| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 131/2022/00361/И |
| Дугаар | 131/ШШ2022/00617 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2022/00617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Засаг дарга, Д.Мөнхсайхан
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 25/2-2-т байрлах ******* регистрийн дугаартай “Баянхонгор констракшн” ХХК,
Төрийг төлөөлж: Ахлах прокурор *******
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүргийн 40,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, төрийг төлөөлсөн прокурор *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг дарга нь хариуцагч “Баянхонгор констракшн” ХХК-д холбогдуулан “Гэрээний үүргийн 40000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1.1. Тус аймагт 2020 онд аймгийн хэмжээнд зуншлага тааруу нийт нутгийн 60 хувь гандуу, өвөлжилт хүндэрч зудын гамшиг нүүрлэж, нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүл тогтож 2.0 сая гаруй мал онд орох боломжгүй, хорогдох эрсдэлтэй байсан. Иймд малчдын амьжиргааг дэмжих, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж орон нутгийн мах боловсруулах үйлдвэр Баянхонгор констракшн ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээ нь малчдын мал, махыг худалдан авч тээвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа төрд эргэн төлөх нөхцөлтэй байсан юм. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй байсан.
Гэрээний хугацаа дуусч, “Баянхонгор констракшн” ХХК-д төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, албан бичгийг хүргүүлж ажилласан боловч төлөгдөхгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Баянхонгор констракшн” ХХК-аас 40,000,000 (дөчин сая)-төгрөгийг гаргуулж, төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар байдлаар тайлбарлаж байна. Үүнд: “Манай гэрээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын махыг аваад, борлуулаад эдийн засгийн эргэлтэд оруулаад төрд эгүүлэн төлөх ёстой зарчимтай байсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах захирамж гарсны дараа 10 дугаар сарын 28-ны өдөр буюу 1 өдрийн дараа гэрээг байгуулсан юм, Засаг даргын чиглэлээр гэрээ байгуулаад 4 компанид чиглэл өгч, малчдаас мах худалдан авах гэж гэрээ байгуулсан, гэрээнд бол эргэн төлөлт гэж заагаагүй байдаг. Говийн сумуудад онд орохгүй малыг авч байсан. Гэхдээ “Баянхонгор констракшн” ХХК нь ашгийн байгууллага тул бизнестээ зориулаад мал авсан, устгалд 5441 малаас гадна хариуцагч тал мал авч борлуулж, ашиг олсон байгаа” гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: “Би "Баянхонгор констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2020 онд тус аймагт ган зуд нүүрлэж, улмаар малын бэлчээрийн хомсдолоос болж өвөлжилт хүндэрч байсан. Тэр үед би өөрийн боломжоороо мал мах бэлтгэж байтал нэг өдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан би болон надтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаад "аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч 2 сая гаруй мал онд орохгүй хорогдох эрсдэлтэй байна. Иймд малчдын амьжиргааг дэмжээд малыг эргэлтэд оруулах ажил зохион байгуулж байгаа та нарт тус бүр 40,000,000 төгрөг өгнө түүгээр малчдын гар дээрээс нэг малыг 30,000 төгрөгөөр тооцоод 10,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд авах тал дээр зөвшилцөлд хүрсэн. Ингээд бид Аймгийн ЗДТГ-ын ХХХБТХ-ээс өгсөн гэрээний дагуу аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, улмаар энэ гэрээг хэрэгжүүлэхээр тус хэлтсээс боловсруулж өгсөн "Мал худалдах худалдан авах гэрээ"-г мал худалдсан малчид бүртэй байгуулж, зөвхөн манай компани нийт 5441 толгой мал авсан.
Энэ гэрээг байгуулахад төрийг төлөөлж Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга ******* хариуцагчаар оролцож, гэрээнд гарын үсэг зурж байсан. Ингээд би өөрийн тээврээр өөрийн ажилчдыг дайчлан ЗДТГ-ын ХХХБТХ-ээс өгсөн хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Бууцагаан, Бөмбөгөр сумаас мал авсан. Мал авахдаа гэрээнд заасан төлбөрийг малчдын дансанд нэг малд 10,000 төгрөгийг тооцон урьдчилгаа өгч, мөнгийг бэлэн төлж авч газар дээр нь бойлсон. Ингээд авсан нийт малын махыг аймгийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17 ны өдрийн 40-20-137\03 тоот дүгнэлтээр манай Баянхонгор констракшны "Мах март" махны үйлдвэрийн бэлтгэсэн 5441 гулууз 38087 кг махыг стандартын шаардлага хангахгүй, хэт туранхай хүнсний хэрэгцээнд хэрэглэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02 ны өдрийн "Стандартын шаардлага хангахгүй мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг устгалд оруулах ажлын хэсэг байгуулах тухай " А\122 тоот захирамж гарч 11 дүгээр сарын 04 ны өдөр ажлын хэсгийн хамт 5441 ширхэг гулууз махыг устгалд оруулсан. Анх 40,000,000 төгрөгийг өгөхдөө тээврийн хөлс гэж тохироогүй бөгөөд малчдын гар дээрээс туранхай малыг нь 30,000 төгрөгөөр тооцоод нэг малд урьдчилгаа 10,000 төгрөгөөр бодож өгөөд малыг ав гэсэн чиглэл өгсөн. Бид авсан малын мөнгөнөөс нэг төгрөг илүү аваагүй бөгөөд харин ч нэгэнт мал авна гэсэн зар тарсан тул малчид 10,000 төгрөгөөр ч болов өгөх гээд малаа аваад ирсэн тул өөрөө мөнгө нэмж гаргаад нийт 54 410 000 төгрөгөөр мал авсан.
Энэ ажлыг гүйцэтгэхэд хэрэгцээтэй хоол хүнс, хүн хүчний зардал, тээврийн зардал нэлээд их гарч, би 20,000,00 төгрөгөөр хохирсон. Анхнаасаа тээврийн зардал буцааж төлнө гэж тохироогүй хэрэв тийм нөхцөлтэй байсан бол бид зөвшөөрөхгүй байсан байх. Түүнчлэн гамшгийн үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгаас өгсөн мөнгөөр нь гэрээнд зааснаар малчдаас малыг нь авсан. Эрх бүхий байгууллага ажлын хэсэг нь үзэж хараад л хүнсэнд тохирохгүй гэсэн дүгнэлт гарч улмаар устгасан.
Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь 2020 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 2020\149 тоот “Мал ,мах тээвэрлэлтийн" гэрээ гэх боловч бидний тохиролцоо бол мал худалдан авах ажлыг аймгийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн тул гэрээ нь агуулгын хувьд алдаатай, биднийг төөрөгдөлд оруулж хийсэн гэрээ гэж үзэж байна. Нэгэнт Засаг дарга малчдын малыг үнэлээд 10,000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд малыг худалдан аваад ир гэж тохиролцсон харин тээврийн хөлсийг буцааж төлөхөөр огт тохироогүй. Бидний тохиролцоо бол мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байсан байна. Тухайн үед гэрээтэй нэг бүрчлэн танилцаагүй.
Аймгийн аудитын газрын "Зөрчил арилгуулах тухай" 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 145 тоот албан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу шаардлагын үндэслэл нь Төрийн Аудитын хуульд заасан шаардлага бичих үндэслэл л байгаа. Түүнээс шаардлагад дурдсан 120,000,000 төгрөгийг чухам яагаад зөрчилтэй гэж үзсэн, буцааж төлүүлэх үндэслэл нь юу болох зэрэг нь тодорхой биш байхад түүнийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь учир дутагдалтай бөгөөд уг шаардлагыг гаргахад Төрийн аудитын газраас надаас ямар нэгэн тайлбар аваагүйгээр шаардаад байгаа нь хууль бус гэж үзэж энэхүү байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Малын мах тээвэрлэлтийн гэрээ байгуулахаас өмнө аймгийн Засаг дарга өрөөндөө дуудаад нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө онд орохгүй байгаа малыг малчдаас худалдан авч, нэг малд урьдчилгаа 10,000 төгрөг өгч худалдан авч ирээд бойнд оруулах шаардлагатай талаар хэлээд. Хувийн 2-3 компани дуудаж уулзаад, сум сумдаа хуваарилагдаад явсан. Эхлээд 40,000,000 төгрөгөө өгчихөөд дараа нь тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Сумандаа очоод малаа малчдаас аваад, сумд Онцгой комисс ажиллуулж зарим хүнсэнд хэрэглэх боломжгүй малыг устгалд оруулсан юм. Баацагаан, Бууцагаан, Баянцагаан сумуудын малчдын мал Бууцагаан суманд төвлөрөөд, Баянговь, Баянлиг, Жинст сумын малчдын малыг Баянхонгор аймагтаа төвлөрүүлээд малуудыг нядалгаанд оруулсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг биелүүлээгүй талаар ярьсан би малчдаас мал худалдаж авахдаа 10,000 төгрөгийн урьдчилгаа өгч авч байсан тул 40,000,000 төгрөгийн мал авах байснаас компаниас 60,000,000 төгрөг гаргаж мал авч илүү мөнгө гаргасан байдаг. Ингээд манай компаниас тээврийн зардал, ажилчдын цалин гээд нэлээн их хэмжээний зардал гарсан. Одоо малчдад үлдэгдэл өртэй, манай компаниас өөрөө нэхээд байдаг.. Аймгийн Засаг дарга хэлэхдээ 40,000,000 төгрөгийг улсын гамшгийн нөөц сангаас өгнө гэж байсан боловч мөнгө нь бүтэхгүй болоод аймгийн Засаг даргын нөөц сангаас гарсан юм. Анх гэрээ байгуулахдаа нэг малыг 30,000 төгрөгөөр худалдаж авна гэж гэрээ байгуулсан боловч дараа нь 5000 төгрөг нэмж олгохоор болж давхар давхар өрөнд оруулаад байна” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хуульд заасан шаардлага, агуулгыг зөрсөн нэхэмжлэл. Мөн гэрээний үүргээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн бөгөөд “Баянхонгор констракшн” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч талаас шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэл гаргах үндсэн нөхцөл нь аймгийн Төрийн аудитыг газраас өгсөн шаардлагын дагуу шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч аудитын газраас ирсэн шаардлага нь заавал биелүүлэх акт мөн үү бас шаардлага ирсэн даруй “Баянхонгор констракшн” ХХК-д танилцуулаагүй, мөн тус шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй ямар хуулийн зүйл заалтыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй тул заавал биелүүлэх үндэслэлгүй. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/674 дугаар Захирамжаар мал, малын махыг 5 сумаас аваад нядалгааны цэг байгуулаад онд орохгүй малыг устгалд оруулахаар тодорхой заасан. Энэ гэрээг анхнаасаа мал бэлтгэх гэрээ байсныг тээвэрлэлтийн гэрээ гэж алдаатай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Шүүхэд алдаатай гэрээ байгуулсан гэж сөрөг нэхэмжлэл гаргах гэж байснаа, гэрээний хохирол гэж нэхэмжилсэн учраас хохирол учруулаагүй гэх байр суурьтай оролцож байгаа. 5441 тооны мал устгалд оруулсан тул гэрээний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаар хохирол учруулсан гэж шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/587 дугаартай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/149 дугаартай “Мал мах тээвэрлэлтийн гэрээ”, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаартай албан шаардлагын хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/702 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/722 дугаар “Стандартын шаардлага хангахгүй мах, арьс шир дайвар бүтээгдэхүүнийг устгалд оруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/1707 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан 2020 оны 10 дугаар сарын 05 гэх баримт, Баянхонгор аймгийн Зудын эрсдэлийн тойм судалгаа 2020 оны 09 дүгээр сарын 30 гэх баримт гэсэн баримтуудыг, хариуцагч байгууллагаас 000154171 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гаргаж өгсөн.
4. Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******ын хүсэлтээр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/1517 дугаар албан бичиг, хавсралт 155 хуудас зэрэг нотлох баримтыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргаас хариуцагч “Баянхонгор констракшн” ХХК-д холбогдуулан “Гэрээний үүргийн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Мал, мах тээвэрлэлтийн гэрээ”-г үндэслэн гаргаж, “...эргэн төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хөлсийг шилжүүлэн өгсөн, гэтэл хөлсийг төрд буцаан төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй...” хэмээн тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, “...мал, мах тээвэрлүүлэх зорилгоор тус гэрээг байгуулаагүй, гамшгийн эрсдлийн нөхцөл байдлаас шалтгаалан малчдыг дэмжих зорилгоор онд орох боломжгүй малын махыг төрийн нэрийн өмнөөс худалдан авах үүргийг хүлээлгэж, 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, төрийн аудитаас санхүүгийн баримтад шалгалт хийж, буцаан төлүүлэх албан шаардлага өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарласан.
Хариуцагч “Баянхонгор констракшн” ХХК-аас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...аймгийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу зудын улмаас онд орох боломжгүй малыг худалдан авахаар 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, Засаг даргаас тус мөнгийг өгөхдөө эргэн төлөх нөхцөлтэй талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, нийт 5441 малыг 54,410,000 төгрөгөөр худалдан авч, мэргэжлийн байгууллагын хүнсэнд хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу устгалд оруулсан, мал, мах тээвэрлэх зорилгоор гэрээ байгуулаагүй...” гэж маргаж байна.
Талуудын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд, нэхэмжлэгч нь ачаа тээвэрлүүлэх бус малчдаас мал худалдан авахуулах зорилгоор 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь тус мөнгөөр малчдаас мал худалдаж авсан, худалдан авсан 5441 тооны малыг устгалд оруулсан үйл баримтад маргаангүй, харин эргэн төлөх нөхцөлтэйгөөр мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/149 дугаартай “Мал, мах тээвэрлэлтийн гэрээ”, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/702 дугаар захирамж зэргээс үзвэл, Баянхонгор аймгийн Засаг даргаас мал, мах тээвэрлүүлэх зорилгоор 40,000,000 төгрөгийг “Баянхонгор констракшн” ХХК-д тээврийн зардалд шилжүүлсэн, тээвэрлэгч болох тус компани нь “Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр болон Улаанбаатар хот” хооронд тээвэрлүүлэгчийн өгсөн даалгаврын дагуу мал, махыг тээвэрлэх үүргийг хүлээхээр хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан байх боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тээвэрлэлт хийлгэх зорилгогүй байсан болох нь тогтоогдсон, бичгээр байгуулсан тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх, ямарваа нэг эрх, үүрэг хүлээх хэлцлийн улмаас үүсэх үр дагаврыг бий болгох хүсэл зориггүй байдаг.
Харин бодит байдалд Баянхонгор аймгийн Засаг дарга нь малчдаас малын махыг худалдан авах үүргийг хүлээлгэж, 40,000,000 төгрөгийг “Баянхонгор констракшн” ХХК-д шилжүүлэх, тус мөнгөөр малчдаас мал худалдан авах ажлыг гүйцэтгэх тохиролцоог хийсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулах тухай” А/674 дүгээр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “стандартын шаардлага хангахгүй мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг устгалд оруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/722 дугаар захирамж, тус ажлын хэсгийн “Стандартын шаардлага хангахгүй малын махыг устгасан тухай” ажлын хурлын тэмдэглэл, тайлан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 40-02-134/03 дугаартай дүгнэлт, малчидтай байгуулсан “Мал худалдах, худалдан авах гэрээ” зэргээр нотлогдсон, талууд энэ талаар маргахгүй байна.
Ийнхүү хариуцагч “Баянхонгор констракшн” ХХК нь аймгийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу малчдаас 40,000,000 төгрөгөөр мал, малын махыг худалдан авах үүргээ гүйцэтгэсэн байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, тус мөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч талаас нотлоогүй, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаартай албан шаардлага энэ хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, зохигчдын хооронд малчдаас малын махыг төрийн нэрийн өмнөөс худалдан авах ажлыг гүйцэтгэх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний үүргээ хариуцагч нь бүрэн биелүүлсэн, тус гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, гэрээ хэрэгжээд дууссан, харин 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/149 дугаартай “Мал, мах тээвэрлэлтийн гэрээ” буюу халхавч хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул тус гэрээний дагуу мөнгийг буцаан шаардах эрхгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/702 дугаар захирамжаар Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгийг зарцуулсан үйл баримтад хэргийн оролцогчид маргахгүй, тус хөрөнгийг зарцуулж буй эрх зүйн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэхгүй гэж үзэхээр байх хэдий ч нэхэмжлэгч талаас тус үндэслэлийг үгүйсгэж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан, Баянхонгор аймгийн Зудын эрсдэлийн тойм судалгаа, Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг гарган өгсөн болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын хариуцагч “Баянхонгор констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан “Гэрээний үүргийн 40,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ