Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/571

 

Д.Т-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Э.Чингис, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106000000143 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.Т-, 2001 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Д.Т- нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө ***  хашаанд байрлах 2 давхар нийтийн байрны 17 тоотод Р.А-тэй амны хаалт зүүсэн, зүүгээгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралт /720 мл/, гуурс тавьж соруулсан байдал, зүүн талын 3 дугаар хавирганы далд хугарал, зүүн гуяд хатгагдсан шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ээс 321.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.А-д олгож, хохирогч Р.А- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Т- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогч Р.А-ийн эрүүл мэндэд учруулсан хохирлын төлбөр болох 321.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулах болно. Мөн хорих ялаа эдэлж, суллагдсаныхаа дараа ч ажил хөдөлмөр эрхэлж түүнд туслах болно. Би одоо 19 настай, өнчин хүн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өмнө 321.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн. Иймээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэв.

            Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Т- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжгүй байсан. Одоо энэ заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн хохирогч Р.А-ийн “...он гараад Булгантамиртай найз гэх эрэгтэй хүн орж ирэхээр нь би хамт гараад үүдэнд зогсож байсан. Тэгтэл цаанаас нэг залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаж “Маскаа зүү” гэж хэлтэл “Жорлон энэ хоёрын хооронд маск зүүхээ чамаар заалгах уу” гэж хэлээд нүүрэн тус газарт гараараа цохисон. Би хариу цохиод бид хоёр зодолдсон. Тэрнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Яг хаана байхад хутгалсан, юу болсон талаар санахгүй байна. Эхнэр эмнэлэгт сэрэхэд байсан. Сэрээд юу болсон талаар асуусан. Чи хутгалуулчихсан гэж хэлсэн. Сүүлд санахад тэр залуугийн гэрт байх шиг байсан. Тэр залуу шүүгээн дээрээс хутга авч байсан шиг харагдсан. ...” /хх-ийн 12-17/,

             - гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Б-ийн “...унтаад сэрсэн чинь манай найз Т-ийг нэг эмэгтэй, хоёр эрэгтэй зодож байсан. Тэгээд манай өрөөнд орж ирсэн. Манай найз нэг залууг нь хутгалсан. Юунаас болж хутгалсан гэдгийг мэдээгүй. ...” /хх-ийн 18-19/,

            - гэрч Ө.А-н “...Аагий ах бид хоёр коридорт юм яриад сууж байтал хажуугаас нэг залуу орж ирсэн. Аагий ах “Маскаа зүүгээч” гэж хэлсэн. Нөгөө залуу “Би 00-ын өрөө ороход маск хэрэгтэй юу” гэсэн. Тэгээд дахиад “Маскаа зүү” гэж хэлэхэд нөгөө залуу “Яасан гэнээ банди минь” гэж хэлээд Аагий ахыг цохисон. Би нөгөө залууд “Уучлаарай” гэж хэлэхэд намайг цохисон. Аагий ах тэр хоёр зодолдсон. Нөгөө залуу Аагий ахыг өрөөндөө аваад орсон. Аагий ахын эхнэр, бас нэг дүү нь араас нь ороод эхнэр нь “Болиоч” гэхэд тэр залуу эхнэрийг нь цохиод унагаасан. Манай найз Булгантамир араас нь орсон. Тэгсэн манай найзыг цохиод заазуур барьж далайсан. Тэгээд би араас нь орсон чинь дахиад хутга авч дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авч паарны ард тавьсан. Эхнэр нь араас нь орсны дараа Аагий ахыг хутгалсан байсан. ...” /хх-ийн 20-21/,

            - шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...өөрийн түрээсэлдэг нийтийн байрны 17 тоотоос бие засах гээд гарчихаад эргээд байранд орж ирэхэд 2 дугаар давхарт хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хоёрын нэг нь “Маскаа зүү лалраа” гэсэн. Тэгэхээр нь би “Маскаа зүүхээ чамаар заалгах юм уу” гэж хэрэлдсэн. Хохирогч залуу намайг түрүүлж цохисон. Тэгээд бид харилцан зодолдсон. Хамт байсан эрэгтэй нь зодолдсон. Бас нэг эмэгтэй гарч ирээд үснээс зулгаагаад байсан. Тэгээд би тэд нартай зууралдсаар байгаад өрөөндөө ороод зодолдсон. Ширээн дээр байсан шар өнгийн иштэй жижиг хутгыг авснаа санаж байна. Манай гэрт хамт орж ирсэн найз нь салгаад аваад гарсан. Удалгүй нэг нь орж ирээд “Хутгалчихсан байна, цус гараад байна” гэхээр нь ороод хартал надтай зодолдсон эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн орон дээр дээшээ харчихсан, цээж хэсэг нь цус болчихсон байсан. ...” /хх-ийн 44-46/ гэсэн мэдүүлгүүд,

          -  хэргийн газарт үзлэг хийх явцад хохирогчийг хутгалсан гэх шар өнгийн иштэй хутгыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  4-10/,

          - дээрх хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 67/,

          - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 523 дугаартай “...Р.А-ийн биед цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралдалт /720 мл/, гуурс тавьж соруулсан байдал, цээжний зүүн талын 3 дугаар хавирганы далд хугарал, зүүн гуяд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. ... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /хх-ийн 29-31/ гэсэн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Т- нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө ***  хашаанд байрлах 2 давхар нийтийн байрны 17 тоотод Р.А-тэй амны хаалт зүүсэн, зүүгээгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралт /720 мл/, гуурс тавьж соруулсан байдал, зүүн талын 3 дугаар хавирганы далд хугарал, зүүн гуяд хатгагдсан шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

            Гэвч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

            Шүүх дээрх заалтыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т-ийн урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн, тус шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүх хуралдаанд хохирогчоос ирүүлсэн “...цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

            Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Т-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-наас 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-д 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...5 жилийн хугацаагаар...” гэснийг “...3 жил 5 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хохирогч Р.А- цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-наас 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН