2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2034

 

 

 

 

  2025          08       28                                       2025/ШЦТ/2034

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Н.Ихбаяр, шүүгдэгч О.О, хохирогч М.М /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Од холбогдох эрүүгийн  “2509 01312 0993” дугаартай, 194/2025/1800/Э индекстэй хэргийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 20025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                   

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.О,

          Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч О.О нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ххх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аяга шидэж хохирогч М.Мын нүүр хэсэгт нь онож биед нь цох, зүүн доод зовхинд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          1.2. Хохирогч М.М нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ харих гэж явж байсан чинь зам дагуу энэ хүн зогсож байсан. Хажуугаар нь зөрсөн чинь дайрч ирээд намайг шилэн аягаар цохиж аяга хагарсан. Хамар луу цохиод шил нь зүссэн юм шиг байсан  цус урсаад байсан. Шүүх эмнэлэг дээр очоод үзүүл гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан. Маргааш нь томограф авхуулах гэсэн чинь мөнгө байхгүй байсан. Тэгээд мөнгөө авч чадахгүй явсаар байгаад үзүүлж чадаагүй. Хохиролд 300,000 төгрөг авсан. Гэхдээ тэр мөнгө томографын төлбөрт хүрэхгүй байсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Илтгэх хуудас “О.О нь найз Ч.Лын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ... гудамжинд явж байсан М.М луу аяга шидэж хамрын дээр духны голд зүсэж цус гаргасан гэх. /хх-ийн 5 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мын:...би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 22:00 цагийн үед ххх дүүргийн ххх дүгээр хороо Улсын бүртгэлийн хажуу талд зам дагуу алхаад явж байтал согтуу маргалдаад зодолдоод байсан. Тэгээд яг хажуугаар нь гараад явж байтал миний нүүрлүү аяга шидээд би дух хэсэг болон зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн. Мөн хамар хавдаад хөндүүртэй байна. Хоёр эмэгтэй хүн байсан, махлаг намхан малгайтай цамцтай эмэгтэй нь шидсэн гэх мэдүүлэг,  мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Эын:..би 2025 оны 02 дугаар сарын 15-ны орой 22:00 цаг өнгөрч байхад ххх дүүргийн нутаг дэвсгэр 104.5 дугаар радиогийн тэндээс 2 эмэгтэй гар өргөхөөр нь таксинд явах гээд авсан. Тухайн хоёр эмэгтэй 32-ын тойрог орно гээд суусан. Тэгээд замдаа явж байтал нэг эмэгтэй нь 2 литрийн пивоо бариултай шаазан аяганд хийж уугаад байсан. Би машин дотор пиво битгий асгаарай гэж хэлтэл миний араас куртикнээс татаад зүгээр явуулахгүй байсан. ххх дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн харалдаа зам зогсоод буулгасан чинь машины шил рүү цохиод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад яах гээд байгаа юм бэ гэтэл нэг эмэгтэй нь чи муу ямар овоо пизда вэ гэж хэлээд миний нүүрлүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд маргалдаад байж байтал машин дотор пиво уугаад байсан эмэгтэй барьж явсан аягаа надруу шидэхээр нь би тонгойгоод бултсан чинь замын хажууд явсан залуугийн нүүрийг оноод зүссэн. Тэгээд цагдаа дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг,. /хх-ийн 16-17 дугаар тал/,

        2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Лын:..2025 оны 02 дугаар сарын 15-ны орой найз Отай гэртээ харих гээд такси бариад явж байхдаа таксин дотор пиво уух гэж байгаад жоохон асгачихсан юм таксины жолооч ах битгий асга гээд юм хэлж байсан нэг мэдсэн гадаа бид гурав маргалдаж байсан өөр 3-4 залуухан эрэгтэй хүмүүс байсан. Би тэр хэдэд хандан та хэд юугаа хараад байгаа юм, битгий хэрэгт дурлаад бай гэж хэлсэн. Манай найз О цагдаа дууд гээд орилж байсан нэг мэдсэн цагдаа ирчихсэн намайг машинд суулгаж байсан. Би өөр зүйл санахгүй байна би их согтолттой байсан. Бид хоёр эхлээд нэг дарс дахиад пиво ууж байсан харих гээд такси барьж байсан өөр зүйл санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,

           2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3385 дугаар дүгнэлтэд:

           1. М.Мын биед цох, зүүн доод зовхинд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2,5. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр зүсэх механизмаар үүснэ.

           6,7. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо,      

           3.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

           4. Дээрх гэмтлүүд нь нэг хоног доторх хугацаанд үүссэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 26-27 дугаар тал/,

           2.6. Хохирогч М.М нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 196,380 төгрөгийн хөнгөлөлт авсан тухай лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 31 дүгээр тал/,

           2.7. Хуацай овгийн О.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлын талаарх баримтууд. /хх-ийн 39-44, 61 дүгээр тал/,

          2.8. Хохирогч М.М нь цагдаагийн байгууллагад хандаж холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан “Би өөрийн биеэр очиж уулзах боломжгүй байна. Надад сэтгэцэд учирсан хохирол байхгүй тул би тогтоолгох шаардлагагүй” санал, хүсэлт, түүнийг хүлээн тэмдэглэл, /хх-ийн 46 дугаар тал/,

           2.9. Иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гаас гаргасан нэхэмжлэл, /хх-ийн 48 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

         3.2. Шүүгдэгч  болон хохирогч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлах зүйлгүй гэв.  

           Гэм буруугийн талаар:

           Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

            Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч О.О нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ххх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аяга шидэж хохирогч М.Мын нүүр хэсэгт нь онож биед нь цох, зүүн доод зовхинд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:      

- Илтгэх хуудас “О.О нь найз Ч.Лын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ... гудамжинд явж байсан М.М луу аяга шидэж хамрын дээр духны голд зүсэж цус гаргасан гэх. /хх-ийн 5 дугаар тал/,

- хохирогч М.Мын:...би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 22:00 цагийн үед ххх дүүргийн ххх дүгээр хороо Улсын бүртгэлийн хажуу талд зам дагуу алхаад явж байтал согтуу маргалдаад зодолдоод байсан. Тэгээд яг хажуугаар нь гараад явж байтал миний нүүрлүү аяга шидээд би дух хэсэг болон зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн. Мөн хамар хавдаад хөндүүртэй байна. Хоёр эмэгтэй хүн байсан, махлаг намхан малгайтай цамцтай эмэгтэй нь шидсэн гэх мэдүүлэг,  мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,

          - хохирогч А.Эын:..би 2025 оны 02 дугаар сарын 15-ны орой 22:00 цаг өнгөрч байхад ххх дүүргийн нутаг дэвсгэр 104.5 дугаар радиогийн тэндээс 2 эмэгтэй гар өргөхөөр нь таксинд явах гээд авсан. Тухайн хоёр эмэгтэй 32-ын тойрог орно гээд суусан. Тэгээд замдаа явж байтал нэг эмэгтэй нь 2 литрийн пивоо бариултай шаазан аяганд хийж уугаад байсан. Би машин дотор пиво битгий асгаарай гэж хэлтэл миний араас куртикнээс татаад зүгээр явуулахгүй байсан. ххх дүүргийн ххх дүгээр хороо, Улсын бүртгэлийн харалдаа зам зогсоод буулгасан чинь машины шил рүү цохиод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад яах гээд байгаа юм бэ гэтэл нэг эмэгтэй нь чи муу ямар овоо пизда вэ гэж хэлээд миний нүүрлүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд маргалдаад байж байтал машин дотор пиво уугаад байсан эмэгтэй барьж явсан аягаа надруу шидэхээр нь би тонгойгоод бултсан чинь замын хажууд явсан залуугийн нүүрийг оноод зүссэн. Тэгээд цагдаа дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг,. /хх-ийн 16-17 дугаар тал/,

        - гэрч Ч.Лын:..2025 оны 02 дугаар сарын 15-ны орой найз Отай гэртээ харих гээд такси бариад явж байхдаа таксин дотор пиво уух гэж байгаад жоохон асгачихсан юм таксины жолооч ах битгий асга гээд юм хэлж байсан нэг мэдсэн гадаа бид гурав маргалдаж байсан өөр 3-4 залуухан эрэгтэй хүмүүс байсан. Би тэр хэдэд хандан та хэд юугаа хараад байгаа юм, битгий хэрэгт дурлаад бай гэж хэлсэн. Манай найз О цагдаа дууд гээд орилж байсан нэг мэдсэн цагдаа ирчихсэн намайг машинд суулгаж байсан. Би өөр зүйл санахгүй байна би их согтолттой байсан. Бид хоёр эхлээд нэг дарс дахиад пиво ууж байсан харих гээд такси барьж байсан өөр зүйл санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,

           - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3385 дугаар дүгнэлт болон хавтас хэрэгт авсагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь аяга шидэж хохирогчийн нүүрэн тус газарт нь онож  гэмтэл учруулсан талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нарын аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг  зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогч М.Мын нүүр хэсэгт аяга шидэж  түүний биед цох, зүүн доод зовхинд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч О.Оын  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

           Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогч М.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, баримт байхгүй, 300.000 төгрөг бэлнээр авсан, харин би нүүрэн дээрх сорви, хамарын мурийлт зэрэгт эмчилгээ хийлгэнэ, сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй гэсэн тул хохирлоо иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуульд  зааснаар  баримтаа бүрдүүлж  жич  нэхэмжлэх эрхийг  нээлттэй  үлдээж,

 

         Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмчилгээ, үйлчилгээ авсан хохирогч М.Мын 196.380 төгрөгийг шүүгдэгч О.Ос гаргуулж ххх  дугаартай дансанд төлүүлэх, хохирогч А.Э нь  хохирсон, гэмтсэн зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгч О.Оыг хохирогч А.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч О.О, хохирогч М.М нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Оы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           6. Хохирогч М.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, баримт байхгүй,  300.000 төгрөг бэлнээр авсан, харин би нүүрэн дээрх сорви, хамрын мурийлт зэрэгт эмчилгээ хийлгэнэ, сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй гэсэн тул хохирлоо Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуульд  зааснаар  баримтаа бүрдүүлж  жич  нэхэмжлэх эрхийг  нээлттэй  үлдээсүгэй.

         7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Оаас 196.380 төгрөгийг гаргуулж ххх  сан банк дахь хххх дугаартай дансанд төлүүлсүгэй.

        8. Хохирогч А.Э нь  хохирсон, гэмтсэн зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгч О.Оыг хохирогч А.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.        

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАТЖАРГАЛ