| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2031001810040 |
| Дугаар | 2021/ДШМ/29 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/29
Д.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Б.Эрдэнэхишиг
Г.Давааренчин
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцон, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ****дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, гэмт хэрэг үйлдэх үедээ *********ажиллаж байсан, одоо *******ажилтай, ам бүл ******** хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ********тоотод оршин суух хаягтай боловч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******дугаар баг, ***********тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ***** овогт *******ийн *******, РД:/******/
Анхан шатны шүүх Д.*******д холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 49 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
6.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: ...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч байна.
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гаргах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 9,227,487 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа төлөгдөөгүй үлдсэн хохирол 5,016,723 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн эрхийг ноцтой хязгаарласан заалт болжээ.
2.Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчид учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, мөнгөн төлбөр, хохирлыг барагдуулах хугацааг тусгаагүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн дагуу Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:
Шүүгдэгч Д.******* нь “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа иргэдийн дулааны төлбөрийг хувийн дансанд шилжүүлэн авч, мөн дулааны мөнгийг бэлнээр авахдаа орлогын ордер бичиж хуулбар нэг хувийг иргэнд өгөхдөө үнэн зөв үнийн дүнг бичиж, эх хувь дээр нь бууруулсан мөнгөн дүнг бичиж байгууллагын кассын няравт тушаах байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд нийт 9,227,487 /есөн сая хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян долоон/ төгрөгийн орлогыг хувьдаа завшсан болох нь шүүгдэгчийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгийг өвчтэй ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Л.*******ийн “...иргэдээс дулааны төлбөрт шилжүүлсэн мөнгийг байгууллагын кассын няравт дутуу тушаасан. Нийт 9.227.487 төгрөгийн хохирол байгууллагад учирснаас заримыг төлөөд одоо 5.666.723 төгрөгийг барагдуулах ёстой...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******гийн “... Дулааны борлуулалтын байцаагч сар бүр тооцоог нийлж ажилладаг. Гэтэл Д.******* нь иргэдээс дулааны төлбөрийг бэлнээр авч орлогын ордерын эх баримтад иргэнээс өгсөн мөнгөний хэмжээг бууруулан бичиж кассын няравт тушаадаг байсан болохыг сүүлд нь дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх ба гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн талаар хэргийн оролцогчдоос ямар нэгэн маргаан гаргаагүй байна.
Харин иргэний нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах, асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д ”шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй, нотлох баримт хангалттай бүрдээгүй зэрэг үндэслэлээр шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нөхцөл үүсдэг бөгөөд ийнхүү хэлэлцэхгүй орхисноор иргэний нэхэмжлэгч, хохирогч нараас нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь хадгалагддаг.
Тус хэргийн хохирол шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон, хохирлын хэмжээний талаар талууд ямар нэгэн маргаангүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.******* нь хохирогч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТУҮГазартай хохирол төлөх талаар харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн байхад шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхгүйгээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч хохирогчтой тодорхой хугацааны дотор хохирол төлөхөөр тохиролцож байгаа нь шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэл болохгүй бөгөөд харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах буюу шийдвэрийг албадан биелүүлэх хугацааг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзнэ.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэл шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
5 дахь заалтыг:
“5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,016,723 төгрөг гаргуулан “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН