Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 778 555 310,37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                 Д.Жамъяндагва

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                   Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б ХХК нь ТБ ХХК-ийн төв салбартай 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 156 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 700 000 000 төгрөгийг сарын 1,7%, жилийн 50,4 %-ийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч “Б” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл 699 937 476,76 төгрөг, үндсэн хүүний өр 68 054 773,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 563 061,20 төгрөг нийт 778 555 310,37 төгрөгийн төлбөртэй байна. “Т Б” ХХК-нь зээлийг эргэн төлөх шаардлагыг зээлдэгч “Баянмогод” ХХК болон гүйцэтгэх захирал Б.Батболдод удаа дараа мэдэгдэж шаардлага хүргүүлсэн. Иймд зээлдэгч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үлдэгдэл 699 937 476,76 төгрөг, үндсэн хүүний өр 68 054 773,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 563 061,20 төгрөг нийт 778 555 310,37 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 14б байрны 58 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр74 тоот 31,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр овоот тосгон, 1 дүгээр хэсэг гудамж, 100/00 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10 000 м.кв талбайтай, 000300719 тоот гэрчилгээний дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Зээлдэгчээс төлсөн 101 236 673 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү суутгаж 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 664 710 958,83 төгрөг, үндсэн зээлийн хүү 47 225 386,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 485 077,37 төгрөг, ашиглаагүй зээлийн хүү 181 995,02 төгрөг нийт 721 803 398,07 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаа 56 751 916 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Талууд 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 156 тоот зээлийн гэрээг байгуулан 700 000 000 төгрөгийг сарын 1,7 %-ийн хүүтэй, жилийн 20,4 %-ийн хүүтэй 24 сарын хугацаатай шугаман зээл буюу зээлжих эрхийг нээлгэсэн. Энэхүү зээл нь 24 сарын хугацаанд шаардлага гарсан тохиолдолд зээлдэгч өөрт сонгосон хэлбэрээр зээлжих эрхийн үнийн дүнгээс авч түүний авсан тохиолдол бүрт үнийн дүнгээс хамаарч хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох учиртай. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжилсэн үнийн дүнгээс харвал үндсэн төлбөрт 699 937 476,76 төгрөг, үндсэн хүүнд 68 054 773,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10 563 061,20 төгрөгт тооцуулж барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тооцоолол буюу хүү болон нэмэгдүүлсэн хүү нь тодорхойгүй байна. Учир нь зээлжих эрхээр хэдэн төгрөгийг ямар хугацаанд авсан, түүнээс аль хугацааг тооцсон зэрэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үнийн дүнтэй холбоотой асуудлыг шинжээч томилох замаар шийдвэрлэж байж асуудлыг шийдвэрлэх учиртай. “Баянмогод” ХХК хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байхад хуулийн дагуу мэдэгдэл өгч байгаагүй байж өгсөн мэтээр тайлбарласан байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 677 318 637 /зургаан зуун далан долоон сая гурван зуун арван найман мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101 236 673 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000163614 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 14б байрны 00 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000467387 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр 74 тоот 31.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000384700 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийнҮ-2201041479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр овоот тосгон, 1 дүгээр хэсэг гудамж, 113/15 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000384699 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204006341 тоот улсын бүртгэлийн дугаартай 000009264 тоот гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10,000 м.кв талбайтай, 000300719 тоот гэрчилгээний дугаартай, 18628319544846 тоот нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 127 968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3 614 743 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 тоот шийдвэр нь үндэслэл бүхий бай, шаардлагыг хангаагүй тул эс хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргах байна

Тус шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 156 тоот зээлийн гэрээ нь 24 сарын хугацаатай зээлжих эрхийн дүнгээс хамаарч хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг тооцогдох боломжтой бөгөөд нэхэмжилсэн 699 937 476,76 төгрөг, хүү 68 054 773,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 563 061,20 төгрөг нийт 778 555 310,37 төгрөгийг хэрхэн тооцсон буюу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцохдоо ямар хугацааг хамруулж байгаа болон зээлжих эрхийг хэрэглэн, ашигласан үеэс эсхүл зээлийн гэрээ байгуулсан үеэс хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон эсэх асуудлыг тодруулах, санхүүгийн нарийн мэргэжил шаардсан тул шинжээч томилуулах талаар хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан боловч гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж хариуцагчийн эрхийг хязгаарласан.

Нөгөөтэйгүүр тус өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж харагдаж байна. Учир нь, тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “/3 дугаар тал/...зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 44 484 757 төгрөгийг суутгаж”-т гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа юм. Хэргийн оролцогчид энэ талаар мэдэгдээгүй, хариу тайлбар, түүний үндэслэл болсон нотлох ажиллагааг хийх боломжийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буюу хариуцагчийн эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн тул хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Т Б” ХХК-хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 699 937 476 төгрөг, зээлийн хүү 68 054 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10 563 061 төгрөг, нийт 778 555 310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 56 751 916 төгрөгөөр багасгажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Т Б” ХХК-нь “Б” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 156 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр 700 000 000 төгрөгийг сарын 1,7 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгохоор тохиролцсон байна. Мөн зохигчид барьцааны гэрээ байгуулж нэрлэн заасан хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй.

 

            Харин гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Баянмогод” ХХК 101 236 673 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэх няцаагаагүй байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч компанийн төлсөн дээрх мөнгийг үндсэн зээлийн төлбөрт тооцож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 677 318 637 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

            Талуудын хоорондын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаанд тавьж нэрлэн заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 544 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                            Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО