| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/00880/И |
| Дугаар | 181/ШШ2022/01515 |
| Огноо | 2022-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2022/01515
2022 07 05 181/ШШ2022/01515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: З.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Гэрч Д.Б , Д.П , Ц.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ё.А , хариуцагч З.А д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нээхмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Ё.А миний бие Unegui.mn хаягт тавигдсан газар зарна гэсэн зарын дагуу З.А тай холбогдож 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Их дарь-Эх 18-7а тоот хаягт байрлах 160м2 талбайтай Иргэний ахуйн зориулалттай газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж тухайн өдрөө 10,000,000 төгрөгийг З.А д бэлнээр өгсөн.
Тухайн үед миний ээж Д овогтой П газар авах зориулалтаар надад 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Үүнээс зарлагаар 9,500,000 төгрөгийг гаргаж З.А д бэлэн өгсөн байдаг.
Тэгээд Баянзүрх дүүргийн газрын албанд Эрдэнэ-Амгалангийн таньдаг хүн болох тус газрын албаны ажилтанд Газар эзэмших эрх шилжүүлэх материалаа өгсөн. Гэвч түүнээс хойш Засаг даргын шийдвэр гарахгүй байна гэж удаан хугацаагаар хүлээлгэсэн. Иймд тухайн газраа хашаа байшин барих хүсэлтэй байгаагаа илэрхийлж З.А д хэлэхэд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нотариатад очиж тухайн газар дээрээ хашаа хувийн сууц бариулах бүрэн эрхийг олгож байна гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Үүний дагуу тухайн газар дээр очиж хашаа барьж контайнер буулгах гэтэл ойр хавийн оршин суугчид буулгахгүй маргаан гаргасан тул тус газар хашаа байшин барих зөвшөөрлийн итгэмжлэлийг барьж Баянзүрх дүүргийн газрын албанд очиход тодорхой хариу өгөөгүй. Ингээд Өмчийн харилцааны газар хандахад тус газрын эзэмших эрх хүчингүй болсон байна гэж мэдэгдсэн. Энэ тухай З.А д хэлж нэгэнт эрх шилжүүлэх гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээнээс татгалзахаа илэрхийлж мөнгөө буцааж авахаа хэлсэн. Гэтэл өөрийгөө хүндээр өвдсөн түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа больсон. Сүүлдээ ямар утсан дээр байгаа нь мэдэгдэхгүй болсон.
Иймд З.А гаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу газрын эзэмших эрхийн гэрээнээс татгалзсантай холбоотой газрын эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч оршин суугаа газраа амьдардаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс түүний оршин суугаа хаягийг тогтоож өгсөн тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хариуцагчийн хувьд гэрээг байгуулаад холбогдох баримт бичгийг бүрдүүлээд тухайн газрын албанд хүлээлгэж өгснөөр тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байна гэж шаардлага гаргадаг боловч бодит байдал дээр нэхэмжлэгч хариуцагч нар нь уг гэрээ хэлцлийг байгуулснаас хойш Ё.А гийн нэр дээр гэрчилгээ шилжиж гараагүй тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Ё.А өөрөө З.А гаас худалдан авсан газраа өөр этгээдэд буюу Д.Б гэдэг хүнд худалдан борлуулахаар харилцан тохиролцоод түүний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ё.А гийн ээж Д.П болон газрыг нь худалдан авсан Д.Б нарын хооронд мөнгө төгрөг хүлээлцэж авсан тухай баримт үйлдэгдээд, улмаар мөнгө төгрөг авсны дагуу нэхэмжлэгч Ё.А нь хариуцагч З.А г нотариат дээр дуудаад З.А гаас Д.Б руу газар нь шилжих байдлаар гэрээг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Тодруулбал, мөнгө авснаас хойш 1 сарын дараа гэрээ байгуулагдаад газар нь Д.Б гэдэг хүний нэр дээр шилжсэн тухай баримтууд хэрэгт авагдсан.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205-д зааснаар уг хэргийг шийдвэрлэхэд өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх байтал тухайн газар нь гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн үйл баримт тогтоогдож байгаа тул өгсөн авснаа буцаах боломжгүй байна. Мөн 205.1-д зааснаар нэхэмжлэл гаргах тохиолдолд хуулийн 204.1-д заасны дагуу нөгөө талдаа гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг заавал хүргүүлэхийг хуульчилсан байхад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ямар нэг байдлаар гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдлийг З.А д хүргүүлж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27/954 тоот албан бичиг, Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршилын кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ё.А гийн 5108051662 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагчаас нотлох баримтаар: Хариу тайлбар, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Мөрдөгчийн тогтоол, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Мөрдөгчийн санал, Баримт 2014-4-11, Нийслэлийн Баянзүрх дүүрийн прокурорын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 200602737 дугаар тогтоол, Мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 569 дүгээр шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 381 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0132 дугаар Хэрэг бүртгэлтийг хэргийг хаах тухай санал зэрэг баримтыг бүрдүүлэн өгчээ.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн Газар зохион байгулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13/2140 дугаар албан бичиг, Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягт, Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан Д.Б , З.А нарын өргөдөл, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, 000448200 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршилын кадастрын зураг, Хас банкны төлбөрийн баримт, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/6558 тоот албан бичгээр ирүүлсэн гэрч Д.Б ын мэдүүлгийн тэмдэглэл зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ё.А нь хариуцагч З.А д холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрээнээс татгалзсантай холбоотой газрын эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шарадлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Тухайн газраа хашаа байшин барих хүсэлтэйгээ илэрхийлж З.А д хэлэхэд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нотариатчаар газар дээрээ хашаа хувийн сууц бариулах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийж өгсөн. Үүний дагуу уг газар дээр очиж хашаа барьж контайнер буулгах гэтэл ойр хавийн оршин суугчид буулгахгүй маргаан гаргасан тул Баянзүрх дүүргийн газрын албанд очиход тодорхой хариу өгөөгүй тул Өмчийн харилцааны газар хандахад тус газрын эзэмших эрх хүчингүй болсон гэж мэдэгдсэн. Энэ тухай З.А д хэлж эрх шилжүүлэх гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээнээс татгалзахаа илэрхийлж мөнгөө буцааж авахыг хэлсэн тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж шаардлага гаргасан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч хариуцагч нар нь уг гэрээ хэлцлийг байгуулснаас хойш Ё.А гийн нэр дээр гэрчилгээ шилжиж гараагүй тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Ё.А өөрөө З.А гаас худалдан авсан газраа өөр этгээдэд буюу Д.Б т худалдан борлуулахаар харилцан тохиролцоод 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ё.А гийн эмээ П.Пагмадулам болон газрыг нь худалдан авсан Д.Б нарын хооронд мөнгө хүлээж авсан баримт үйлдэгдээд, Ё.А нь З.А г нотариат дээр өөрөө дуудаад З.А гаас Д.Б руу уг газрыг шилжих байдлаар гэрээг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан тул уг хэргийг шийдвэрлэхэд өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх байтал тухайн газар нь гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн үйл баримт тогтоогдсон тул өгсөн авснаа буцаах боломжгүй, хуулийн 205.1-д зааснаар нэхэмжлэл гаргах тохиолдолд хуулийн 204.1-д заасны дагуу нөгөө талдаа гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг заавал хүргүүлэхийг хуульчилсан байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээнээс татгалзсан тухай мэдэгдээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Зохигч болох Ё.А , З.А нар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь тухайн гэрээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
5.2.Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээнд хариуцагч З.А нь нэгж талбарын 18644313337102 дугаартай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай 160 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Ё.А д шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, уг газрыг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
5.3.Хариуцагч З.А д нэгж талбарын 18644313337102 дугаартай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай 160 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын эзэмшигчээр 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж 000448200 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Ё.А нь хариуцагч З.А д тухайн 160 м.кв газрын эзэмших эрхийн үнэд 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
5.4.Хариуцагч тал нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж шаардлага гаргасан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч хариуцагч нар уг гэрээг байгуулснаас хойш Ё.А гийн нэр дээр гэрчилгээ шилжиж гараагүй тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Ё.А өөрөө З.А гаас худалдан авсан газраа өөр этгээдэд буюу Д.Б т худалдан борлуулахаар харилцан тохиролцоод 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ё.А гийн эмээ П.Пагмадулам болон газрыг нь худалдан авсан Д.Б нарын хооронд мөнгө хүлээж авсан баримт үйлдэж, Ё.А нь З.А г нотариат дээр дуудаад З.А гаас Д.Б руу уг газрыг шууд шилжих байдлаар гэрээг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан тул хуулийн 204.1-д заасны дагуу нөгөө талдаа гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг заавал хүргүүлэхийг хуульчилсан заалтыг биелүүлээгүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
5.5.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх татгалзлаас 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй талаархи тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн татгалзлыг хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч З.А гаас нэхэмжлэгч Ё.А д 1 жилийн хугацаатай тодорхой бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан олгосон, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчид холбогдуулан гаргасныг нь шүүх шалгахад нэхэмжлэлд тодорхойлсон хаягт хариуцагчийг оршин суудаггүй үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 181/ШЗ2019/03680 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэсэн ба Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 27ж-1/954 тоот албан бичгээр хариуцагчийн хаягийг олж тогтоох ажиллагаа хийсэн зэрэг нь баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн тул хүлээн авах үндэслэлгүй байна.
5.5.Тус хэргийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.О ...маргаан бүхий газрыг шилжүүлж авахад би нотариат дээр хамт очсон, н.Булганжав охиноо дагуулаад, манай нөхөр Эрдэнэбаяр бид гурав, нөгөө талаас Ё.А З.А г өөрөө дагуулж ирээд, Баянзүрх дүүргийн нотариат дээр очиж гэрээг хийсэн, 5-уулаа байсан. Би 6,5 сая төгрөг төлөөд эмээгийнх нь мөнгө хүлээж авсан гэдэг бичиг надад одоо ч байдаг, Үлдэгдэл төлбөрийг бичиг баримт нь шилжихэд өгнө гэсэн. Газрын гэрчилгээг гар дээрээ аваагүй, гарсан гэсэн, цагдаа дээр асуудал гарсан гээд газрын албанаас өгөөгүй, уг газрыг би ашиглаагүй, контейнерийг Ё.А д бичиг баримт нь гарахгүй байна гэж хэлэхэд миний мөнгийг өгөхгүй, өөрөө ч уулзахгүй байсан, гэр рүү нь хүүхэдтэйгээ ч хамт очиж байсан, Ё.А гийн гэр телевизэд байдаг газар нь маш олон удаа 2, 3, 4 жилийн турш очсон авч чадаагүй. Маш удаан хугацаа өнгөрсөн. Мөнгө шилжүүлсэн баримтыг харахад 2014 он байна. Миний зүрх чичрээд байна. Ямар ч байсан тал мөнгийг нь өгөөд газрыг авсан. Бичиг баримт гаралгүй удсан, Ё.А г одоо танина, 2, 3 удаа уулзсан, Ё.А газраа н.Булганжавт зарах болоод гэрээ байгуулагдсан гэж би бодож байна, А өөрөө мэдэж байгаа хэрнээ ийм асуудал ярьж байгааг шударга бус гэж бодож байна. Ё.А буруу юм хийгээд явж байна гэж ойлгодог. Би одоо болтол хайгаад олоогүй. 2015 билүү 2016 онд болъё гэж хэлсэн. Тухайн үед эмээ нь дэлгүүр дээрээ байнга суудаг байсан болохоор эмээтэй нь уулздаг байсан. Газрыг үзэхээр очиход Пагмадулам дэлгүүр дээрээ суудаг байсан, Пагмадулам нь энэ газрыг би мэднэ, би шийдэж чадна, би шүүх прокурорын байгууллагад ажиллаж байсан хүн, ингэж бичнэ ингэж гарын үсэг зураарай гээд өөрөө надад энэ баримтыг хийж өгсөн, Ё.А намайг нэг хүнтэй уулзуулаад ингээрэй тэгээрэй гэсэн. Тэгж явсаар байгаад бичиг баримт нь гарсан... гэж мэдүүлсэн.
5.6.Мөн гэрч Д.Б ...Газрын талаар холбогдолтой хүн би биш. Манай ээж Одончимэг, аав Эрдэнэбаяр нар газар авахаар нэг хүнтэй ярилцаад миний нэр дээр шилжүүлж авна гээд анх нотариат дээр намайг дуудсан, очиход З.А , А , нэг хөгшин хүн байсан. З.А гарын үсэг зураад би бас зурсан, ...Би мөнгө өгөөгүй. Манай ээж мөнгө өгч авах зүйлийг хэлсэн. Газрыг анх А гаас авах гэж байсан боловч нотариат дээр очиход би нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа юм, одоо шууд шилжүүлье гэсэн... Та хоёр шууд хоорондоо гэрээ хийчих, тэгвэл амар, чиний нэр дээр шууд болно гэж хэлж байсан... гэж мэдүүлжээ.
5.7.Гэрч Д.П ...А газар авсан гэж ярьсан, тэр үедээ өмчлөлийн газар уу, эзэмшлийн газар уу гэдгийг ялгахгүй хүүхэд байсан. Сүүлд дараагийн хүнд зарах болоход эзэмшлийн газар байсан гэж гарч ирсэн. Тэгээд асуудал үүсээд дараа нь дахиад мөнгө цаас яригдаад эхэлсэн... гэж тус тус мэдүүлснийг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, зохигч талуудын тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
5.8.Дээрхээс дүгнэхэд, хариуцагч нь Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний дагуух ...160 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй үйл баримт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон Д.Б ын Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбар зэргээр нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Ё.А нь эмээ /үрчилж авсан эх/ Д.П ын хамтаар гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.О , П.Б нартай харилцан тохиролцож, тухайн газрын эзэмших, ашиглах эрхийг худалдахаар 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баримт үйлдэж, 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг Ц.О ээс хүлээн авч баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
5.9.Улмаар нэхэмжлэгч Ё.А нь хэргийн хариуцагч З.А г утсаар дуудан ирүүлж, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нотариатч Б.Шижирбаатар дээр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ-г З.А , Д.Б нараар гарын үсэг зуруулан хийлгээд, нотариатчаар баталгаажуулсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.
5.10.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагч З.А гаас 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.
5.11.Иймээс, нэхэмжлэгч Ё.А Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч З.А г биелүүлээгүй зөрчсөн гэж 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар З.А гаас 10,000,000 төгрөг гаргуулах Ё.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ