| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1905018270019 |
| Дугаар | 2021/ДШМ/570 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Жаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/570
Б.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Жаргал,
шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч А.Ганбат, С.Чинбат,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч М.Далайхүү, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Г-т холбогдох эрүүгийн 1905018270019 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Г-, 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” бааранд иргэн Б.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газарт нь зэвсгийн чанартай зүйл болох шилээр цохиж, зэвсэг болох хутгаар гуян тус газарт, зүүн талын цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Г- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, хохирогчоос шүүх хуралдаанд ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч С.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж барагдуулсан болон хохирогчоос гаргасан хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оргон зайлсан нөхцөл байдлыг харгалзан үзээд ял хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Хохирогч хүнд гэмтлийн улмаас мэргэжлийн ажлаа хийх боломж нь хаагдсан. Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа оргон зайлсан нь түүний хувийн байдлыг илтгэдэг. Иймд ял хөнгөрүүлэх тухай гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” бааранд иргэн Б.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газарт нь шилээр цохиж, зэвсэг болох хутгаар зүүн гуя болон зүүн талын цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Б.Б- нь “...би нилээн согтсон байсан болохоор бааранд ороод сууж байгаад унтаад өгсөн. Ганаа миний толгой дээрээс пивоны шилээр цохиж байхад нь сэрсэн. Юугаар гэдгийг нь мэдэхгүй нэг иртэй зүйлээр хөлийн өвдөгний нүд рүү хатгасан. Дараа нь миний цээжин тус газарт нэг юмаар хатгасан. Хурц иртэй зүйл миний биед ороход өөрийгөө хутгалуулж байна гэж бодсон. Намайг хэд хэдэн удаа хутгалаад байгаа юм шиг байсан. ...” /хх-ийн 14-15, 18/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
- гэрч Б.С-ын “...бааранд хамгаалагчаар ажиллаж байхад 00 цагийн үед дөрвөн залуу орж ирээд архи, пиво захиалж уугаад сууж байсан. ... зөөгч А- надад тэдгээр залуусыг хоорондоо маргалдаад нэгнийгээ шилээр цохисон гэж хэлэхээр нь яваад очтол нэг залуугийн толгойноос нь цус гарсан, толгойгоо бариад сууж байсан. ... Тэр залуугийн зүүн талын хавирганд цус болсон байхаар нь “Зүгээр үү” гэж асуухад өөрөө “Зүгээр, зүгээр” гэж хэлээд байсан. ...” /хх-ийн 10-11/,
- гэрч Н.Б-ий “...бид бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд Г- нь Памбага /Б.Б-/-ын толгойн дээр пиво асгаад, толгой руу нь пивоны шилээр цохисон. ... Б- Г-ийн гэрт архи ууж байхад хоорондоо бага зэрэг маргалдсан. Б- “Г-ийг зайлуулаач” гэж Б-э ах бид хоёрт хэлсэн ...” /хх-ийн 22/,
- гэрч Б.Т-ийн “...бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад зөөгчөөр ажилд орсон хүн дотор найзыгаа пивоны шилээр толгойг нь хага цохичихлоо гэхээр нь ортол пивоны шилээр толгой руугаа цохиулсан залуу буйдан дээр суугаагаараа тасарчихсан байсан. ... толгойн баруун чамархайн хойд хэсэгт хагалуулсан байсан бөгөөд доошоо харахад зүүн суганых нь тэр хэсэгт их хэмжээний цус гараад нөжирсөн байхаар нь Сүхээ гээд хамгаалагчаа “Очоод сугыг нь харчих” гэхэд Сүхээ хараад “Хутгалуулчихсан байна” гэсэн. ...” /хх-ийн 24/,
- гэрч Б.Б-ийн “...юу болсон талаар хамгаалагч С-аас асуухад “Энэ залуугийн толгойг нь шилээр хагалчихаад явчихлаа” гэж хэлсэн. Буйдан дээр ногоон өнгийн куртиктэй, халзан толгойтой залуу хэвтэж байсан. Би “Цохисон хүн нь хаана байна” гэхэд “Гараад явсан” гэж хэлэхээр нь хамгаалагч Түвдэнг “Араас нь очоод бариад ир” гээд гаргасан. ... толгойноос нь цус гарч байсан. ...” /хх-ийн 26/,
- гэрч Н.Г-ийн “... “Танай дүү чинь баарны гадна цус алдаад байна. Цагдаа, эмнэлэг дуудах уу, чи хүрээд ир” гэсэн. 01 цаг 30 минутын үед Улаанбаатар паласын хашаанд очтол манай дүү Б- сандал дээр сууж байсан. ... Бааранд байхдаа бөөрнөөс нь цус гараад байсан гээд хар өнгийн куртикээр ороосон байсан. ...” /хх-ийн 28/,
- гэрч С.Б-ийн “...бааранд ороод яг яаснаа санахгүй байгаа юм. ... тэр өдөр гэрт нь ороход манай хүү Т- Г-ийн гэрийн цонхны тавцан дээр байсан эвхдэг хар өнгийн хутгыг бариад тоглоод байхаар нь хүүгээсээ тэр хутгыг нь аваад үүнийг далд хий гээд Г-т өөрт нь өгч байсан. ...” /хх-ийн 38/,
- шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “...би ууж байсан пивоо Б-ийн толгой дээр нь асгаад, шилээр нь толгойг нь цохиод, халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд түүний зүүн өвдөг рүү нь хатгасан. Тэгээд дараа нь яаж хатгаснаа санахгүй байна. ...” /хх-ийн 134/ гэсэн мэдүүлгүүд,
- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4996 дугаартай “...Б.Б-ийн биед цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяын зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /хх-ийн 47/ гэсэн дүгнэлт,
- уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...би дүгнэлт гаргахдаа зүүн гуяны зүсэгдсэн шархыг баруун гэж андуурч бичсэн байна. Б-ийн биед тухайн үед зүүн гуянд зүсэгдсэн шарх үүссэн байсан. ...” /хх-ийн 48/ гэсэн мэдүүлэг,
- хохирогчийн тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 107-110/, гадуур хүрэм, малгай зэрэгт үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутгаар үүсгэгдсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2323, 2326 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 60, 63/,
- хохирогчийн хувцсанд хийсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 89/,
- гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан “Дурсамж” баарны хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн “...бичлэгийн 07 минут 30 секундэд Г- хар өнгийн хутга гаргаж ирж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ... Г- хар өнгийн хутгаар Б-ийн зүүн гуя хэсэг рүү хатгаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ... 07 минут 43 секундэд Г- хар өнгийн хутгаар Б-ийн цээжний зүүн хэсэг рүү хатгаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ... 08 минут 34 секундэд Г- нь Б-ийн толгойг шилээр цохиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ...” /хх-ийн 92-100/ гэсэн тэмдэглэл зэргээр тус тус давхар нотлогджээ.
Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.
“Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарах бөгөөд энэхүү байдлыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тусгасан.
Галт зэвсэг гэдэг нь дарь шатамхай хольцийг галт очлуураар тэслэх үйлдлийн нөлөөг ашиглаж эсхүл халсан хийн тэлэлт, даралтын үйлчлэлээр сумны хошуу генетик энерги аван маш хурдан шидэгддэн гардаг хөнөөлт хэрэгслийг ойлгодог бол зэвсгийн чанартай зүйл нь уян хатан материалын таталцал, түлхэлцлийн хүчийг ашиглаж сойх, чангалах, хааж таглах аргаар механик хүчний нөлөөг ашиглаж амьд биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий төхөөрөмжийг хамруулан ойлгоно.
Тэгвэл хүйтэн зэвсэг гэж ир үзүүр бүхий хурц хатуу биетийг гарын хүч ашиглан исгэх, тасдах, бүлэх үйлдэл хийх зорилгоор тусгайлан гараар эсхүл үйлдвэрийн аргаар бүтээсэн ахуйн эд хэрэгслээс зориулалтаараа илтэд ялгагдах хэрэгслийг ойлгодог.
Монгол хэлний их тайлбар тольд “чанар” гэх үгийг аливаа юмны дотоод шинж гэж тайлбарласан бөгөөд зэвсгийн чанартай зүйл гэдэг нь зэвсэг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хүчин чадал, зориулалттай бүтээцийг багтаах агуулгатай утга нийцэхээр байна.
Үүнээс үзвэл, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтын үндсэн шинжийг нэгтгэн тайлбарлаж зэвсэг, түүнд хамаарах төрөл зүйлсийг дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх “пивоны шил” нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтгүй тул түүнийг “зэвсгийн чанартай зүйл” гэж үзэх үндэслэлгүйн гадна, тэрээр тухайн эд зүйлийг хүний биед гэмтэл учруулахаар урьдаас тохируулж бэлтгэсэн, зориуд биедээ авч явсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар нэг мөр тогтсон ойлголтод хүрсэн билээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэргийг зүйлчилсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Г-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч А.Ганбат нар нь давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон хохирогчийн гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хүсэлтийг иш татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г-ийн 2020 оны 7 дугаар сарын 7-ноос 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 30 хоног, 2021 оны 1 дүгээр сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 142 хоног, нийт 172 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн 2020 оны 7 дугаар сарын 7-ноос 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 30 /гуч/ хоног, 2021 оны 1 дүгээр сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 142 /нэг зуун дөчин хоёр/ хоног, нийт 172 /нэг зуун далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН