Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг

Шүүгдэгч Ч.Нямжаргал нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэддоржийн Нямжаргалд холбогдох эрүүгийн 1738000690025 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Барнууд Чимэддоржийн Нямжаргал, 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 27 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 61-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РБ90042202 дугаартай.

Шүүгдэгч Ч.Нямжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн А.Мөнхзулын цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Нямжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн А.Мөнхзулын цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Нямжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03-р сарын 29-ний өдөр би орой гэртээ унтах гээд байж байтал миний танил Мөнхзул над руу утсаар яриад Бишрэлтийн ресторанд нь нэг найзтайгаа байна хүрээд ирээч гэхээр нь би очиход Мөнхзул нэг эмэгтэй найзтайгаа сууж байсан. Бид гурав тэнд юм ярьж сууж байгаад Доргио бар орсон. Доргио баранд очоод пиво авч уугаад хэсэг бүжиглэж байтал манай хажуу талын ширээнд сууж байсан хэсэг залуучууд Мөнхзулыг доромжлоод тэд нартай маргалдсан. Тэгж маргалдаж байснаа Мөнхзул нөгөө найзтайгаа хамт нөгөө маргалдаж байсан залуучуудтайгаа гараад явчихсан. Тэгэхээр нь би намайг хаяад явчихаж байгаа юм уу би харьж амарлаа гээд араас нь утсаар ярьсан чинь эмнэлгийн байрны энд байна хүрээд ир гэхээр нь би араас нь явж очсон. Тэнд очтол Мөнхзул цүнх байхгүй болчихлоо гэчихсэн цүнхээ хайчихсан байж байхаар  нь би хамт хайж байтал Мөнхзулын сууж ирсэн залуугийн машин дотор цүнх нь уначихсан сандал доогуур нь байхаар нь би цүнхийг нь аваад Мөнхзулыг харьж амаръя гээд дагуулаад өөр таксинд суугаад Мөнхзулыг гэрт нь буулгаж өгчихөөд би гэртээ хариад таксины жолоочид мөнгөө өгөөд буух гэсэн чинь жолооч цүнхээ аваарай гэхээр нь хартал Мөнхзулын цүнх машин дотор байхаар нь аваад гэртээ буусан. Тэгээд гэртээ орж амарчхаад өглөө байж байтал Мөнхзул над руу утсаар яриад цүнх байхгүй болчихсон байна, нөгөө залуучуудыг олж уулзмаар байна тэд нар авчих шиг боллоо гэхээр нь надад байгаа гэдгийг нь хэлээгүй тэр чигтээ нуучихъя гэж бодоод цүнхийг нь өгөөгүй юм. Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хохирогч А.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 03 сарын 29-ний өдөр би найз Азжаргал болон Нямжаргалын хамт Доргио нэртэй баранд сууж Сэнгүр нэртэй 2 ширхэг 0.5 лаазтай пиво ууцгаагаад тарах дөхсөн. Тэгтэл найз Нямжаргал нь хойно сууж байсан залууг очиж алгадаад хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед Азжаргал бид 2 барнаас гараад 60-11 ХӨВ улсын дугаартай жижиг машинд суугаад эмнэлгийн хажуу талын шинэ байранд очоод бүгдээрээ буугаад байж байхад Нямжаргал араас хүрээд ирсэн. Би тэр үед машинд цүнхээ үлдээсэн байсан, миний цүнх байхгүй болсон. Тэгээд би Азжаргалыг гэртээ аваад орсон байна гэж ойлгоод гэртээ харьсан. Өглөө босоод Азжаргалын гэрт нь очсон чинь цүнхний талаар мэдэхгүй байна гэхээр нь Нямжаргалын гэрт очсон чинь нөхөр нь Нямжаргал бид 2 салж байгаа би мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Утсаар нь зөндөө залгаж байж уулзсан чинь хамт явсан залуучууд авсан байх гэж хэлээд байсан. Дараа нь Нямжаргалын ээж нь багш миний нот 1 нэртэй утсыг бариад хичээл дээрээ 300.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан. Миний цүнх шаргал өнгийн арьсан цүнх байсан юм, өвөл 2 сард 70.000 төгрөгөөр авсан. Дотор нь нот 1 гар утас 320.000 төгрөг, Самсунг S4 утас 380.000 төгрөг, 1 улаан өнгийн түрийвч 60.000 төгрөг, хуурай пүдэр 35.000 төгрөг, шингэн пүдэр 18.000 төгрөг, нүүрний тос өдөр, шөнө 2 ширхэг 26.000 төгрөг, улаан өнгийн уруулын будаг 30.000 төгрөг, харааны шил 35.000 төгрөг, би шилийг нь 12.000 төгрөгөөр тааруулж авсан. Цагаан цэнэглэгч /утасны/ 10.000 төгрөг, шаргал өнгийн цаг 55.000 төгрөг, нийт надад 1.040.000 төгрөгийн хохирол учирсан байсан...миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 10 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нямлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 сарын эхээр би ангидаа байж байхад ангийн багш Н.Цэцгээ нь 2 хоногийн амралтаар Мөрөнгөөс ирэхдээ НОТ 1, Самсунг S4 маркийн утастай ирсэн. Маргааш нь багш Н.Цэцгээ нь гэртээ утсаа мартсан байна, чи манай гэрт очоод утас аваад ир гээд намайг гэрлүүгээ явуулсан. Утсыг нь аваад ангидаа зураг авсан чинь манай эгч А.Мөнхзулын авахуулсан зураг нь утсанд нь байхаар нь би яагаад эгчийн зураг утсанд нь байдаг юм бол гэж бодоод НОТ 1 утасны арын тагийг авч үзэхэд ягаан гэртээ утас байсан. Багш Цэцгээ нь ангийн хэсэг охидын дунд энэ гар утсыг зарга 200.000 төгрөг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч М.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нямжаргал нь миний төрсөн охин юм. 2017 оны 05 сарын 12-ны өдөр охин Нямжаргал Түнэл суманд ирсэн. Тэр үед ягаан өнгийн том утас барьж очсон юм. Надад тэр үед хэлэхдээ манай найзын утас юм. Авах хүн байвал зарна гэж байсан. Тэр утсаар нь Түнэл сумын ЕБС-ын хонхны байрын зураг авч байсан. ...Манай охин Нямжарал нь шаргал өнгийн бугуйн цаг гартаа зүүсэн харагдаж байсан. Түүнээс өөр ямар нэгэн эд зүйл авч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,  

Гэрч М.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03-р сарын сүүлээр байсан байх би өөрийн найзууд болох Энхтөр, Мөнгөн-Ундраа нартай Доргио бар орсон. Тэгээд тэнд хэсэг байж байгаад гарч явахдаа Мөнхзул болон түүний нэг найзтай нь хамт хүргэж өгөхөөр болоод эмнэлгийн цагаан байрны тэнд очиж зогсоод Мөнхзул нөгөө найзыгаа байрных нь үүдэнд хүргэж өгчхөөд манай найз Энхтөртэй байрны үүдэнд юм яриад яваад байсан, энэ үед би машиныхаа гадаа зогсож байсан. Энэ үед Мөнхзулын найз Нямжаргал гэдэг эмэгтэй манай найз Мөнх-Ундраатай хамт араас ирсэн. Тэр хоёр ирээд бид гурав юм яриад зогсож байсан чинь Нямжаргал гэдэг эмэгтэй намайг машиныхаа түлхүүрийг өгөөч гэхээр нь би түлхүүрээ өгсөн, тэгсэн удалгүй миний машины түлхүүрийг буцаагаад өгсөн. Тэгээд тэндээс Нямжаргал, Мөнхзул хоёр таксинд сууж яваад би хоёр найзтайгаа тэндээс хөдлөөд гэртээ харьж амарцгаасан. Тэгтэл маргааш өглөө нь байж байтал Мөнхзул надруу залгаад би чиний машинд цүнхээ орхичихсон байна цүнхээ авъя гэхээр нь машин дотор цүнх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ч.Нямжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.Нямжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Ч.Нямжаргалд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Нямжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Хохирогч А.Мөнхзул нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Ч.Нямжаргал нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1738000690025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Барнууд Чимэддоржийн Нямжаргалыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Чимэддоржийн Нямжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн 1738000690025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нямжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ