Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

 

      2025      08         13                                     2025/ШЦТ/179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000154 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А ургийн овогт Г-ийн Г (РД: ...), 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Арина Электроникст худалдааны зөвлөх ажилтай, ам бүл найм, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Г.Г нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар нутаг дэвсгэрт хохирогч Э.А-ы нүүр рүү гараараа дөрвөн удаа цохиж, гурван удаа газар унагааж, гарыг нь өчих зэргээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогч Э.А-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 2, 6, 8 дугаар хуудас), гэрч Б.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Г.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 201 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

2.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан үнэлээд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч Э.А-ы “...Миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найз охин болох Г.Зтэй хамт Увс аймгийн Улаангом суманд ирсэн юм. Би найз охиныхоо гэрт хамт байсан. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Г.Зтэй үл ойлголцол үүсэж би Улаанбаатар хот руу буцаж явах гээд тэдний гэрээс хувцсаа аваад хашааны гадна сууж байтал Г.Зий төрсөн ах болох Г.Г ажлаасаа ирээд надад хандаж “чи яагаад явах гээд байгаа юм бэ?” гэж ууртай хэлсэн. Тэгэхэд нь “би танай дүүгийн явдлыг тэвчихгүйнээ, Улаанбаатар хот руу буцаж явлаа” гэж хэлтэл Г.Г миний нүүр рүү гараараа 4 удаа цохиж, намайг 2-3 удаа газарт унагааж миний зүүн гарыг өчсөн юм. Тэгж байтал Г.Гын дүү Г.Б гэрээсээ гарч ирж харчхаад “ахаа наад хүн чинь Г.З эгч рүү гар далайсан” гэж хэлэхэд Г.Г уурлаж намайг дарж байгаад “Энэ ямар овоо пизда вэ?” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Г.Г намайг босгож бид хоёр учраа олох гээд ярилцаж байтал Г.Гын найз нар болох Д.Н, Б.Д нар ирж бид 4 хоорондоо ярилцаж учраа олсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Хохирогч Э.А-ы дахин өгсөн “...Г.Г нь намайг ямар нэгэн зүйлээр зодоогүй, Г.Гыг би зодсон зүйл байхгүй. Г.Г нь миний хохирол гомдлыг бүрэн барагдуулсан нь үнэн болно. Одоо надад өвдөж зовох зүйл байхгүй надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Гэрч Б.Д-гийн “...2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гадуур явж байгаад найз болох Д.Н руу залгаж гэрт нь очсон юм. Д.Нын эмээ Г.Гын хашаанд хамт байдаг бөгөөд Д.Н тухайн үед эмээгийнхээ гэрт байсан юм. Би Д.Нын эмээгийн хашааны гадна очиход Г.Г нэг залуутай хамт сууж байсан. Тэгтэл Д.Н бас гаднаас ирсэн. Би тэнд сууж байхад Г.Г хажууд байсан үл таних залуутай маргалдсан, зодолдсон байдалтай байсан тул би юм яриагүй. ...Намайг анх очиход Г.Гын хажууд байсан залуугийн хувцас шороо тоос болчихсон, нүүрний шанаа хэсэгт жаахан бэртсэн байдалтай, шалбарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй гэрч Г.Б-ын “...Тухайн өдөр би гэрээсээ гартал манай хашааны гадна талд миний төрсөн ах Г.Г, манай эгчийн найз залуу гэх Э.А хоёр хоорондоо барьцалдаж, зодолдож байх шиг байсан. Би Г.Гад хандаж “ахаа Э.А манай эгч рүү гараа 2 удаа далайсан юм” гэж хэлж байтал гэрт байсан миний 3 настай дүү гараад ирсэн тул би дүүгээ очиж аваад эмээгийнд орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас);

- Шүүгдэгч Г.Гын яллагдагчаар “...Э.А миний урдаас босож ирээд миний нүүрэнд тулж ирээд духаа нийлүүлэнгээ алдаад “чиний дүү чинь янхан шүү дээ, бас ааваасаа хөгшин хүнтэй унтчихсан” гэж доромжлохоор нь би дүүгээ өмөөрөөд Э.Атай маргалдаж байгаад нүүрэн хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Мөн 2 удаа баруун хөлөөрөө хавирч унагаагаад зүүн гарын өөр рүүгээ татаж өчсөн юм. Тэгж байтал Э.А намайг одоо босгочих гэхээр нь босгоод хоёулаа ярилцаад явах гэж байгаа тул унааныхан зардлыг олж өгөхөөр болоод салсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас) зэргийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар нутаг дэвсгэрт хохирогч Э.Аа нь шүүгдэгч Г.Гын дүүг “чиний дүү чинь янхан шүү дээ, бас ааваасаа хөгшин хүнтэй унтчихсан” гэж доромжилсны улмаас шүүгдэгч хохирогчийг  гараараа нүүр рүү нь цохих, хавирч унагаах, гарыг нь өчих зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч Э.Аы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 201 дугаартай “...Э.Аы биед зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын зүүн хэсэг, цээжний баруун хажуу хэсэг, баруун бугалганы ар дунд хэсэг, зүүн шуунд цус хуралт, духны баруун хэсэг, зүүн завж, баруун далны доод хэсэг, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт, зүүн завж, духны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын зүүн хэсэг, цээжний баруун хажуу хэсэг, баруун бугалганы ар дунд хэсэг, зүүн шуунд цус хуралт, духны баруун хэсэг, зүүн завж, баруун далны доод хэсэг, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт, зүүн завж, духны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх (2.1-т заасан) үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар нутаг дэвсгэрт хохирогч Э.Аа нь шүүгдэгч Г.Гын дүүг “чиний дүү чинь янхан шүү дээ, бас ааваасаа хөгшин хүнтэй унтчихсан” гэж доромжилсны улмаас шүүгдэгч хохирогчийг  гараараа нүүр рүү нь цохих, хавирч унагаах, гарыг нь өчих зэргээр зодож, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын зүүн хэсэг, цээжний баруун хажуу хэсэг, баруун бугалганы ар дунд хэсэг, зүүн шуунд цус хуралт, духны баруун хэсэг, зүүн завж, баруун далны доод хэсэг, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт, зүүн завж, духны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх зэргээр идэвхтэй довтолж буй аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл ердийн ухамсрын хүрээнд бусад руу чиглэсэн, хүч хэрэглэсэн довтолгооны улмаас хүний эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

3.4. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Гын үйлдлийн улмаас хохирогч Э.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч Г.Г хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч Э.Аы “...Г.Г нь миний хохирол гомдлыг бүрэн барагдуулсан нь үнэн болно. Одоо надад өвдөж зовох зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна. Иймд хохирогчийн дээрх мэдүүлэгт үндэслэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон түүний биеийн байцаалтаар шүүгдэгч Г.Г нь эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх, мөн тус хэргийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал гаргасан ба шүүгдэгч санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрөл, хэмжээнээс сонгож оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Г.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ургийн овогт Г-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г-ыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА