Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

 

            Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь, Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын Газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын  харъяат, 1974 оны 06 сарын 14-нд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 54-20 тоотод оршин суудаг, Замын-Үүд дэх гаалийн газарт хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Цэрэндэжидийн Мөнхжаргал /РД:ЕЙ74061415/,

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг сумын  харъяат, 1989 оны 03 сарын 01-нд төрсөн, эрэгтэй, 28 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо ШШГЕГазрын 48 дугаар байрны 01 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигин овогт Батхуягийн Баатархүү /РД:ЕА89030116/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг сумын  харъяат, 1977 оны 05 сарын 01-нд төрсөн, эрэгтэй, 41 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн 34-03 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 11 сарын 10-ны өдрийн 232 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 07 сарын 27-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 05 сарын 12-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 2 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бие эрүүл, Их Монгол боржигон овогт Цэрэнгийн Батсайхан /РД:ЕА77050115/ нарт холбогдох эрүүгийн 201710010092 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

 

Шүүгдэгч  Ц.Мөнхжаргал нь Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн гаалийн улсын байцаагч Батболдын шалгалтаар илрүүлэн хураан авсан 950 грамм мана чулууг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баатархүүд буцааж өгөхдөө Батсайханаар зуучлуулж Баатархүүгээс 826,000 төгрөгийн хахуулийг ажлын байрандаа өөрийн биеэр авсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Ц.Батсайхан нь  2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Баатархүүгээс гаалийн ахлах байцаагч Ц.Мөнхжаргалд 826,000  төгрөгийн хахуулийг өгч, авахад нь зуучилсан,

 

шүүгдэгч Б.Баатархүү нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналт шалгалтаар өөрийн хураагдсан 950 грамм мана чулууг авахын тулд өөрийн танил Батсайханаар зуучлуулан тус гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн ахлах байцаагч Мөнхжаргалд 826,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Эйр транс гаалийн хяналтын талбайг ахлан ажиллаж байсан. Ц.Батсайхан яриад дүү хил дээр жаахан чулуу хураалгасан байна. Тэрийг авч өгөх арга байна уу гэсэн. Би ажлын зав чөлөөгөөр уулзая гэсэн. Хил хаахын өмнө 17 цагийн үед тэрийг хураасан байцаагч Батболдтой уулзахад Өнөрбуянтай уулз гэсэн. Тэгээд уулзаад 1 кг орчим хэмжээтэй чулуу авчихаад гарч явахад Батболд машин шалгаад зогсож байхаар нь ахлахад чинь хэлээд жаахан чулуу авчихлаа гэж хэлээд явсан. Тэгээд цаашаа гарахдаа нөгөө хүүхдээ надруу явуулчих, чулууг нь авчихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ ирээгүй. Маргааш нь хил амарсан болохоор би хөдөө явсан. 05–ны өглөө Ц.Батсайхантай яриад би ажил дээрээ байна,нөгөө хүүхдээ над руу явуулчих гэсэн. Тэгээд Б.Баатархүү өдөр над дээр 800,000 төгрөг бариад ирсэнийг нь авсан. Батсайхан тэр мөнгийг намайг авчихаарай гэж хэлсэн байсан юм. Чулуу чинь гэрт байгаа, чулуугаа аваарай гэсэн. Тэгээд гарч яваад 5 минутын хугацаа ч болоогүй байхад цагдаа нар орж ирээд өрөө болон машин, гэрт үзлэг хийсэн. Гэрт байсан чулууг би гаргаж өгсөн. Шөнийн 12 цаг хүртэл намайг саатуулсан. Маргааш өдөр хүрээд ир, хот руу Авлигатай тэмцэх газар руу авч явна гэсэн. Шөнийн 12 цаг өнгөрч байхад намайг гаргаж гэр рүү явуулсан. Өглөө нь би яваад очсон. Орой 17 цагийн үед хоёр цагдаа гавлаад аваад явсан. Тэгээд Авлигатай тэмцэх газар хүргэж өгсөн. Баатархүүгийн хувьд 600,000 төгрөг өгнө гэхээр нь Батсайхан 800,000 төгрөг ав гэсэн болохоор л авсан. Энэ 2 хүн хоорондоо юу ярьсаныг би мэдэхгүй. Найз маань гуйж байхад 1 кг хүрэхгүй, 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй чулууг авч өгөхийн тулд 800,000 төгрөг нэхэх хүн би биш юм. Олон жил гаалийн байгууллагад янз бүрийн асуудал тохиолдож байсан. Намайг хэрэгт оруулах гэсэн зохион байгуулалттай зүйл гэж бодож байна, энэ хүн 800,000 төгрөг өгсөн, ардаас нь 5 минут хүрэхгүй хугацаанд цагдаагийнхан ирсэн. Үнэнийг олж зөв шийдэж өгөөсэй гэж бодож байна, би бүх шатны шүүхэд гомдол гаргана ” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн цаг үед Б.Баатархүү надруу утсаар яриад би урд явж байгаад гааль дээр чулуугаа хураалгачихлаа, аваад өгөх боломж байна уу гэсэн.  Ингээд би Мөнхжаргал руу ярьж, дүү маань чулуу хураалгасан байна, аваад өгөх боломж байна уу, гэхэд ярьчихаад хариу хэлье гэж хэлсэн. Мөнхжаргал өнөөдөр ажил тараад маргааш гааль амрах юм байна маргааш болъе гэсэн. Ингээд 5-нд чулууг авчихлаа гэсэн. Тэгээд би 800,000 төгрөг өгөөд чулуугаа ав гэж байна гэж Баатархүүд  хэлсэн. Тэгээд 800,000 төгрөг аваачиж өгсөн. Мөнхжаргалд хэлэхдээ хүүхэд мөнгө аваачиж  өгнө, авчих л гэж хэлсэнээс өөр юм хэлээгүй, би энэ байдлыг далимдуулж 800,000 төгрөгтэй болъё гэж бодсон юм. Тэгээд Баатархүүгийн аваачиж өгсөн мөнгийг дараа нь Мөнхжаргалаас авах байсан. Баатархүү бол Мөнхжаргалыг авилгал авч байна гэж ойлгосон байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би мөрдөн байцаалтын үед бүх үнэнийг хэлсэн. Би чулуугаа хураалгасан, аваад өгөх хүн байна уу гэж Батсайхан ах руу ярьсан. Мөнхжаргал гэдэг авч өгнө гэсэн. Чулууг тэр өдөртөө гаалиас авсан гэдгийг хүнээс сонссон байсан, тэгээд надад өгөөгүй. Маргааш нь гааль амарсан. Нөгөөдөр нь Батсайхан ах яриад Мөнхжаргал ажил дээрээ байна, 800,000 төгрөг өгөөд чулуугаа авчих гэж хэлэхээр нь жаахан доошоо буулгаад өгөх боломж байхгүй юм уу гэхэд өөрөө очиж ярь гэж хэлсэн. Би уг нь чулууг тийм их мөнгө өгч авна гэж бодоогүй. Ингээд Мөнхжаргалын өрөөнд очоод ахаа 600,000 төгрөгт өгөх боломж байна уу гэхэд 1,000,000 төгрөгийг 800,000 болгож байхад чинь гэж хэлсэн. Тэгээд би түрүүвчинд байсан мөнгөө гаргаж өгөхөд бор дугтуй гаргаж ирээд тоолохгүй хийсэн. Би 26,000 төгрөг илүү өгсөн байсан. Тэгээд миний чулууг өгөөгүй. Ингээд би тэндээс гараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Түүнээс биш би урьдчилж цагдаад мэдэгдээд цагдаа дагуулж очсон асуудал огт байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг

 

Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 04-07/

 

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 08-11/

 

Ажлын байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 12-16/

Hunteli маркийн машин хэлбэртэй Ferrari нэртэй бичигтэй цагаан өнгийн гар утас 1,  85888250 дугаар бүхий сим карт,  Galaxy S5 маркийн  алтлаг шар өнгийн гар утас 1, 91911461 дугаар бүхий сим карт, 826,000 төгрөг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах,  түүнийг хадгалах тухай тогтоол /1-р хх-ийн 34/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 35-36/

 

Гар утас түр хураан авсан тухай тэмдэглэл 1-р /хх-ийн 37/

 

Шүүгдэгч Ц.Мөнхжаргалаас хураан авсан Hunteli, Samsung Galaxy 5 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 38-41/

 

Гэрч Э.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Б.Баатархүү надаас 300.000 төгрөгийг зээлж авсан. Мөнгө хэрэгтэй байна гэснээс өөр зүйл хэлээгүй. Мөнгийг эхнэр Д.Нямцэцэгийн Хаан банкны дансанаас түүний дансруу шилжүүлсэн гэж бодож байна. Би эхнэртээ Баатархүүд мөнгө шилжүүлчих гэж хэлсэн, түүний дагуу л манай эхнэр мөнгийг шилжүүлсэн. Тэрээр удаахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийн байдлаар мөнгө өгөөгүй байна. Надаас зээлж авсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44/

 

Гэрч Д.Нямцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр надруу утсаар ярьж найз Баатархүү 300.000 төгрөг зээлээч гээд байна, мөнгө зээлүүлье гэж хэлсэн, би зөвшөөрсөн. Ингээд манай нөхрөөс түүний Хаан банкны 5037155515 дугаар дансыг мэссэжээр ирүүлсэн. Манай нөхөр өөрийнхөө 99288022 дугаараас миний утас руу мессежээр дансыг ирүүлсэн. Тухайн үед манай хүн хөлөө гэмтээгээд эмнэлэгт хэвтэж байсан юм. Миний хувьд ямар учиртай мөнгө зээлэх гэж байгаа талаар асуугаагүй. Ингээд би 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5011170496 дугаар данснаас Баатархүүгийн дээрх дугаарын дансанд 300.000 төгрөгийг “boogiigoos” гэж шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Мобайл банкаар гар утаснаас шилжүүлэг хийсэн. Ингээд саяхан мөнгөө авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45/

 

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 46-48/

 

Гэрч Ц.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Гаалийн хяналтын талбай дээр гарч байгаа гэмт хэргийн шинжтэй зөрчилд хойшлуулашгүй ажиллагаа явуулах, захиргааны зөрчилд хяналт тавих арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. ...гаалийн байцаагч зөрчлийг илрүүлэн саатуулаад гаалийн хууль тогтоомжийн дагуу хураан авч барааны нэр, төрөл, тоо, хэмжээ, үнэ, өнгө үзэмж, шинж чанарыг маягтын дагуу үнэн зөв засваргүй бичиж барааг өдөрт нь багтаан улсын орлогын бараа хариуцсан гаалийн ажилтанд хүлээлгэн өгнө. Бараа, тээврийн хэрэгслийг хураан авах хуудсыг бичих ёстой байдаг юм. Нэгэнт хураан авсан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаад борлуулах, шилжүүлэх, устгах ажлыг зохион байгуулах комиссыг гаалийн байгууллагын даргын тушаалаар байгуулж, тус комисс нь тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллагаар барааны дүгнэлт гаргуулж худалдах, борлуулах, устгах шийдвэрийг гаргана. Үүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 660 дугаар тушаал, хураагдсан бараа, тээврийн хэрэгслийн журамд зааж өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/

 

Шүүгдэгч Б.Баатархүүгийн Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 77-78/

 

Шүүгдэгч Ц.Мөнхжаргалын 91911461 дугаар утасны ярианы лавлагаа /1-р хх-ийн 88-90/

 

Шүүгдэгч Ц.Батсайхан 80906778 дугаар утасны ярианы лавлагаа /1-р хх-ийн 104/

 

Ш.Батболдын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 106-109, 114-116/

 

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ш.Батболдын гаргасан тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-122/

 

М.Өнөрбуянгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 124-127/

Шүүгдэгч Ц.Батсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 129/

Шүүгдэгч Б.Баатархүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 130/

Шүүгдэгч Ц.Мөнхжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 131/

Мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,  /1-р хх-ийн 149-150/

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 175/

Гаалийн ерөнхий газар, Замын-Үүд дэх гаалийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/285 дугаартай албан тоот, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “ 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 15-ны өдрийг дуустал  хугацаанд ажиллах хуваар”-ийг баталсан А/23 тоот тушаал, 1, 2 дугаар хавсралтын хуулбар /1-р хх-ийн 176-181/

Гаалийн Ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Ц.Мөнхжаргалын ажлын тодорхойлолт /2-р хх-ийн 221-222/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн шүүгдэгч Б.Баатархүүд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 5/11 тоот тогтоол /2-р хх-ийн 224/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Мөнхжаргал нь Замын-Үүд дэх Гаалийн газарт хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус гаалийн газрын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “хуваарь батлах тухай” А/23 тоот тушаалын дагуу  Э-ТРАНС гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байх үедээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Ц.Батсайханы гуйлтын дагуу гаалийн улсын байцаагч Ш.Батболдын шүүгдэгч Б.Баатархүүгээс гаалийн үзлэг шалгалтаар хураан авсан 950 грамм мана гэх чулууг шүүгдэгч Б.Баатархүүд авч өгөх талаар ярилцаж, уг мана чулууг гаалийн улсын ахлах байцаагч Ц.Өнөрбуянгаас авч гэртээ аваачиж орхин, чулууг авсан талаараа шүүгдэгч Ц.Батсайханд утсаар мэдэгдэж, 2017 оны 04 сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Баатархүүд чулууг өгөхөөр өөрийн ажлын байрандаа түүнээс 826,000 төгрөгийг хахуульд авсан,

шүүгдэгч Б.Баатархүү нь 2017 оны 08 сарын 03-ны өдөр 950 грамм мана чулууг улсын хилээр нэвтрүүлэх явцдаа гаалийн хяналт, шалгалтаар гаалийн улсын байцаагч Ш.Батболдод хураалгасан байх ба уг хураагдсан 950 грамм мана чулууг авахын тулд шүүгдэгч Ц.Батсайханаар зуучлуулан тус гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч Ц.Мөнхжаргалд 826,000 төгрөгийн хахуулийг өгсөн,

шүүгдэгч Ц.Батсайхан нь шүүгдэгч Б.Баатархүүгийн хүссэний дагуу түүний 2017 оны 04 сарын 03-ны өдөр гаалийн улсын байцаагч Ш.Батболдод хураалгасан 950 грамм мана чулууг шүүгдэгч Ц.Мөнхжаргалаар авахуулах талаар ярьж, тэднийг 826,000 төгрөгийг өгч, авалцахад зуучилсан байна.

Шүүгдэгч Ц.Мөнхжаргалын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан буюу хээл хахууль авах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Баатархүүгийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан буюу хээл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ц.Батсайханы дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-т заасан буюу хээль хахууль зуучлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэднийг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн  гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын тухайн гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Баатархүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 04-07/, хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 08-11/, ажлын байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 12-16/, Hunteli маркийн машин хэлбэртэй Ferrari нэртэй бичигтэй цагаан өнгийн гар  утас 1,  85888250 дугаар бүхий сим карт,  Galaxy S5 маркийн  алтлаг шар өнгийн гар утас 1, 91911461 дугаар бүхий сим карт, 826,000 төгрөг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах,  түүнийг хадгалах тухай тогтоол /1-р хх-ийн 34/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 35-36/, гар утас түр хураан авсан тухай тэмдэглэл 1-р /хх-ийн 37/, шүүгдэгч Ц.Мөнхжаргалаас хураан авсан Hunteli, Samsung Galaxy 5 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 38-41/, гэрч Э.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,  баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 46-48/, шүүгдэгч Ц.Мөнхжаргалын 91911461 дугаар утасны ярианы лавлагаа /1-р хх-ийн 88-90/, шүүгдэгч Ц.Батсайханы 80906778 дугаар утасны ярианы лавлагаа /1-р хх-ийн 104/, Ш.Батболдын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 106-109, 114-116/, М.Өнөрбуянгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 124-127/ Гаалийн ерөнхий газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “ 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 15-ны өдрийг дуустал  хугацаанд ажиллах хуваар”-ийг баталсан А/23 тоот тушаал, 1, 2 дугаар хавсралтын хуулбар /1-р хх-ийн 176-181/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь нь шүүгдэгч Ц.Мөнхжаргалыг хээл хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь түүнийг яллах хангалттай үндэслэл болохгүй, ахмад Раднааханд тайлбар авахдаа өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэхээр албадсан, хууль бусаар хорьж саатуулсан зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн байдал бий болсон талаар шүүгдэгч мэдүүлэг. Энэ талаар мөрдөн байцаалтанд буцааж шалгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн боловч шүүх хүлээн аваагүй.  Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Батсайхан нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “ ... Мөнхжаргалд хэлэхдээ хүүхэд мөнгө аваачиж  өгнө, авчих л гэж хэлсэнээс өөр юм хэлээгүй, би энэ байдлыг далимдуулж 800,000 төгрөгтэй болъё гэж бодсон юм. ...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр Мөнхжаргал нь Батсайханы ав гэсэн мөнгийг л авсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байгаа.Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гарган мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна.Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар  шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн  бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Тэгэхээр шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Ц.Батсайхан нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хуульд заасан энэ эрхээ эдлэх эрхтэй юм. Харин тэдний гэм бурууг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Ц.Батсайхан нарын гэм бурууг нотолсон нотлох баримт гэж дүгнэсэн болно. Эдгээр шүүхээс үнэлсэн нотлох баримтыг үгүйсгэх, няцаах нотлох баримт байхгүй байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь гэмт хэргийг үгүйсгэх шууд нөхцөл байдал болохгүй юм.

Шүүгдэгч Ц.Мөнхжаргал нь гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар  өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудалд  хөндлөнгөөс оролцох, албан тушаалын  байдлыг ашиглаж хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад  давуу байдал олгох эрхгүй юм. Гэтэл тэрээр гаалийн улсын байцаагч Ш.Батболдын  өөрийн ажил үүргийн дагуу илрүүлсэн зөрчилд хураагдсан эд зүйлийг ахлах байцаагч Ц.Өнөрбуянгаас авсан байдаг ба энэ нь түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийг нотлох юм. Түүнчлэн шүүгдэгч Б.Баатархүү нь өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг шууд зааж мэдүүлдэг ба шүүгдэгч Ц.Батсайхан, Б.Баатархүү нар нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар тогтвортой мэдүүлдэг болно.

Түүнчлэн ахмад Раднаахандын тайлбарыг шүүх үнэлээгүй бөгөөд түүний авсан тайлбарыг хуульд зааснаар бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй юм. Мөн шүүгдэгч Ц.Мөнхжаргалыг хууль бусаар хорьж саатуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч нь энэ талаар мөрдөн байцаалт, прокурорын шатанд гомдол гаргаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүх энэ зүйлд заасан зарчмыг баримтлах нь зүйтэй.

Иймд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  нотолбол зохих  байдлуудыг  шалгаж тогтоосон, оролцогчийн  хуулиар  хамгаалагдсан  эрхийг хасаж хязгаарласан байдал тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

Тиймээс Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын Газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн зүйлчлэл тохирч байх боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь  гэмт хэрэг үйлдсэн зарим хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэж тэдэнд ял оногдуулах нь зүйтэй байна.

Тодруулбал: шүүгдэгч Ц.Батсайханы хээл хахуульд зуучилсан үйлдэл нь  2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баатархүүг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар зүйлчилсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд ялын хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх тул түүний зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Ц.Мөнхжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч уг хуулийн зүйл, хэсэг нь эрүүгийн хариуцлагын хувьд 2002 оны Эрүүгийн хуулинд зааснаас оногдуулах ял нь хүнд байх тул түүнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Баатархүү нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ илчилсэн зэрэг нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ гэмт хэрэгт Hunteli маркийн машин хэлбэртэй Ferrari нэртэй бичигтэй цагаан өнгийн гар  утас 1,  85888250 дугаар бүхий сим карт,  Galaxy S5 маркийн  алтлаг шар өнгийн гар утас 1, 91911461 дугаар бүхий сим карт, 826,000 төгрөг зэрэг нь эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирсэн байна.

Дээрх гар утаснууд нь шүүгдэгч Ц.Мөнхжаргалын эзэмшлийнх байх бөгөөд тухайн эд мөрийн баримтанд мөрдөн байцаалтын шатанд үзлэг хийж, хэрэгт бэхжүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг шүүхийн эд мөрийн комисст даалгаж, харин 826,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор /1-р хх-ийн 149-150/ шүүгдэгч Ц.Мөнхжаргалын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байрны 20 тоотын 3 өрөө байрыг битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 5/263 дугаар тоотоор шүүгдэгч нарын гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол боржигон овогт Цэрэнгийн Батсайханд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр 1-т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндэжидийн Мөнхжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан хээл хахуул өгөгчийн ашиг сонирхлын  үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй  үйлдлийг хийхээр урьдчилан  амлахгүйгээр  бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Боржигин овогт Батхуягийн Баатархүүг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  хахууль өгөх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заанаар шүүгдэгч Цэрэндэжидийн Мөнхжаргалыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Батхуягийн Баатархүүг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  Ц.Мөнхжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Б.Баатархүү, Ц.Батсайхан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Ц.Мөнхжаргалын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байрны 20 тоотын 3 өрөө байрыг битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Hunteli маркийн машин хэлбэртэй Ferrari нэртэй бичигтэй цагаан өнгийн гар утас 1,  85888250 дугаар бүхий сим карт,  Galaxy S5 маркийн  алтлаг шар өнгийн гар утас 1, 91911461 дугаар бүхий сим карт, 826,000 төгрөг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Мөнхжаргалд буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 826,000 төгрөгийг улсын орлого болгосугай.

8. Ц.Батсайхан, шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Б.Баатархүү нарын гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ц.Мөнхжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батсайхан, шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Б.Баатархүү нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД