| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2032001410134 |
| Дугаар | 2021/ДШМ/27 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/27
Д.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Б.Эрдэнэхишиг
Г.Давааренчин
Оролцогчид
Прокурор Д.Шинэбал /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны ****дүгээр сарын ****-ний өдөр төрсөн, **** настай, ***эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-***** хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД:*********/
Анхан шатны шүүх Д.*******т холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 15 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.*******ыг 02 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Д.*******ын эдлэх ялыг нь 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тоолсугай....” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.*******т холбогдох эрүүгийн хэргийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийг дахин хянуулахаар гомдол гаргаж байна.Үүнд Д.******* нь С.*******гийн биед хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн. Д.******* нь би тухайн өдөр *******тай уулзаагүй би мэдэхгүй гэдэг. Мөн гэрч ******* ******* нь *******гийн толгойн зүүн талд нэг удаа цохисон гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлт тархины баруун талд гэмтэл учир энэ гэмтэл нь унасны улмаас мөн хүчтэй цохилтын улмаас үүсэж болно гэсэн эргэлзээтэй дүгнэлт гарсан байдаг. Мөн шүүх хурал дээр гэрч Сүрэн тэр өдөр манай нөхөр ******* гэртээ байсан гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзэж байна.Мөн ЭХШХШТхуулийн 16.3-р зүйлийн 3-т мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Гэтэл хохирогч ******* нь өөрийгөө хэн цохисон яаснаа ч мэддэггүй би өмнө толгойн баруун хэсэгт гэмтэл авч байсан л гэдэг. Энэ хэргийг Д.******* үйлдсэн гэдэгт эргэлзээтэй байна. Тиймээс Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд нэмж хэлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******ыг санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эсрэг довтолсон, анхнаасаа төлөвлөсөн зэргийг баттай нотолж чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн санаа зорилгыг ямар эх сурвалж нотлох баримтаар тогтоосон талаар яллах дүгнэлтэд дурьдаагүй зөвхөн гэрч нарын зөрүүтэй мэдүүлгээр шүүх хэт хийсвэр дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хангалттай, бүрэн гүйцэд хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон, гэрчүүдийн мэдүүлэг нь ямар нэг зөрүүгүй, гэрч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлсэн байдаг, эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд үйл баримт, хэргийг хэн нэгэн хүнээс сонсож, мэдсэн дамжмал мэдүүлэг биш бөгөөд өөрсдийн харсан зүйлээ бодитойгоор мэдүүлсэн, таньж олуулах мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нь яллагдагч Д.*******ыг шууд таньж зааж хэлсэн зэргээр нотлогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч, прокурор болон мөрдөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлсэн тул шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжгой, хууль ёсны бөгөөд зүйн үндэслэлтэй гбайна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаагаас гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Д.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлын үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-р зүйлийн 3-т мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарладаг.
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хашааны ард хохирогч С.*******гийн толгойн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан
- хохирогч С.*******гийн “... тэр өдөр би Д.*******ыг хүүхэдтэйгээ явж байхад нь хамт архи ууя гээд дуудаад дагуулаад явсанаа санаж байна. хүүхдэд нь чихэр авч идээрэй гээд 1000 төгрөг өгч байсан... “ гэх мэдүүлэг,
- гэрч Б.*******ын “2020 оны 07 сарын 23-ны өдөр би Цагдаагийн хэлтэсээс гараад “Тэнүүн” дэлгүүрийн урдуур явж байтал “Төрийн банк”-ны арын хашааны буланд С.******* суучихсан урд нь Сүхээ гэх хүн зогсчихсон “өг л дөө чи” гээд С.*******гийн толгой руу цохиж байсан. Тэгээд би очоод “ юу болоод байна гэхэд” С.******* нь “ надад мөнгө байхгүй ээ, байсан мөнгөө хүүхдэд нь өгчихсөн” гэж байсан. “Наад хүн чинь мөнгө төгрөг байхгүй гэж байна шүү дээ үхсэндээ цохиод байгаа юм яваач“ гэхэд С.******* за гээд өндийгөөд босоод зогсоход Сүхээ *******гийн цамцны арын захаас нь татаж газар хавсарч унагасан. Тэгээд би Сүхээг баруун зах руу, *******г цааш нь Төрийн банкны зүг рүү хөөж явуулсан ... Сүхээтэй бага насны эрэгтэй хүүхэд хамт байсан. Хүүхэд гартаа мөнгө атгасан байсан миний дүү наад мөнгөө аавдаа битгий өгөөрэй гэхэд Сүхээ авахгүй ээ гээд байсан... аль аль нь архи уучихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Н.*******ын “... орой гэрээсээ гарахад манай нийтийн байрны арын гудамжны хашааны ёроолд ******* гэх хүн хашаа налаад унтаж байсан. Маргааш өглөө 06 цагийн үед гэрээс гарч харахад нөгөө хүн орой ямар байрлалтай байсан яг тэр хэвээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь *******д хэлээд очоод үзэхэд сэрсэн боловч босохгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн..: гэх мэдүүлэг,
- гэрч Х.*******гийн ” .. хажуу айлын хүн дуудаад ... нэг хүн орой хэвтэж байсан газраа яг хэвээрээ байна... гэсэн. Тэгээд очоод “хөөе” гээд дуудахад “айн” гээд харсан. Тэгэхээр нь” босоорой” гэж хэлэхэд босохгүй байсан тул би цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, 2020 оны 10 сарын 14-ний өдөр хийсэн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9476 дугаартай дүгнэлт зэрэг бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч хохирогч хэн аль нь тухайн үед согтолттой байсан тул хэргийн үйл баримтын талаар санахгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч Д.******* нь хохирогчийн толгой тус газар цохиж улмаар газар хавсарч унагасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан, мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавьсан байдал тогтоогдоогүй тул нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүний дээрхи үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл гэж үзнэ.
Хэдийгээр шүүгдэгч нь тухайн өдөр гэртээ байсан гэж тайлбарлаж байгаа ч энэхүү байдал нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон, анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулсан гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН