Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2022/00025

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2022/00025

Сэлэнгэ аймаг

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөд Солонгос Улсын иргэн И А ******* /РД:kr-81100302/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Ганзам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 3 дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, Их мянган овогт Мижиддоржийн Билгүүн /РД: МЮ-85111513/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.Билгүүн / онлайн /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И А *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэлийн үндэслэл: И А.******* би М.Билгүүнтэй анх 2008 онд анх Солонгос Улсад танилцсан 2011 оноос хамт амьдарч 2012 онд бидний хүү Төгөлдөр мэндэлсэн. 2014 онд гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан. Хамтын амьдралын хугацаанд Билгүүн байнга архи уудаг, согтуу үедээ зоддог мөн компьютер тоглоомонд донтсон байсан.

М.Билгүүн 2014 онд Монгол Улс руу буцсан үүнээс хойш бидний харилцаа холбоо тасарсан. Харин намайг хааяа нэг Монголд очиход мэдчихсэн ах дүү нарыг минь уулзуулахгүй бол хогчин шүү гэж дарамтладаг. Иймээс бид хамт амьдрах ямарч боломжгүй олон жил тус тусдаа амьдарсан М.Билгүүнтэй хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсан учраас миний хувьд Монголд очих нь эрсдэлтэй, айдастай байдаг.

И А.******* миний хувьд бага насны хүүхэдтэй дэлхий нийтийн хэмжээнд цар тахал хөл хорио тавигдаж байгаа энэ үед Монгол Улсад очиж шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байгаа шалтгааныг минь хүлээн авч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа болно.Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд: И А ******* болон М.Билгүүн бидний 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлээ батлуулсан тул гэрлэлт цуцалж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: / хх 36, 38 / ...Хариуцагч М.Билгүүн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр маргахгүй ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй ээ гэсэн тайлбар ирүүлсэн байгаа учраас хурал давхцсан нөхцөл байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Билгүүн нь шүүх хуралдаанд / онлайн / өгсөн тайлбартаа:

... Би 2008 онд БНСУ-д ажил хийхээр очсон. Удалгүй би 2008 оны өвөл И.А.*******той танилцаж 2009 оноос эхлэн байр түрээсэлж хамт амьдарч эхэлсэн. 2012 онд бидний хүү болох Төгөлдөр мэндэлсэн. Ингээд амьдарч байгаад би хууль бусаар ажиллаж байсан болохоор 2014 оны 02 дугаар сард цагаачлалын албанд баригдаад Монгол улс руу буцаасан. Удалгүй 2014 оны 08 дугаар сард И.А.******* Монгол улсад ирээд бид хоёр гэрлэлтээ батлуулсныхаа дараа буцаж явсан. 2014 оны өвөл хадам ээж болох Сүх-Аюуш ирээд миний хүү Төгөлдөрийг Солонгос улс руу аваад явсан. Би хүүгээ Солонгос явснаас нь хойш 2 удаа л холбоо барьсан. Түүнээс хойш холбоо тасарсан мөн миний мэддэг цахим хаягуудыг бүгдийг нь устгачихсан байсан. Би амьдарч байх хугацаандаа И.А.*******д гарч хүрч ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би одоог хүртэл хүүхэдтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа. Одоо нэгэнт тус тусдаа гэр бүл зохиочихсон байгаа учраас гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Би И.А.*******ыг ямар шалтгаанаар намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж нэхэмжлэлдээ бичсэнийг хэлж мэдэхгүй байна. Солонгос улсад хамт амьдарч байсан Монголчууд хүртэл бид хоёрыг ямар нэгэн байдлаар маргалдаж байсныг нэг ч удаа харж байгаагүй. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэх.

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

Солонгос улсын иргэн И.А.*******ы ... М.Билгүүнээс гэрлэлтээ цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь; нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн ... гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 1-20, 33-34, 38 дугаар талд авагдсан И.А.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч И.А *******ы иргэний үнэмлэхний хуулбар, хүү Билгүүний Төгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны хуулбар, нэхэмжлэгч И.А.*******ы хүсэлт, эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, гэрлэлтийг бүртгэсэн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1,132.4, 132.5, 135.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Их мянган овогт Мижиддоржийн Билгүүн, И.А ******* нарын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 0177 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар болон дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хуулийн хүчин ******* болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН