2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1469

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         05          30                                        2025/ШЦТ/1469

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /цахимаар/,

Хохирогч Ч.Э,

Шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Б.Уртнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Р.Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00000 1034 дүгээр хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 44 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** ажилтай, ам бүл 4, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Р.А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.А нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овооны Номин худалдааны төвийн хойд замд Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож ухрах үедээ явган зорчигч Ч.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний баруун хөл энэ ослын улмаас хүнд бэртсэн. Хөлийн маань тойгийн яс харлаж эхэлсэн байгаа. Энэ хүн томографын зургийг надад зориулж аваагүй. Өөрийнхөө буруугүй гэдгийг нотлох гэж авсан. Анх мөргүүлчхээд машинд сууж байхад Р.А нь надад хандаж “томографын зураг авхуулъя хэн алиндаа амар” гэж хэлсэн. Би томографын зураг авхуулах дургүй байсан, учир нь томографын зураг авхуулах хортой байдаг гэж би сонссон. Намайг хүсээгүй байхад томографын зураг авхуулчхаад тэрийгээ миний эмчилгээнд зарцуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би маш их гомдолтой байна. Би энэ ослын улмаас зөвхөн өөрийнхөө мөнгөөр эмчилгээ үйлчилгээ хийлгүүлсэн. Энэ хүн надад хохирол, төлбөр гэж ямар ч төлбөр төлөөгүй. Би ном бичдэг, түүнийхээ хажуугаар эмэгтэйчүүдийн эмнэлэгт 7 хоногт 2 удаа очиж цэвэрлэгээ хийдэг. Энэ цалин хөлсөө гаргуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дахь тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-8 дахь тал/,

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 447 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-37 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1872 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 49 дэх тал/,

Яллагдагч Р.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 62 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Тээврийн Прокурорын газраас яллагдагч Р.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Р.Ааас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Р.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.А нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Номин худалдааны төвийн хойд замд Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Р.А нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Номин худалдааны төвийн хойд замд Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хийгдсэн эмчилгээ, үйлчилгээтэй зардалд шүүгдэгчийн зүгээс нийт 1.428.200 төгрөгийг төлсөн. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 282.850 төгрөгийг нэхэмжилсэн, үүнийг шүүгдэгч нь мөн төлж барагдуулсан. Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 992.122 төгрөгийн зардал гарсан дээрх зардлыг шүүгдэгч нь мөн төлж барагдуулсан байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон, уг зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 5.280.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Р.А болон түүний өмгөөлөгч Б.Уртнасан нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэжээ.

Яллагдагч Р.Аын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Миний зогсож байсан газар уруу газар байсан ба би тээврийн хэрэгслийг ухрах араанд хийгээд конс болон тоормос дээр гишгээд зогсож байсан. Тэр үед нэг эгч *** нэртэй дэлгүүрийн хаяг асуугаад би мэдэхгүй гэж хэлсэн. Тэр үед нөгөө эгч миний машины хойд хэсэг рүү яваад өгсөн. Тэгээд би 2 толиндоо хараад ухрах үйлдэл хийгээд жоохон хөдөлсөн чинь хажуугаар өнгөрч байсан нэг машины жолооч хүн дайрчихлаа гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дахь тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дахь тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-8 дахь тал/,

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би тэр машины жолооч дээр очоод машины жолоочоос нэг худалдааны төв асуусан. Тэгээд би нөгөө зогсож байсан машины хойд талаар тойроод гарч байхад Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийж намайг мөргөсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөр гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14128 дугаартай: “...Ч.Эын биед баруун талын 6, 7-р хавирганы хугарал, баруун талын дунд чөмөгт ясны ташуу хугарал, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 447 дугаартай: “...Уг автотээврийн хэрэгсэл хойд дугуйн тоормос зүүн талдаа 0,80кН баруун талдаа 3,12кН, зөрүү нь 74% (стандарт <30%) өрөөлдөх буюу стандартын шаардлага хангахгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-37 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1872 дугаартай: “...Hyundai Porter маркийн *** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэнэ..., ...Явган зорчигч Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 49 дэх тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Р.Аын үйлдлийн улмаас хохирогч Ч.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Р.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Р.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/-ээр хохирогч Ч.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Ч.Эын сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1536 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139-140 дэх тал/-ээр тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Эын сэтгэцэд учирсан Хоёрдугаар зэрэглэлийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч Ч.Эд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.

Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас шууд учирсан хохирлоос үүдэн хохирогчид цаашид учирч буй бие махбодын буй зовуурь шаналал, сэтгэл санаанд үүсэж буй тавгүй байдал, амьдралын хэвийн горим алдагдсанаас улбаалж хохирогчийн нийгэм, эдийн засаг, бие махбодод үүсгэж буй  хүндрэлийг хэлэх юм.

Энэхүү нөхцөл байдлуудыг арилгаж, хохирогчийг хохирсон дээр нь дахин хохироохгүйн тулд гэмт хэргийн улмаас алдагдсан бүхий л боломжийг нь тодорхойлж үнэлэх шалгуур аргыг хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуульд мөнгөн хэлбэрээр үнэлэх хэлбэрээр тогтоон олгох эрх зүйн үндэслэлийг бий болгосон нь эрүүгийн эрх зүйн хөгжлийн хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” баталгаатай эдлэх эрхийг үндэсний эрх зүйн системд бэхжүүлсэн юм.

Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт “Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй”, мөн хуулийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хохирогч хор уршгаа нэхэмжлэхдээ тухайн үеийн хугацаанд үүссэн төлбөрийн дүнгээр нэхэмжлэх эрх нь үндэсний эрх зүйн системд нэгэнт тогтсон хууль зүйн үндэслэл юм.

 Иймд хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирол учирсан өдрөөр бус хор уршиг хэзээ илэрсэн өдрөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь…, …зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасанд нийцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан нь шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон аливаа хууль тогтоомж нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал 792.000 × 8 = 6.336.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.Эд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ч.Э нь шүүхийн шатанд баримтаар 282.850 төгрөгийн хохирол, төлбөрийг нэхэмжилсэн болно.

Шүүгдэгч Р.А нь хохирол, төлбөрийг төлж барагдуулах зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд дээрх хохирол, хор уршгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эын авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байх боловч шүүгдэгч нь хохирогч Ч.Эын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 992.122 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлсөн байна. /хх-ийн 69-71 дэх тал/

Иймд шүүх шүүгдэгч Р.Аыг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Аын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Ч.Э нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уртнасан нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулаасай гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ялгүй гэмт хэрэг, мөн торгуулийн ялыг хамгийн багаар юу 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Хохирогч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ШИНЭХҮҮ