Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

*******т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                           Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                                      Б.Эрдэнэхишиг                                   

                                

                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     Д.Шинэбал /цахим/

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Уранчимэг /цахим/

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2032000000139 дугаартай, 149/2021/0010/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхэд, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн 95 тоотод оршин суух, Арцат ХХК-ний зуслангийн зохион байгуулагч ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:ЕЙ84070117/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Вокзалын 6а тоотод *******той маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний  өдөр хянан хэлэлцээд 24 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зэвсгийн чанартай зүйл/хутга/-ийг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******т 05/тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23см урттай, 11.5см ажлын хэсэгтэй, 11см урттай улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Хараа архи” гэсэн бичиглэл бүхий 0.75л 3 ширхэг архины шилийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Баяраа овогтой ******* миний хувьд 2020.10.07 өдөр иргэн Т.Түмэнжаргалын гэрт хохирогч *******той маргалдан түүний биеэд хүнд гэмтэл учруулсандаа гүнээ харамсаж байна. хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний хийсэн үйлдэлд бодит дүгнэлт хийж өгч, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Вокзалын 6а тоотод *******той маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байна. Үүнд:

1.Хэргийн зүйлчлэлийн хувьд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ ******* нь хохирогчид шууд санаатайгаар зэвсэг ашиглан эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд ******* нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгоор зэвсэг гартаа барьсан, улмаар хохирогч руу шууд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх гэм буруугийн санаатай хэлбэрийг шүүх хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна.

Харин дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч нь адууны мах идэхээр гартаа хутга барих үед хохирогч түүний араас ноцолдон дээр доороо орж барилцах үед хохирогчид гэмтэл учирсан байх боломжтой юм.

Аливаа үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субьектүүд нь үйлдэл хийсэн этгээдийн сэтгэхүйн байдал буюу гэм буруугийн байдлыг нэг мөр шалган тогтоох шаардлагатай бөгөөд гэм буруугийн хэлбэрийг үйлдэл хийсэн этгээдийн өөрийн мэдүүлэг болон хохирол, хор уршиг учирсан илрэх хэлбэр, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоогоор тогтоох шаардлагатай байдаг.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болохыг чухам ямар үйл баримтаар тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хэрэгт цугларсан мэдүүлгийн нотлох баримтаас дүгнэж үзэхэд ******* нь гартаа хутга барьсан үедээ хохирогч *******ийн эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хүнд хохирол учруулсан байгааг анхаарах шаардлагатай байгаа юм.

2.Тухайн үйл баримт үүсэхэд хохирогч *******ийн зүй бус харилцаа, буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч, хохирогч ямар нэгэн гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.1-1.5-д заасан бүх нөхцөлийг хангаж байх тул хуульд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний үйлчлүүлэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн буюу туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн хэвлийн тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг урьдаас хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...Би өндөг шараад бид нар хувааж идээд, ширээн дээр байсан улбар шар өнгийн иштэй хутгыг шуруулганд хийсэн...”, гэрч Т.Базарбекийн “...Баасандорж архины шил аваад ******* луу далайхаар нь би гялс салгасан, Баасандорж сандал дээр суугаад, ******* гараа угааж ирээд сандал дээр сууж байсан Баасандоржийн хажууд зогсоод хоорондоо барилцаж аваад шалан дээр унасан, ******* Баасандоржийн дээр гарчихсан байхаар нь би болиулах гэж *******ын хувцаснаас татаж босгоход *******ын гарт нь хутга байсан ба Баасандоржийн гэдэс хавиас нь цус гарч байсан. ...******* миний хажууд адууны мах идэж харагдаагүй” гэсэн мэдүүлгүүдээр няцаагддаг, яллагдагч ******* нь өөрөө л “адууны мах идэх гэж хутга авсан” гэж мэдүүлдэг боловч энэ тапаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрт адууны мах байхгүй байсан. Харин гараа угаачихаад буцаж хохирогч дээр ирэхдээ шургуулганд байсан хутгыг авсан нь харагдаж байгаа юм. Дээрх мэдүүлгүүд нь дамжмал нотлох баримт биш бөгөөд хохирогч, гэрч нар нь хэн нэгнээс сонссон зүйлээ яриагүй, өөрсдийн нүдээр харсан болон хийж гүйцэтгэсэн үйлдлээ зааж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлгүүд байгаа болно.

Мөн шинжээчийн “1. *******ийн биед хэвлийн зүүн хажуу хэсэг 10-р хавирганы завсраар хатгагдсан нэвтэрсэн шарх, нуруунд баруун далны дотор хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр хохирогч *******ийн биед 2 ширхэг хатгагдсан шарх үүссэн бөгөөд энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үүсгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэргийн зүйлчлэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна.

Түүнчлэн яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээсэн гэж байна, энэ хэрэгт эхнээсээ яллагдагч Б.Баасандорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас яллагдагчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийг хутгалсан, мөн хутгатай гартайгаа хохирогчтой давхарлаж унасан, энэ нь болгоомжгүй үйлдэл гэж байсан, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч ******* нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн боловч ямар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь ойлгомжгүй байсан, өөрөөр хэлбэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийг хутгалсан, эсхүл санаатай хутгалсан, болгоомжгүй хутгалснаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан апь гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн бөгөөд энэ нь түүний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголт биш юм, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчтэйгээ санал зөрүүтэй байна гэж ойлгогдсон, тухайн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар өөр хоорондоо ямар нэг зөрүү байхгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр хуульчилсан. Тухайн шүүгдэгч нь зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж ойлгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Энэ нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимтай үл нийцнэ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших гэж тус тус хуульчилсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч, прокурор болон мөрдөгч нар нь Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, хууль ёсны бөгөөд зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Д.Уранчимэг нараас гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу *******т холбогдох эрүүгийн 2032000000139 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Вокзалын 6а тоотод *******той маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн давж заалдсан гомдол, түүний өмгөөлөгч М.Гансүх, Д.Уранчимэг нарын давж заалдах шатны шүүх хуралдаан дээр түүний давж заалдсан гомдлыг дэмжин гаргасан тайлбар, хохирогчийн гаргасан гомдол, өргөдөл, хохирогчийн зүй бус харилцаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг болон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч *******т оногдуулсан 05 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй  байхаар тооцож, биечлэн эдлэх ялын хэмжээг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай  шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ маргаангүй ба харин хүндрүүлэх нөхцөл байдал буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх, хэргийн зүйлчлэлийн талаар эргэлзээ бүхий байжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт нь өөрийн гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрөх байдлаар илрэх ба харин зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь ялгаатай ойлголт бөгөөд тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргаж буй зүйлчлэлийн талаарх эрх зүйн дүгнэлтийг шүүгдэгчийн байр сууринаас ялгаж, тэдний эрх зүйн байдалд хамааруулж үзэхдээ анхаарал болгоомжтой хандах нь зүйн хэрэг юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн зүгээс “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ ******* нь хохирогчид шууд санаатайгаар зэвсэг ашиглан эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд ******* нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгоор зэвсэг гартаа барьсан, улмаар хохирогч руу шууд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна.” гэх гомдол гаргасныг хүлээн авч зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч ******* нь адууны махыг хутга хэрэглэн идэж байсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдоогүй ба хохирогчид гэмтэл учруулсан гэх хутга шүүгээнд байсан болох нь нотлогдсон, хутга нь өөрөө хүйтэн мэс, зэвсэг бөгөөд орчин тойрондоо аюул учруулж болох хэрэгсэл, хутгаар хатгах үйлдэл хийхэд хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар хохирол учруулах аюултай юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдал, хохирогчийн гомдол саналгүй байгаа байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******т 03 /гурван/ жил 06 /зургаан/ сарын хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ