| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
2025 02 10 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юншөбү овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421006550029 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Дорнод гурил” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Юншөбү овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч Юншөбү овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дугээр багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн төвөөс Дашбалбар, Гурванзагал сумын чиглэлд явах авто зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ******* ДОУ улсын дугаартай "Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино. 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч ******* биед зүүн талын 6-12-р хавирганы хугарал, зүүн тахилзуур ясны хугарал, зүүн дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, зорчигч ******* биед хүзүүний 1-р нугалмын хажуугийн масс, хүзүүний 2- нугалмын шүдлэг сэртэн, баруун хажуугийн масс, зүүн талын ламина хамарсан зөрөөтэй хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогч нарын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учраас улсын яллагчийн дүгнэлтийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Юншөбү овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн төвөөс Дашбалбар, Гурванзагал сумын чиглэлд явах авто зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ******* ДОУ улсын дугаартай "Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино. 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч ******* биед зүүн талын 6-12-р хавирганы хугарал, зүүн тахилзуур ясны хугарал, зүүн дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, зорчиг ******* биед хүзүүний 1-р нугалмын хажуугийн масс, хүзүүний 2- нугалмын шүдлэг сэртэн, баруун хажуугийн масс, зүүн талын ламина хамарсан зөрөөтэй хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...аймгийн төв орохын даваан дээр буюу Адуунчулуун уурхайн баруун талд байрлах Гурванзагал, Дашбалбар сумаас орж ирэх замын уулзвар дээр явж байхад урд талын жолоочийн эсрэг талын дугуй хагарч миний машин тэнцвэрээ алдаж онхолдсон. Миний санаж байгаагаар машин маань замын хойд талын хувил руу орж 2 удаа бүтэн өнхөрөх шиг болсон ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 94/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө өрийнхөө адуун дундаас 1 тооны нас бие гүйцсэн хөгшин гүүгээ нядалж тогоогоо тослох болсон. Ингээд идэшнийхээ талыг нь садангийнхээ хамааралтай гэх ахдаа өгөхөөр болж түүнийг дуудсан юм. Ингээд ирсэн бөгөөд тэрээр ******* болон түүний эхнэр, хүүхдүүдтэй дөрвүүлээ ирсэн. Би ахтай ирсэн хүмүүсээс *******ыг л танина. *******ын эхнэр хүүхдийг бол сайн танихгүй. Ингээд тэдний гэрт ирснээс хойш бид хоол унд идэж уугаад тухайн өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн төв рүү хөдөлсөн. Миний хувьд аймгийн төв орж тэтгэврээ авах санаатай тэр дөрөвтэй хамт машинд нь цуг сууж явсан. Ингээд шөнө харанхуйд явсан учир замаа олохгүй шөнөжингөө төөрч явсан. Ингээд бид явж байгаад аймгийн төвөөс хойд зүгт байрлах Адуунчулуун уурхайн хар зам ру орохоос хагас км зай үлдсэн байхад бидний сууж явсан “Приус-20” маркийн машин шарваж замын хойд тал руу орж онхолдох шиг болсон. Тухайн машин эхний нэг удаа бүтэн эргэлдсэн үйл явдлыг санаж байна Өөрөөр мэдэх зүйл байхгүй. Нэг сэрэхэд би осол болсон өдрийн маргааш нь БОЭТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байдалтай сэрсэн. Миний биеийн байдал эдгэрч хэвийн болж байна. Хүн л болсон хойно хугарч бэртсэн ястай учир хөндүүр зүйлс бол алгаа. Энэ нь гэхдээ айхтар төвөгтэй биш байна. Иймд учраас миний биеийн байдал хэвийн болж байна гэж хэлж болно. Би тус өдөр болсон осолтой холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас гарсан эмчилгээний зардал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө гэрийнхээ идшийг бэлтгэх санаатай хамт ажилладаг байсан хуурай ах *******ын хамт Дорнод аймгийн Гурванзагал сум руу явахаар болсон. Ингээд тухайн өдрийн өглөө 09 цагийн орчимд *******ын эзэмшлийн “Пруис-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн бөгөөд бид 2 дээр нэмэгдээд түүний эхнэр Хүрэлдулам, хүү Шинэхүү гээд бид 4 хөдөлсөн. Биднийг очиход идэшний мах бэлэн харин айл нь эзэнгүй байсны улмаас хүлээж 2-3 цаг болсон. Ингээд зорьсон ажлаа бүтээсэн учир шууд л аймгийн төв рүү буцаж хөдөлсөн явж байхдаа шөнө харанхуйд төөрсөн. Ингээд явсаар аймгийн төв ордог даваан дээр Адуунчулуун ХХК-ийн уурхайгаас баруун урагш 1 км орчим зайд манай машин онхолдсон. Осол болох үед миний хувьд нойрмог байсан учир яг хэрхэн осол болсон талаар мэдэхгүй байна. Ямартай ч манай машин их л хурдтай явж байгаа санагдсан. Би бодоходоо *******ын бие нь муу байсан учир яаарч байсан байх гэж таамаглаж байна. Өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл явдал болоогүй явж байхдаа тэнцвэр алдаж зүүн тийш унаж эргэлдэх шиг болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 14 тоот дүгнэлтэнд: “...1.******* биед хүзүүний 1-р нугалмын хажуугийн масс, хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэн, баруун хажуугийн масс, зүүн талын ламина хамарсан зөрүүтэй хугарал, баруун талын 4-8-р хавирганы хугарал, баруун шуу ясны бяцарсан хугарал, баруун дунд чөмөгт ясны дистал хэсгийн зөрүүтэй их хугарал, зүүн шаант, тахилзуур ясны дистал хэсгийн бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханын цөмөрсөн шинэ хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хуйханд баруун зулай хэсгийн зүсэгдсэн шарх, духны баруун талын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын няцарсан шарх, хамгийн доод хэсгийн няцарсан шарх, баруун өвдөг орчмын цус хуралт, зүүн шилбэний урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Хүзүүний 1-р нугалмын хажуугийн масс, хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэн, баруун хажуугийн масс, зүүн талын ламина хамарсан зөрүүтэй хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун талын 4-8-р хавирганы хугарал, баруун шуу ясны бяцарсан хугарал, баруун дунд чөмөгт ясны дистал хэсгийн зөрөөтэй их хугарал, зүүн шаант, тахилзуур ясны дистал хэсгийн зөрүүтэй их хугарал, зүүн шаант, тахилзуур ясны дистал хэсгийн бяцарсан хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот дүгнэлтэнд: 1. биед зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, бүсэлхийн зүүн талын булчингийн чангарал, баруун гарын сарвууны ар гадаргын олон тооны зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 64-65/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 04-07/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 21,23/, иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаагийн мэдүүлэг /хх-ийн 27-28,33/, насанд хүрээгүй гэрч Х.Шинэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 38/, гэрч мэдүүлэг /хх-ийн 40/, яаралтай тусламжийн шалгах хуудас /хх-ийн 09/, 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн “шинжээчийн дүгнэлт”, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 98/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал тавьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн
тоолохоор шийдвэрлэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б., нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 551,957 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Юншөбү овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ын ЖА85083090 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 551,957 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ