| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/105 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/105
2025 03 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000740104 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 50 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ДБЭХС ТӨХК-д машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт ******* ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны оройн 19 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Төрийн банкны хойд талын авто зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “улаан мод барьсан хувцасны гол минь” гэж хэл амаар доромжилж, хувцаснаас нь зуурч , түлхэх зэргээр хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг.
2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/,
3. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг албан үүргээ гүйцэтгэж байхад иргэн Н.******* нь замын голд алхаж ирээд намайг түлхэж миний хувцаснаас зуураад танихгүй байсан болохоор нь ... саатуулсан. Н.******* гэх иргэн нь намайг албан үүргээ гүйцэтгэж байх үед машин дотроос ямар ч шалтгаангүй пизда минь гэртээ очиж амраач гээд хэл амаар доромжилсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
4. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14
5.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-тал/,
6.Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 24/
7.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-46/
8. Шүүгдэгч Н.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой Зангиат хороололд найз гэрт нь нэг шил 0.5 граммтай архи хувааж уугаад гэртээ харихаар болоод дүү рүү залгаад завтай бол ирээд авчих гэж хэлэхэд удалгүй ирсэн. Ингээд манай гэр рүү Хэрлэн сумын 4 дүгээр баг Төрийн банкны хойд талын замаар гэрлэн дохиотой уулзвар орчим явж байсан чинь замын цагдаа ийг зогсооход буугаад цагдаатай уулзаж байгаад хэсэг хугацааны дараа нь машиндаа ирсэн. Ингээд буюу болсон асуудлын талаар асуухад улсын дугаараа үзүүлээгүй байна гээд торгочих шил боллоо гэхээр нь яагаад улсын дугаар байсаар байхад торгодог юм гээд би замын дунд байсан цагдаатай очоод чи яагаад зүгээр явж байгаа хүн торгож байгаа юм гэхэд ... чи нэг улаан мод барьчихаад бүх машиныг зогсоодог гэж бодоо юу гэрлэн дохио асаад байхад гэж хэлэхэд нэг ахлах ахлагч залуу ирээд юу болоод байна гэхэд дэдэ ахлагч цолтой залуу биед халдаад байна гэж хэлээд намайг гавлаж эрүүлжүүлэх байранд авч ирсэн. ...гэх мэдүүлг /хх-ийн 55-56/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хэл амаар доромжилсон үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас эрх бүхий албан тушаалтан буюу Дорнод аймгийн Цагдаагийн газрын дэд ахлагч, Матад сумын сум дундын цагдаагийн хэсгийн цагдаа-зохицуулагч зам дээр албан үүргээ гүйцэтгэж байхад нь албан үүрэгтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, хүч хэрэглэсэн Н.*******ын идэвхитэй үйлдэлийг шаардах бөгөөд, энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл хохирогч ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй боловч албан үүргээ биелүүлж байгаа хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулж эсэргүүцэж, доромжилж, хүч хэрэглэснээр энэ гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Иймд шүүгдэгч Н.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг прокурор гаргасаныг шүүгдэгч зөвшөөрсөн байх ба энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх зүйтэй байна.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ