Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/02687

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/02687

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Чингис оффис 9 давхар хаягт байрлах, Нэт капитал авто ББСБ ХХК /рд:5283663/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 хороо, Монлаа 15 гудамж, 7 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Чимэддоржийн Бямбацэрэн /рд:НК97053119/

17 349 123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнпил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан, хариуцагч Ч.Бямбацэрэн, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ч.Бямбацэрэн нь 2018 оны 05 сарын 24-ний өдөр №206208767 тоот Зээлийн гэрээ, №206208767 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг авто машин худалдан авах зориулалтаар 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Ч.Бямбацэрэн нь дээрхи зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй ба талуудын хооронд байгуулсан №206208767 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа дууссан түл зээлийн гэрээний 2.11-д заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. 2021 оны 12 сарын 21-ний байдлаар зээлдэгч дараахь үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 7 309 014 төгрөг, үндсэн хүү 7 772 339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 267 769 төгрөг, нийт 17 349 123 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Ч.Бямбацэрэн нь 2018 оны 05 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг өөрийн хүсэл зоригоор байгуулаагүй. Тэрээр тухайн автомашиныг худалдан авах гэж байсан бол ямар санхүүгийн эх үүсвэрээр авах байсан нь эргэлзээтэй, мөн зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөг хэний дансанд орсон болох нь тодорхойгүй. Түүнчлэн 2018 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэл зээлийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол хуулийн байгууллагад ямар учраас 2022 онд нэхэмжлэл гаргаж байгааг шүүж, дүгнэлт хийх нь зүйтэй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээнд Нэткапитал авто ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гэх Lexus 470 маркийн 5727 УБР улсын дугаартай автомашин одоо хаана, хэний өмчлөлд байгаа зэрэг үйл баримт тодорхойгүй байна. Иймд дээр дурдсан асуудлуудад бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэт капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй мөнгийг аваагүй, гэрээ байгуулсан нь үнэн, үүнийг надаас биш өөрийнхөө эдийн засагч н.Энхманлай, н.Мөнхцэцэг нараас нэхэмжлэх ёстой мэт санагдаж байна гэв.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 24-ний өдрийн №206208767 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 05 сарын 24-ний өдрийн №206208767 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн зээл хүсэгчийн өргөдөл, 2018 оны 05 сарын 24-ний өдрийн №206304367 дугаар зээлийн хорооны хурлын шийдвэр, Нэткапитал авто ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлдэгчийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, Голомт банк ХХК-ийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн орлогын баримт /хэргийн 3-13, тал/

Хариуцагч нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, 2018 оны 05 сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 сарын 04-ний өдөр хүртэлх Депозит дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 48, 72, 116-118 тал/

Шүүхээс хариуцагч Ч.Бямбацэрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2022 оны 04 сарын 22-ны өдрийн №29/2550 дугаар лавлагаа, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн №343 дугаар тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Нэткапитал авто ХХК-ийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн албан бичгийн хариу зэрэг баримт тус тус бүрдүүлсэн. /хэргийн 64-68, 85-86, 97/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэт капитал авто ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Бямбацэрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 309 014 төгрөг, хүү 7 772 339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 267 769 төгрөг нийт 17 349 123 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 20 000 000 төгрөг зээлүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: зээлийн гэрээг өөрийн хүсэл, зоригоор байгуулаагүй, зээлээр худалдан авсан гэх Lexus 470 автомашин хаана байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх 2018 онд үүссэн байтал 2022 онд нэхэмжлэл гаргасаныг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлана.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зээлдүүлэгч Нэт капитал авто ББСБ ХХК, зээлдэгч Ч.Бямбацэрэн нар 2018 оны 05 сарын 24-ний өдөр автомашин худалдан авах зориулалтаар 20 000 000 төгрөгийг сарын 3,50 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. /хэргийн 3-4 тал/

Үүрэг гүйцэтгүүлэгч Нэт капитал авто ББСБ ХХК, үүрэг гүйцэтгэгч Ч.Бямбацэрэн нар 2018 оны 05 сарын 24-ний өдөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 5227УБР улсын дугаартай Lexus LX470 автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ. /хэргийн 6-7 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээний 2.14-д зээл, хүү буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд ... нэмэгдүүлсэн хүү төлнө, ... нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэснийг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, 20 000 000 төгрөг дансанд орсон тухай маргаагүй бөгөөд энэ нь Ч.Бямбацэрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 452604474 дугаар дансны хуулга, депозит дансны хуулгаар давхар нотлогдсон, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нь түүний тайлбар, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдлоо. /хэргийн 12, 48, 72 тал/

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Хариуцагч нь автомашин худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, зээлдүүлэгчид хандан өргөдөл гаргасан, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хариуцагчийн зээлийн гэрээг өөрийн хүсэл зоригоор байгуулаагүй гэх тайлбар няцаагдаж байна. /хэргийн 4, 8 тал/

Хариуцагчийн өмгөөлөгчийн фидуцийн гэрээний зүйл болох 5227УБР улсын дугаартай Lexus LX470 автомашиныг хариуцагч нь өөрийн эзэмшил, өмчлөлд ашиглаагүй, нэхэмжлэлээ шаардах эрх үүсэх үед нь гаргаагүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч Ч.Бямбацэрэн нь зээл төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч Нэт капитал авто ББСБ ХХК-д шилжүүлэх, хариуцагч зээл, хүүг хугацаанд нь төлсөн тохиолдолд нэхэмжлэгч автомашиныг хариуцагчид буцаан өгөх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргаснаас бус фидуцийн зүйл болох автомашинтай холбоотой шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийг хэнд холбогдуулж, хэзээ гаргах нь нэхэмжлэгчийн эрх болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Бямбацэрэнгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 309 014 төгрөг, хүү 7 772 339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 267 769 төгрөг нийт 17 349 123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэт капитал авто ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 244 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Бямбацэрэнгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 309 014 төгрөг, хүү 7 772 339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 267 769 төгрөг нийт 17 349 123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэт капитал авто ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бямбацэрэнгээс 244 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэт капитал авто ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР