| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/00150/И |
| Дугаар | 135/ШШ2022/00726 |
| Огноо | 2022-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2022/00726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00150/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо ... гудамж ХААДСАА /РД:..., Утас:.../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух ... овогт Н.О /РД:..., Утас:.../-т холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААДСАА нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ... тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн 1 ширхэг FT-250 маркийн бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа 20 хувь болох 1,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 80 хувь болох 4,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,000,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз тооцоход 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж ХААДСг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний хуулбар, техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, тооцоо нийлсэн акт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаартай ХААДСд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Н.О-т холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хэрэгт авагдсан ТЭДС болон Н.О нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагчаас шаардсан байна.
Дээрх гэрээгээр ТЭДС нь нэг бүрийн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн тракторыг өрхийн аж ахуйг дэмжиж, хөгжүүлэх зориулалтаар Н.О-ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Н.О нь гэрээний үнийн дүнгийн 20% болох 1,000,000 төгрөгийн тракторыг хүлээн авахдаа төлөх, үлдэх 80% болох 4,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд жил бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.
Гэрээний зүйлийг хүлээн авсан боловч гэрээний дагуу жил бүр 1,000,000 төгрөг төлөх үүргээ хэсэгчлэн биелүүлж, 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн ... тоот тушаалаар ТЭДС-ийн авлагыг ХААДС-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь өмнө дурдсан 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар гэрээтэй холбоотой шаардлагыг гаргах эрхтэй этгээд байна.
Хариуцагч Н.О нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлж дуусгах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч нь шүүхэд анх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасантай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тохирч байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Н.Оаас авсан тракторын үнэ 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.О-т нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан боловч шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх нь зохигчдын үүрэг юм.
Н.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.О-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААДСАА-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС