| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ДШМ/36 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/36
С.Цогтжаргалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0080/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Уянга
Шүүгдэгч С.Цогтжаргал
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Сангисамбуугийн Цогтжаргалд холбогдох, 2118000000068 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 02-нд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1-9 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ВМ76100211 регистрийн дугаартай, Бавуу овогт Сангисамбуугийн Цогтжаргал.
Шүүгдэгч С.Цогтжаргал нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1-9 тоотод гэртээ иргэн Б.Энхбаярын нүүр хэсэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн доод эрүүний булан орчмын болон зүүн хоншоор хэсгийн 3 шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Бавуу овогт Сангисамбуугийн Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Цогтжаргалыг 2 сарын хугацаагаар өөрийн оршин суух газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3.д зааснаар шүүгдэгч С.Цогтжаргал нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Энхбаярын 1.814.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цогтжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт “...шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх...” үүрэгтэй гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч С.Цогтжаргалд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялтны эрхэлсэн ажил, гэрийн хаяг байршил, ямар маршрутаар хэрхэн зорчих, зорчих чиглэлийн бүс тогтоосон аймаг, сум, баг, хороо газрын нэрийг тодорхой тогтоож өгөөгүй, мөн ялын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй, хяналт тавих эрх бүхий байгууллагыг тодорхойлж заагаагүй байгаа нь ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ бүхий байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Цогтжаргал:
Байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагаа, хэргийн нөхцөл байдал болон шийтгэх тогтоолыг нь хянаж үзвэл:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч С.Цогтжаргалыг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран толгойн 1-9 тоотод гэртээ иргэн Б.Энхбаярын нүүр хэсэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн доод эрүүний булан орчмын болон зүүн хоншоор хэсгийн 3 шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч С.Цогтжаргалын үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн болон хохирогч Б.Энхбаярын мэдүүлэг, гэрч Д.Сайханзул, Ө.Гэрэлмаа, А.Шинэбаяр, Б.Гантуяа нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021-02-26-ны өдрийн 140 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хэд хэдэн ялаас оршин суух газраас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа шүүгдэгч нь энэ ялыг хэрхэн, яаж эдлэх талаар огт заагаагүй, шүүгдэгч одоо хаана, ямар ажил үүрэг гүйцэтгэдэг, эсхүл сурдаг эсэх, түүний оршин амьдрах гэрийн хаяг, байршил тодорхойгүйгээс гадна зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар маршрутаар, хэдийн хэмжээний зайд зорчих талаар мөн зорчих чиглэлийн бүс тогтоосон нутаг дэвсгэр буюу аймаг, сум, баг, хороо газрын нэрийг тодорхой тогтоогоогүй.
Түүнчлэн шийтгэх тогтоолд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээдэд шүүх ямар үүрэг хүлээлгэсэн эсэх нь ойлгомжгүй, хэрвээ шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл тухайлбал хяналт тавьж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх зэрэг үүрэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар болон шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх талаар ч заагаагүй байна.
Мөн ялын хэрэгжилтэд хэн, хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй, хяналт тавих эрх бүхий байгууллага, субъектийг тодорхойлж заагаагүйгээс ял хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд...шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлж байгаа нь... шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд энэ талаар бичсэн Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сангисамбуугийн Цогтжаргалд холбогдох, 2118000000068 дугаартай 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Цогтжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА