Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 183

 


2017.07.16


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0194/Э

Дархан-Уул аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 201609000603 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***, 1950 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *** суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн дугаар ***
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын сангаас 10.538.491 төгрөгийг шунахай сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар авч нийгмийн даатгалын санд үлэмж хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч *** нь ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай “...*** авто хүнд механизмын хэсэгт слесариар... 1973 оны 3-р сарын 15-аас эхлэн авч ажиллуулсугай” гэх ажилд авах тухай тушаал,
Түлш эрчим хүчний яамны харъяа ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1986 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 267 дугаартай “***ыг ажлын шаардлагаар мөн хэсэгт нь Белазын жолоочоор 1986 оны 7 сарын 1-ээс эхлэн шилжүүлэн ажиллуулсугай” гэх ажилд шилжүүлэн томилох тухай тушаал,
Түлш эрчим хүчний яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 388Б дугаартай “...Авто хүнд механизмын хэсэгт белазын жолооч ***... нарыг 1994 оны 10 сарын 20-оос эхлэн ажлаас чөлөөлсүгэй” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаал, 
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар Архивын тасгийн 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 56 дугаартай “Балчиндоржийн Батжаргалын 1987, 1988, 1989, 1990, 1991 Шарын голын нүүрсний уурхайд белазын жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэн 1973 оны 3 дугаар сарын 15-аас 1994 оны 10 дугаар сарын 20-ыг дуустал Шарын голын нүүрсний уурхайд слесарь, белазын жолоочоор ажиллаж байсан гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгож 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын сангаас 10.538.491 төгрөгийг тэтгэвэр илүү авсан болох нь: 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор зохих материалаа бүрдүүлж Нийгмийн даатгалын хэлтэст өгсний дагуу Нийгмийн даатгалын хэлтсээс 8 жилийн турш тэтгэврээ авсан. 2016 оны 6 сарын сонгуулийн үеэр миний тэтгэвэр хаагдаж, улсын байцаагчаас 26.000.000 төгрөгийн акт тавигдаж өнөөдрийг хүртэл буюу 1 жилийн турш тэтгэвэр аваагүй. Миний тэтгэвэр тогтоолгох нас болж Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан *** гэдэг хүнтэй уулзаж ямар материал бүрдүүлж өгөх талаар зөвлөгөө авсныхаа дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Миний хувийн хэрэг ямар материалаас бүрдсэн, тэтгэвэр яаж тогтоогдсон талаар судалж, сонирхож, асууж лавлаж байгаагүй. Анх миний тэтгэвэр 140.000 төгрөгөөр тогтоогдсон. Дараа нь 182,000 төгрөг болж жилийн дараа 200,000 төгрөг, хамгийн сүүлд 400,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Би энэ 8 жилийн хугацаанд нийт 26,000,000 гаран төгрөг авсан байсан. Улсын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад хүлээн зөвшөөрөөгүй вэ? гэхээр би тэтгэвэрт гарахдаа шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн. Яагаад ийм байдал хүрсэн талаар ***оос асуух гэсэн боловч нас барсан байна лээ. Гэхдээ би 8 жилийн хугацаанд 26,000,000 гаран төгрөгийн тэтгэвэр авч амьдралдаа хэрэглэсэн нь үнэн. Улсын байцаагчийн тавьсан актын дагуу шалгагдаж илүү тогтоогдсон нь тогтоогдсон. Иймд би илүү авсан мөнгөө тооцож Нийгмийн даатгалын хэлтэст төлж хохирол төлбөргүй болгосон гэх мэдүүлэг,
- Нийгмийн даатгалын санд 10.538.491 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ гэх хохирогчийн мэдүүлэг,
-  ***ын тэтгэврийн хувийн хэрэгт байх тушаалуудыг архивт хадгалагдаж байгаа эх хувьтай нь тулгаж шалган акт үйлдсэн гэрч ***, ***нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн акт,
- “Би 2003 оноос Дархан сумын 4 дүгээр багийн засаг даргаар ажилласан, 2011 оноос 4 дүгээр баг хоёр хуваагдаж *** баг болоход *** багийн Засаг даргаар одоог хүртэл ажиллаж байна, ***ын тэтгэвэрийн хувийн хэрэгт байгаа Маягт №5 баримтыг би бөглөөгүй, Асуумжийн дагуу бичсэн бичиглэл нь миний бичгийн хэлбэр биш байна, Гарын үсэг нь миний гарын үсэгтэй төстэй юм...” гэсэн гэрч ***ы мэдүүлэг,
- “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай ***ын “Цалингийн тодорхойлолт” дээрхи гарын үсэг миний гарын үсэг биш байна, Миний овог Д үсгээр эхэлдэг, Энэ албан бичиг дээр Б гэж бичсэн байна, Мөн байгууллагаас гаргаж байгаа албан бичгийн огноо дугаарыг тухайн үеийн тасгийн дарга ***, сан хөмрөгч миний бие, архивч ***нар гараар бичдэг байсан, Гэтэл бичсэн дугаарыг харахад бид 3-ын бичгийн хэв биш байна...” гэсэн гэрч ***ын мэдүүлэг,
- Тэтгэврийн хувийн хэрэг, түүнд хавсаргасан ***ыг Шарын голын нүүрсний уурхайд слесарь, белазын жолоочийн ажилд томилсон, чөлөөлсөн гэх ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай,  Түлш эрчим хүчний яамны харъяа ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1986 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 267 дугаартай, Түлш эрчим хүчний яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 388Б дугаартай тушаалууд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар Архивын тасгийн 2010 оны 4 дүгээр сарын    2-ны өдрийн 56 дугаартай “***ын Шарын голын нүүрсний уурхайд белазын жолоочоор ажиллаж, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад авч байсан гэх цалингийн тодорхойлолт,
- тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан тушаал, цалингийн тодорхойлолтууд нь хуурамч болохыг нотолсон Дархан-Уул аймгийн архивын тасагт хадгалагдаж байгаа “ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай “Барамсайн хариуцаж байсан багаж хэрэгслүүдийг шинээр томилогдсон слесарь Батжаргалд хүлээлцүүлэх комисс томилсугай” гэх ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаал,
Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1986 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №267 дугаартай “Нүүдэл зөөвөрт зарцуулсан экс №26-ын машинч Мусаровыг 58 цаг, туслах ***, *** нарыг түс бүр 58 цаг, цагаар ажиллуулсугай” гэх ажилчдыг цагаар цалинжуулах тухай тушаал,
Түлш эрчим хүчний яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №388б дугаартай “1994 оны 10 сарын 13-ны шөнө ажилтай байх үедээ 18тн нүүрс хулгайлан ачиж малчны өвөлжөөнд буулгасан уурхайн АХМХ-ийн жолооч ***, нүүрс гаргах хэсэгт эксковаторын туслах машинч *** нарын хөдөлмөрийн гэрээг 10 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэх хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, 
 - *** нь 1971 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1972 оны 6 дугаар сарын 26 хүртэл, 1975 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын *** ажиллаж байсан, 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж Дархан хотын АДХГЗ-нд, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Бадрал” ББХК-ийн  захирлаар ажиллаж байсан болохыг нотолсон Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаартай шийдвэр, Улаанбаатар Төмөр замын ашиглалтын албанаас ***д 1975 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар төмөр замын ашиглалтын албаны даргын 1971 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/393 дугаартай, 1972 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/224 дугаартай, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн  Б/1/250 дугаартай, 1985 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/2/330 дугаартай тушаалууд, *** төмөр замд 1984-1985 онуудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 835 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2-1353 дугаартай Дархан хотын АДХГЗ-ны зохион байгуулагчаар ажиллаж байсан ***ын 1985-1990 авч байсан цалингийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт оногдуулах ялаас хөнгөрсөн, шүүгдэгч ***ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ***ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан 10.538.491 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. 
2. Эрүүгийн хариуцлага оногдуулах тухай
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. 
Шүүгдэгч ***д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний *** төрсөн 67 настайг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба маркийн 42 инчийн зурагт, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Акира маркийн хөргөгч зэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ***ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч ***ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий *** маркийн 42 инчийн зурагт, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Акира маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР