| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00448/И |
| Дугаар | 129/ШШ2022/00549 |
| Огноо | 2022-09-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2022/00549
| 2022 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 129/ШШ2022/00549 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш овогт Д.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АУУ ХХК-д холбогдох,
Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч “АУУ” ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие АУУ ХХК-д 2014 оноос хойш тасралтгүй алдаа зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АУУ ХХК-н захирлын Б/25 дугаар тушаалаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас халсан. Ажлаас халахдаа хөдөлмөрийн хуульд заасан мэдэгдэл өгч надаас тайлбар аваагүй ажлын байран дээр ажиллаж байхад шууд дуудаад халагдах тушаал өгсөн. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан байгууллагын дэргэдэх хороо буюу АУУ ХХК-н үйлдвэрчний эвлэлийн хороо болон ёс зүйн хорооны санал дүгнэлтийг огт аваагүй билээ. Миний бие ажлаас халагдах шалтгаанаа огт мэдэхгүй байсан тул тодруулж асуухад “чи улс төржөөд байдаг биз дээ гэсэн” зүйл ярьсан. Миний хувьд улс төржсөн ямар ч үйлдэл гаргаагүй ажлаа л хийж явдаг жирийн л ажилтан билээ. Иймд дээр дурдсан байдлаар хууль зөрчиж гаргасан АУУ ХХК-н захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Х намайг АУУ ХХК-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Х-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын төлөөлөгч миний бие 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Хүрэлб нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АУУ ХХК-ийн захирлын Б/25 дугаар тушаалаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас халсан. Ажлаас халахдаа хөдөлмөрийн хуульд заасан мэдэгдэл өгч надаас тайлбар аваагүй ажлын байран дээр ажиллаж байхад шууд дуудаад халагдах тушаал өгсөн. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан байгууллагын дэргэдэх хороо буюу АУУ ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон ёс зүйн хорооны санал дүгнэлтийг огт аваагүй билээ. Миний бие ажлаас халагдах шалгаанаа огт мэдэхгүй байсан тул тодруулж асуухад чи улс төржөөд байдаг биз дээ гэсэн” зүйл ярьсан. Миний хувьд улс төржсөн ямар ч үйлдэл гаргаагүй ажлаа л хийж явдаг жирийн ажилтан билээ ...” гэж тайлбарлан нэхэмжлэл гаргасан байх ба манай компаний зүгээс алдаа зөрчил гаргаагүй ажилтныг ажлаас нь чөлөөлөх эрх ашиг сонирхол байхгүй бөгөөд Д.Х нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар зааварчилгааг ажилчдад цаг тухай бүрд нь өгдөггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийг өдөр тутамд заавар зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаггүй, ажилчдын тайлбарласнаар сарын сүүл үеэр ирж дэвтрээ гарын үсгүүдийг нь зуруулаад явдаг, мөн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандснаас үүдэн байгууллагын чухал ажиллагаатай тоног төхөөрөмж эд хөрөнгө эвдэрч гэмтсэн, тэдгээр эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмж эд хөрөнгийг цаг тухайд нь засч янзлуулах чиг үүргээ биелүүлээгүй улмаас байгууллагад хохирол учрах үндэс болсон зэрэг алдаа зөрчлүүдийг гаргасан. Эдгээр алдаа зөрчлүүдийг гаргасан талаар түүнд өөрт нь удаа дараа хэлж сануулж байсан. Энэ талаар өөрт нь сануулж хэлэхэд энэхүү зөрчлүүдээ бүрэн хүлээн зөвшөөрч байсан атлаа ажлаас халагдах зөрчил алдаа гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Иймээс Д.Хыг хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Д.Х нь хариуцсан ажилдаа эзэн болдоггүй, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг байдал нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон болохоос биш түүнийг чи улс төрждөг биз дээ гэсэн үл ялиг шалтгаанаар түүнийг ажлаас халах нь хууль тогтоомж болоод байгууллагын удирдах албан тушаалтан хүний ёс зүйд нийцэхгүй асуудал юм. Мөн Д.Х нь ажлаас чөлөөлөгдсөн атлаа үүрэгт ажлаа хүлээлгэж өгөлгүй байгууллагын ажилд саад учруулж байгаа нь түүний үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг гэдгийг харуулж байгаа юм. Иймд Д.Хыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн тогтоох болон ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
1.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Х нь 2014 оноос хойш Архангай аймгийн АУУ ХХК-д олон жил үр бүтээлтэй ажиллаж хамт олны итгэлийг хүлээсэн, ажилдаа хариуцлагатай ажилтан. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Хыг Архангай аймгийн АУУ ХХК-ин захирлын Б/25 гэсэн тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргасан талаар огт дурдаагүй. Энэ хүн ажлаас халагдах болсноо ердөө 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад мэдсэн. Энэ үед АУУ ХХК дээр ноцтой осол гарсан байсан. Тухайн гэмтэл дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны хувьд байнга хамт байх ёстой. Д.Х тухайн осол болсон газар ажил үүргээ гүйцэтгээд явж байхад нь АУУ ХХК-ийн бичиг хэргийн ажилтан дуудаад ажлаас халсан тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн шийтгэл оногдуулах гэж байгаа бол ажилтанд мэдэгдэх, тайлбар авах, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Гэтэл энэ хүнд ямар нэг байдлаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. Дээр нь маш хүнд нөхцөлд байхад нь дуудсан үүнийг манай менежер нотолж байгаа. Ажлаа хийгээд байж байхад нь хүрээд ир гэж дуудсан. Үүнээс болж цаана нь маш олон хүний амь нас эрүүл мэнд хохирох байсныг бид мэдэхгүй. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд энэ хуулийн заалтыг ашиглаж халах байх. Яагаад халагдсан шалтгаанаа Д.Х нь огт мэдэхгүй байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэж Д.Хын цалин өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сард шинэчлэн байгуулсан байгаа. Энэ хөдөлмөрийн гэрээг байгуулахыг захирал тал хариуцна. Манайх шинэ хөдөлмөрийн гэрээний загвараа батлахдаа хуульчдын баг ажиллуулж байгаад хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн баталсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан нэг ч зөрчлийг огт гаргаагүй байдаг. Манай байгууллага онцгой байгууллага. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь хөдөлмөрийн зааварчилгааг өгдөг. Өгөхдөө зааварчилгааг амаар болон бичгээр өгдөг. Бичгээр өгснөө баталгаажуулдаг. Зааварчилгаа өгсөн талаарх нотлох баримт нь шүүхэд өгсөн баримтууд дунд байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилтан танилцсан уу гэдгийг сард нэгээс доошгүй удаа шалгаж аюулгүй байдлын ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Манай байгууллагын онцлог нь манай байгууллага олон объекттой, 7 километрийн зайд манай байгууллагын зарим оффисууд байгаа. Аюулгүй байдлын ажилтан сард нэг удаа зааварчилгаагаа өгсөн байхад тухайн сардаа ажилчид нь тухайн зааварчилгаагаа уншаад ажилдаа гардаг. Мөн аваар ослын үед заавал аюулгүй байдлын ажилтан нь хамт байж байдаг. Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллага, Монгол Улсын нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагын хамтарсан хэлэлцээрийн дагуу “Хэрвээ ажилтныг ажлаас халах болсон тохиолдолд заавал байгууллагын дэргэдэх хороонуудаар асуудлыг оруулж хэлэлцэж, тухай хороонуудаас бичгээр хариу авдаг” олон жилийн турш хуралдаад ажилтныг ажлаас халах болсон тохиолдолд бичгээр хариу авдаг энэ зүйл бол хэвшсэн зүйл. Миний бие 2013 оноос хойш захирлаар ажиллаж байх явцдаа сахилгын зөрчил гаргасан хүмүүсийг ажлаас халах тохиолдол гарч байсан. Энэ үед ёс зүйн хороо болон үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэлийг заавал гаргаж өгч тэдний бичгээр гаргасан саналыг үндэслэн шийдвэрээ гаргадаг байсан. Энэ тохиолдолд Архангай аймгийн АУУ ХХК нь үйлдвэрчний эвлэлийн хороо, түүнчлэн ёс зүйн хороо нь огт хуралдаагүй. Нэхэмжлэгчийн хувьд хамт олныхоо итгэлийг хүлээсэн, маш сайн ажилтан. Сая оны эцсээр оны шилдэг ажилтан болж байсан. Энэ хүн бол хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчих, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг огт гаргаагүй. Зөвхөн улс төрийн зорилгоор буюу Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нь н.Золжаргалын хүн учир хал гэсэн чиглэл өгсний дагуу С.Б нь олон хүмүүсийг ажлаас халж байгаагийн нэг нь Д.Х юм. Хүмүүсийг ажлаас халаад байхаар нь Д.Х үүнтэй эвлэрэхгүй Монгол Улсын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг компани дээрээ авч ирээд Архангай аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг авч ирээд хамтарсан хурал болоод ер нь хүмүүсийг ажлаас халж байгаа нь буруу байна гээд тэмцэл эхлүүлсэн байдаг. Үүнтэй нь холбоотой хорлосон зүйл ажиглагдаад байдаг. АУУ ХХК-ийн захирал С.Б нь одоо болтол ажилтайгаа танилцаагүй юм байна. С.Б тайлбартаа би объектуудаараа яваад шалгаад үзэхэд Д.Х зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураагүй байсан гэж яриад байна. Энэ бол утгагүй зүйл. Тухайн зааварчилгааны дэвтэрт ажилчид зааварчилгаатай танилцаад гарын үсгээ зурдаг, харин Д.Х нь тухайн ажилчид нь зааварчилгаатай танилцаад гарын үсэг зурсан эсэхийг сард 1 удаа очиж шалгаж баталгаажуулах ёстой этгээд. Мөн С.Б захирал нь ажилд томилогдсоныхоо маргааш нь Д.Хын хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженерийн мэргэшүүлсэн үнэмлэхийг нь авч шалгасан байсан. Энэ талаараа өнөөдөр өмгөөлөгчдөө тайлбарлаж хэлээгүй юм уу яасан юм мэдэхгүй, өмгөөлөгч нь мэргэжлийн хүн биш гэсэн зүйлийг яриад зогсож байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна. Дээр нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг гаргаж өгнө үү гэж хүсмээр байна. Яагаад ажилтныг санаатайгаар хохироож байгаа юм бэ? Мөн цэвэрлэх байгууламж нь тусдаа тоног төхөөрөмжтэй, тусдаа менежертэй, тусдаа технологи инженертэй. Цэвэрлэх байгууламжийн аюулгүй байдлын зөвлөгөөг технологийн инженер болон ээлжийн инженер өгдөг. Тухайн зөвлөгөөгөө бичиж баталгаажуулсан эсэхийг нь манай хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер сард нэгээс доошгүй удаа очиж шалгадаг. Өмгөөлөгч В.Удвал нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг судалсан байх ёстой атлаа анхан шатны ч мэдэгдэхүүнгүй явж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажилтан сахилгын зөрчил гаргаж ямар хариуцлага хүлээх ёстойгоо мэдэх эрхтэй гэж заагаагүй. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байгаа. Ажлаас халах тушаал гарсны дараа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д.Х С.Б дээр ороход С.Б урдаас нь чи улс төрждөг биз дээ гэж хэлсэн байсан. Үүнийг нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн. Д.Хыг улс төржсөн гэсэн ямар ч нотлох баримт өнөөдөр байхгүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан яаж улс төржих юм бэ? Олон хүн ажлаас халагдсантай холбогдуулан манай ажилчид эсэргүүцэл илэрхийлсэн. Тухайн ажилчдын дуу хоолой болж үйлдвэрчний эвлэлийн дарга тухайн эсэргүүцлийг зохион байгуулсан нь үнэн. Энэ бол улс төрийн ажил биш. Үйлдвэрчний эвлэлийн дарга нь ажлаа захиралдаа тайлагнах ёстой гэж яриад байх шиг байна. Ажлаа тайлагнах ёсгүй. Тухайн байгууллага нь тусдаа байгууллага. Ямар ч зөрчил гаргаагүй хүнийг ажлаас халчихаад үндэслэлгүй тайлбар яриад зогсож байгаад нь харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
1.4 Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хын ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь Д.Х нь ажилдаа хариуцлагагүй ханддаг. Ажилчдад заавар зөвлөгөө тухай бүрт нь өгдөггүй. Сарын сүүлээр ажлын байрууд дээр очиж гарын үсэг зурдаг. Хэдий манай объектууд дээр ноцтой зөрчил илрээгүй ч гэсэн онцгой объект учраас байнгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер нь зааварчилгаа өгч, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл юу байна түүнээс урьдчилан сэргийлж хяналт тавьж байх ёстой. Мөн ажилчдадаа зааварчилгаа зөвлөгөөг өгөх ёстой. Миний бие амралтын өдрүүдээр объектуудаараа орж ажлын явцтай танилцаад явж байх үед цэвэрлэх байгууламжийн операторчин н.Баасандорж нь ажлын байр нь дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг тухайн үед нь авч үзэхэд 04 дүгээр сарын 20-ны үеэс 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд нэг ч удаа зааварчилгаа өгөөгүй. Зааварчилгааны дэвтэр дээр бичигдсэн зааварчилгаа нь өөр өөр бичгийн хэвтэй байгаа. Үүнийг манай инженерүүд бичдэг. Д.Х нь барилга байгууламж тоног төхөөрөмжтэй ажиллаж мэддэггүй юм байна лээ. Урьд өмнө нь сонсож байхад хол байрлалтай байгаа станц дээр очиход хөдөлмөр хамгааллын инженер нь зааварчилгаагаа өгдөггүй байсан. Тэгээд би Хүрэлбаатарыг өрөөндөө дуудаад ямар ажил хийх ёстойг нь хэлсэн. Өөрийнхөө ажил үүрэгт чиглэсэн юу хийх ёстой талаараа өөрөө мэдэхгүй байсан. Тухайн үед би сануулга өгөөд гаргасан боловч тухайн хүн нь шалгаад гарын үсэг зурсан тэмдэглэл дээр завсар хийгээд өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Би дахин дуудаад энэ талаар нь асуугаад хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж дараагийн арга хэмжээ буюу ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Мөн өмнө нь ажлын тайлангаа гаргаж өгдөггүй. Өглөөд ажилдаа ирж харагдаад өдөр 11-12 цагийн хувьд алга болчихдог. Асуухаар ажлын байрны станцуудаар явж байна гэж хэлдэг. Гэтэл тухайн газруудаар яваагүй байдаг. Мөн У ХХК-д ажиллаж байгаа техник хэрэгслүүдийг ажиллаж байгаа эсэхийг шалгаж тайлан боловсруулах ёстой. Д.Хт хяналт тавьж, үзлэг хийсэн талаарх тайлан, тэмдэглэл нэг ч байдаггүй. Эдгээр шалтгаанаар Д.Хыг ажлаас чөлөөлсөн. Үйлдвэрчний хорооны тайланг би өгөх ёстой гэж хэлээгүй, ажилтны ажлын тайлан өгөх ёстой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал үүнийг буруу ойлгосон байна. Мөн ажлаас гарсны дараа чи улс төржсөн гэж хэлсэн зүйл байхгүй. Цэвэрлэх байгууламжийн тухайд технологич, инженер, менежер нар нь бүртгэл хөтөлж зааварчилгаа өгөөд үүнд нь Д.Х хяналт тавьдаг гэж яриад байна. Үндсэн ажлынх нь чиг үүрэгт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер нь зааварчилгааг өөрийн биеэр өгч гарын үсэг зурж, тэмдэглэл хөтлөх ёстой. Миний бие тухайн тэмдэглэл дээр шалгав гээд гарын үсгээ зураад өрөөндөө Д.Хыг дуудаж уулзсаны дараа бүртгэлийн шалгав гэж гарын үсэг зурсан дэвтэр дээр давхарлаад гарын үсгээ зурсан байсан. Би Д.Хт 2022 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулаач ээ гэж хэлсэн, ажилтай нь танилцах гэж үзсэн боловч чадаагүй гэв.
2. Нэхэмжлэгчээс “АУУ” ХХК-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай “Д.Х-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн б/25 дугаартай “Д.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Хариуцагчаас “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Д.Хыг ажлаас чөлөөлөх тухай” б/25 дугаартай тушаалын хуулбар, Архангай аймаг Ус суваг ашиглалтын АУУ ХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 14-ний “Ажилд томилох тухай” Б/65 дугаартай тушаалын хуулбар, Архангай аймаг Ус суваг ашиглалтын АУУ ХХК-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Хыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” б/30 дугаартай тушаалын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгын бүртгэл /Цэвэрлэх байгууламж/-ийн хуулбар, Хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгын бүртгэл /АУУ ХХК II-р өргөх станц/-ийн хуулбар, Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгын бүртгэл /АУУ ХХК таруу/-ийн хуулбар, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгын бүртгэл /АУУ ХХК/-ийн хуулбар, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын АУУ ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн ажилчидтай хийсэн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай хурлын тэмдэглэл, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ар ус ундарга хязгаарлагдмал хариуцлагатай компаний дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Архангай аймаг Ус суваг ашиглалтын АУУ ХХК-ийн бичиг тараах дэвтэр зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
4. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж гэрч Б.А, Ж.Т нарын мэдүүлэг зэрэг болно.
5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.Б, О.Ц, Д.Э, Н.Г нарын мэдүүлэг,
- 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл” зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч “АУУ” ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АУУ ХХК-н захирлын Б/25 дугаар тушаалаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас халсан. Ажлаас халахдаа хөдөлмөрийн хуульд заасан мэдэгдэл өгч надаас тайлбар аваагүй ажлын байран дээр ажиллаж байхад шууд дуудаад халагдах тушаал өгсөн. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан байгууллагын дэргэдэх хороо буюу АУУ ХХК-н үйлдвэрчний эвлэлийн хороо болон ёс зүйн хорооны санал дүгнэлтийг огт аваагүй билээ. Миний бие ажлаас халагдах шалтгаанаа огт мэдэхгүй байсан тул тодруулж асуухад “чи улс төржөөд байдаг биз дээ гэсэн” зүйл ярьсан. Миний хувьд улс төржсөн ямар ч үйлдэл гаргаагүй ажлаа л хийж явдаг жирийн л ажилтан билээ. Иймд дээр дурдсан байдлаар хууль зөрчиж гаргасан АУУ ХХК-н захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Х намайг АУУ ХХК-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Д.Х нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар зааварчилгааг ажилчдад цаг тухай бүрд нь өгдөггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийг өдөр тутамд заавар зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаггүй, ажилчдын тайлбарласнаар сарын сүүл үеэр ирж дэвтрээ гарын үсгүүдийг нь зуруулаад явдаг, мөн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандснаас үүдэн байгууллагын чухал ажиллагаатай тоног төхөөрөмж эд хөрөнгө эвдэрч гэмтсэн, тэдгээр эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмж эд хөрөнгийг цаг тухайд нь засч янзлуулах чиг үүргээ биелүүлээгүй улмаас байгууллагад хохирол учрах үндэс болсон зэрэг алдаа зөрчлүүдийг гаргасан. Эдгээр алдаа зөрчлүүдийг гаргасан талаар түүнд өөрт нь удаа дараа хэлж сануулж байсан. Энэ талаар өөрт нь сануулж хэлэхэд энэхүү зөрчлүүдээ бүрэн хүлээн зөвшөөрч байсан атлаа ажлаас халагдах зөрчил алдаа гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Иймээс Д.Х-ыг хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Д.Х нь хариуцсан ажилдаа эзэн болдоггүй, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг байдал нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон болохоос биш түүнийг чи улс төрждөг биз дээ гэсэн үл ялиг шалтгаанаар түүнийг ажлаас халах нь хууль тогтоомж болоод байгууллагын удирдах албан тушаалтан хүний ёс зүйд нийцэхгүй асуудал юм. Мөн Д.Х нь ажлаас чөлөөлөгдсөн атлаа үүрэгт ажлаа хүлээлгэж өгөлгүй байгууллагын ажилд саад учруулж байгаа нь түүний үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг гэдгийг харуулж байгаа юм. Иймд Д.Х-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн тогтоох болон ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Х нь АУУ ХХК-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны албан тушаалд 2022 оны 03 сарын 01-ний өдрийн б/30 тоот тушаалаар томилогдон 2019 оны 12 сарын 02, 2022 оны 01 сарын 03-ны өдөр 09 тоот хөдөлмөрийн гэрээнүүдийг байгуулан ажиллаж байгаад тус компанийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны Б/25 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан “АУУ” ХХК-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн б/30 дугаартай “Д.Х-ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээнүүд, мөн компанийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаартай “Д.Х-ын ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх үүрэгтэй гэж заасан.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Монгол улсын MNS 4969:2000 стандартын 4.16-д өдөр тутмын зааварчилгааг ажил эхлэхийн өмнө бичгээр өгнө гэж заасан.
Нэхэмжлэгч Д.Х нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд өгөөгүй, хяналт шалгалт хийх үүргээ биелүүлээгүйн улмаас ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гарсан болох нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтэр болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл мөн, сахилгын зөрчил 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд давтан гаргасан байна.
Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажилтанд мэдэгдэж тайлбар авсан болох нь хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэрт шалгалт хийсний дараа нэхэмжлэгч Д.Х-тай уулзсан, уулзсаны дараа нөхөн бичилт хийсэн гэх хариуцагчийн тайлбар болон нөхөн бичилт хийсэн бүртгэлийн дэвтэрээр тогтоогдож байна.
Иймд ажил олгогчийн буюу АУУ ХХК-ийн захирлын Д.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн б/25 тоот тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын хариуцагч “АУУ” ХХК-д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН