| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Б даргалж, шүүгч Ц.А, шүүгч Д.Н нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч А.Х
Иргэдийн төлөөлөгч Ө.Ч
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2025 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...... өдөр Д.а.Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, ....... боловсролтой, ......., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, .......... хамт амьдардаг, Д.а.Х сумын .....-р баг ......... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б.М /РД: ......./
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4-р баг далайн бумбат гэх газарт байх Хилийн цэргийн .... дүгээр ангийн ....дугаар салбарын 2 дугаар заставд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 30 минут орчимд амь хохирогч Э.Ц-ын хүзүү хэсэгт нэг удаа хутгалж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: ...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр застав дээр хүнсний хангалт хийгээд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шуудайтай гурил өрөөд байж байтал дарга орж ирээд гурилын чинь наад тал нь их сайн өрсөн байна цаад талаа засаад өрчих гэж хэлсэн. Тэгээд би байж байтал Ц миний өрсөн гурилыг гоё өрсөн байна гэнэ ээ гээд байхаар нь чи тэгвэл гоё өрдгөөрөө чи өр гэж хэлээд сууж байтал Ц ирээд намайг нүүр рүү мангастсан. Намайг үзэх үү нэг үзье гэх мэт зүйл хэлээд гарахаар нь би араас нь гарсан тэр үед масло жижиглэж хэрчиж бэлдэж байсан болохоор маслоны хутга бариад гарсан. Хүнсний өрөөнөөс гадагшаа Ц гарахаар нь би араас нь гарсан юм аа. Харин У араас гарч ирсэн. Гараад очиход Ц намайг баруун шанаа хэсэг рүү маань нэг удаа цохисон би зөрүүлээд түлхсэн. Би сандраад заамдах гээд баруун гартаа барьж байсан хутгаараа хүзүү хэсэгт нь нэг удаа хутгалсан. Энэ үйл явдлыг У хараад зогсож байсан. Хутгалсан хутгаа хүзүүнээс нь сугалж аваад хажуу тийшээ хаясан. Тэр хутгыг тэнд үлдээгээд хамгийн түрүүнд хүзүүнийх нь цусыг Ц цамцных нь малгай хэсгээр нь тогтоосон, дараа нь Ууган-Эрдэнийг орлогчид хэл гээд явуулсан. Тэгээд хүнсний өрөөний гадаа дэслэгч Номин ирсэн өөр ахлах ахлагч Эрдэнэцогт нар ирсэн. Тэр хүмүүс ирэхэд бид 2 муудалцаад ийм асуудал гарчихлаа гэж хэлсэн. Цэдэндамба өөрөө л эхэлж намайг өдсөн, тэр үед би уурлаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 12 сарын 31-нд хүнсний хангамж ирсэн. Тэрийн цэгцэлж байсан. Гурил сайн өрсөн өрөөгүй гэх маргаан гарч Ц бид хоёр муудсан. Эхлээд намайг нэг цохисон би эргүүлээд цохисон. Тэгээд талийгаач гараад явсан. Би тэр хооронд нь масло хувааж байсан. Тэгтэл талийгаач намайг гараад ир гэж дуудсан. Тэгээд би гарж очтол намайг эхлээд нэг цохиод авсан би эргүүлээд цохиод эргээд явах гэж байтал дахин намайг цохихоор нь би эргэж хараад цохисон тэгтэл хутга орсон байсан. Тэгээд өөрийнх нь өмсөж явсан малгайгаар нь дараад байж байтал У гарч ирсэн. Би орлогч дууд гэж хэлсэн. Тэгээд хүмүүс ирсэн. Талийгаачийг эмнэлэг рүү авч явсан намайг нэг өрөөнд хийсэн. Тэгээд цагдаа ирэхээр намайг өгч явуулсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие С аймгийн Б сумын .... багт хүүхдүүд, зээ нарын хамт амьдардаг. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад манай хүү Э.Ц-ын ажиллаж байгаа Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн А гэх алба хаагч миний гар утас руу залгаж "хоёр гэрээт цэргийн алба хаагч муудаад, Э.Ц-ын хүзүү хэсэгт хэвгүй хутгалсан байна, эмнэлэгт хүргэгдсэн байгаа" талаар ярьж хэлсэн, энэ үед манай хүүгийн биеийн байдал муу байгаа юм байна даа гэж бодсон. А гэх алба хаагч та ирэх шаардлагатай байх гэж ярихад миний зүгээр очих боломж байхгүй байх, тээврийн хэрэгсэл байхгүй гэж ярихад дарга нартаа танилцуулаад танд хариу мэдэгдэнэ гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа тус цэргийн ангийн дарга Хундага гэх алба хаагч миний гар утас руу залгаж А хэлсэн зүйлийг хэлж, цагдаагийн алба хаагч нар ирсэн хэргийн газарт үзлэг хийж байна, таныг очиж авахаар тээврийн хэрэгсэл гаргасан талаар ярьсан. Миний байгаа газарт Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн тээврийн хэрэгсэл ирж би, хүүхдийн хамт Замын-Үүд сум руу гарсан. Замын-Үүд суманд ирээд хүүгээ нас барсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би маш их гомдолтой байна. Миний бие их өвддөг, би зогсоод хэцүү байдаг. Одоо миний бие өвдөж байгаа. Гурил, будаа идэггүй байсан одоо би иддэг болсон хөл гар хавагнаж байна. Энэ хүү зориудаар миний хүүг алсан. Тухайн хэрэг болдог өдөр 3 хүн хамт байсан гэсэн. Нөгөө 2 хүн нь миний хүүг нийлж байгаад алсан байх гэж бодож байна. Би хохирол төлбөрт 19,000,000 төгрөг авсан. Миний сэтгэцэд учирсан хохирол нь 4-р зэрэгт хамаарна гэсэн байсан. Тэрний дээд хэмжээгээр тооцож авах саналтай байна гэв.
Гэрч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би Хилийн цэргийн 0129 дүгээр ангид 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулан гэрээт хилчнээр ажилд орон ажиллаж байгаа. Би тус ангийн 2 дугаар заставд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжин ирсэн. Намайг ирэхэд М нь энэ заставд мөн гэрээт хилчнээр үүрэг гүйцэтгэж байсан тул нэгэнтэйгээ танилцаж, найз нөхөд болсон. Харин Ц нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай заставд ирж түүнтэй танилцсан. Би уг хүмүүстэй төрөл садны холбоо байхгүй, өмнө нь танилууд байгаагүй. Энэ заставд ирээд л анх танилцаж нөхөрлөсөн юм. Ц нь уг нь манай заставд бүртгэлтэй ч өөр заставд түр байж байгаад ирсэн гэж байсан. Бид бүгдээрээ л адилхан гэрээт цэргийн алба хаагчид байгаа юм. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөөний 10 цагийн орчим байх застав дээрээ байж байхад салбарын дарга ахлах дэслэгч Г.Т нь "М талийгаач Ц бид 3-г завтай, амарч байсан болохоор дэслэгч Н хариуцуулан бид 4-ийг хүнсний агуулах дээр буусан хүнсний эд зүйлсийг цэгцлэх" үүрэг өгсөн юм. Тэгээд талийгаач Ц М бид гурав хүнсний агуулах дотор шуудайтай гурил өрөөд байж байхад Ц М-ыг шоглоод үгээр идээд "Чи наад гурилаа янзалж сурчхаад ирэх юм уу" гэж хэлж байсан. Тэгтэл М үг даахгүй уурлах маягтай болоод, дуугаа хурааж ажлаа хийхгүй цагаан өнгийн хөлдөөгч нь дээр суугаад байхаар нь Ц "Чи юун сүртэй юм бэ тоглоом даахгүй" гэсэн чинь М муухай хараад бид хоёртой дуугарахгүй байгаад байсан. Тэгсэн чинь М-ыг уурлачихсан гомдсон юм шиг сууж байхад Ц нь М дээр очоод баруун талын гараараа баруун шанаа хэсэг рүү 1 удаа мангасдаад түлхсэн чинь Манлайбаатар түлхүүлж хойшилчхоод буцаж Цэдэндамбатай заамдалцаад авсан. Би энэ үед Ц, М хоёрыг салгах гээд дундуур нь ороод мөр хэсгээс тэр хоёрыг хоёр тийш нь түлхсэн чинь М Ц-г түлхээд хаалга руу чиглээд зууралдаад явсан. Би дахин тэр хоёрын дундуур орж тэр хоёрыг хоёр тийш түлхэхэд М шалан дээр байсан хайрцагтай үзмэнд хөл нь тээглээд хойшоо суусан. М босож ирээд Ц руу дайраад байх үед Ц түрүүлээд хүнсний агуулахаас гараад явсан. Харин М бид хоёр агуулахад сууж байсан чинь Ц агуулахын хаалганаас заставын хашааны зүг рүү явсан бололтой тэндээс, гаднаас М-ыг "Хөөе М гараад ир" гээд жоохон зуучихсан дуудаад байсан. Түүний дараа М чив чимээгүй Ц-ын араас агуулахаас гүйгээд гарахаар нь би мөн араас дагаж гараад агуулахын үүдэн хэсгээс харахад М хувцасны агуулахын үүдний хавьцаа явж байсан, харин Ц хашааны үүдний хэсэгт байх шиг байсан. Би агуулахын хойд талд байрлах гарын саравч хавьд ирэхэд салбарын хашааны хаалганы хэсэгт Ц, М-ыг баруун гараараа заамдсан байдалтай зогсож, ганц нэг үг хэлж маргаж байгаад М Ц-н толгой хэсэг рүү зүүн гараараа цохих шиг болж Ц хойшоо ухраад хашааны урд талын багана хэсэг нуруу хэсгээр налаад Ц баруун талын гараараа М-н нүүр хэсэг рүү нэг удаа цохиод М хутга барьсан баруун талын гараараа Ц-н толгой хэсэг руу цохих шиг болсон. Тэр үед гэнэт л Ц-н амнаас нь цус гараад бас гараараа хоолойгоо дараад тэндээс нь ч аймар их цус олгойдож гарсан. Ц шууд уначихгүй, нэг хэсэг зогссон. М цус гарч байгааг хараад цус гарч байсан хэсгийг гараараа дарж автал амнаас нь бүр их хөөстэй цус гараад тогтохгүй байхаар нь би холбооны өрөө рүү гүйж очоод заставын орлогч Д өрөөнд байсан ба дэслэгч Н-д агуулах руу хурдан очоорой гэж хэлсэн. Орлогч надаас "Юу болсон юм бэ" гэхээр нь би дуугарч чадахгүй байсан. Тэгтэл заставын дэслэгч Н бид 2 гүйгээд иртэл Цэдэндамбын малгайтай цамцны малгайгаар нь цусыг нь дараад байж байсан. Мөн агуулахад масло жижиглэж байсан хутга хашааны гадна шороон дээр харагдаж байсан. Тэр үед дэслэгч Н ирээд заставын бүх ахлагч нарыг дууд гэхээр нь би заставын ахлагч нарыг дуудаж талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж сумын эмнэлэг рүү дэслэгч Д түргэн дуудсан. Тэгээд түргэн иртэл удах байх гээд талийгаачийг албаны машины арын суудалд хагас хэвтүүлээд ахлах ахлагч Э, ахлах ахлагч Д, дэслэгч Д нар аваад явсан. Талийгаач Ц нь М-т хутгалуулснаасаа хойш хэсэг зуур хоолойгоо дарж зогсож байснаа газарт унасан. М намайг яваад хүмүүсийг дууд гэж хэлээд би дуудаад буцаад иртэл М өвөр дээрээ түшээд цусыг нь гараараа дарсан байдалтай байсан. Талийгаач ямар нэгэн юм ярьж чадахгүй хоолойноос их хэмжээний цус гарч байсан болохоор юм ярьж чадахгүй байсан. Тэгэхэд Ц, М бид 3 л байсан. Өөр хүн байгаагүй. Би сүүлд нь орлогч Д дэслэгч Н, бусад хүмүүсийг дуудсан. Бид 3 гурил өрөөд зогсож байсан, яагаад гэхээр гурил тэр өрөөний шалыг дүүргээд зогсож байсан юм. Гурил өрж янзлахаас өмнө М халдашгүй нөөцийн хүнсийг бэлдээд масло зүсэж сууж байсан, Цэдэндамба бид 2 лангуун дээр байдаг хүнсийг лангуун дээр нь өрөөд зогсож байсан. Тэр хутга хүнсний агуулахад байдаггүй юм, гал тогоонд байдаг тэр хутгыг масло зүсэх гээд гал тогооноос М авчирсан. Шар өнгийн модон иштэй 25 см орчим төөнөөс арай их л хэмжээтэй байсан. М-ыг хутга аваад гарсныг нь огт анзаараагүй. Тэр хоёрыг муудалцаад барьцалдсан байхад л М баруун гартаа хутга барьсан байхыг харсан. Тэр хутгыг бид гурав хүнсний эд зүйлээ цэгцлэхдээ хөлдүү маслог хувааж жижиглэх гээд гал тогооноос авсан байсан. Тэр хутга хүнсний агуулахын үүдэнд байсан хайрцагтай масло дотор байсан юм. М Ц-ыг дуудах үед нь тэр хайрцгаас аваад гарсан байх. Би яг авч гарахыг нь анзаараагүй юм аа. Би ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан зүйл байхгүй өөрийнхөө хийх ёстой ажлыг л хийж байсан. Бид гурав ямар нэгэн архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй мөн анги байрлал дээр архи дарс уух хориотой гэжээ. /1-р хх-ийн 67-69/
-Гэрч М.У 2025 оны 03 сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Хүнсний агуулахад байхад гарсан гадаа гараад эхэлсэн, би өмнөх мэдүүлэгтээ юунаас эхэлж маргасан талаар хэлсэн байгаа, хүнсний өрөөнөөс маргааны дараа Ц М-ыг дуудсан. М-ыг би тайвшруулаад хөлдөөгч нь дээр суулгаж байсан. Тэгээд Ц гаднаас "М гараад ир" гээд дуудсан. Тэр үед М-ыг баярын өдөр битгий муудалц, хурдан ажлаа дуусгаад ор амаръя агуулгатай зүйл яриад сууж байсан. Тэгээд хажууд сууж байснаа гэнэт хаалга руу гүйгээд гарчихсан. Би нээх юм бодоогүй гайгүй байлгүй дээ гэж бодоод араас гүйгээд гарсан. Тэгээд гартал хэрэг болсон байсан. Би хутга аваад гарсныг анзаараагүй, миний хажууд сууж байхдаа гартаа хутгагүй байсан. Би гараад харт гартаа хутгатай байсан. Хэргийн талаар би урд нь мэдүүлэгтээ тодорхой дэлгэрэнгүй хэлсэн, бас миний өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад тухайн үед үйлдлээрээ тодорхой зааж өгсөн..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75-77/
Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “Ахлах байлдагч Б.М, байлдагч Э.Ц, байлдагч М.У нарыг салбарын хүнсний агуулагдах хүнс, хуурай хэрэглэлийг хураах үүрийг өгсөн. Тэгээд миний бие явцын дундуур ахлах байлдагч Б.М, байлдагч Э.Ц, байлдагч М.У нарын хүнс хураах ажлыг шалгахад хэвийн үүрэг ажлыг хийж байсан. Би дээрх алба хаагч нарт хандаж 13 цагт ажлыг дуусгаж амралтын байдалд шилжих талаар үүрэг өгсөн. Миний бие 12 цаг 10 минутын орчимд салбарын холбооны өрөөнд хилийн цэргийн 0129 дүгээр ангийн цахим хуралд оролцож байхад цаг харсан чинь 12 цаг 30 минут болсон байсан. Холбооны өрөөнд бичиг баримт эмхэлж байсан дэслэгч Б.Н хандан одоо 30 минутын дараа хүнсний агуулахад ажиллаж байгаа алба хаагч нарыг ажлыг зогсоох талаар сануулсан. Энэ үед салбарын жижүүр дэд түрүүч Д.Б холбооны өрөөнд байсан. Энэ үед гаднаас байлдагч М.У сандарсан байдалтай үг хэлж чадахгүй, дохио зангаагаар дэслэгч Б.Н дуудахад дэслэгч Б.Н, дэд түрүүч Г.Б нар байлдагч М.У холбооны өрөөнөөс дагаж гарсан. Цахим хуралд дуусаж байсан тул миний бие дэслэгч Г.Н, дэд түрүүч Г.Б нарын араас гарахад миний урдаас дэслэгч Б.Н, байлдагч Э.Ц хүзүүнээс цус гараад байна яаралттай түргэн тусламж дуудах шаардлагатай байна гэхэд салбарын зүүн талын төв хаалганы дотор талд байлдагч Э.Ц амнаас нь цус гарч, нүүр хэсэг нь цус болсон байдалтай, ахлах байлдагч Б.М байлдагч Э.Ц цээж хэсэг тэвэрч, хоёр гараараа Э.Ц хүзүүний хэсэг дарсан байдалтай харагдаж, хажуу талд нь жижүүр дэд түрүүч Г.Б харагдаж би тэд нар дээр очилгүй буцаад холбооны өрөө лүү орж албаны .. дугаарын утсаар Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн ... дугаарын гар утас руу залгаж "манай салбарын байлдагчийн хүзүүнээс цус гараад байна хүзүүгээ зүсчихсэн юм шиг байна яаралтай ирнэ үү” гэж дуудлага өгч, эмнэлгийн утсыг авсан хүнээс хүзүүнээс цус гарах үед яах ёстой талаар асуухад хүзүүнд даралтай боолт хийх талаар зөвлөгөө өгсөн. Тэгээд би холбооны өрөөнөөс гараад зүүн талын төв хаалганы дотор талд очиход ахлах байлдагч Б.М байлдагч Э.Ц цээж хэсэг хоёр тэвэрч, гараараа Э.Ц саарал өнгийн малгайтай цамцны малгай хэсгээр дарж байхаар нь Э.Ц хүзүүний эмийн хайрцаг дотроос зориулалтын даралттай боолт гаргаж ирээд байлдагч дарж байхдаа Э.Ц хүзүүний зүүн урд талд байрлах шарх болсон тус газарт боолт хийж байхдаа ахлах байлдагч Б.М-аас "юу болсон юм бэ” гэж асуухад хариу хэлэхгүй дугарахгүй байсан. Боолт хийж байхдаа салбарын тээврийн хэрэгслийг гаргаж ирээд явах талаар хэлэхэд тэнд байсан алба хаагч нараас аль нэг нь тээврийн хэрэгслийн жолооч ахлах ахлагч Э.Э-ыг дуудан тээврийн хэрэгсэл гарч ирээд Э.Ц-ыг тээврийн хэрэгслийн хойд талын суудалд өргөж оруулаад ахлах ахлагч Ж.Д-ийн хамт Замын-Үүд сум руу хөдөлсөн. Би Э.Ц-ын хүзүүнд боолт хийж байхад ам, хамраас нь цус гарсан байдалтай, амьсгал нь мэдэгдэхгүй, цээж хэсэгт дархад зүрх нь цохилж байх шиг байсан. Тээврийн хэрэгслийн хойд талын суудалд Ж.Д, Э.Ц-ыг тэврээд би Ц-ын хүзүү хэсэгт боолт хийсэн боолт дээр нь дараад явсан. Замын-Үүд сум руу орж ирж байхад Э.Д Э.Ц-ын толгойн зүүн талын мэдрэлийн судсыг дарж үзээд цохилж байна гэж надад хандаж хэлсэн. Тэгээд эмнэлгийн гадна ирээд эмнэлэг рүү Ц-ыг оруулаад эмч нар Ц-ын биед үзлэг хийсэн. Би буцаж гарч ирээд тээврийн хэрэгсэлд сууж байхад Цэдэндамбыг нас барсан байна гэж жолооч Э.Э хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 100-101/
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Ахлах ахлагч Эрдэнэцогт бид хоёр хамт гараад очиход заставын гадна хаалган дээр хүмүүс цугларчихсан байсан. Ойртоод очиход амь хохирогчийн хоолойноос цус олгойдоод хэвтэж байсан ба байлдагч М хоолонд дээр нь даавуугаар дарчихсан сууж байсан. Мөн амь хохирогчийн амнаас улаан хүрэн өнгөтэй цус гарчихсан байсан. Тэгээд дэслэгч Д 103 руу дуудлага өгсөн. Амь хохирогчийн хоолойноос цус олгойдоод байхаар нь дэслэгч Д, анхны тусламж үзүүлээд уян бинтээр боогоод хугацаа алдахгүйн тулд албаны тээврийн хэрэгслээр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг рүү хөдөлсөн. Бид нар амь хохирогчийг шууд яаралтай тусламжийн тасагт аваачиж өгсөн ба эмч нар үзээд артерийн судас таарсан байна гэж байсан... Амь хохирогч Ц-ын хүзүү рүү М хутгалсан гэж байсан. Ууган-Эрдэнэ өөрөө шоконд орчихсон зогсож байсан гэжээ. /1-р хх-ийн 103-104/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнсний хангалт буусан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөөний 10 цагийн үед хүнсний өрөөнд ажиллах үүргийг заставын дарга болон миний бие гэрээт хилчин У М, Ц нарт өгсөн. Бусад гэрээт хилчид ажилд томилогдсон байсан тул энэ 3-т үүрэг болгосон. Хүнсний агуулах руу хилчид шалан дээр байсан гурилуудыг өрж цэгцэлж янзлах ёстой байсан. Гурилыг эхний өрсөн хэд нь их аятайхан өрсөн байна дунд нь өрсөн хэдэн гурилыг засаад янзалчих гэж 3 гэрээт хилчин хэддээ хэлээд хүнсний агуулахаас гараад шуурхай жижүүртэй видео камераар харилцаатай байсан. Тэр үед 11 цаг 40 орчим цаг болж байсан би 13 цагт ажлаа дуусгаад шинэ жилийн хоол хүнсээ бэлдээрэй гэж хэлээд буцаад гарсан, буцаад холбооны өрөө рүү харсан камер дээр сууж байсан. Камер дээр хүнсий өрөөний нөхцөл байдал харагддаггүй. Тэгтэл шуурхай жижүүрээс заставын дарга эсхүл заставын орлож байгаа хүнээ дуудаад яриул гэж хэлсэн. Би жижүүрийг гаргаад дэслэгч Д дуудуулсан. Тэгээд дэслэгч Д удалгүй орж ирээд шуурхай жижүүртэй ярьсан. Би ярьж байх үед нь камераас босоод буйдан дээрээс гадуур хувцсаа аваад зогсож байтал байлдагч У гүйж ирээд орлогч хурдлаарай гээд намайг дуудаад тэнд гээд заагаад надад юм хэлж чадахгүй уйлаад байсан. Би У-ийг дагаж гүйгээд хашааны хаалганы үүдэнд ахлах байлдагч М, байлдагч Ц тэврээд хоолойг нь дараад газар сууж байсан. Байлдагч Ц ам, хамраас нь цус гарч байсан. Би юу болсон юм гэж асуухад хэн нь ч дугараагүй шоконд орсон байдалтай байсан. Би ахлах түрүүч Б ахлагч, офицер нарыг бүгдийн дуудаад гаргаад ир гэж хэлсэн. Би станцаар дуудсан. Гарч ирэх үед нь түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн, түргэн тусламжийг дэслэгч Д дуудсан. Бид нар анхан шатны тусламж үзүүлээд түргэн тусламж ирж амжихгүй байх гэж бодоод өргөөд тээврийн хэрэгсэлд суулгаад Замын-Үүд сум руу хөдөлсөн. Замын-үүд сум руу дэслэгч Д, ахлах ахлагч Э, Д, байлдагч Ц нар явсан. Би тэндээ үлдээд шуурхай жижүүр рүү гар утсаар болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Үүнээс цааш би юу болсныг мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 106-107/
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09:00 цагаас 20:00 цагийн хооронд заставын холбооны өрөөнд жижүүртэй байсан. Тэгээд би 11:00 цагийн орчим холбоон дээрээ сууж байтал ангийн төвөөс дэслэгч Н дуудаж шуурхай видео харьцаагаар ярихаар дуудуулсан. Тэгэхээр нь би хүнсний агуулах руу очиж дэслэгч Н дуудах гээд ортол байлдагч Э.Ц, М.У, ахлах байлдагч Б.М нар хүнс хурааж байсан. Дэслэгч Н тухайн 3 алба хаагчийн хариуцаж ажил хийлгэж байсан. Тэгээд би дэслэгч Н хандаж ангийн жижүүрээс ярья гэж байна гэж дамжуулаад дэслэгч Н дагуулаад холбооны өрөөнд ирсэн. Тэгээд 1 цаг орчим төвийн жижүүртэй ярьсан байх. Тэгээд 12:00 цагийн орчим байлдагч М.У сандарч гүйж орж ирээд гараад ир гараад ир гээд юу болсон талаар асуухад юм дуугарч чадахгүй байхаар нь дэслэгч Н түрүүлээд гарсан би араас нь гүйгээд гартал заставын үүдний хаалганы хажууд Б.М өвөр дээр байлдагч Ц хэвтэж байсан. Ц хамар амнаас цус гарсан байдалтай Б.М хүзүүний хэсэгт нь гараараа дарчихсан сууж байсан. Тэгээд би сандраад эрүүл мэндийн зааварлагч Д болон бүх алба хаагчдыг дуудсан. Тэгээд дэслэгч Д, ахлах ахлагч Э, ахлах ахлагч Д нар машинаар Замын-Үүд сумын эмнэлэг рүү яаралтай аваад явсан. Тэгээд М-г өрөөнд нь тусгаарлаад ахлагч Д, дэслэгч Б нар харж байсан гэжээ. /1-р хх-ийн 127-128/
Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Салбарын орлогч Г.Д салбарын байранд өдрийн хугацаанд ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар надад танилцуулж, хүнсний агуулахад улирлын хүнс буусан тул ахлах байлдагч Б.М, байлдагч Э.Ц, байлдагч М.У нар хилийн манаанд томилогдоогүй байсан талаар танилцуулж агуулахад буусан хүнсний янзалж цэгцлүүлэхээр хуваарь хийж, дээрх алба хаагч нарыг хариуцаж ажиллах талаар дэслэгч Б.Н үүрэг өгөх талаар ярилцсан... Миний зүгээс орлогч дэслэгч Г.Д хийсэн томилгоотой танилцаж ярилцаад Д алба хаагч нарт үүрэг чиглэл өгөөд ажилд нь гаргах, хүнсний агуулахад ажиллах алба хаагч нарыг 13 цагт ажлыг зогсоож амрах талаар үүрэг чиглэл өгөх талаар хэлсэн. Мөн би хүнсний агуулахад ажиллах Э.Ц, байлдагч М.У, дэслэгч Б.Н нарыг дагуулж гараад ахлах байлдагч Б.М, байлдагч хүнсний агуулах дотор орж ирээд хүнсний агуулах дотор хүнсийг ямар байдлаар яаж, эмх цэгцтэй янзалж цэгцлэх талаар зааварчилга өгсөн... Тэгээд би 10 цаг 30 минутын орчимд байлдагч Ё хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэсэн. 2 цагийн дараа станцын сүлжээ ордог газар ирээд салбарын холбооны жижүүртэй харилцаанд орох үед дэслэгч Э.Б холбоог авахаар нь нөхцөл байдлыг танилцуулах талаар хэлэхэд Б.М, Э.Ц хутгалчихлаа гэж ярихаар нь юу болсон талаар тодруулж асуухад дарга та хурдан хүрээд ир гэж ярьсан. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан Ё хамт салбарын байршилд ирэхэд дэслэгч Б.Н, дэслэгч Э.Б нь миний өөдөөс ирээд Э.Ц албаны тээврийн хэрэгслээр орлогч дэслэгч Г.Д, Ж.Д, Э.Э нар Замын-Үүд сумын эмнэлэг рүү явсан талаар хэлсэн, би өөрийн ажлын өрөө лүү орох үед холбооны өрөөнд Б.М сууж байсан гэжээ. /1-р хх-ийн 130-131/
-Гэрч Г.Т 2025 оны 03 сарын 09-ны өдөр өгсөн мэдүүлэг: Хилийн манаанд томилогдож үүрэг гүйцэтгэхээр ирсэн гэрээт хилчид өдөр бүр томилгоогоор хилийн манаанд үүрэг гүйцэтгэнэ, хилийн манаанд үүрэг гүйцэтгээгүй үедээ заставын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг, аж ахуйн чиглэлээр байрны дотоод, гадаад цэвэрлэгээ хийнэ сургалт дадлага зохион байгуулна. Манай салбар дээр намайг ажиллаж байх үед 7 гэрээт хилчин үүрэг гүйцэтгэж байна. Тухайн өдрийн өмнөх өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улирлаар ирдэг хүнс буусан өдөр байсан хүнс буусан учраас хилчдээс туслуулах зорилгоор ажиллуулсан. Салбарын орлогч Г.Д салбарын байранд өдрийн хугацаанд ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар надад танилцуулж, хүнсний агуулахад улирлын хүнс буусан тул ахлах байлдагч Б.М, байлдагч Э.Ц, байлдагч М.У нар хилийн манаанд томилогдоогүй байсан талаар танилцуулж агуулахад буусан хүнсний янзалж цэгцлүүлэхээр хуваарь хийж, дээрх алба хаагч нарыг хариуцаж ажиллах талаар дэслэгч Б.Н үүрэг өгөх талаар ярилцсан. Дэд түрүүч Б.Д, ахлах байлдагч Б.З сантехникийн слесарийн ээлжийг хүлээлцэж, ахлах байлдагч Б.З амрах томилгоо хийсэн. Миний зүгээс орлогч дэслэгч Г.Д хийсэн томилгоотой танилцаж ярилцаад Д алба хаагч нарт үүрэг чиглэл өгөөд ажилд нь гаргах, хүнсний агуулахад ажиллах алба хаагч нарыг 13 цагт ажлыг зогсоож амрах талаар үүрэг чиглэл өгөх талаар хэлсэн. Бусад өдрүүдэд хүнсний агуулахад хангалтын офицер хариуцаад тухайн өдрийн жижүүрүүд хяналтаа хэрэгжүүлээд ээлжид гарч байгаа хоолны хуваарийн дагуу ажлаа зохицуулаад явдаг. Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг орчимд хүнсний хангалт ирсэн хүнсний агуулахад хүнс байгаа Ууган-Э, Ц, М гурвыг туслуулахаар хуваарилсан. Үүрэг өгөөд дэслэгч Н хариуцуулаад өөрөө хилийн манаанд явсан. Ажиллаж байсан, Ууган-Э, М нар олон удаа хурааж, цэгцэлж үзсэн. Урьд энэ 2 өөр заставд ажиллаж үзсэн, хүнс хурааж аж ахуйн ажилд тусалж л явсан. Сэтгэлийн хөдлөл ихтэй, гарын ур дүйтэй, ажилд хандах хандлага сайн ажилд мундаг хүүхэд. Сэтгэл хөдлөл ихтэй, хошин шогч хүүхэд байсан. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан Ё хамт салбарын байршилд ирсэн (цагийг санахгүй байна) би өөрийн ажлын өрөө лүү орох үед холбооны өрөөнд Б.М сууж байсан. Уйлчихсан, бие нь чичирсэн байдалтай сууж байсан. Сар бүр зохион байгуулдаг. Үгүй, урьд байлдагч нар хоорондоо муудаж байгаагүй. Гал тогоонд байдаг хутга, том хайрцагтай маслог жижиглээд хуваагаад бэлтгэх ажлыг хүнсний агуулахад туслалцаа үзүүлж байгаа гэрээт хилчид болон бусад алба хаагч нар ээлжээрээ л хариуцаад ажилладаг гэжээ. /2-р хх-ийн 81-83/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...гараад очтол 0173 дугаар ангийн салбарын үүдэн дээр манай салбарын бие бүрэлдэхүүн бүгд оччихсон байж байсан. Тэгээд би анх хартал талийгаач Ц ам, хамар, хүзүү хэсгээс цус гарч байсан. Дэслэгч Д өвдгөн дээрээ тавьчихсан цагаан даавуугаар хоолой хэсгийг боогоод анхны тусламж үзүүлж байсан. Ямар ч үед би бэлэн байх учраас аж автомашины граш руу гүйгээд машинаа бэлэн болгочхоод байж байтал эмнэлэг рүү явъя түргэн дуудсан, түргэн ирэхийг хүлээгээгүй шууд заставаас дэслэгч Д, ахлах ахлагч Д, талийгаач Ц нарын хамт Замын-Үүдийн рүү явсан. Бид нар Замын-Үүд сум руу орж ирээд 0108 дугаар ангийн харалдаа засмал зам дээр явж байтал өөдөөс түргэний машин ирж байхыг хараад гэрлээрээ дохио өгч түргэний машиныг дагуулаад эмнэлгийн дагуу буюу яаралтай тусламжийн тасаг дээр ирсэн. Яаралтай тусламжийн жолоочтой ирсэн хүмүүсийн хамт яаралтай тусламжийн тасаг руу талийгаач Ц өргөж оруулсан. Тэгээд ангийн захирагч хурандаа Хундага миний утас руу залгаад Ц биеийн байдал ямар байна гэж асуухад эмнэлгийн эмч нар өнгөрчихсөн байна одоо цагдаа дуудаад байгаа байдлыг танилцуулна гэж байна гэж би ангийн захирагчид хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 136-137/
Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: .....би өөрийн албаны станцыг чагнаад хэвтэж байхад 12 цаг өнгөрч байхад станцаар дэслэгч Н, дэслэгч Д хоорондоо харилцахыг сонсоод байрнаасаа гараад салбарын гадна хаалга руу шууд гүйж очсон. Намайг гүйгээд очиход амь хохирогчийг М түшчихсэн хутгалсан газар буюу хоолойны хажуу талд нь амь хохирогчийн өмсөж байсан малгайтай цамцны малгайгаар нь дарчихсан зогсож байсан. Тэгээд манай салбарын цэргийн сургалт албаны офицер Данаабал ирээд амь хохирогчийн хүзүүг нь зузаан бинтээр боогоод цаг алдахгүй байхын тулд албаны тээврийн хэрэгслээр амь хохирогчийг аваад Замын-Үүд сумын эмнэлэг рүү хөдөлсөн гэжээ. /1-р хх-ийн 139-141/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0173 дугаар салбарын алба хаагчдын байр буюу гэртээ 13 цагийн орчимд хоол хийж байхад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Г.Б манай гэрт гүйж орж ирээд надад хандаж орлогчоо хэрэг гарсан гэж хэлээд буцаад гүйгээд явсан би юу ч ойлголгүй холбооны өрөөнд ороод цонхоор гадагш хартал салбарын хашааны хаалганы дэргэд хүмүүс сандраад гүйлдээд байхаар нь яваад очтол шороон дээр цус асгарсан Б.М сөгдөж суугаад Э.Ц-г тэврээд хүзүүнээс гарч байсан цусыг давуугаар дараад байсан тэр давуу нь маш их цустай Э.Ц ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Холбооны өрөөний суурин утсаар Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагчийн орлогч Б.А, Б нарт юу болсон талаар мэдэгдсэн гэжээ. /1-р хх-ийн 143/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 203-206/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: 1.Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Б.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ эсхүл гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3.Б.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Б.М нь хэрэг хариуцах чадвартай байна. гэх /1-р хх-ийн 211-212/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Амь хохирогч Э.Ц цогцост хүзүүний зүүн урд дээд хэсэгт арьс, булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Урууланд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эдгээр гэмтлээс хүзүүний зүүн урд дээд хэсэгт арьс, булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээжний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 4.Амь хохирогч нь хүзүүний зүүн урд дээд хэсэгт мөгөөрсөн хоолой, улаан хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог гадуур болон дотуур цус алдаж нас баржээ. 5.Амь хохирогч нь цогцост хийсэн шинжилгээнээс 9-11 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 217-219/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 220-228/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ЕГ0125/547, ЕГ0125/548 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 232-235, 239-242/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГ0125/549 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Мөрдөгчийн тогтоолд дурдсан яллагдагч Б М, гэрч М У нарын гарын хээний дардас ирүүлээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөр, дардсуудтай тохирохгүй. 3.Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 246-249/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГО325/901 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн No4,6 шороо, Э.Ц гэх баруун, зүүн гарын хумс 10 ширхэг, саарал өнгийн малгай, саарал өнгийн малгайтай цамц, улаан өнгийн дотоож, саарал өнгийн боолт, хар өнгийн өмд, асаагуур, саарал өнгийн тамхины хайрцаг, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн хос оймс, хар өнгийн малгайтай цамц, ногоон, бор өнгийн оруулгатай хос гутал, бор өнгийн бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн No4,6 шороо, Э.Ц гэх баруун, зүүн гарын хумс 10 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц, улаан өнгийн дотоожны дээд хэсэг, саарал өнгийн боолт, хар өнгийн өмдний баруун шууны хойд хэсэг, хар өнгийн малгайтай цамцны дээд хэсэг, ногоон, бор өнгийн оруулгатай хос гутлын дээд хэсэг, бор өнгийн бариултай хутганы ажлын болон бариул хэсэг дээр хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Саарал өнгийн малгай, асаагуур, саарал өнгийн тамхины хайрцаг, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн хос оймс дээр биологийн ул мөр илрээгүй. 3.Шинжилгээнд ирүүлсэн Э.Ц, Б.М, М.У нарын цусны дээж, объектууд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4.No4,6 шороо, Э.Ц гэх баруун, зүүн гарын хумс 10 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц, улаан өнгийн дотоож, саарал өнгийн боолт, хар өнгийн өмд, хар өнгийн малгайтай цамц, ногоон, бор өнгийн оруулгатай хос гутал, бор өнгийн бариултай хутга дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой Э.Ц ДНХ-ийн тогтоц тохирч байна гэх дүгнэлт /2-р хх-ийн 07-13/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГО325/902 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Б.М өмсөж явсан гэх хувцаснууд болон Б.М гэх 10 хурууны хумс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ногоон цамцны дээж, ногоон оруулгатай хар өмдний өвдөг болон гуя хэсэг, цэцэгтэй даавуу, гутал дээр хүний цус илэрсэн. Бусад зүйлс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. 3.Б.М гэх баруун болон зүүн гарын хумс дээр цус илэрсэн. 4.Ногоон цамц, ногоон оруулгатай хар өмд, цэцэгтэй даавуу, гутад дээрх цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь No901 дугаартай дүгнэлтэд тусгасан Э.Ц ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 5.Б.М гэх баруун болон зүүн гарын хумс дээрх цуснаас нэг эрэгтэй Хүний ДНХ-ийн тоглох ба дугаартай дүгнэлтэд тусгасан М ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэх дүгнэлт /2-р хх-ийн 20-27/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 903 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Хар өнгийн савхин куртик, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотуур өмд, цагаан өнгийн футболк, хар өнгийн хос гутал, хар өнгийн хос савхин бээлий, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос оймс зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.. 2.Хар өнгийн савхин куртик, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотуур өмд, цагаан өнгийн футболк, хар өнгийн хос гутал, хар өнгийн хос савхин бээлий, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос оймс зэргээс биологийн гаралтай ул мөр илрэхгүй байна. гэх дүгнэлт /2-р хх-ийн 35-38/
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 70-74/
Хохирлын баримтууд /2-р хх-ийн 105-110/
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотойгоор гаргаж өгсөн баримтад хохирлын тооцоолол хийсэн тухай прокурорын тэмдэглэл /2-р хх-ийн 111-112/
Хохиролд 16,000,000 төгрөг төлсөн Хаан банкны хуулга /2-р хх-ийн 149, 193-195/
Шинжээч Б.Н мэдүүлсэн "...амь хохирогч нь хутгаар хүзүүндээ хутгалуулсны улмаас тэр дороо буюу шууд амь хохирсон байсан. Иймд хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн A/225/A/153/A/85 дугаар Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын тушаалын хавсралт Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 1.4-т заасан шинж хангагдахгүй тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй ...хүзүүний зүүн дээд хэсэгт арьс, булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан ба шууд тэр дор нь хагалгаа хийх боломжгүй нөхцөлд амь нас аврагдах боломжгүй, шууд тэр дор нь хагалгаа хийсэн ч амь нас аврагдах боломжгүй..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 152-154/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 831 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Хууль ёсны төлөөлөгч Н.Э /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F43.81 буюу удаан хугацаанд үргэлжилсэн уй гашуугийн эмгэгээр оношлогдож байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт /2-р хх-ийн 157-159/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.М нь Д.Э сумын 4-р баг далайн бумбат гэх газарт байх Хилийн цэргийн .. дүгээр ангийн .. дугаар салбарын 2 дугаар заставд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 30 минут орчимд амь хохирогч Э.Ц хүзүү хэсэгт нэг удаа хутгалж, амь хохироосон үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.М хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.У “...талийгаач Ц.М бид гурав хүнсний агуулах дотор шуудайтай гурил өрөөд байж байхад Ц.М шоглоод үгээр идээд "Чи наад гурилаа янзалж сурчхаад ирэх юм уу" гэж хэлж байсан. Тэгтэл М үг даахгүй уурлах маягтай болоод, дуугаа хурааж ажлаа хийхгүй цагаан өнгийн хөлдөөгч нь дээр суугаад байхаар нь Ц "Чи юун сүртэй юм бэ тоглоом даахгүй" гэсэн чинь М муухай хараад бид хоёртой дуугарахгүй байгаад байсан. Тэгсэн чинь М уурлачихсан гомдсон юм шиг сууж байхад Ц нь М дээр очоод баруун талын гараараа баруун шанаа хэсэг рүү 1 удаа мангасдаад түлхсэн чинь М түлхүүлж хойшилчхоод буцаж Ц заамдалцаад авсан. Би энэ үед Ц, М хоёрыг салгах гээд дундуур нь ороод мөр хэсгээс тэр хоёрыг хоёр тийш нь түлхсэн чинь М Ц түлхээд хаалга руу чиглээд зууралдаад явсан. Би дахин тэр хоёрын дундуур орж тэр хоёрыг хоёр тийш түлхээд М шалан дээр байсан хайрцагтай үзэмд хөл нь тэглээд хойшоо суусан. М босож ирээд Ц руу дайраад байх үед Ц түрүүлээд хүнсний агуулахаас гараад явсан. Харин М бид хоёр агуулахад сууж байсан чинь Ц агуулахын хаалганаас заставын хашааны зүг рүү явсан бололтой тэндээс, гаднаас М-ыг "Хөөе М гараад ир" гээд жоохон зуучихсан дуудаад байсан. Түүний дараа М чив чимээгүй Ц-ын араас агуулахаас гүйгээд гарахаар нь би мөн араас дагаж гараад агуулахын үүдэн хэсгээс харахад М хувцасны агуулахын үүдний хавьцаа явж байсан, харин Ц хашааны үүдний хэсэгт байх шиг байсан. Би агуулахын хойд талд байрлах гарын саравч хавьд ирэхэд салбарын хашааны хаалганы хэсэгт Ц, М баруун гараараа заамдсан байдалтай зогсож, ганц нэг үг хэлж маргаж байгаад М.Ц толгой хэсэг рүү зүүн гараараа цохих шиг болж Ц хойшоо ухраад хашааны урд талын багана хэсэг нуруу хэсгээр налаад Ц баруун талын гараараа Манлайбаатарын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод М хутга барьсан баруун талын гараараа Ц толгой хэсэг руу цохих шиг болсон. Тэр үед гэнэт л Ц амнаас нь цус гараад бас гараараа хоолойгоо дараад тэндээс нь ч аймар их цус олгойдож гарсан. Ц шууд уначихгүй, нэг хэсэг зогссон. М цус гарч байгааг хараад цус гарч байсан хэсгийг гараараа дарж автал амнаас нь бүр их хөөстэй цус гараад тогтохгүй байхаар нь би холбооны өрөө рүү гүйж очоод заставын орлогч Д өрөөнд байсан ба дэслэгч Номинд агуулах руу хурдан очоорой гэж хэлсэн.” /1-р хх-ийн 67-69/, гэрч Г.Д “...гаднаас байлдагч М.У сандарсан байдалтай үг хэлж чадахгүй, дохио зангаагаар дэслэгч Б.Н дуудахад дэслэгч Б.Н, дэд түрүүч Г.Б нар байлдагч М.У холбооны өрөөнөөс дагаж гарсан. Цахим хуралд дуусаж байсан тул миний бие дэслэгч Г.Н, дэд түрүүч Г.Б нарын араас гарахад миний урдаас дэслэгч Б.Н, байлдагч Э.Ц хүзүүнээс цус гараад байна яаралттай түргэн тусламж дуудах шаардлагатай байна гэхэд салбарын зүүн талын төв хаалганы дотор талд байлдагч Э.Ц амнаас нь цус гарч, нүүр хэсэг нь цус болсон байдалтай, ахлах байлдагч Б.Манлайбаатар байлдагч Э.Ц цээж хэсэг тэвэрч, хоёр гараараа Э.Ц хүзүүний хэсэг дарсан байдалтай харагдаж, хажуу талд нь жижүүр дэд түрүүч Г.Б харагдаж би тэд нар дээр очилгүй буцаад холбооны өрөө лүү орж албаны .... дугаарын утсаар Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн ... дугаарын гар утас руу залгаж "манай салбарын байлдагчийн хүзүүнээс цус гараад байна хүзүүгээ зүсчихсэн юм шиг байна яаралтай ирнэ үү” гэж дуудлага өгч, эмнэлгийн утсыг авсан хүнээс хүзүүнээс цус гарах үед яах ёстой талаар асуухад хүзүүнд даралтай боолт хийх талаар зөвлөгөө өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/, гэрч Ж.Д мэдүүлэг /1-р хх-ийн 103-104/, гэрч Б.Н шүүх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107/, гэрч Г.Б мэдүүлэг /1-р хх-йин 127-128/, гэрч Г.Т мэдүүлэг /1-р хх-ийн 130-131/, гэрч Э.Э мэдүүлэг /хх-ийн 136-137/, гэрч Г.Д мэдүүлэг /1-р хх-ийн 139-141/, Шинжээч Б.Н мэдүүлэг /2-р хх-ийн 152-154/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 70-74/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 203-206/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 217-219/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 220-228/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГО325/902 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 20-27/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 831 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 157-159/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш шүүгдэгчийн үйлдлийг санаатай бус болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн амь насыг хохироосон гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэхээр санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсээгүй боловч үйлдлээрээ хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна. Хүнийг алах гэмт хэрэг өс хонзон, танхайн болон хувийн ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Тухайн гэмт хэргийн хувьд амь хохирогч Э.Ц, шүүгдэгч Б.М нарын хоорондын үл ялих зүйлээс шалтгаалан муудалцаж, амь хохирогч нь Б.М гараад ир гэж дуудахад шүүгдэгч нь хутга аваад гарч байгаа, мөн хутагтай гараарай хохирогчийг цохиж байгаа үйлдэл нь аюултай болохыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүний амь насыг хохироохыг хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар амь хохирогчийг тухайн цаг үед шүүгдэгч Б.М хутгалуулсны улмаас хүзүүний зүүн урд дээд хэсэгт мөгөөрсөн хоолой, улаан хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог гадуур болон дотуур цус алдаж нас барсныг тогтоосон тул шүүгдэгч Б.М гэм буруугийн үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “Уур омгоо барьж дийлээгүйгээс болж хүний амь нас хөнөөсөн учир буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э оршуулгын зардал, замын зардалд нийт 19,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Н.Э мэдүүлэг, хохирол төлсөн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцийн хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлийн дээд хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, хувийн зан байдалд нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсан, эрүүл мэндийн байдал дордсон зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 29,700,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Манлайбаатараас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаар төлсөн болохыг дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг шүүх хангах боломжгүй байна. Учир нь энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хангасан ба түүнийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй бол шүүх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно”, 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж заасан. Гэвч шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болон замын зардал 19,000,000 төгрөгийг авсан, одоо сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоос өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг шүүх тогтоож гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болно. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарласнаар 19,000,000 төгрөгийн хохирлоос гадна дахин өөр эд хөрөнгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирогч талаас нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан тул шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх сэгийн 1.4-т заасныг баримтлан 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 12 сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 118 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэв.
Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн шүүгдэгч Б.М эрээн эмжээртэй хар өнгийн дотуур өмд 1 ш, урд талдаа цахилгаантай цамц 1 ш, хар өнгийн нимгэн дотуур өмд 1 ш, хажуу талдаа ногоон өнгийн оруулгатай хар өнгийн биеийн тамирын өмд 1 ш, хүрэн өнгийн, саарал өнгийн оруулгатай дотуур хувцас 1 ш, саарал өнгийн ноосон хос оймс 1 ш, эрээн өнгийн цэцэгтэй гурвалжин даавуу 1 ш, хар өнгийн фудболка 1 ш, хар өнгийн хагас түрийтэй хос гутал 1 ш
-Амь хохирогч Э.Ц хар өнгийн юүдэнтэй малгайтай цамц 1 ш, хар өнгийн даавуун өмд 1 ш, хар өнгийн ноосон өмд 1 ш, улаан өнгийн саарал эмжээртэй дотуур хувцас 1 ш, хар өнгийн оймс 1 ш, саарал өнгийн боолт 1 ш, саарал өнгийн малгай 1 ш, саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц 1 ш, хар өнгийн хоншоортой, хар ногоон өнгийн хар өнгийн үдээстэй хос гутал 1 ш
-Ажлын хэсгийн урт 13,7 см, ишний урт 12,5 см, нийт 26,2 см урттай мохоо үзүүртэй 1 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М /РД:ЕЛ04250310/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх сэгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт авагдсан шүүгдэгч Б.М-н эрээн эмжээртэй хар өнгийн дотуур өмд 1 ш, урд талдаа цахилгаантай цамц 1 ш, хар өнгийн нимгэн дотуур өмд 1 ш, хажуу талдаа ногоон өнгийн оруулгатай хар өнгийн биеийн тамирын өмд 1 ш, хүрэн өнгийн, саарал өнгийн оруулгатай дотуур хувцас 1 ш, саарал өнгийн ноосон хос оймс 1 ш, эрээн өнгийн цэцэгтэй гурвалжин даавуу 1 ш, хар өнгийн фудболка 1 ш, хар өнгийн хагас түрийтэй хос гутал 1 ш,
-амь хохирогч Э.Ц хар өнгийн юүдэнтэй малгайтай цамц 1 ш, хар өнгийн даавуун өмд 1 ш, хар өнгийн ноосон өмд 1 ш, улаан өнгийн саарал эмжээртэй дотуур хувцас 1 ш, хар өнгийн оймс 1 ш, саарал өнгийн боолт 1 ш, саарал өнгийн малгай 1 ш, саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц 1 ш, хар өнгийн хоншоортой, хар ногоон өнгийн хар өнгийн үдээстэй хос гутал 1 ш,
-ажлын хэсгийн урт 13,7 см, ишний урт 12,5 см, нийт 26,2 см урттай мохоо үзүүртэй 1 ширхэг хутга зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Б.М 29.700.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дугаар баг, Төмөртэйн 17-26 тоотод оршин суух Боржигон овогт Н.Э /РД: ЛК71042500/-т олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаан дээр төлж барагдуулсныг дурдсугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД Д.Н
Ц.А