Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2022/00029/И |
Дугаар | 183/ШШ2022/00123 Шийдвэрийн ог |
Огноо | 2022-01-12 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/00123 Шийдвэрийн ог
2022 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2022/00123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогтой, Б.А гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С овогтой, Г.Г-д холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , түүний өмгөөлөгч З.А, хариуцагч Г.Г, нарийн бичгийн дарга Ц.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А би Г.Г той 2008 онд танилцаж, улмаар хамтран амьдарч, 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009 онд охин Г.Б , 2015 онд охин Г.С , 2016 онд охин Г.У нар төрсөн. Г.Г нь байнга гэр бүлээ дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг бөгөөд өөрийнхөөрөө байлгаж, сэтгэлзүйн хувьд маш дарамттай байдаг. Тэрээр намайг гэртээ дарамтлахаас гадна ажил дээр ирж, намайг хардаж, ажлын хамт олны дунд эвгүй байдалд оруулдаг. Миний хувьд энэ бүх дарамтад 12 жил амьдарсан бөгөөд цаашид ингэж амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж байна. Мөн охин Г.Б , охин Г.С , охин Г.У нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг эцгээс нь гаргуулж өгнө үү. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү-2222, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 55.04 м.кв талбайтай 2 өрөө байр болон Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо, Хүннү-2222, 000 дугаар байрны В1 давхрын 0-5 тоот хаягт байршилтай авто зогсоолыг Б.А болон охин Г.Б , охин Г.С , охин Г.У нарыг өмчлөлд үлдээж, Г.Г ийн өмчлөх эрхийг хасаж өгнө үү. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь банкинд орон сууцны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.А хойшид төлнө гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А бид хоёр 2016 онд гэрлэлтээ батлуулж, бидний дундаас охин Г.Б , охин Г.С , охин Г.У нар төрсөн. Б.А бид хоёр хамт амьдрах хугацаандаа хэрэлдэж маргалдах үе байсан, мөн аз жаргалтай сайхан үе ч байсан. Би Б.А г зодож, дарамталж байгаагүй, харин Б.А нь намайг зодож, цохиж байсан. Хадам ээж эхнэр бид хоёрын маргааныг хурцдуулж, намайг хэл амаар доромжилдог байсан. Би гэр бүлээ цуцлуулж, гурван охиноо өнчин болгомооргүй байна. Хэрэв шүүхээс бидний гэрлэлтийг цуцлах юм бол хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй, орон сууц, автозогсоолыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.А гийн нэхэмжлэлтэй, Г.Г ид холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. Б овогтой, Б.А , С овогтой, Г.Г нар 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.
Гэрлэгчдийн хэн аль нь “...гэрлэлтээ цуцлуулна, гэр бүлийн хүчирхийлэлд байсан...” гэсэн тайлбар, мөн зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй гэж дүгнэн, Б.А , Г.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй болно.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 338 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Охин Г.Б , охин Г.С , охин Г.У нар эрүүл бойжиж байгаа, эх Б.А гийн хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн тодорхойлолт, Ж цэцэрлэгийн тодорхойлолт гэсэн баримтаар нотлогдож байх бөгөөд гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ “...хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх” талаар маргаагүй, мөн охин Г.Б гийн “...хойшид ээжтэйгээ хамт амьдарна” гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Б , 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.С , 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Г.У нарыг эх Б.А гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Г.Б , охин Г.С , охин Г.У нарын тус бүрд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Г оос тэтгэлэг гаргуулах нь зүйтэй юм.
3. Хариуцагч Г.Г ийн шүүх хуралдаанд гаргасан “...эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй, орон сууц, автозогсоолыг гурван хүүхэд, Б.А д шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцож болно” гэж заасан, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасны дагуу Г.Г , Б.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Г.Б , охин Г.С , охин Г.У нарыг тогтоож, өмчлөх эрхээс Г.Г ийн нэрийг хасаж, мөн Г.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 000 дугаар байр, В1 давхрын 0-5 тоот хаягт байршилтай, автозогсоолын өмчлөгчөөр Б.А , охин Г.Б , охин Г.С , охин Г.У нарыг тогтоож, өмчлөх эрхээс Г.Г ийн нэрийг хасах нь зүйтэй байна.
Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Г.Г , Б.А нар болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 000412686 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд Х банкны Орон сууцны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь Х банкны тодорхойлолтоор тогтоогдсон болохыг дурдав.
Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 000 дугаар байр, В1 давхрын 0-5 тоот хаягт байршилтай автозогсоолын өмчлөгч нь Г.Г болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 000761441 дүгээр гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд Х банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь Х банкны тодорхойлолтоор тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 140.400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 507.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 460.671 төгрөг, 41.138 төгрөг, нийт 1.149.209 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 1.079.009 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, хариуцагч Г.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Б овогтой, Бадрахын А , С овогтой, Г.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Б , 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.С , 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Г.У нарыг эх Б.А гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Б , 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.С , 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Г.У нарын тус бүрд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Г оос тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.5, 26.6-д зааснаар Б.А , Г.Г нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан Г.Г , Б.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.Б , Г.С , Г.У нарыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхээс Г.Г ийн нэрийг хасаж, мөн Г.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 0000 дугаар байр, В1 давхрын 0-0 тоот хаягт байршилтай, автозогсоолын өмчлөгчөөр Б.А , Г.Б , Г.С , Г.У нарыг тогтоож, уг автозогсоолын өмчлөх эрхээс Г.Г ийн нэрийг хассугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 507.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 460.671 төгрөг, 41.138 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1.079.009 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, хариуцагч Г.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД