Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2022/00758

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2022/00758

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 058 тоотод оршин суух, 2 дугаар цэцэрлэгт нярав ажилтай, Лувсандорж овогт Сэрдамбын *******, РД:/МЮ66102504/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* ******* /РД: 9055169, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа/-д холбогдох

4,853,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1984 оноос өнөөдрийг хүртэл улсад тасралтгүй 38 жил хөдөлмөрлөж байна. 2021 оны 10 дугаар сарын 25-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх болсонтой холбогдуулан 2020 оны 07 дугаар сард 2021 оны төсвийн төсөөлөл хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг үндэслэн зохих бичиг баримтыг бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн ******* *******т өгсөн билээ. ******* газрын төсвийн мэргэжилтэн П.Золжаргал Таны тэтгэмж зохих хууль тогтоомжид заасны дагуу 36 сар биш 31.5 сараар төсөвт суулгагдлаа. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 3.1.2 дахь заалтад Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө нам олон нийтийн төв орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг тооцно гэснийг үндэслэн таны чүдэнзний үйлдвэрт 1984-1994 он хүртэл ажиллаж байсан хугацаанаас 1984-1990 он хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцож төсөвлөлөө гэсэн нь үндэслэлтэй байсан учир хүлээн зөвшөөрсөн. Гэтэл надад олгогдох буцалтгүй тусламж 31.5 сараар 2021 оны төсөвт батлагдан орж ирсний дараа тэтгэмж олгогдох үед Сэлэнгэ аймгийн боловсролын газрын нягтлан бодогч Н.Цэцэгмаа: таны тэтгэмж 31.5 сараас дахин хасагдаж олгогдох боллоо гэсэн. Хасагдах болсон үндэслэл нь Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга Ч.Жаргалсайхан Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандаж тодруулга хүссэн албан бичгийн хариу байлаа. Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08/521 дугаартай албан бичгийн: нэр бүхий албан газруудыг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн өгүүлбэрээр иргэн намайг хохироож байна. Нэр бүхий албан газруудад ажилласан хугацааг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан чүдэнзний үйлдвэр нь тухайн цаг үед ойн модны аж үйлдвэрийн яамны харьяа улсын үйлдвэрийн ******* байсан бөгөөд 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 26 дугаартай тогтоолоор хувьчлагдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар миний ажиллаж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд багтаж байсан, мөн энэ журмын 3.1.2-т зааснаар Төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний хувьд 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө нам олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцон гэсэн засгийн газрын тогтоол хүчинтэй байхад яамны газрын даргын албан бичгийн хариуг үндэслэн иргэн миний чүдэнзний үйлдвэрт ажиллаж байсан 1984-1994 онуудын төрийн албанд ажилласан хугацааг үндэслэлгүйгээр хасаж Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заагдсан эрхийг минь ноцтой зөрчиж иргэн намайг хохироож байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* газрын 2021 оны төсөвт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээг тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэсэн заалтын дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнтэй холбогдуулан С.******* миний буцалтгүй тусламж болох 31.5 сарын мөнгө 17,925,090 төгрөг төсөвлөгдсөн. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 30-нд төрийн банкны 150000651049 дугаартай дансанд 13,706,125 төгрөг шилжиж орж ирсэн /24 сарын/. С.******* миний төсөвт орж ирсэн 17,925,090 төгрөгийн зөрүү 4,218,965 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* газраас нэхэмжилж байна...

Тэрээр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...миний бие Сэлэнгэ аймаг дахь ******* *******т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө тэтгэмжийг дутуу тооцож олгосон, мөн төрийн албанд ажилласан хугацааг хасаж тооцсон тул 4,218,965 төгрөгийг нэхэмжилсэн, мэргэжилтэн нябо болон мэргэжлийн санхүүгийн байгууллагаар дахин тооцуулах шинжээч томилуулах хүсэлт гаргасан билээ. С.******* миний бие шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 634,509 төгрөгөөр нэмэгдүүлэн тус боловсролын газраас нийт 4,853,870 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/: Нэхэмжлэгч Оюун-эрдэнэ миний бие хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаагийн тайлбартай танилцлаа.

Уг тайлбарт дурдагдсан Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан журам нь төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, төрийн албан хаагчид докторын зэрэг профессор цолны нэмэгдэл мэргэшлийн зэргийн нэмэгдэл орон нутагт ажилласан болон эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлүүдийн нэмэгдэл олгох тухай тус тусын хавсралтуудаар батлагдсан байдаг. Энэ 382-р тогтоол нь төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой огт холбоогүй юм.

Тус тогтоолын 1-р хавсралт захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан нэмэгдэл олгох журмын 3.2-т төрийн албан хаагчид төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцно гэж заасан байхад миний чүдэнзний үйлдвэр ажиллаж байсан 1984-1994 он хүртэл хугацааг төрийн албанд оруулж тооцохгүй хассан буруу ойлголт төрүүлж байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 7-р тогтоол төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гахарах нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3.1-т төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно. Үүнд:

3.1.2-т Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 сарын 23-наас өмнө нам, олон нийтийг төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг оруулж тооцно гэсэн байна.

Өнөөдөр Засгийн газрын дээрх 382 болон 7-р тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зөвхөн хариу хүргүүлэх тухай тоот болон Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын зөвлөмжийг үндэслэн иргэн миний үндсэн хуульд заагдсан эрхүүдийг минь ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байна. Зөвлөмж албан бичиг нь Засгийн газрын тогтоол журмаас давж үйлчлэх үндэслэлгүй билээ.

Засгийн газрын тогтоол нь хүчин төгөлдөр байхад яамны албан тоот болон аудитын газрын санал зөвлөмжөөр ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн ******* ******* болон санхүүгийн ажилтнуудад гүнээ харамсаж байна. Тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг эрс эсэргүүцэж байна...гэжээ.

 

Мөн нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа / хх -78-79 тал /; Нэхэмжлэгч Сэрдамба овогтой ******* миний бие тус Сэлэнгэ аймгийн ******* гараас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн дүнгээр 4,853,870 төгрөгийг нэхэмжилж байгаа билээ.

1.            Миний бие 1984 оноос 2021.10.25 хүртэл улсад тасралтгүй 37 жил 2 сар хөдөлмөрлөсөн.

-              1984-1994 оны 12 сарын 31 хүртэл чүдэнзний үйлдвэрт /10 жил 4 сар 18 хоног/

-              1996-2021.10.25 хүртэл Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгт туслах тогооч, нярваар 25 жил 2 сар ажилласан.

2021.10.25-нд миний бие 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх тул 2020.07 сард 2021 оны төсөвт төсөөлөл хийхэд МУ-ын Засгийн газрын 7-р тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг үндэслэн захих бичиг баримтаа бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн ******* *******т өгсөн байдаг. Тус газрын төсвийн мэргэжилтэн П.Золжаргал нь: Таны тэтгэмжийг зохих хууль тогтоомжид заасны дагуу 36 сар биш 31,5 сараар төсөвт суутгагдлаа. Учир нь:

-МУ-н Засгийн газрын 7-р тогтоолын 3.1.2 дахь заалтад Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990.03.23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг тооцно гэсэн заалтыг үндэслэн таны чүдэнзний үйлдвэрт ажиллаж байсан 1990 оноос өмнөх хугацааг тооцлоо гэсэн нь үндэслэлтэй байсан учраас хүлээн зөвшөөрсөн. Гэтэл надад олгогдох тэтгэмж 2021 оны төсөвт 31,5 сараар төсөвлөгдөн орж ирсний дараа буюу уг тэтгэмжийг надад олгогдох үед 20221 оны 11 сард Сэлэнгэ аймгийн ******* газрын нягтлан н.Цэцэгмаа надад утсаар л таны тэтгэмж 25 сар болж үүний дагуу тэтгэмж хасагдан олгогдох боллоо гэсэн. Шалтгаан нь:

Сэлэнгэ аймгийн ******* газрын дарга Ч.Жаргалсайхан:

-              Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж тодруулга хүссэн албан бичгийн хариу байсан. Х.Н.Х яамны 2021.03.02-ны өдрийн 8/521 дугаартай уг албан бичгийн нэр бүхий албан газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй өгүүлбэрээр Засгийн газрын хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолын журмыг үгүйсгэж иргэн намайг хохироож байгаа.

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан чүдэнзний үйлдвэрийг 1992 оны 02 сарын 20-ны Засгийн газрын өмч хувьчлалын шийдвэр гаргасан байдаг. Энэ цаг хугацаанаас өмнө төсвийн байгууллага, төсвөөр цалинждаг орон нутгийн байгууллага, байсан байхад чүдэнзний үйлдвэрийг улсын төсөвт байгууллага биш гэж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Тус журмын 3.1.2-д зааснаар орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа орно гэх заалтаар миний чүдэнзний үйлдвэрт ажилласан жил төрийн албанд ажилласан хугацаанд орно.

Иймд төрийн албан ажилласан хугацааг зөв тооцож, тэтгэмжийн дутуу зөрүү болох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн дүнгээр 4,853,870 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* газраас нэхэмжилж байна.

2.            Миний бие Засгийн газрын 2019 оны 07-р тогтоолын хавсралтад заасан зааврын дагуу тэтгэмжийг бодож 4,218,965 төгрөг нэхэмжилсэн билээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа нь тэтгэмжийн зөрүү 3,289,475 төгрөг гэж тооцож, олгох боломжгүй гэсэн учраас миний бие мэргэшсэн нягтлан бодох болон мэргэжлийн санхүүгийн байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасан билээ. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 4,853,870 төгрөгийг тус Сэлэнгэ аймгийн ******* газраас нэхэмжилж байна...гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэрдамба овогт ******* би 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 2021 оны 10 дугаар сарын 25- ны өдөр өндөр настны тэтгэвэрт гарах байсан. Төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн тэтгэмжийг авахаар хүсэлт гаргасан. Миний төрийн албанд ажилласан хугацааг буруу тооцсон, тэрний дутуу 4,118,915 төгрөг нэхэмжилсэн, явцын дунд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, 4,858,870 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газраас нэхэмжилж байна. Засгийн газрын 7 дугаар тогтоолд заасны дагуу өндөр настны тэтгэвэрт гарахад төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн тэтгэмж, ...төсвийн төсөлд дуусгахдаа улсад ажилласан хугацаа бүх холбогдох бичиг баримттай нь бүрдүүлж өгсөн. Анх цэцэрлэгийн нягтлан бүрдүүлж өгөхдөө 36 сараар бүрдүүлж өгсөн. Сэлэнгэ аймгийн ******* ******* төсвийн мэргэжилтэн Золжаргал хянаж үзээд 31,5 сараар таны тэтгэмж суугдлаа зохих хууль тогтоомжид заасны дагуу 1990 оны 03 сарын 23-с өмнө чүдэнзний үйлдвэрт ажилласан хугацааг тооцлоо 31,5 сараар олго гэж хэлсэн. Тэтгэмжээ 2021 оны 11 сард авахад 25 сар болоод 13,706,125 төгрөг миний дансанд орж ирсэн. Тодруулахад ХНХЯ-с манайх тодруулга албан бичиг явуулсан тэрний хариуг үндэслээд хаслаа гэсэн. Зохих шатны ******* гомдлоо гаргаж яваад хамгийн эцэст нь иргэний шүүхэд хандсан. Хамгийн гол нь миний төрийн албанд ажилласан хугацааг буруу бодож тэтгэмжийн мөнгө дутуу олгосон гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Чүдэнзний үйлдвэрт ажиллаж байсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохгүй гэж хассан. Анх төсөвт суулгахдаа 1984-1990 он хүртэлх хугацаа ороод 31,5 сараар миний тэтгэмжийн мөнгө төсөвт суугдсан. Гар дээр ирэх үед 25 сар болж хасагдсан ирсэн тул гомдол гаргасан, Чүдэнзний үйлдвэрт 1984 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дотор хүрээ наагчаар ажиллаж байсан. ХНХЯ-с манайх тодруулга албан бичиг явуулсан тэрний хариуг үндэслээд хаслаа гэсэн хариуг өгсөн. Төрийн албанд ажилласан хугацааг буруу тооцож дутуу олгогдсон мөнгөө нэхэж байгаа гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 36- 38 дугаар тал/ тус шүүхэд гаргасан С.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгийн нярав Сэрдамба овогтой ******* нь 2021 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гарч, өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг авахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу төрийн байгууллагад 31 жил ажилласнаар төлөвлөсөн бөгөөд 2021 онд батлагдсан төсөвт 31 жил ажилласнаар тооцож 16,995.6 мянган төгрөг батлагдаж ирсэн.

Нярав С.******* нь Сүхбаатар сумын 2 цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн Б/42 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгуулах албан тоотыг тус цэцэрлэгээс манай *******т 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 24 тоот албан бичгээр хандаж анхан шатны баримтуудын хамт ирүүлсэн.

Нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийн хамт ирүүлсэн анхан шатны баримтуудыг нягтлан үзээд дараах тооцооллыг гаргасан. Үүнд:

1.            Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт дотуур хүрээ наагчаар 1984.08.13-1994.12.31 өдөр хүртэлх 10 жил 4 сарын хугацааг төрийн албанд ажилласан жилээр тооцоогүй.

2.            Сүхбаатар сумын 2 цэцэрлэгт нярваар 1996.08.16-2021.10.25-ны өдрийг хүртэл хугацааг төрийн албан ажилласан 25 жил 2 сараар тооцсон.

Ийнхүү дээрх цэцэрлэгт ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилээр тооцож 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 13,706,125 төгрөгийн тэтгэмжийг 2021 оны 11 сарын 30-ны өдөр С.Оюун-Эрдэнийн төрийн банкны 150000651049 тоот нэрийн дансанд шилжүүлсэн.

Харин С.Оюун-Эрдэнийн 1984 оны 08 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн шүдэнзний үйлдвэрт ажиллаж байсан хугацааг доорх үндэслэлээр төрийн албанд ажилласан жилд тооцох боломжгүй тул тэтгэмжийн мөнгийг олгоогүй болно.

1.            Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 3.1 Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно гэсэн 3.1.1-3.1.9-д байгаа заалтад шүдэнзний үйлдвэр нь улсын өмчит үйлдвэр аж ахуйн ******* хэдий ч улсын төсөвт байгууллага биш тул төрийн албанд ажилласанд тооцохгүй.

2.            Улсын үйлдвэрийн *******т ажиллаж байсан хугацааг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцох талаар Засгийн газрын 2018 оны 382 дугаар Журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 3.4 дэх заалтад Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтнаар 1996 оны 08 сарын 01-нээс 2008 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг гэсэн байгаа бол мөн Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 3.1.4-д заасан улсын төсөвт үйлдвэрийн газрын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /Засгийн газрын 2020 оны 151 тоот тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан/-аар 1996 оны 08 сарын 01-нээс 2008 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тус тус төрийн алба хаасан хугацаанд оруулна гэж заасан хугацаанд С.Оюун-Эрдэнийн Сэлэнгэ аймгийн шүдэнзний үйлдвэрт 1984 оны 08 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан хугацаа нь орохгүй байгаа болно.

3.            Дээрх асуудлаар нэмэлт тайлбар авахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймгийн Төрийн албаны зөвлөлд хандахад 221 оны 03 сарын 02-ны өдрийн 8/521 Хариу хүргүүлэх тухай албан тоотод Таны хүсэлтэд дурдсан үйлдвэр, аж ахуйн газрууд нь улсын өмчит үйлдвэр, аж ахуйн газрууд хэдий ч улсын төсөвт байгууллага биш бөгөөд тухайн үед аж ахуйн тооцоон дээр үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхэлдэг байсан тул тус газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн хариу өгсөн.

4.            Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 03 сарын 19-ний 27 тоот Хариу хүргүүлэх тухай албан тоотод Шүүхийн байгууллагад хадан төрийн албанд ажилласан хугацааг тогтоолгох, төрийн албан хаасан хугацаанд оруулах тооцох эсэх асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

5.            Боловсрол, соёл, урлагийн газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн СЭА-2021*/203/СТА-ТШЗ Аудитын санал дүгнэлт албан бичгийн 3.10 дахь хэсэгт ...төрийн албанд ажилласан хугацааг үнэн зөв тооцоолох асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн хэмжээнд авч үзэн, харьяа байгууллагуудад заавар, зөвлөмж өгөх нь зүйтэй юм гэсэн дүгнэлт гаргасан.

6.            БСУГ-ын 2021 оны багтлагдсан төсөвт Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгийн нярав Сэрдамба овогтой ******* нь өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмж 16,995,600 төгрөг батлагдсанаас 13,706,125 төгрөгийг олгосон ба шүүхээр нэхэмжилсэн тэтгэмжийн зөрүү тэтгэмж 3,289,475 төгрөгийг олгож болохгүй гэж үзсэн. Харин нэхэмжлэлд дурдсан 31,5 сарын мөнгө 17,925,090 төгрөг төсөвлөгдсөн гэсэн нь батлагдсан төсөвтэй таарахгүй байна. Мөн тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн дүн болох 4,218,965 төгрөг нь тэтгэмжийн үлдэгдэл зөрүү болох 3,289,475 төгрөгтэй таарахгүй байна.

Иймд иргэн С.Оюун-Эрдэнийн Сэлэнгэ аймгийн шүдэнзний үйлдвэрт ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох боломжгүй бөгөөд тэтгэмжийн нэхэмжилсэн зөрүү 3,289,475 төгрөгийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар сум, 2 дугаар цэцэрлэгийн нярав Сэрдамба овогт *******эс 2021 оны төсвийн төсөлд өндөр настны тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргасны дагуу 31 зүйлээр төсөв нь батлагдаж ирсэн. 2021 оны батлагдсан төсөв 16,995,006 төгрөгөөр батлагдаж ирсэн. Нярав Оюун-Эрдэний... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн Б/42 албан тоотоор анхан шатны баримтай хамт анхан шатны материалаар тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийн хамт ирсэн. Анхан шатны баримтыг нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу анхан шатны баримтад нягталж тэтгэмжийг олгох ёстой, анхан шатны баримтыг нягталж үзэхэд Оюун-Эрдэний ажилласан тэмдэглэл дээр Чүдэнзний үйлдвэрт 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 10 жил 4 сарын хугацаа байсан. Энэхүү хугацаан дээр нэмээд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 31-ний ажиллагаагүй хугацааны нийгмийн даатгалын тэмдэглэлдээ, 1996 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл 25 жил 2 сар цэцэрлэгт ажилласан гэж 3 материалаар 37.4 жилийн материал бүрдүүлж ирүүлсэн байсан.

Эдгээр 3 заалтаас 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Чүдэнзний үйлдвэрт ажилласан жилийг төрд хамааралгүй гэж тооцож хассан, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 1 жил 8 сарын нөхөн тооцооллыг бас хамааралгүй гэж үзсэн, цэцэрлэгт ажилласан 25 жил 2 сараар тооцоод нийт 13,706,125 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Оюун-Эрдэний 15000651049 гэсэн дансанд шилжүүлсэн. 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Чүдэнзний үйлдвэрт ажиллаж байсан хугацааг яагаад төрд ажиллах боломжгүй гэж үзсэн бэ? гэвэл, нэхэмжлэлд дурдсан Засгийн газрын 7 дугаар тогтоолын 3.1 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн ажилласан хугацаанд дараах заалтуудыг оруулна гэж заасан байгаа, тэгвэл нэхэмжлэлд дурдсан 3.2 заалт дээр төр олон нийтийн байгууллага, улсын үйлдвэрт ажилласан, төрд ажилласанд хугацааг гэдэг шалтгаануудыг тодруулах зорилгоор Оюун-Эрдэний нэхэмжлэлээс өмнө манай байгууллага ХНХЯ-д албан бичиг хүргүүлсэн байсан, энэ хүргүүлсэн албан бичгийн дагуу 2021 оны 03 сарын 20-ний өдөр 8/521 гэсэн албан тоотоор тодорхой болгож хариу ирүүлсэн байгаа, нэр дурдаад мод боловсруулах үйлдвэрт МУЗГ-н 2019 оны 7 дугаар тогтоолд батлагдсан 3-ийн нэгийн хоёр дахь заалт нь мод боловсруулах үйлдвэрт ажилласан жилийг төрд ажилласан жилд тооцох эсэх тал дээр төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлд албан бичгээр хандсан Төрийн албаны зөвлөл хариу ирүүлэхдээ шүүхэд хандсан нь зөв гэсэн шийдвэр өгсөн. Тийм учраас *******д албан бичгээр хариу өгөөд хуулийн дагуу шүүхдээ ханд гэдэг хариуг өгсөн. 2019 оны аудитын дүгнэлтээр манай байгууллага дээр аудитын сарын дүгнэлтийн 3.10 хэсэгт төрийн албанд ажилласан жил тооцох эсэх талаар лавлагаа авч байж, зөвлөмж авч байж, өгч байх нь зүйтэй юм гэсэн, энэтэй холбоотойгоор өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа.

Төсвийн тухай хуулинд тодорхой байгаа төсвийн тухай хуулийн процесс нь өмнөх оны 07 дугаар сард боловсруулаад 11 сардаа батлагдаад 01 дүгээр сарын 01-с ирдэг. Ирсэн 16,995,600 төгрөг үлдэгдэл мөнгө хааччихаваа, анхан шатанд яаж хассан юм бэ? гэдэг тал дээр нь тайлбарлая. Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д анхан шатны баримтыг зөвийг нь түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан, баталсан нь түүнийг бүрэн хариуцна гээд заасан байгаа. Би анхан шатны баримтыг хүлээж авсан хүн тухайн баримтыг үндэслээд хуульд нийцүүлээд энэ хүнд 16 сая биш 13 сая олгох нь зөв юм аа гэдэг байдлаас хассан. Батлагдсан төсвөөс үлдэгдэл мөнгө хаачдаг вэ? гэхлээр тэтгэмжийн мөнгө нэр зааж ирдэг учир заагдсан нэрний дагуу үлдсэн мөнгө үлдсэн мөнгө 12 дугаар сарын 30-ны байдлаар улсын төсөвт буцаан төвлөрүүлдэг. Энийг хэн ч зарцуулах эрх байдаггүй. 2021 оны 12 дугаар сарын 30-нд, би одоо сайн санахгүй байна, тухайн үед 50 хэдэн сая төгрөг буцсан тэр нь төвлөрүүлээд улсын төсөвтөө буцаад явсан энийг ашиглах зарцуулах ямар нэгэн зүйлд гүйлгэн зарцуулах ямар ч боломжгүй. Тийм учраас энэ үлдэгдэл мөнгө нь буюу *******д олгогдоогүй мөнгө улсын төсөвтөө буцаан төвлөрсөн гэсэн үг юм гэв.

 

С.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан / хх 1-2, 62 тал / ... шүдэнзний үйлдвэрт 1984 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг 31,5 сараар тооцож 4,853,870 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн ******* газраас миний биед төрөөс олгохоор төсөвт тусгагдаж орж ирсэн 17 925 090 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зөрүү болох 4 218 965 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* ******* нь дутуу тооцож олгосон, мөн уг тэтгэмжийг тооцохдоо миний бие Шүдэнзний үйлдвэрт 1984 1994 он хүртэл дотуур хүрээ наагчаар ажилласан хугацааг үндэслэлгүйгээр хасч, Засгийн газрын 7 дугаар тогтоолд төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж заасны дагуу миний 31.5 сарын мөнгө 17 925 090 төгрөг төсөвлөгдөж ирснээс 24 сарын буюу 13 706 125 төгрөг дансанд орсны зөрүү 4 218 965 төгрөг, мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 634 509 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4 853 870 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбартаа / хх 36 -38 тал / ... С.Оюун- Эрдэнийн Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт 1984 1994 он хүртэл ажилласан хугацааг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмын 3.1.1 -3.1.9-д заасан төрийн төсөвт байгууллага биш тул төрийн албанд ажилласанд тооцохгүй, энэ үндэслэлээр тэтгэмж дутуу, буруу тооцож олгосон гэж нэхэмжилсэн дээрх мөнгийг олгохыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон тайлбартаа ... Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар ... миний Шүдэнзний үйлдвэрт ажилласан дээрх хугацаа нь төрийн үйлчилгээний алба хаагчийн ангилалд багтаж байна, мөн Засгийн газрын 7-р тогтоолын 3.1.2-т заасныг үндэслэн төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох ёстой атал хугацааг хасаж тооцсоноор надад олгох ёстой нийт 4,853,870 төгрөг олгогдоогүй гэж маргаж буй боловч, хавтаст хэргийн 39, 68 дугаар талд авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Б.Алимаагийн 2021.03.2-ны өдрийн 8/821, мөн яамны газрын дарга С.Дамбийгийн 2022 оны 03 сарын 11-ний 06/620 албан тоотуудад дурдсанаар ... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07-р тогтоолын хавсралтын 3.1.2-т зааснаар 1990 оны 03 сарын 23-наас өмнө сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, Шүдэнзний үйлдвэр зэрэг газрууд нь улсын өмчит үйлдвэрийн ******* хэдий ч улсын төсөвт байгууллага биш тул уг *******т ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцохгүй гэсэн хариу өгсөн, мөн хавтаст хэргийн 55-58 дугаарт талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд; ... Шүдэнзний үйлдвэрт 1990 оны 03 сарын 23-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл ажилласан хугацаа нь Засгийн газрын 382 дугаар тогтоолоор баталсан журамд тусгагдаагүй тул төрд ажилласан жилд орохгүй гэсэн зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаадлага нь няцаагдаж байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралт журмын 1.1-д ...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-д заасан үндэслэлээр ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход мөрдөх журмын 3.1-д; төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулан тооцох, 3.1.2-т; төрийн албаны тухай хуулиар төрийн алба хаагч болсон иргэний 1990 оны 03 сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг тооцохоор тус тус заасан нь С.Оюун-Эрдэнийн дээрх ажилласан хугацааг уг заалтын дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн түүний Сэлэнгэ аймгийн ******* газраас 4,853,870 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 102,150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* газраас 4,853,870 төгрөг гаргуулах тухай С.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн .119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ ******* болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН