| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/01132/И |
| Дугаар | 102/ШШ2022/02898 |
| Огноо | 2022-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02898
2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 102/ШШ2022/02898 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** овогтой ***ын *** /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** овогтой ***ийн *** /РД:***4/,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч *** тоот хаягт оршин суух, *** овогтой ***гийн *** /РД:***/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***
Хариуцагч Э.***
Хариуцагч Э.***гийн өмгөөлөгч Б.С***
Хариуцагч Д.*** ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ж.*** нь Э.***, Д.*** т нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.*** нь 2018 онд *** улсын дугаартай *** *** тээврийн хэрэгслийг Э.***д худалдсан бөгөөд Э.*** нь тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнэ 35,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон. Э.*** нь үлдэгдэл төлбөр 15,800,000 төгрөгийг төлөөгүй ба төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн улсын бүртгэлийг шилжүүлээгүй. Улмаар хариуцагч Д.*** нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.***гаас тээврийн хэрэгслийг худалдан авч байна гэж утсаар ярьсан ба түүнээс үлдэгдэл мөнгөө авна гэж ойлгоод түүнд шилжүүлэхэд татгалзахгүй гэж зөвшөөрсөн. Иймд машины үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул Э.***, Д.*** нараас тээврийн хэрэгслийг буцаан гаргуулна.
2.Хариуцагч Э.*** хариу тайлбартаа: Э.*** нь Ж.*** гээс *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байхдаа Д.*** т уг машиныг алдсан. Д.*** т туслах зорилгоор түр хугацаанд өгсөн. Д.*** аас машиныг авахаар ярих бүрд заналхийлж, сүрдүүлдэг тул ярилцах боломжгүй байна. Машиныг Д.*** аас авч Ж.*** д хүлээлгэн өгөх саналтай байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*** хариу тайлбартаа: Д.*** нь Эн Пи Петролиум ХХК-нд борлуулалтын менежерээр ажилладаг. Хариуцагч Э.*** нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40 тонн түлшийг өөрийн танил уул уурхайн компанид нийлүүлчих, төлбөрийг нь тэрээр өөрийнхөө харилцах дансаар дамжуулан төлнө гэж утсаар ярьсан бөгөөд Д.*** түүнд итгэж 40 тонн түлшийг түүний нэр заасан этгээдэд шилжүүлсэн. Гэтэл Э.*** болон түлш авсан этгээдүүд түлшний мөнгийг төлөөгүй. Д.*** нь энэ явдлаас болж байраа түрээслүүлж, машинаа зарж, мөн бусдаас 8000 ам.долларын зээл авч, нийт 39,000,000 төгрөгийг байгууллагын хохирлын төлбөрт шилжүүлсэн. Энэ хугацаанд Э.*** нь эхний ээлжид байгууллагыг хамтран хохиролгүй болгоё гээд *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг Д.*** ын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд тухайн машин өөр этгээдийн буюу Ж.*** гийн эзэмшилд бүртгэлтэй, тэрээр өөрийн харьяаллын дагуу орон нутагт тээврийн хэрэгслийг бүртгүүлэхгүйн тулд нэрээ шилжүүлээгүй, машинтай холбоотой өр төлбөр байхгүй, энэ талаар машины эзэмшигчээр бүртгэлтэй Ж.*** гээс асууж болно, гэхдээ хэрэгт холбогдсон гэж хэлэх хэрэггүй, машиныг худалдаж авах гэж байгаа гэж хэлээрэй гэсэн. Түүний хэлсний дагуу Ж.*** гээс утсаар ярьж асуухад машины төлбөрийн тооцоогүй нь үнэн гэж хэлж, энэ талаар тодорхойлолтыг иргэний үнэмлэхийн хуулбарын хамт цахим шуудан ирүүлж, улмаар Д.*** машиныг шилжүүлэн авсан. Иймд Д.*** нь Э.***гийн хүсэлтээр бусдад түлш нийлүүлж, өөрийн ажилладаг байгууллагад хохирол учруулсан бөгөөд хариуцагч Э.*** нь уг хохирлын төлбөрт шилжүүлсэн 39,000,000 төгрөгийн 50 хувь болох 19,500,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, тээврийн хэрэгслийн болон гэрчилгээний фото зураг, хариуцагч нарын хаягийн мэдээлэл зэрэг баримтуудыг, хариуцагч Д.*** аас Ж.*** гээс Э.***д худалдан борлуулсан тухай тодорхойлолт, хариуцагч Э.***, Д.*** нарын цахим зурвас, Д.*** , Ж.*** нарын хооронд утсаар болон цахим зурвасаар харилцсан тэмдэглэл гэх баримтуудыг, *** дугаартай тогтоол зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хариуцагч Э.***гаас тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрт 15,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*** д олгож, хариуцагч Д.*** т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э.*** нь худалдах-худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна тээврийн хэрэгслийг хариуцагч Д.*** т шилжүүлж, хариуцагч Д.*** машины үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.
3.Хариуцагч Э.*** нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь хариуцагч Д.*** т туслах зорилгоор түр шилжүүлсэн бөгөөд түүнээс тээврийн хэрэгслийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*** д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч Д.*** ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Э.*** нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг өөрийн учруулсан хохирлын төлбөрт 19,500,000 төгрөгт тооцож Д.*** т шилжүүлсэн.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Ж.*** , хариуцагч Э.*** нарын хооронд 2018 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Ж.*** нь *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч тал болох Э.*** хариу төлбөрт нь 35,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баттөр, хариуцагч Э.***, Д.*** нарын тайлбар, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.
5.2.Худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.*** тээврийн хэрэгслийг хариуцагч Э.***д шилжүүлэн өгсөн байх ба хариуцагч Э.*** нь тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнийн үлдэгдэл төлбөр 15,800,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
6.Нэхэмжлэгч Ж.*** , хариуцагч Э.*** нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7.Дээрх гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзэхэд эзэмшигчийн бүртгэлд Ж.*** бүртгэлтэй байх боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагч Э.***гийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар хариуцагч Э.*** нь нэхэмжлэгч Ж.*** тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.
9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзахаар, ийнхүү татгалзахад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгөхөөр мөн зүйлийн 225.2-т заажээ. Нэхэмжлэгч Ж.*** нь хариуцагч Э.***д эд хөрөнгийн хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосон, гэрээ цуцлах тухай мэдэгдсэн гэж үзэхээр байна.
10.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж.*** нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгах хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд хариуцагч Э.*** үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ж.*** гэрээнээс татгалзах эрхтэй.
11.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.
12.Хариуцагч Э.*** нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч Д.*** ын эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Д.*** ийнхүү машиныг шилжүүлэн авахдаа нэхэмжлэгч Ж.*** гээс машинтай холбоотой өр төлбөр байгаа эсэх, хариуцагч Э.*** уг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх эрхтэй эсэх талаар тодруулж, улмаар нэхэмжлэгч Ж.*** гээс *** улсын дугаартай машиныг 2018 онд Э.***д 35 сая төгрөгт зарсан бөгөөд ямар өр төлбөр асуудалгүй шилжүүлж өгсөн болно. Иймд нэр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх бичгийн баримтыг цахимаар ирүүлсэн гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.*** гээс хариуцагч Д.*** т цахимаар илгээсэн гэх баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч нэхэмжлэгч талаас хариуцагч Д.*** т тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо байхгүй бөгөөд бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн агуулга бүхий дээрх баримтыг илгээсэн болохоо үгүйсгээгүй.
13.Хариуцагч Э.*** нь хүлээж авсан хөрөнгийг захиран зарцуулсан буюу хариуцагч Д.*** т шилжүүлсэн байх тул маргаан бүхий тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан нэхэмжлэгч Ж.*** д өгөх боломжгүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар талуудын хооронд тээврийн хэрэгслийн анх тохиролцсон үнийн хэмжээгээр мөнгөөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.*** тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнээс 19,200,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэгдэл төлбөр 15,800,000 төгрөгийн хэмжээгээр мөнгөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
14.Хариуцагч Д.*** т холбогдох нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч Д.*** нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх үүсэх үндэслэлгүй байна.
15.Нэхэмжлэгч Ж.*** нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд Д.*** ын эзэмшил хууль бус болохыг нотлох шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.*** т тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.*** зөвшөөрсөн байхаас гадна тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн хариуцагч Э.*** нэхэмжлэгч Ж.*** тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч буюу тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх эрхтэй байсан болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Ж.*** нь хариуцагч Д.*** аас *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй байх тул хариуцагч Д.*** т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
16.Хариуцагч Д.*** ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар гаргасан талуудын хооронд утсаар болон цахим зурвасаар харилцсан гэх ярианы тэмдэглэл болон дууны бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, түүнчлэн тухайн бичлэгийг хийхдээ харилцагч талдаа бичлэг хийж байгаа талаар мэдэгдээгүй гэж тайлбарласан тул эдгээр баримтыг үнэлээгүй болохыг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Э.***д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар уг нэхэмжлэл эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 166,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Э.***гаас улсын тэмдэгтийн хураамжид 236,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т заасныг баримтлан хариуцагч Э.***гаас тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрт 15,800,000 /арван таван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*** д олгож, хариуцагч Д.*** т холбогдох *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*** гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 166,750 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Э.***гаас улсын тэмдэгтийн хураамжид 236,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*** д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ