Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02929

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 102/ШШ2022/02929 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ***-д байрлах *** ХХК /***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогтой ***ийн *** /РД:***/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,766,387.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч Н.*** д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,766,387.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.*** нь *** ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар тус тус нийт 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 2,730,978.07 төгрөг, хүүгийн төлбөрт 837,563.85 төгрөг, нийт 3,568,541.92 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,269,021.93 төгрөг, зээлийн хүү 9,248,755.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,610.09 төгрөг, нийт 18,766,387.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2.Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** ХХК болон Н.*** нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан *** тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, *** ХХК-аас Н.*** д 12,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Н.*** ын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Н.*** зээлийн гэрээний дагуу гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг гүйцэтгээгүй.

 

3.Хариуцагч Н.*** нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлж, мөн утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэг талаас *** ХХК, нөгөө талаас Н.*** 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 5,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Н.*** зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,

4.2.2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч тал болох *** ХХК нь 7,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Н.*** зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хэргийн 7-16 тал/

 

5.Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

6.Гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч Н.*** д зээлийн гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээл 2,730,978.07 төгрөг, зээлийн хүү 837,563.85 төгрөг, нийт 3,568,541.92 төгрөг төлж, цаашид зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож, тооцооллын талаар талууд маргаагүй.

 

7.Зээлдүүлэгч *** ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул хариуцагч Н.*** оос үндсэн зээл 9,269,021.93 төгрөг, зээлийн хүү 9,248,755.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,610.09 төгрөг, нийт 18,766,387.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 251,781 төгрөгөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*** оос зээлийн гэрээний үүрэгт 18,766,387.49 /арван найман сая долоон зуун жаран зургаан мянга гурван зуун наян долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*** оос улсын тэмдэгтийн хураамжид 251,781 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ