Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 192

 


2017.07.26


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс 166/2017/0198/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Ихтамир даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 201709000313 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***-нд Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, ажилчин, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  ***тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Урьд: 
- 2007 оны 4 сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаатайгаар хойшлуулсан,  
- 2008 оны 1 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлийн 57.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,  
¬¬- 2011 оны 12-р сарын 15-нд өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 9 сар хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаад 2015 оны 4-р сарын 27-нд хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ***, РД:Т***,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2015 оны 04 дүгээр сараас эхлэн хамтран амьдрагч ***ийн байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 


                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ийг 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
- *** намайг шоронд орсон болохоор “чи шоронд ял эдэлсэн ялтан биз дээ” гээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч байж суухын аргагүй болтол хэлдэг. Тэгэхээр нь би уурласандаа болоод алгадчихдаг... гэх шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 
- *** намайг удаа дараа зодсон гэх хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/,
- Миний мэдэж байгаагаар *** нь 2015 онд ***ийг нэг удаа зодсон. Тэгэхэд гэмтэл шарх аваагүй, толгой нь өвдсөн тэгээд бариулаад зүгээр болсон. 2016 оны 10-р сард ***ийг очиж авахад уруул нь хавдчихсан байсан. Мөн жирэмсэн учир нилээд сэтгэлийн хямралтай болчихсон байсан гэх гэрч Т.Болорцэцэгийн мэдүүлэг, /хх-ийн- 26/,
- Нэг орой ах *** 1 цагийн орчимд утсаар залгаад ТИС-ийн урд хүрээд ир гэж дуудсан тэгэхээр нь яваад очтол ***, ах хоёр байсан. Юу болсон талаар асуухад “хуучин залуу руугаа явна гээд байхаар нь хоёр алгадчихлаа” гэж хэлсэн гэх гэрч ***гийн мэдүүлэг /хх-ийн 25/,
- *** нөхөр ***тай байнга л хэрэлдсэн зодолдсон гэж ярьдаг байсан... гэх гэрч Б.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 27/,
- Эрсдлийн түвшин “дунд” байна гэх Аюулын зэргийн үнэлгээ /хх-5-6/,
- Хохирогчид учруулах аюулын эрсдлийн түвшин харьцангуй бага гэж үнэлнэ гэх гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-13-17/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч ***, хохирогч *** нар нь 2010 онд анх танилцаж, гэр бүлийн харилцаатай болж, тэдний дундаас 2 хүүхэд төрсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно гэж заасан байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт “хамтран амьдрагч” нь хамаарч байх тул хохирогч ***ийг шүүгдэгч ***тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч ***г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан оногдуулах ялын хэмжээ ихсэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч ***г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэг нь 1 сараас 3 сар хүртэл баривчлах ялтай тул шүүгдэгч ***д 2 сар 20 хоногийн баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлүүдэд баривчлах ял байхгүй болсон байна. 
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” заасныг дагуу шүүгдэгч ***г 2 сарын 20 хоногийн баривчлах ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар шүүгдэгч ***г 2 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч ***г 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснааар оногдуулсан 2 сар 20 хоног сарын баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй.
4. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ИХТАМИР