Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн хуралдааны танхимд

нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогч М.Мөнхтулга

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Н.Ууганбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нэргүйн Ууганбаатарт холбогдох 201718020076 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, Халх, Баянхонгор аймагт 1981 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ганцаараа амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянхонгор аймаг 7 дугаар хорооны 9 дүгээр гудамж  3 тоотод албан ёсны хаягтай, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг Сургуулийн 54 тоотод түр оршин суух Сүхбаатарын Ууганбаатар / РД:ВЮ 81031117 /

 

      Шүүгдэгч Н.Ууганбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх Мандал сумын төвөөс 30 км зайд орших газарт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалж. авч явсан, Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх газарт тэсэрч дэлбэрэх бодисыг “Шижир-Оргил” нөхөрлөлийн босоо аманд дэлбэлж ашиглахдаа “Шижир хишиг” нөхөрлөлийн хэвтээ аманд гар аргаар алт олборлож байсан иргэн М.Мөнхтулгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ууганбаатар мэдүүлэхдээ….. Шижир хөшиг Тахилтын амны ар дах хашлаганаас тэсрэх бодис олсон тэрийгээ аваад Шижир оргил босоо аманд 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны шилжих шөнө 02 цаг 45 минутанд тэсэлсэн.  Тэсэлгээ хийхээсээ өмнө доод аманд байгаа ажиллаж байсан хүмүүстээ бүгдэнд ойрхон байдаг давхар нүхний цоорхойгоор хашгиран анхааруулж бүгдийг нь гаргасны дараа тэсэлсэн.  Хүн гэмтсэн байсныг цагдаа нарыг ирэхэд өглөө мэдсэн. Хохирол төлбөр 3025000 төгрөгний баримт байснаас одоогийн байдлаар 1500000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 1525000 төгрөг байгаа боловч “Шижир хишиг” ББХН-ийн ахлагч Туяа 2000000 төгрөгийг төлсөн гэсэн гэжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхтулга...2017 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 10 цагт тэсэлсэн тэгээд бид нар гараад явчихсан. Жаахан амарч байгаа маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буух байсан юм. Тэгээд бид нар юмнуудаа бөөгнүүлж янзалж байсан орой 22 цагт ороод юм хийж байхад шөнө тэсэлсэн. Нүхэн дотор бол цагийн баримжаа байхгүй хавтаст хэрэг дээр бол 03 цаг л гэж яриад байгаа юм. Тэгээд тэсэлгээ дуугараад л тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй. Тэгээд би өөрийн ухааныг эмнэлэгт олж авсан. Тэгэхэд тархины хагалгаанд орчихоод хүзүүний тасаг руу шилжихэд ухаан орсон. Тэр үйл явдал болоход Батмөнх ах, Далайжаргал, Хосжаргал, Угтахбаяр бид 5 байсан. Далайжаргал нь Зүүнхараа руу машины түлшэнд явчихсан байсан. Угтахбаяр ах бид 2 бол доор байсан. Хосжаргал гэдэг нь Далайжаргалын эхнэр тогоочоор явж байсан. Батмөнх ах болохоор амны дээр хаалган дээр байсан. Би уурхайдаа ажилладаг байхдаа 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. Ингэхдээ сард доод тал нь 1000000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс бэртээд одоо хөдөлмөрийн чадвараа алдсан. Өнөөдөр 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 5 сар шахуу би цалингүй байна. 5 сар олох байсан цалингаа нэхэмжилнэ. Одоо гэхдээ баримт нь байхгүй. Хохирол төлбөр бол барагдуулаагүй баримттай нь 3 сая гаран төгрөг байгаа Ууганбаатар бол 1500000 төгрөг өгчихөөд болчихсон гэж үзээд байна. Хохирол төлөгдөөгүй гомдолтой байна гэжээ.

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Уртбаярын ...Хэрэг гарах үөд буюу 2017.03.26-ны орой 22 цагийн үед нөхөрлөлийн гишүүн Мөнхтулгын хамт амруу орж жаахан чулуу авах гэж орсон. Орохдоо ямар нэгэн мотор, молдокгүйгээр зүгээр сул шороо түүх гэж орсон юм. Тэгээд нүхэнд ороод явсаар дээд талд байдаг босоо амны яг доор нь очсон юм. Эхлээд доор шороо чулуу түүж байгаад сүүлд нь дээшээ өгсөж Лонхын амны доор нь очсон юм. Хэрэг гарах үед багцаагаар 03 цаг болж байсан байх. Мөнхтулга бид 2 хамт шороо хамж шуудайлж байсан. Бид 2 зэрэгцээд байж байтал яг дээр тэсэлгээний чимээ тасхийж дуугараад дээрээс бөөн шороо чулуу унасан. Тэр хавиар шороо чулуутай хамт тэсрэлтийн нил нагар үнэртээд явчихсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83-р хуудас/

                 

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Ш.Хосжаргалын “...2017.03.27-ны шөнө би Ноёд гэдэг газарт Шижир хишиг нөхөрлөлийн гэрт би унтаж байсан. Шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй. Гэнэтхэн бужигналдаад байсан. Би сэрсэн . Яанаа яаанаа гээд байсан. Тэнд Батмөнх ах Уртбаяр гэмтсэн залуу Тулгаа гэх залуу байсан. Тулгаагийн топгойноос нь цус гарсан байсан. Хаанаа ямар гэмтэл авсан нь сайн мэдэгдэхгүй байсан. Уртбаяр л "Лонхынхон тэсэлсээн.Тэгээд чулуу унаад Тулгаа гэмтчихлээ гэж яриад байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р

 

            Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Далайжаргалын “... Тэгээд 03/26-ны өдөр би орой нь 22 цагийн орчимд Зүүнхараа руу түлшинд явсан. Тэгээд 03 цагийн орчимд эргэж буцаад Зүүнхараа гарч явсан чинь Батмөнх утсаар яриад "Лонхынхон дээрээс тэсэлгээ хийгээд чулуу унаж ирээд Мөнхтулга оногдож гэмтчихлээ” гэж ярьсан Тэгээд би очиж Мөнхтулгыг авч Бөтмөнхийн хамт Зүүнхараад эмнэлэгт ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Далайжаргалын.... Гэрч Д.Туяагийн “...27-ны өглөө үүрээр 03-04 цагийн үед надруу манай нөхөрлөлийн гишүүн Батмөнх надруу утсаар яриад “Манай нэг хүн чулуунд цохиулчихлаа. Уртаа гарч ирээд дээр тэсэлгээ хийгээд Мөнхтулга чулуунд цохиулчихлаа” гэж ярьсан. Би “Хурдан тэр хүнээ аваад эмнэлэг яв" гэж хэлсэн. Сүүлд нь би Уртбаяр надруу утсаар “Лонхын аманд тэсэлгээ хийгээд доошоо нуранги унаад чулуунд Мөнхтулга цохиулсан” гэж ярьсан тэгж л хэргийн талаар мэдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 86-89-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Ю.Гүрбадамын......Ноёт гэдэг газарт ашигт малтмал олборлодог нөхөрлөлүүдийн ...бичил уурхайг ерөнхийд нь би хариуцдаг бөгөөд хяналт тавих үүрэг нь бүх хүмүүсд байдаг юм....Жилийн хугацаатай байгуулах ёстой бөгөөд уг гэрээнд огноо тавигдаагүй байна. Гарын үсгүүд зурагдсан байна. Хүчин төгөлдөр гэж үзнэ. Тэсэлгээ хийх эрхгүй бөгөөд уг нөхөрлөлүүд нь хэрэв тэсэлгээ хийх шаардлагатай бол тэсэлгээ хийх эрхтэй байгууллагаар гэрээ байгуулсны үндсэн дээр тэсэлгээ хийж болно. Миний мэдэхээр Шижир хишиг нь Давхар тэсрэлт компаниар тэсэлгээний ажил хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Дарханбаатарын......шөнө бид 22 цаг хүртэл ажиллаад буусан. Тэгээд Ууганбаатар бид нартай зөрөөд нүх рүү орсон. Бид нарт Ууганбаатар яах гэж байгаагаа хэлдэггүй юм. Тэгээд өглөө босоод 07 цагийн үед хүн чулуунд цохиулсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батмөнхийн ......Манайх 24-нд гарсан юм. Тэгээд 27-нд өглөө буух ёстой байсан бөгөөд үүрээр 03-04 цагийн орчимд байх хэрэг гарсан. Намайг гэрт унтаж байхад Уртбаяр гэрт гүйж орЖ ирээд "Мөнхтулга чулуунд цохиулчлаа" гэсэн. Тэгээд би Уртбаяр бид 2 нүхрүү орж Мөнхтулгыг татаж гаргаж нүхнээс гаргасан. Нүхнээс гаргахад Мөнхтулга цус алдсан байдалтай ёолоод байсан. Уртбаяр хэлэхдээ "Дээр тэсэлгээ хийгээд нурж даруулсан" гэж хэлсэн. Тэсэлгээ хийсэн "Пүнхийсэн" чимээ гараад чулуу нурсан гэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/

          

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Уртбаярын “...Хэрэг гарах үед багцаагаар 03 цаг болж байсан байх. Мөнхтулга бид 2 хамт шороо хамж шуудайлж байсан. Бид 2 зэрэгцээд байж байтал яг дээр тэсэлгээний чимээ тасхийж дуугараад дээрээс бөөн шороо чулуу унасан. Тэр хавиар шороо чулуутай хамт тэсрэлтийн нил нагар үнэртээд явчихсан. ба миний дээд талд Мөнхтулга байсан чинь юманд цохиулаад миний дээгүүр давж унаад доошоо гулгаад явчихсан. Тэгээд би доошоо, Мөнхтулга дээр очиход Мөнхтулга ёолоод амьсгаа авч чадахгүй их муу авч байсан. Анх байсан газраасаа бараг 10 гаруй метр зайд гулгаж унасан байсан. Тэр газар нь цус нөж болчихсон байж байсан. Тэгээд Мөнхтулгыг доош уруудан тэгш газарт зөөж буулгаад нүхнээс гарч хүн дуудаж хөнжил авч хөнжилд боож гаргасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/

 

                   Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №4664 дугаартай дүгнэлт “..М.Мөнхтулгын биед баруун талд зулай ясанд шугаман хугарал, духны баруун хэсэг, зулай чамархай хэсэг тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун чамархайн хэсэгт атрхины хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, цус хуралт, дух, баруун, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлнь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдаптанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/

 

                  2017 оны 5 сарын 18-ны өдрийн 2895 дугаартай дүгнэлтээс:

1.Хэргийн газрын үзлэгээр хураагдсан тэсэлгээний бодис гэх зүйл нь уул уурхайн зориулалтаар үйлдвэрлэгдсэн эмульсийн тэсрэх бодис мөн байна.

2.Уг бодисыг хаана ямар улсад үйлдвэрлэснийг илэрхийлэх ямар нэгэн үсэг. тэмдэглэгээ илрэхгүй байна.

3.Уг бодисын гадаргууд үйлдвэрлэгчийн тэмдэг, тэмдэглэгээ илрэхгүй байгаа туг ямар байгууллагаас зарж борлуулдаг, хаана , хэзээ үйлдвэрлэгдсэн болохыг тогтоох боломжгүй байна гэх /Хх-ийн 51 дүгээр хуудас/.

 

         2017 оны 5 сарын 22-ны өдрийн 4866 тоот дүгнэлтээс:1.Шинжилгээнд ирүүлсэн “огноо 2017.03.28 цаг 00.40 Сэлэнгэ Мандал ШШХ а Б. Өнөмөнх СЭ201703280040081373 тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй 2017.03.27-нд мандал сум ”Ноёд” гэх газарт хууль бусаар тэсэлгээ хийсэн” гэх хаягласан цаасан хайрцаганд гадуураа улаан өнгийн ууттай шаргал өнгийн нялцгай бодис- /эмульс гэх/ мэт зүйлд нитрат ион илэрч байна. Нитрат ион тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно.Цаашид нарийвчлан ямаг нэртэй бодис болохыг тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүй.2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн нялцгай бодис /эмульс гэх/-ыг хийсэн улаан өнгийн уутан дээр ямар нэгэн бичиглэл байхгүй байсан тул 2 дахь асуултанд хариулах боломжгүй байна.Жич: Шинжилгээнд ирүүлсэн “огноо 2017.03.28 цаг 00.40 Сэлэнгэ Мандал ШШХ а/х Б. Өнөмөнх СЭ201703280040081373 тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй 2017.03.27-нд мандал сум ”Ноёд” гэх газарт хууль бусаар тэсэлгээ хийсэн” гэж хаягласан цаасан хайрцаганд гадуураа улаан өнгийн ууттай шаргал өнгийн нялцгай бодис- /эмульс гэх/ мэт зүйлийг галт зэвсгийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа М. Чинбатад хүлээлгэн өгсөн болно гэх/Хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /Хх-ийн 5-25 дугаар хуудас/

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт болох  иргэний үнэмлэхний хуулбар,  багийн  даргын тодорхойлолт,  / Хх-ийн 157, дүгээр хуудас ,/ 

Шүүгдэгч Н.Ууганбаатарт урьд ял шийтгэгдсэн   эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  / ХХ-ийн 157, 167-176 дүгээр хуудас /  зэрэг  хэрэгт авагдсан   нотлох баримт болно.

Шүүгдэгч Н.Ууганбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх Мандал сумын төвөөс 30 км зайд орших газарт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалж авч явсан, Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх газарт тэсэрч дэлбэрэх бодисыг “Шижир-Оргил” нөхөрлөлийн босоо аманд дэлбэлж ашиглахдаа “Шижир хишиг” нөхөрлөлийн хэвтээ аманд гар аргаар алт олборлож байсан иргэн М.Мөнхтулгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ууганбаатар шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон , прокурорын газраас хэргийг зүйлчлэн ирүүлсэн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд  шүүгдэгч  Н.Ууганбаатар тэсэрч дэлбэрэх бодис зохих зөвшөөрөлгүйгээр   хадгалсан, тэсэрч дэлбэрэх бодисыг дэлбэлж ашиглахдаа иргэн М.Мөнхтулгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 97 дугаар зүйлийн 97.1-дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Ууганбаатар нь 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,3 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жил хасагтдаж 2006 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцох хугацаа болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг хэрэглэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн гялгар материалаар бүрэгдсэн эмүльс гэх тэсрэх бодисыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгөх 8 ширхэг цусаар бохирлогдсон чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгах нь зүйтэй мөн хохирогч М.Мөнхтулга эмчилгээний төлбөрт 3025294 төгрөгийг нэхэмжилсэн боловч Нэргүйн Ууганбаатараас 1500000 төгрөгийг төлж, “Шижир хишиг” ББХН-ийн ахлагч Туяа 2000000 төгрөгийг нийт 3500000 төргөргийг төлсөн иймд Б.Мөнхтулгад төлөх төлбөр төлөгдсөн, цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаад:

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг , 36.3 дугаар зүйл, 36.6.дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

           1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нэргүйн Ууганбаатарыг 2002 оны эрүүгийн  хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар зүйлчилсүгэй.

 

2.Н.Ууганбаатарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Н.Ууганбаатард 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Н.Ууганбаатард оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хорих ялд нь багтааж нийт эдлэх ялд нь 03 жилийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаатард оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

6.Энэ хэрэгт хохирол төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг  дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 08 ширхэг чулууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах, мөн эмульс гэх бодисыг зохих байгууллагад нь шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Н. Ууганбаатараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан С.Ууганбаатард оногдуулсан 03 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Н.Ууганбаатард хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь цагдаагийн хэлтэст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ууганбаатард урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулан уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ.