Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

  2025         06          09                                     420                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Е.Хулан,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “10” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2410 05050 0635 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “....” ХХК-д хамгаалагч ажилтай, ... аймгийн ... сум ... дугаар баг ... дүгээр байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Н.Б, регистрийн ... дугаартай.

 

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ сангийн анги “67040”, замаг “67040” дугаартай, гол төмөр “67040” дугаартай, Mauser 98к загварын, 1937 онд Бельги улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7,92х57 мм-ийн калибртай винтов буу буюу байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсгийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

 

 

              Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ сангийн анги “67040”, замаг “67040” дугаартай, гол төмөр “67040” дугаартай, Mauser 98к загварын, 1937 онд Бельги улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7,92х57 мм-ийн калибртай винтов буу буюу байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсгийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 23 минутад ирүүлсэн “Хууль бусаар байлдааны зориулалттай сум биедээ авч явсныг саатуулсан” гэх дуудлага, мэдээлэл (хавтаст хэргийн 7 дахь хуудас),

              2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх хуудас),

              2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-14 дэх хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн 292 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум нь цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум байна. Уг сумнууд нь ижил төрлийн сумнууд мөн. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 1978 онд хуучнаар Зөвлөлт Холбоот улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 7.62х39мм-ийн калибртай галт зэвсгүүдэд ашиглан буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-40 дэх хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 293 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги “67040”, замаг “67040” дугаартай, гол төмөр “67040” дугаартай буу нь Маuзег 98к загварын, цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн винтов бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь 1937 онд Бельги улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7,92x57 мм-ийн калибртай байна. Уг гар хийцийн галт зэвсэг нь 7,92х57мм-ийн калибртай сумаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь “Галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдээгүй байна. Мөн галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгио, хошууны мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгийн эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-48 дахь хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн ангийн 01130041 дугаартай, замаг 041 дугаартай галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, САЙГА-МЗ загварын карабин буу байна. Уг галт зэвсэг нь 2001 онд Оросын Холбооны Улсын Ижевийн механикийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, 7.62х39мм- ийн калибртай. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан хошуу, хонгионд үүссэн мөрүүд нь галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хошуу, хонгионд үүссэн мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиудад ямар нэг эвдрэл, гэмтэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-55 дахь хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 295 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг биш байна. Уг буу нь цахилгаан зай/battery/ ашиглан гель/Gel blaster/-н үрлээ гол төмрөөс шиддэг тоглоомон буу байна. Шинжилгээнд ирүүлсэн буу нь Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн байна. Уг буу нь гель/ Gel blaster/-н урлэн сумаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг биш тул галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгио, хошууны мөрүүдтэй харьцуулан шинжлэх боломжгүй. “Галт зэвсгийн, хонгио. хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буугаар цахилгаан зай/ battery/, гель/ Gel blaster/ үрлэн сум ашиглан буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн бууны цахилгаан зай/ battery/, гель/ Gel blaster/ үрлэн сум ирүүлээгүй тул уг бууны ажиллагаа, эд ангиудын эвдрэл, гэмтлийг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-61 дэх хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 296 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаарласан их бие “ВР100708”, замаг “ВР100708” дугаартай буу Америкийн Нэгдсэн Улсын “Соlt” компанид ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн хагас автомат ажиллагаатай, “М4 Carbine” загварын 5,6x15 мм-ийн /.22LR/ калибрын бага калибрын карабин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн №4 гэж дугаарласан буу 5,6x15 мм-ийн калибрын сумаар буудлага хийхэд зориулсан байна. Шинжилгээнд ирүүлсэн их бие “ВР100708”, замаг “ВР100708” дугаартай “М4 Carbine” загварын буу “Галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн сан”-д СБД00372 дугаараар ... тоотод оршин суух ... регистрийн дугаартай ... гэх хүний нэр дээр 2024 оны 07 сарын 09-ны өдөр бүртгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай буу эвдрэл, гэмтэлгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 64-69 дэх хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 25-ны өдрийн 297 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн их бие "8802603", гол төмөрт "8802603" дугаартай буу нь ИЖ-18М загварын ан агнуур, спортын зориулалттай буу байна. Уг буу нь галт зэвсэг Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн, 16х70мм-ийн калибртай байна. Уг галт зэвсэг нь 16х70мм-ийн калибртай сумаар буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь "Галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн сан"-д иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдээгүй байна. Мөн галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгионы мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 72-76 дахь хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмөр Н3051, онгоц мод Н3051, замаг Н3051 дугаартай буу нь ан агнуурын зориулалттай, ИЖ-54 загварын гөлгөр гол төмөртэй буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 1956 онд хуучнаар ЗХУ-ын зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, 12х70мм-ийн калибртай. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан хонгионд үүссэн мөрүүд нь галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хошуу, хонгионд үүссэн мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиудад ямар нэг эвдрэл, гэмтэлгүй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 79-83 дахь хуудас),

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн их бие 17962 дугаартай гар буу нь нулимс асгаруулж, амьсгал боогдуулах, дуу чимээ гаргах зориулалттай гадаад хэлбэр хийцийн хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн WALTHER COMBAT-PP загварын гар буу байна. Уг гар буу нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гар буу нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад бие хамгаалах зориулалтаар үйлдвэрлэгдсэн, 9мм Р.А калибртай. Шинжилгээнд ирүүлсэн гар буу буудлага үйлдэх боломжгүй тул эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгионд үүссэн мөрүүдтэй тохирох эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь буудлага үйлдэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн цохигч шөвөг төмөр хугарсан, цохих буулгах механизм эвдрэлтэй тул буудлага үйлдэх боломжгүй. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-91 дэх хуудас),

              Зэвсэгт хүчний жанжин штабын Материал, техникийн газрын пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Хишигсүрэнгийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/1079 дугаартай “...Шинжилгээнд хамрагдсан 7.62x39 мм-ийн ПС загварын 5 ширхэг сум нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, байлдааны зориулалттай, Калашниковын 7.62 мм-ийн автомат, гар пулемётод зориулагдсан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ашиглагддаг болно” гэх мэргэжлийн дүгнэлт (хавтаст хэргийн 97 дахь хуудас),

              Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан, санал хүсэлт нийлж байна. ...№1 дугаартай бууны нэр нь Маузер гэдэг бөгөөд миний сонирхдог 1940-д оны цэргийн хувцас дээр уг бууг ижилсүүлэхээр 2010 оны орчимд хувь хүнээс худалдан авсан юм. ...ямар нэг бичиг баримтгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

               

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             

              Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             

              Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэв.

              Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг ... дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mauser 98к загварын цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн винтов бууг хэрэгцээний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабт шилжүүлж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тоглоомон бууг шүүгдэгч Н.Б-д буцаан олгохыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.     

              Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.           

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оршин суух ... дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mauser 98к загварын цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн винтов бууг хэрэгцээний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабт шилжүүлж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тоглоомон бууг шүүгдэгч Н.Б-д буцаан олгохыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ