Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/02590

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,4 дүгээр хороо, Толгойт хотхоны дүгээр байр 0 тоотод байрлах, “О” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхон  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Ө.С/рд:ЖЭ/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 236,428  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оршин суугч Ө.С нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын эзэмшилийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3, 13.3 дахь заалт, Иргэний хуулийн 147.1, 148.2.1, 148.2.3, 148.3 дахь заалтад заасан үүргээ биелүүлэлгүй, 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар дуусталх 9 сарын төлбөр 2022 оны 4 дүгээр сарын төлбөр нийтдээ 10 сарын Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 236,428 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн задаргаа болон төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өгч, мэдэгдэл шаардлага хүргүүлсэн болно. Иймд оршин суугч Ө.Сгаас холбогдох хууль, дүрмийн дагуу төлбөл зохих төлбөрийн 236,428 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“Орчлон-2” СӨХ-ны харьяа Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, толгойт хотхоны 33 дугаар байр, 52 тоот хаягийн оршин суугч, иргэн Ө.Сгаас 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны буюу 9 сарын СӨХ-ны төлбөр болох 236,428 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Ө.С нь 2021 оны 3 дугаар сараас уг байрны эзэмшигч болсон бөгөөд байрыг хүлээж авахдаа ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлүүлж авсан боловч СӨХ-ны төлбөрийг төлүүлэлгүйгээр хүлээж авсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан. СӨХ нь байгуулагдсанаасаа хойш 7, 8 жил ажиллаж байгаа. Хариуцагч 2021 оны 3 дугаар сард байраа худалдаж аваад, 2021 оны 3 дугаар сарын СӨХ-ны төлбөрөө төлсөн. 2021 оны 3 дугаар сарын төлбөр бэлэн төлөгдсөн учраас банкны баримтаас харвал төлөгдөөгүй юм шиг харагдаж байгаа, гэхдээ СӨХ-ын дансаар шүүж үзвэл 236,428 төгрөгийн төлбөрийн тооцоо гарсан. СӨХ-ны 1 сарын төлбөр 21,892.80 төгрөг юм. Өмнөх байрыг эзэмшиж байсан Орчлон констракшн ХХК нь 31, 32, 33 дугаар байруудыг барьсан ба хамгийн сүүлд 33-р байр 2021 онд ашиглалтанд орсон, дараа нь НОСК өмчлөлдөө авсан. Орчлон констракшн энэ байрын дундын өмчлөлийн хэсгийг манайд СӨХ-д шилжүүлэхэд гарсан төлбөр байсныг төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж хэлж уулзаж байсан ч байрыг худалдахдаа төлчихнө гэсэн хариу өгдөг байсан. СӨХ 2015 онд байгуулагдаж энэ үеэс банкинд шивэлтээ явуулдаг байсан. Банкаар шүүлгэсэн бол төлбөр гараад ирэх байсан байх, банкны ажилтны хариуцлагагүй байдлаас болоод энэ төлбөр гарч ирээгүй байж ч болох юм бид сайн мэдэхгүй байна. Банкаас буруу шивэлт, тооцоо гаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 197,035.20 төгрөг болгон багасгаж байна гэв.

 

Хариуцагч Ө.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхон 33 дугаар байр, 52 тоотод оршин суух Ө.С миний бие тус байрыг 2020 оны 3 дугаар сарын 25-нд хүлээн авч гэрчилгээгээ гардан авсан. Байрыг авах үедээ байр хүлээн авах актын дагуу төлбөр тооцоог төрийн банкаар шалгуулж гарсан ус дулаан, цахилгааны төлбөрийг Орчлон констракшн, Г.Оээр төлүүлж байр хүлээн авах актаа баталгаажуулсан болно. Гэтэл О сууц өмчлөгчдийн холбооноос 224,000 төгрөгийн нэхэмжлэлийн цаасыг хаалган дээр нааж эхэлсэн. Хэрэв журмын дагуу дансаа банкинд байршуулсан байсан бол тухайн үед худалдан авахад төлбөр гарах байсан. Бүтэн жилийн хугацаанд өөр хүний, компаний эзэмшилд байсан байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөр хүнийг сүрдүүлж нэр төрд халдаж шүүхэд өгч байгаад гомдолтой байна. Хариуцлагагүй ажлаа хийж чадаагүй сууц өмчлөгчдийн холбооны байцаагчийн аваагүй төлбөр, өөрийн хэрэглээгүй төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдэж байна. “О” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Мт удаа дараа тайлбарлаж хэлсэн боловч хүлээн аваагүй. Харин ч шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

Би уг байрыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн орон сууцны Корпорацитай “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ”-г байгуудж 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авсан. Түүнээс хойш нэг сар ч төлбөр тооцоогоо өнжиж, өгөхгүй байж үзээгүй. Би СӨХ-ны төлбөрийг бэлэн мөнгөөр өгөхгүй гэж хэлж байсан. Би 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байраа хүлээж авсан учраас 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн төлбөрөө төлөх ёстой байсан. Гэвч СӨХ урьдын маш их хэмжээний өр төлбөрийг гаргаж ирсэн учраас би төлөх ёсгүй ч гэсэн 3 дугаар сарын өр төлбөрийг нь төлсөн. Би иргэнийхээ хувьд ямар ч өр төлбөргүй байр хүлээж авна гэсэн хуулийн заалтыг мэднэ. Тус заалтын дагуу байрныхаа өр төлбөрийг Орчлон констракшн ХХК-тай хамт шалгуултал 33-52 тоот байранд ус, дулаан, цахилгааны төлбөр гарсан байсан ба өөр ямар ч төлбөр байгаагүй. Ингээд би тус өр төлбөрийг нь худалдагч компаниараа төлүүлээд, байрыг хүлээж авсан. Тухайн үед СӨХ нь улсын бүртгэлдээ бүртгүүлээд, банкныхаа дансыг байршуулчихсан бол өр төлбөрийнх нь тооцоо банкны мэдээллээр гараад ирэх байсан. Надаас ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Мөн өмнөх байрны эзэмшигчээс нь СӨХ-ны төлбөрөө авч болох байсан ба өмнөх хариуцлагагүй хүмүүсээс болж, өр төлбөрийг нь төлөх үүрэг хүлээхгүй. Тухайн үед байр хүлээлцсэн актыг хэрэгт хавсаргаж өгсөн. Хуулийн дагуу байр хүлээлцсэн акт үйлдэхэд СӨХ-ны төлбөр гэх зүйл байгаагүй. Хэрэв СӨХ-ны төлбөр гээд, утасны дугаар нь бичээстэй байсан бол би асууж, тодруулах байсан. 2022 оны 6 дугаар сард Орчлон констракшн ХХК-ийн нэр дээрх буюу манай хажуу талын байр худалдагдсан. Тэр үед би СӨХ-ны байцаагч руу утасдаж, СӨХ-ны төлбөрөө худалдахаас нь өмнө барагдуулж авах талаар мэдэгдсэн. Гэтэл н.Мөнхдэлгэр надад “...хагас, бүтэн сайн болчихсон байгаа учраас ажил хийхгүй, та оройн цагаар над руу битгий залгаад бай” гэж хэлсэн. Би энэ өр төлбөр гараад ирэхээр нь Орчлон констракшн ХХК-ийн ажилтантай уулзахад “...констракшны нэр дээр байгаа, ашиглалтад ороогүй, хүн эзэмшээгүй байр СӨХ-нд мөнгө төлдөггүй, үүнийг мэддэггүй нэг ширхэг ч СӨХ-ны байцаагч байхгүй, наад СӨХ чинь 4, 5 айлаас ингэж үндэслэлгүй нэхсэн, таныг төлчих байх гэж бодоод шүүхэд өгсөн юм байлгүй дээ” гэсэн хариулт өгсөн. СӨХ 7 сараас эхэлж, банканд дансаа байршуулсан юм чинь өмнөх төлбөр нь надад харагдахгүй байх нь ойлгомжтой. Төлбөрийг би зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19-004 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” “О” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол,”О” Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар, “О” Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хүснэгт зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, толгойт 18105 гудамж 33 дугаар байр  тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, “Орчлон констракшн” ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Г.О, Ө.С нарын байр хүлээн авах акт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн К/1355 дугаартай “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ” зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Төрийн банк ХХК-ийн “Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, 33 дугаар байр 52 тоотын төлсөн болон төлөгдөөгүй талаар дансны хуулгыг ирүүлсэн байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ө.Сд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 236,428  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч “О” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны  дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоолоор байгуулагдаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээ олгогдсон байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас тус СӨХ-д бүртгэлтэй 33-р байрны 1-р орцны 52 тоот орон сууцны өмчлөгч нь нийтийн зориулалттай, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2020 оны 7 сараас 2021 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны 9 сарын төлбөрт 236,428 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ төлбөрийн тооцоолын талаар маргадаггүй.

Түүнчлэн талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх 33-р байр нь 2021 онд Орчлон констракшн ХХК барьж, ашиглалтанд оруулан өөрийн өмчлөлд байлгаж байгаад НОСК ХК-ийн өмчлөлд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдэн Ү-2201054919 тоот дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000860046 дугаартай гэрчилгээ олгогдож, уг орон сууцыг хариуцагч Ө.С нь НОСК ХК-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ”-г байгуулан, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байр хүлээлцэх акт үйлдэн эзэмшилдээ авч оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд мөн маргадаггүй.

Дээрх үйл баримт нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000860046 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ”, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байр хүлээлцэх акт, нэхэмжлэгчийн гарган ирүүлсэн 33-р байрны 52 тоот орон сууцны СӨХ-ийн төлбөрийн тооцооллын хүснэгт, Төрийн банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар “Сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг ойлгох бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, мөн сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна. Уг орон сууцны өмчлөгч нь Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци байх бөгөөд нэхэмжлэлээр шаардаж буй Ө.Сд түрээсийн гэрээний дагуу эзэмшүүлж эхлэхээс өмнөх СӨХ-ны ашиглалтын зардлыг өмчлөгч өөрөө төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн Ө.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Сгаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 236,428 төгрөг гаргуулах тухай О Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.НЯМСҮРЭН