Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03362

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03362

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, 16а, Засгийн газрын 9... дүгээр байр хаягт оршин суух, Ж.Д.Ү.Г /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин байх Х.Х ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Д овогт М-ын О /РД: .../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,275,404,712 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн,

Хариуцагч Х.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбазар, Н.Мандал,

Хариуцагч М.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбазар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга H.Атарцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэнгийн гаргасан тайлбарт: Зээлдэгч Х.Х ХХК, хамтран зээлдэгч М.О нар Ж.Д.Ү.Г-аас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... тоот, ... тоот барьцааны гэрээ байгуулан 900,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ний ... тоот зээлийн гэрээ болон ... дугаартай барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, нийт 1,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Модуль барилга бизнес төслийн зориулалтай зээлж авсан. Тус зээлийн барьцаанд Д.Б ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 1,067.7 м/кв талбайтай сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн С.Г-ын эзэмшлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... талбайтай сургуулийн зориулалтай газрыг тус тус барьцаалан зээлийг авсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 303,792,391 төгрөг хүүгийн төлбөрт 99,129,372 төгрөг, нийт 402,921,763 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчөөд 806 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болон 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 1,113,307,562 төгрөг, зээлийн хүү 21,045,269 төгрөг, зээлийн алданги 141,051,881 төгрөг, нийт 1,275,404,712 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Х.Х ХХК, М.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбазар, Н.Мандуул нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.Д.Ү.Г-ын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариу тайлбар гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,113,307,562 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 21,452,069 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч харин алдангийн 141,051,881 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь гэвэл дээрх зээлийг манай компани Модуль барилга бизнес төсөл буюу барилгын шугамын үйлдвэр байгуулахаар авсан. Тус үйлдвэрийн төмөр карказыг Д.Б ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2020 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авахаар захиалсан. Энэхүү гэрээний хэрэгжилтын явцад корона вирусын нөхцөл байдал хүндэрсэн. Төмөр карказын тээвэрлэлт удааширч төслийн ажил зогсонги байдалд орж хариуцагчийн зүгээс авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж тайлангаа хугацаанд нь тавьж гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Дэлхий даяар ковидын нөхцөл байдлаас үүдэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн ... тоот гэрчилгээ авсан. Ийм давагдашгүй хүчин зүйлээс үүдээд гэрээ хэрэгжих боломжгүй болсон, мөн ковидоос болоод хил гааль хаагдсан тул зээлийг цааш нь төлөхөд асуудал үүссэн тул гэрчилгээ авсан. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасан Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 88/2018/З-09 тоот зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 88/2018/Б-09 тоот барьцааны гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот барьцааны гэрээ, хавсралт, Х.Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл, зээлийн тооцоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000722450 тоот гэрчилгээ, Д.Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот албан бичиг, кадастрын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээГ нотлох баримтын шаардлага хангуулан хавсарган гаргаж өгсөн.

4. Хариуцагч нараас хариу тайлбарын хамт компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19/81 тоот худалдах-худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/150 тоот гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нар нь хариуцагч Х.Х ХХК, М.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,275,404,712 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Х.Х ХХК, хамтран зээлдэгч М.О нар Ж.Д.Ү.Г-аас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... тоот, ... тоот барьцааны гэрээ байгуулан 900,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ний ... тоот зээлийн гэрээ болон ... дугаартай барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, нийт 1,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Модуль барилга бизнес төслийн зориулалтай зээлж авсан. Тус зээлийн барьцаанд Д.Б ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 1,067.7 м/кв талбайтай сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн С.Ганбаатарын эзэмшлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... талбайтай сургуулийн зориулалтай газрыг тус тус барьцаалан зээлийг авсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 303,792,391 төгрөг хүүгийн төлбөрт 99,129,372 төгрөг, нийт 402,921,763 төгрөг төлсөн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан ба үндэслэлээ Ж.Д.Ү.Г-ын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариу тайлбар гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,113,307,562 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 21,452,069 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч харин алдангийн 141,051,881 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь гэвэл дээрх зээлийг манай компани Модуль барилга бизнес төсөл буюу барилгын шугамын үйлдвэр байгуулахаар авсан. Тус үйлдвэрийн төмөр карказыг Д.Б ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2020 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авахаар захиалсан. Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад корона вирусын нөхцөл байдал хүндэрсэн. Төмөр карказын тээвэрлэлт удааширч төслийн ажил зогсонги байдалд орж хариуцагчийн зүгээс авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж тайлангаа хугацаанд нь тавьж гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Дэлхий даяар ковидын нөхцөл байдлаас үүдэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/150 тоот гэрчилгээ авсан. Ийм давагдашгүй хүчин зүйлээс үүдээд гэрээ хэрэгжих боломжгүй болсон, мөн ковидоос болоод хил гааль хаагдсан тул зээлийг цааш нь төлөхөд асуудал үүссэн тул гэрчилгээ авсан гэж тайлбарлажээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... тоот, 88/2018/Б-9 тоот барьцааны гэрээ байгуулан 900,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ний ... тоот зээлийн гэрээ болон ... дугаартай барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, нийт 1,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Модуль барилга бизнес төслийн зориулалтай зээлж авсан. Тус зээлийн барьцаанд Д.Б ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 1,067.7 м/кв талбайтай сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн С.Ганбаатарын эзэмшлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... талбайтай сургуулийн зориулалтай газрыг тус тус барьцаалан зээлийг авсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 303,792,391 төгрөг хүүгийн төлбөрт 99,129,372 төгрөг, нийт 402,921,763 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г, хариуцагч Х.Х ХХК, М.О нарын дээрх тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нь хариуцагч нараас алданги шаардсан боловч ямар хугацааны алданги шаардаж байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаагүй боловч нэхэмжлэгчээс гаргасан зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс авлага үүссэн буюу эргэн төлөлт саатаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 141,051,881 төгрөг нэхэмжилсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагч нарын ... дээрх зээлийг манай компани Модуль барилга бизнес төсөл буюу барилгын шугамын үйлдвэр байгуулахаар авсан. Тус үйлдвэрийн төмөр карказыг Д.Б ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2020 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авахаар захиалсан. Энэхүү гэрээний хэрэгжилтын явцад корона вирусын нөхцөл байдал хүндэрч хил гааль хаагдсан, бизнес эрхлэхэ хүндрэлтэй болсон тул зээлийн эргэн төлөлт саатсан гэх татгалзал нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/150 тоот гэрчилгээгээр тогтоогдох байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 141,051,881 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Х ХХК, М.О нараас үндсэн зээлд 1,113,307,562 төгрөг, зээлийн хүүнд 21,045,269 төгрөг, нийт 1,134,352,831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,829,714 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Х ХХК, М.О нараас зээлийн гэрээний үүрэгт 1,134,352,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141,051,881 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Д.Б ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 1,067.7 м/кв талбайтай сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн С.Г-ын эзэмшлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... талбайтай сургуулийн зориулалтай газраас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,829,714 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР