд эрх үүрэгтэй танилцаж баримтад гарын үсгээ зурсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа талаарх хариу тайлбараа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийг М ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хариуцах ёстой гэсэн боловч хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд тайлбартаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах этгээдийн хаяг тодорхойгүй, хаана байгаа эсэх талаар мэдэхгүй байгаа гэж тайлбарласан болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г ХХК нь 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч Б.Ц-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/116831901 тоот Кредит картын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 5 225 382,62 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5 467 794,82 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 098 699,44 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 187 969,46 төгрөг, нийт 14 979 846,34 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн картын тооцооллын талаар маргаагүй бөгөөд цар тахлын улмаас хийсэн уран бүтээл нь дэлгэцэнд гарах боломжгүй болж, алдагдалд орсон, хөрөнгө оруулалт хийсэн зээлээ төлж санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учраас үндсэн зээлнээс бусдыг нь төлөх боломжгүй гэж тайлбарласан.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн кредит картын гэрээний хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 2.1, 3.5, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4, 3.9-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Гэвч хариуцагч цар тахалтай холбоотой зээлийг төлөх боломжгүй байсан, хийсэн уран бүтээл нь хөл хорионы улмаас хаагдаж, алдагдалд орсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионы улмаас иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан, талуудын байгуулсан кредит картын гэрээний дагуу зээлийн эрх болох 5 000 000 төгрөгийг хариуцагч нь ашигласан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байхад нэхэмжлэгч нь гэрээний 4.3.3, 6.1.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагчаас зээлийн эрх хэтрүүлсний хүүний төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Б.Ц-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 225 382,62 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5 467 794,82 төгрөг, нийт 10 693 177,44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгож, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүүний төлбөр болох 4 286 668 / 2 098 699+2 187 969=4 286 668/ төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-оос 186 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Ц-оос зээлийн гэрээний үүрэгт 10 693 177,44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 286 668 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 186 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН