Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2022/00708

 

 

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2022/00708

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг, 13 байр 95 тоотод оршин суух Боржигон овогт Ганболдын ******* /РД: ЦЖ86112664/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг, Буурагчин ногоон дов гудамж 1-09 тоотод оршин суух Хачид овогт Хишигдоржийн ******* /РД: МЕ84083113/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сум 1 дүгээр баг 56-148 тоотод оршин суух Боржигин овогт Гантөмөрийн ******* /РД: ЦВ84090908/ нарт холбогдох

35,134,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Х.*******, Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* миний бие нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Х.*******оос 1 000 000 төгрөгийг нэг сарын 20%-ийн хүүтэйгээр анх зээлж авч байсан. Тухайн үед би хувийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, тогтмол орлоготой байсан учраас зээлийн хүүг хэт өндөр байгааг тооцолгүйгээр авч байсан. Би энэ мэтээр үргэлжлүүлэн зээл авч, өгөлцсөөр 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Х.*******оос би нийт 86 865 000 төгрөгийн зээл авч, буцаагаад зээл, зээлийн хүүнд X *******ийн данс руу нийт 115 999 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэтэл Х.*******, түүний эхнэр Г.******* нар нь цаг минут тутамд утас руу залгаж "элдэв үгээр хараан зүхэж, гэрт ирж одоо мөнгө олж өг өгөхгүй бол явахгүй, олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө гэх мэтээр байнга дарамталж айлган сүрдүүлдэг байсны улмаас дарамт шахалтад орж хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлж өгсөн. Х.*******. Г.******* нар нь өндөр хүүтэй мөнгө зээлэхийн зэрэгцээ үндсэн мөнгөнөөс гадна хүүнээс хүү тооцон их хэмжээний мөнгө нэхэмжилж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж намайг хохироож ирсэнд гомдолтой байна. Ингээд зогсохгүй эхнэр Г ******* нь нөхрийнхөө өмнөөс 2020 оны 06-дугаар сарын 29- ний өдөр 34 450 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр дарамталж байгаад гарын үсэг зуруулаад тэр гэрээгээрээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд өгч хүчээр дагуулан очиж эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж захирамж гаргуулсан. Одоо энэ захирамжийн дагуу ШШГАжиллагаа явагдаж миний бүх дансыг битүүмжилсэн. Дээрх хүмүүсийн мөнгийг төлөхийн тулд хүмүүсээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөө төлж чадаагүйн улмаас би хүнд байдалд орж цагдаагийн байгууллагад дуудагдаж баривчлагдан шүүхээр орж торгуулийн ял авч нэр төр амьдралаараа давхар хохирсоор байна.

Мөн миний ээж /Ш Оюунчимэг/-рүү утсаар ярьж охин чинь хаана байна. хурдан мөнгө олоод өгөөдөх гэж айлган сүрдүүлж. худалдаа эрхэлдэг газар нь ирж орилж хашгиран дарамталж орлогыг нь дансандаа хийлгэн авдаг байсан /дансны хуупгаар нотлогдоно/ Би X.*******, Г.******* нарт өдөр тутмын орлого, зарж борлуулдаг ном сурах бичиг, бичгийн хэрэгслээсээ өгсөөр байгаад зарах бараа эргэлтийн хөрөнгөгүй болж бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Х.*******ийн эхнэр надаас 34 450 000 төгрөгийн төлбөр гаргуулахаар ШШГГ-т өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж одоогийн байдлаар 240 000 төгрөг данснаас суутгуулан авсан байна. X *******оос зээлсэн зээлийн хэмжээ 86,865,000 төгрөг болсон бөгөөд би 115,999,000 төгрөг буцааж өгсөн атал давхар 34,450,000 төгрөгийн ШШГАжиллагаа явагдаж байгаа учраас зөрүү 35,134,000 төгрөгийг буцаан гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймээс х.*******ид илүү төлсөн 35,134,000 төгрөгийг иргэн надад гаргуулж өгнө үү...гэх.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Х.*******оос 35,134,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнээс 2 жилийн хугацаанд бид хоёрын дунд дансаар мөнгө өгч авсан тооцоо байсан. Уг тооцоог дахин шалгаж үзсэн. Нэхэмжлэл дээрээ болохоор 86,865,000 төгрөгийг авсан гэх боловч дансаа дахин шүүхэд 1,361,000 төгрөгийн зөрүү буюу 3 удаагийн гүйлгээг орхидуулсан байна. 88,266,000 төгрөг нийт авсан байна. Тэгээд буцааж өгсөн үнийн дүн маань 115,999,000 төгрөг гэсэн байна. Үүн дээр би *******ын хойд эцгийн данс руу ангийн хүүхдийнхээ данснаас шууд шилжүүлсэн. Тэр маань хэргийн материалд орсон. Ямар материал байгаа вэ? гэхээр тухайн мөнгийг Улаанбаатар хотод байдаг ангийн хүүхдээсээ зээлж авч өгсөн. Тэгээд миний ээж Оюунчимэгээс Х.*******ийн дансанд 495,000 төгрөг орсон байна. Бас би өөрийнхөө данснаас *******ын данс руу 3,428,200 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд нийтдээ 120,999,000 төгрөг болсон. Х.******* нь өгсөн тайлбар дээрээ *******тай хийсэн мөнгө төгрөгийг ерөөсөө мэдэхгүй гэж хэлсэн байсан. Үүн дээр тайлбар хэлье. *******, ******* хоёр над дээр өөрсдөө ирээд мөнгө авч явдаг байсан. ******* энэ асуудлыг мэддэг байсан. Би өөрөө ганцаараа ажилладаг. Манайх Дархан-Уул аймагт худалдаа эрхэлдэг байсан. Олсон мөнгө зээлэндээ өгөөд барааны эргэлтийн мөнгөгүй болсон. Нэг ёсондоо амьжиргааны үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Манай ээж одоо лангуу дээрээ зогсож чадахгүй. Зүрх дэлсээд хэн хаанаас мөнгөө нэхээд ирэх бол гэсэн айдас автаад хэзээ бид нар байрнаасаа хөөгдөх бол гэсэн айдастай байгаа тул надад гомдолтой байна. Илүү төлсөн мөнгөө шаардаж байгаа, 86,865,000 төгрөгийг аваад нийтдээ 120,000,000 төгрөг өгсөн. Тэгэхээр 120,000,000 төгрөгийг өгсөн байхад надаас дахиад 35,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нийтдээ би энэ хүнд 70,000,000 төгрөгийн илүү төлөлт хийж байна. Мэдээж хүн хүүтэй зээлсэн бол өгөх нь зүйтэй. Гэхдээ би илүү өгч чадахгүй учраас илүү төлсөн мөнгөн дүнгээ нэхэмжилж байна. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд мөнгө зээлсэн. Нийт 86,865,000 төгрөг зээлсэн. Сарын 20 хувийн хүүтэй зээлсэн. Хүү болон зээлсэн мөнгөний талаар гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй, амаар хийсэн, мөнгө цувуулж өгч байсан, дансаар өгч авдаг байсан, гэрээг хоёулантай нь хийсэн. Үндсэн зээл, хүү нийлээд төлсөн. Би тухайн үедээ өгч байх үедээ дансны гүйлгээ шалгаж байгаагүй. 115,919,000 төгрөгийг төлөөд дууссан. Хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сүүлийн мөнгийг өгсөн. Би илүү төлөлт хийсэн учир үүнийгээ буцааж авах хүсэлтэй байна. Тооцоо хийж байгаагүй болохоор алдаа гаргасан байна. *******, ******* хоёр байнгын мөнгө нэхэж дарамталж байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр баримт өгсөн. Мөнгө өг өгөхгүй бол цагдаад өгнө гэж дарамталж байсан. Тийм учраас нэгдүгээрт би дарамтад орсон. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн асуудал яригдаж байна. Эвлэрлийн гэрээ байгуулж надаас 35,000,000 төгрөг авсан. Нийтдээ надаас 70,000,000 төгрөг авсан учраас надад хохиролтой байна. Эвлэрүүлэн зуучлагчаар ороогүй 34,450,000 төгрөгийг өгөөгүй байсан бол шүүгчийн захирамж гараагүй байсан орхих байсан. Гэтэл над дээр шүүгчийн захирамж гаргаад 34,450,000 төгрөг гаргуулах болсон. Би үүн дээр гомдолтой байна. 34,450,000 төгрөгт 2 жилийн хугацаанд өгч авсан мөнгөн дүн энэ мөнгөн дотроо байсан. Зээлийн мөнгөнд хамаатай. 22,450,000 төгрөгийг хүүтэй нийлүүлээд 34,450,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ дээр гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ 24,450,000 төгрөг чинь эвлэрлийн гэрээ дээр дахин зурсан гэсэн үг юм. Тэрнээс биш уг мөнгийг шууд дансаар юм уу бэлнээр аваад эвлэрсэн зүйл надад байхгүй. Уг мөнгийг төлж байгаа, нэхэмжлэлийн шаардлагатай хамаатай, эвлэрлийн гэрээн дээр заасан мөнгийг би давхар төлөөд байна. Энэ нь надад эдийн засгийн асар их хохирол үүсгэж байна. Гомдолтой байгаа учраас дансны хуулга шүүж үзсэн. Өгсөн мөнгөн дээрээ дахин эвлэрч байгаа юмуу өгөөгүй мөнгөн дээрээ эвлэрээд байгаа юм уу? гэдэг дээр эргэлзээ төрсөн. 86,000,000 төгрөгийн хүү 35,000,000 төгрөг байлаа гэж бодоход би ингээд хүүг нь өгөөд эвлэрсэн байгаа хэр нь дахиад илүү төлөлт хийгдсэн байна. Хоёр давхар 35,000,000 төгрөг яваад байна. Энэ хоёр цуг ирээд надаас мөнгө нэхсэн. Дарханд лангуу, гэрт, зах дээр ч ирээд мөнгө нэхэж байсан. Мөнгө зээлсэн авсан асуудлыг ******* өгсөн гэж хүлээн зөвшөөрсөн хэр нь 26,500,000 төгрөгийг үлдэгдэл мөнгө гэж тайлбарлаад байна. Үүн дээр санал нийлэхгүй байна. Дансны баримт дээр маргахгүй гэж хэлсэн. Эвлэрлийн гэрээг ямар үр дагавартай байдаг талаар мэдээгүй учраас би гарын үсэг зурсан нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа, яагаад энэ мөнгө зээлсэн мөнгөнийхөө үлдэгдэл гэж гаргаж ирсэн талаар ойлгохгүй байна. 114,645,200 төгрөгөөс 87,650,000 төгрөгийг хасаж үзэхээр 27,480,000 төгрөг болж байна. Уг мөнгө дээрээ хойд эцгийн данс руу хийсэн 5,000,000 төгрөгийг хийсэн. Энэ мөнгө нэхэмжлэлийн шаардлага дээр бичээгүй учраас зөрүү гараад байна. 35,145,000 төгрөг маань 27,480,000 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлага маань буурч байна. 114,645,200 төгрөгөөс 87,165,000 төгрөгийг хасахаар 27,480,000 төгрөг болж байна. Багасгаад 27,480,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. 7,654,000 төгрөгөөс татгалзаж байна гэх.

 

Хариуцагч Х.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 106-107 дугаар тал/ Нэхэмжлэгч Г.*******гийн шүүхэд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие гэр бүлийнхээ хүний хамт Ерөө сумын БТЕГ уурхайд ажиллаж байхад Г.******* мөн тухайн уурхайл ажилладаг байсан бид гэр бүлийн найзууд юм. Би түүнтэй дээрх нэхэмжлэлд дурдсан шиг ярилцан тохиролцож, мөнгө зээлдүүлэн, өгч авалцаж байсан удаагүй. Яагаад надад тохиролцон мөнгө зээлж өгөлцөж авалцаж байсан мэтээр шүүхэд худал нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Миний Хаан банкин дахь харилцан дансыг эхнэр маань ашигладаг. Г.*******гийн гуйлтын дагуу хүнээс мөнгө зээлэн дамжуулж байгаа талаар эхнэр маань надад цухуйлгаж байсан. Гэхдээ түүнийг энэ хэмжээний их мөнгө авч байсан талаар огт мэдээгүй. Эхнэр маань надад хэлэхдээ ...Г.******* надад зөвлөсөн, НДШ төлдөг учраас дансны гүйлгээг сайн хийвэл Солонгос улс руу гарах виз хүсэхэд гарах магадлал маш өндөр байдаг гэж байна. Тийм болохоор дансаар чинь гүйлгээ хийж орлого их орж байгаа мэтээр гүйлгээний түүх ихэсгэе гэсэн. Тухайн үед би Солонгос улс руу явахаар судалж байсан юм. Үүний дагуу Г.*******г гуйх тоолонд хүнээс мөнгө зээлж өгөөд буцаад авахдаа миний дансаар аваад нөгөө хүндээ гаргаж өгдөг байсан байгаа юм. Гэтэл намайг өөртэй нь огт мөнгөний асуудал яриагүй байхад надтай хохирсон мэтээр худал нэхэмжлэл гарган, намайг хариуцагчаар татаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Г.******* болон манай гэр бүлийн хүн /Г.*******/ хоёрын хооронд 2018 оноос эхлэн мөнгө өгөлцөж, авалцаж байсан асуудал үүссэн байсан. Энэ асуудал даамжирсаар Г.******* 2020 онд Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандан тухайн оныхоо 10 сарын 09-ний өдөр Г.*******тай тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан Г.******* нь Г.*******д 34,450,000 төгрөг өгөхөөр болж тохиролцон хэрэг нь эвлэрлийн журмаар шийдвэрлэгдсэн байсан.

Ингээд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамжтай/ эвлэрлийн журмаар нэгэнт шийдэгдсэн хэрэг учир дахин сөхөх, шүүхэд хандах боломжгүй болохоор хариуцагчаа солин надаас зээлж байсан мэтээр худал нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байгаа нь хууль бус юм. Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Дархан-Уул аймгийн ШШГГ-т шилжүүлээд 1 жилийн нүүрийг үзэж байгаа болохоор нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүрсэн. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би одоо мөнгөний асуудлыг сайн мэдэхгүй байна. Миний данснаас бол мөнгө орж гарсан нь үнэн. Хэдэн төгрөг ямар байдлаар орж гарсан асуудлыг би сайн мэдэхгүй. Надаас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Мөнгөний асуудлыг манай гэр бүлийн хүн ******* мэднэ.Тухайн данс миний цалин орж гардаг идэвхтэй данс юм. Надтай уулзаж мөнгө зээлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний дансаар мөнгө орж гарсан учраас намайг хариуцагчаар татсан байх, ерөнхийд нь энэ асуудлыг мэднэ. *******г бол танина, нэг газар хамт ажиллаж байсан. Миний ярьсан зүйл үнэн би худлаа яриагүй. Би мөнгө зээлсэн асуудалд оролцож байгаагүй. Эхнэр нялх биетэй байсан учир машин бариад хажууд нь явж байсан нь үнэн... гэх.

 

Хариуцагч Г.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 125 дугаар тал/ Г.******* шүүхэд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бидний хооронд болсон мөнгө зээлсэн, өгсөн авсан асуудал болсон нь үнэн. Анхнаасаа надтай холбогдуулан нэхэмжлэл гаргах байтал хаа хамаагүй манай нөхөрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь анхнаасаа шүүхэд худал мэдүүлж байсан нь илэрхий байна. Миний хувьд Г.*******тай холбоотой мөнгөний асуудлаа 2021 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж эвлэрлийн журмаар шийдвэрлүүлсэн. Энэ тухай эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамж, эвлэрүүлэн зуучлалын уулзалт хийсэн тэмдэглэл хүртэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Гэтэл шийдэгдээд дууссан энэ хэргийг, шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал дахин шинэ хэрэг мэт шүүхэд нэхэмжлэл гарган маргаад байгааг ойлгохгүй байна. Бид 2018 оноос эхлэн 2020 оны дунд үе хүртэл цувуулж, увуулж авсан, буцаан төлсөн нийт мөнгөнийхөө асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэн дууссан ба одоо Дархан-Уул аймгийн ШШГГ-т ажиллагаа хийгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Г.*******д мөнгө зээлж авч байсан бол үнэн. Санхүүгийн асуудлаа бол намайг гэр болон эдийн засгийн асуудлаа зохицуул гэсэн учраас нөхрийнхөө дансыг ашиглаж байсан... нөхрийгөө Солонгос улс руу гадагш гаргаж ажиллуулах төлөвлөгөөтэй байсан учраас дансны хуулга шаарддаг гэсэн учраас их хэмжээний мөнгө эргэлдүүлэхийн тулд нөхрийн дансаар мөнгө өгч авч байсан. Манай нөхөртэй бол ******* мөнгөний асуудал огт ярьж байгаагүй. Мөнгөний хүүний хувьд Г.******* өөрөө санал болгож байсан. Нийт 2 жилийн хугацаанд бид хоёрын дунд 86,500,000 төгрөгийг удаа дараа Г.*******гийн данс руу шилжүүлсэн байдаг. Буцаад надаа 115,999,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ үнийн дүнг би хүлээн зөвшөөрч байгаа, 86,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд 20 хувийн хүүтэй бодож тооцох юм бол үүнээс илүү их төгрөг гарна. Нийтдээ хүүний асуудал бол 50,000,000 гаруй төгрөг яригдана. Г.******* 35,000,000 төгрөгийг илүү төлсөн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Энэнээс гадна 26,500,000 төгрөгийн үлдэгдэл төгрөг дээр эвлэрүүлэн зуучлагчаар орж гэрээ байгуулсан. Уг мөнгөн дээр хүү тооцсон. Алданги бол тооцоогүй. Хүү бодсон чинь Г.******* 2 сарын хугацаа өгөөч гэж хэлсэн. Би мөнгө авч өгсөн хүнтэйгээ тохиролцоод хүүг нь бууруулаад 14 хувийн хүүтэй болгож түүний дагуу нэхэмжилсэн. Энэ бол тусдаа асуудал биш нэг л асуудал юм. Үлдэгдэл мөнгө нэхсэн. Тэгсэн би одоо ажилд орох гэж байгаа миний энэ байдлыг харгалзаад түр хүлээж өгөхийг хүссэн. Өөрөө хүсэлт тавьсан учир эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрлийн гэрээ байгуулсан. Тэгээд сар бүр өгөх ёстой байсан мөнгө өгөхгүй байсан учраас шүүхийн шийдвэрээр албан гүйцэтгэх ажиллагаа явуулж түүний дагуу ажиллагаа явагдаж байгаа. Г.*******гийн хувьд зээл төлөх болон хүүгээ төлөх хугацаандаа өгдөггүй байсан. Зээлсэн мөнгө нэг сарын дотор өгөхгүй. Авсан мөнгө дор хаяж 2-3 сар болгож байж өгдөг. Хүүг нь шилжүүлэх хугацаа болоод хүн нь мөнгө нэхэж эхэлдэг. Тэгээд *******гаас мөнгө асуухаар би хүнээс авч өгнө гэсэн хариулт өгдөг. Гэтэл энэ мөнгөний асуудал ******* бид хоёрын дунд хийгдсэн яриа юм. Хүү төлөх өдөр болохоор найздаа 2,000,000-3,000,000 төгрөг зээлж өгөхийг хүсдэг. Тэгээд уг мөнгөнөөс хүүг нь аваад үлдчих, зээлсэн хүмүүсийнхээ мөнгөний хүүг өгч бай гэж хэлдэг. Тэгээд зөрүү мөнгө төгрөгийг миний данс руу хийчих гэдэг байдлаар мөнгө авч байсан. Бид хоёр тохиролцоод 26,500,000 төгрөг дээр гэрээ хийе гэж шийдсэн. Уг ажиллагаа одоо хүчин төгөлдөр явагдаж байгаа, *******гийн гаргаж өгсөн дансны хуулга дээр бол би дандаа өөрийнхөө нэрийг бичиж гүйлгээ хийдэг байсан. Энэ мөнгийг Г.******* удаа дараа надаас найзад нь мөнгө хэрэгтэй байна. Аав минь нас барчихсан, ээж эмнэлэгт сэхээнд байна. Барааны мөнгө эргэлтгүй болсон, найзуудтайгаа зугаалгад явж байна. Найзад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа авч байсан. Г.*******гийн нэхэмжлэлтэй бол мөнгөн дүн бол зөрж байгаа, би 93,450,000 төгрөгийг Г.*******гийн данс руу шилжүүлсэн. Дансны хуулгыг үзсэн. Г.******* өөрөө товчлоод бичсэн байсан дээрээ миний зээлүүлсэн мөнгийг өөрөө надад буцааж өгсөн болгоод зарим зээлүүлсэн мөнгөн дүнг давхар бичсэн байсан. Дансны хуулгыг үзсэн, 93,450,000 төгрөг болж байсан, өөр хүний дансаар өгсөн мөнгөн дүн байгаа, Бадамцэцэг хүний данс руу 4,000,000 төгрөг хийлгэж авсан. Нэхэмжлэл дээрээ Г.******* нь мөнгөн дүнгээ давхардуулж бичсэн байсан. 114,000,000 төгрөг үндсэн зээлүүлсэн мөнгө болон хүүгийн нийт үнийн дүн, дандаа аман гэрээ хийж 20 хувийн хүүтэй зээлж байсан. Хүүгийн саналыг бол анх Г.******* өөрөө тавьсан. Эвлэрлийн гэрээ дээр ч маргаан үүсгэх боломжтой байсан гэтэл хүлээн зөвшөөрсөн. 86,500,000 төгрөгийн үлдэгдэл мөнгө, үндсэн нь 26,500,000 төгрөг, хүү нь сарын 15 хувийн хүүтэй гэж тооцоод нийт 34,450,000 төгрөг гэж тооцсон. Гэтэл Г.******* намайг сүрдүүлж дарамталсан гэж ярьж байна. Би бол сүрдүүлсэн зүйл байхгүй. Өөрийнх утас руу залгахаар огт утсаа авдаггүй. Удаа дараа гэрт очихоор зугтаагаад алга болдог. Би өөрөө нялх биетэй, нялх хүүхэдтэй хүн тийм учраас нөхрөө дагуулж машинаа бариулж явахаас өөр аргагүй нөхцөл үүсдэг байсан учраас нөхөртэйгөө цуг очдог байсан. Энэ бол нэг л асуудал үүнийг хоёр болгож ярьж байгаа талаар ойлгохгүй байна. Г.******* манайд ирж байсан. Тэгээд данс тооцоогоо тулгая гэж хэлэхээр чи бид хоёр биеэрээ уулзсан уулзаагүй чанарын ялгаа байхгүй гэж хэлдэг байсан. Нилээн их мөнгөний асуудал яригдсан учраас бага мөнгөн дүн дээрээ гэрээ хийе манай найзуудад их хэмжээний мөнгө хүндрэлтэй байна гэж үзсэн. Энэ бол нэгэнт шийдэгдсэн. Би үлдэгдэл мөнгө шүүхээр нэхэмжилсэн. Өөрөө санал нийлээд гарын үсэг зурсан. Уг мөнгө нь Г.*******гийн надад төлөх үлдэгдэл мөнгө юм. Мөнгө зээлэхдээ надаас авч байсан. Чат мессеж баримтаар байгаа, тиймээс дахиж нэхээд байгааг ойлгохгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдэгдсэн асуудлыг дахин шийдэх гэж байна гэх.

 

Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.******* нэхэмжлэлдээ ... Х.*******ийн эхнэр надаас 34 450 000 төгрөгийн төлбөр гаргуулахаар ШШГГ-т өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж одоогийн байдлаар 240 000 төгрөг данснаас суутгуулан авсан байна. X *******оос зээлсэн зээлийн хэмжээ 86,865,000 төгрөг болсон бөгөөд би 115,999,000 төгрөг буцааж өгсөн атал давхар 34,450,000 төгрөгийн ШШГАжиллагаа явагдаж байгаа учраас зөрүү 35,134,000 төгрөгийг буцаан гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Х.*******ид илүү төлсөн 35,134,000 төгрөгийг иргэн надад гаргуулж өгнө үү гэх шаардлага гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд ... нэхэмжлэлийн шаардлага болох нийт 35,134,000 төгрөгөө 7,654,000 төгрөгөөр багасган, 27,480,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон зохигчийн шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******, Г.******* нараас 2018 оны 06 сарын 05-наас 2020 оны 04 сарын 25-ныг хүртэл хугацаанд үргэлжлүүлэн амаар / аман хэлцэл / харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний хүүтэй мөнгө зээлж өгч, авалцаж байсан ба дээрх хугацаанд X *******оос зээлсэн зээлийн хэмжээ 86,865,000 төгрөг болсон бөгөөд, нийт 115,999,000 төгрөг буцааж өгсөн атал, давхар 34,450,000 төгрөгийн ШШГАжиллагаа явагдаж байгаа учраас зөрүү 35,134,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх, мөн тэрээр нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Х.*******, Г.******* нар нь өндөр хүүтэй мөнгө зээлэхийн зэрэгцээ, үндсэн мөнгөнөөс гадна, хүүнээс хүү тооцож их хэмжээний мөнгө нэхэмжилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж намайг хохироосон, эхнэр Г.******* нь нөхрийнхөө өмнөөс 2020 оны 06 сарын 20-ны өдөр 34,450,0000 төгрөгийг зээл гаргаад дарамталж байгаад гарын үсэг зуруулсан, тэр гэрээндээ сум дундын шүүхээр эвлэрэл дээр гарын үсэг зуруулж шүүгчийн захирамж гаргуулсан гэх тайлбар, мөн шүүх хуралдаанд хариуцагч Г.*******аас өгсөн ... бидний хооронд дээрх 87,165,000 төгрөгийг зээлж өгч, авалцсан болон зээл, хүү нь нийт 114,645,200 төгрөг буцааж авсан нь үнэн бөгөөд энэхүү тохиролцоон дээр маргах зүйлгүй, миний нөхөр Х.******* энэхүү зээлийн асуудалд хамаагүй юм. Харин Г.******* бид хоёрын хооронд амаар ярьж тохирон хийгдсэн асуудал бөгөөд түүний нэхэмжилж буй зөрүү гэх 35,134,000 төгрөгийн шаардлага нь Дарханы шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж шүүхээр баталгаажуулсан асуудал бөгөөд үүнийгээ л буцааж нэхэж байна хэмээн талууд маргаж байна.

Нэхэмжлэл болон зохигчийн шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хавтаст хэргийн 8 - 82 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс хариуцагч нарт буцаан өгсөн гэх мөнгөний тооцоо, Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд, уг зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигч гэрээний гол нөхцөлийн талаар / зээл, хүү, хугацаа / тухайн үед буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцсон ба улмаар зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал болох Г.******* нь 2020 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл зээлд 86,865,000 төгрөг, хүүд 29,134,000 төгрөг, нийт 115,990,000 төгрөг төлж, талууд тухайн үед энэхүү харилцаан дээр маргаангүй байснаас үзэхэд; Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д; үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д; өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдэж, дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагч нар нь хүүнээс хүү тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж намайг хохироож байна гэх боловч нэгэнт амаар байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу тухайн үед хүүгийн хэмжээн дээр талууд маргахгүйгээр үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь үүрэг дуусгавар болох үндэслэл болсон гэж үзнэ.

Харин хавтаст хэргийн 111-118 дугаар талд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 633 дугаартай эвлэрлийн гэрээгээр Г.******* нь Г.*******д зээл, зээлийн хүүд нийт 34,450,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсноос үзэхэд; өргөдөл гаргагч Г.******* нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Г.*******д 26,500,000 төгрөгийг 1 сарын 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн гэсэн нь цаг хугацааны хувьд талуудын өмнөх 2018 оны зээлийн гэрээтэй хамааралгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл; өмнөх зээлийн гэрээ нь 2018 оны 06 сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 05 хүртэл хугацаатай байгуулагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар дээрх хариуцагч нар нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Г.******* нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул түүний дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.*******, Г.******* нараас 27,480,000 төгрөг гаргуулах тухай Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн .119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН