Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 2025        02         17                                      

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч М.Өлзийбаатар

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421006060518 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, Ерөнхий боловсролын сургуулийн Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-н ******* тоотод оршин суух, урьд нь улаас авсан гавьяа  шагнал, ял шийтгэлгүй, Боржин овогт ******* ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө ******* бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ардын уламжлалт эмнэлэгийн баруун талын зогсоол дээр байрлуулсан ******* СҮА улсын дугаартай хар өнгийн "Приус-20" маркийн автомашины хаалгыг татаж онгойлгон 1 кг хэмжээтэй 10 ширхэг амталсан тахианы мах 2 кг хэмжээтэй 7 ширхэг тахианы гуяны цул мах, иргэний үнэмлэх, олон оролттой цэнэглэгч зэрэг эд зүйлс хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүйгээс болж энэ гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өсвөр насны шүүгдэгч *******ийн хувьд дөнгөж 14 настай бөгөөд сургууль завсардсаны улмаас уг хэрэгт холбогдсон гэж үзэж байна. Энэ талаар түүний хууль ёсны төлөөлөгч болох ээжид нь удаа дараа зөвлөж мэдээлж  байсан боловч өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд ирж оролцсонгүй. *******ийг хоёр сургууль хооронд шилжүүлэх шалтгаанаар сургууль завсардуулсан нь уг хэрэг гарахад нөлөөлсөн. Түүний ээж нь 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг ээлжийн ажилд явдаг ба хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсны улмаас хүүхдүүд хоорондоо нийлж янз бүрийн асуудал үүсгэсэн гэдгийг цагдаа нар хэлж байсан. Өсвөр насны шүүгдэгч болон өмгөөлөгч миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд маргахгүй гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Тиймээс өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны асран хамгаалагч болох ээжид нь хүүхдэдээ анхаарал халамж хандуулахыг үүрэг болгох зайлшгүй шаардлагатай байна. Улсын яллагчийн гаргасан саналтай маргах зүйлгүй байна гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Миний нөхөр Вандангийн эзэмшлийн ******* СҮА улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20-21 цагийн үед миний нөхрийн эгч , танил эгч бид гурав Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ардын уламжлалт эмнэлгийн баруун талд зогссон. Тэгээд машинаа унтрааж үлдээсэн бөгөөд жолооч талын хаалга нь цоожлогддоггүй юмаа. Тэгээд бид гурав тухайн газрын ойролцоо байрлах /нэрийг нь мэдэхгүй байна/ нэгэн караоке руу орж үйлчлүүлсэн. Тэндээсээ 22 цаг 30 минутын үед гарсан бөгөөд бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас машинаа тэндээ үлдээгээд гэр гэртээ харьцгаасан. ... эгч бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цаг 30 минутын үед машин дээрээ ирсэн чинь машины багажинд байсан 1 кг хэмжээтэй 10 ширхэг амталсан тахианы мах, 2 кг хэмжээтэй 7 ширхэг тахианы гуяны цул мах, миний иргэний үнэмлэх, машины олон оролттой цэнэглэгч, 10,000 төгрөг зэрэг алдагдсан байсан. ... би сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг нэхэмжлэхгүй, мөн хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан учир цаашид гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэжээ. /хх-ийн 34-35, 38/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-15/

-Боржигон овогт ******* *******ийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 16/

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-29/

-Damno шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43/

-Өсвөр насны шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ардын уламжлалт эмнэлэгийн баруун талын зогсоол дээр байрлуулсан ******* СҮА улсын дугаартай хар өнгийн "Приус-20" маркийн автомашины хаалгыг татаж онгойлгон 1 кг хэмжээтэй 10 ширхэг амталсан тахианы мах 2 кг хэмжээтэй 7 ширхэг тахианы гуяны цул мах, иргэний үнэмлэх, олон оролттой цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 306,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Боржигон овогт ******* *******ийн нас тоолсон тухай тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, damno шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, агуулах саванд буюу тухайн өдөр агуулахын зориулалтаар ашигласан ******* СҮА улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 306,300 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь  хэрэгт холбогдох үедээ 14 нас 07 сар 19 хоногтой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний төрсний бүртгэлийн лавлагаа, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ... тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.

Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны хүн гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнийг ойлгох бөгөөд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хуульд тусгайлан хуульчилж өгсөн нь түүний гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигтаа хандсан 7 сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал нь насанд хүрсэн этгээдээс өөр байдагтай холбоотой юм.

Өсвөр насны шүүгдэгч *******т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Ерөнхий боловсролын сургуульд дахин суралцах гэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч *******т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, зөв амьдрах арга барилд сурах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч *******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнийг хараа хяналтандаа байлгаж, ерөнхий боловсролын сургуульд хамруулж хүмүүжүүлэх үүргийг шүүх хуралдаанд оролцогчдын санал хүсэлтийг харгалзан өсвөр насны шүүгдэгчийн төрсөн эх хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь өсвөр насны шүүгдэгч нь ерөнхий боловсролын сургуулиас завсардсан, мөн эцэг, эхийн хараа хяналт суларсанаас энэ гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болсон болох нь хэрэгт цугларсан баримтууд, шүүх хуралдаанд гаргаж буй шүүгдэгч мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг сургуульд хамруулахыг дурдах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогч 306,300 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг,Damno ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч энэ гэмт хэргийн улмаас Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг мөрдөгийн магадлагаагаар тогтоосон бөгөөд хохирогч нь ... би сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг нэхэмжлэхгүй. ...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан  өсвөр насны шүүгдэгч ******* ******* ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******, хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмон нарт мэдэгдэж,  хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлж, өсвөр насны шүүгдэгч *******ийг Ерөнхий боловсролын сургуульд хамруулахыг төрсөн эх даалгаж, үүрэг болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэрэгт хавсаргах битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОТГОНЖАРГАЛ