| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0197/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 195
2017.07.26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0197/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр
Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин ,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** нарт холбогдох эрүүгийн 201709000263 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. ***, ***-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ***
2. ***, *** гол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ***,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн Дархан сумын 8 дугаар баг Манхан толгойн гудамжинд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө ***н амь биед хүч хэрэглэн довтолж бэлэн 23,000 төгрөг, Самсунг эс-1 маркийн гар утас, гар утасны чихэвч, баттерэй цэнэглэгч зэрэг эд зүйлсийг дээрэмдэж 87,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг Манхан толгойн гудамжинд хохирогч ***н нүүрэн тус газар цохиж, заналхийлэн 23000 төгрөг болон 64500 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-1 маркийн гар утас, гар утасны чихэвч, батери цэнэглэгч зэргийг авсан болох нь:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би утсаар ярих гээд утсыг нь гуйж авсан. Тэгээд мөнгөө өг гээд хацар луу нь 2 алгадсан... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Орой вагонд суух гээд вокзал дээр байж байхад энэ үйл явдал болсон. Надад тэр үед дээрэмдье гэсэн санаа зорилго байгаагүй. Хохирогчийн халааснаас чихэвч, цэнэглэгч, 3000 төгрөгийг би авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг,
Хохирогч ***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...*** намайг цохих гээд дайраад байсан. Гэтэл *** дундуур орж салгасан. Тэгээд би ***өөс утсаа явъя гэхэд намайг зодох гээд байсан. Би айгаад халаасанд байсан 20,000 төгрөгийг өгсөн. *** дахиад мөнгө байгаа гээд дайраад байсан. Хутга байсан үгүйг би сайн мэдэхгүй байна, хутгыг бол хараагүй. Гар утас, чихэвч, цэнэглэгч болон 3000 төгрөгийг ***оос авсан. Маргааш нь ***ын аав, ээж нь ирж 20,000 төгрөгийг өгсөн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө би ажил дээрээ цагдаагийн дэд ахлагч ***ын хамт ээлжийн ажилтай байсан юм. Ингээд шөнө 02 цагийн орчимд намайг хэсгийн өрөөндөө байж байхад үл таних 18-20 насны залуу орж ирээд “Намайг сая үл таних 2 залуу дээрэмдчихлээ”, миний гар утас, 20.000 төгрөгийг дээрэмдээд аваад явчихлаа. Би одоо Шарын гол сум руу явах ёстой, гэтэл надад одоо мөнгө төгрөг байхгүй гээд бусдад зодуулсан байдалтай, баруун талынхаа хавирга хэсгийг гараараа барьсан, гадуур хувцас нь шороо болчихсон, зүүн талын хөмсөг нь хэсэг нь улайгаад хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тухайн залуугаас түүнийг яг хаана бусдад дээрэмдүүлсэн талаар асуугаад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт энэ талаар мэдээлэл өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүгдэгч ***оос Самсунг эс-1 маркийн гар утас, цагаан өнгийн чихэвч, баттерей цэнэглэгч зэргийг хураан авсан тогтоол тэмдэглэл, хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4-6/,
Эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг нотлогдож байна.
Шүүгдэгч ***, *** нарын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.
Гэвч 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ял хөнгөрч, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ***, *** нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь шүүгдэгч нар нь хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж мэтгэлцэж байгаа боловч энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хохирогч ***н ...*** миний утсыг авсан. Тэгээд би утсаа явъя гэхэд *** намайг зодох гээд дайраад байсан. Би айгаад халааснаасаа 20,000 төгрөг гаргаж өгсөн. Тэгтэл *** дахиад мөнгө байгаа гээд дайраад байсан. *** миний халааснаас чихэвч, цэнэглэгч авсан... гэх мэдүүлэг, гэрч *** ...өрөөндөө байж байхад үл таних 18-20 насны залуу орж ирээд “Намайг сая үл таних 2 залуу дээрэмдчихлээ”, миний гар утас, 20.000 төгрөгийг дээрэмдээд аваад явчихлаа гээд бусдад зодуулсан байдалтай, баруун талынхаа хавирга хэсгийг гараараа барьсан, гадуур хувцас нь шороо болчихсон, зүүн талын хөмсөг хэсэг нь улайгаад хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч ***, *** нар нь хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугааар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу тухайн зүйлд зааснаас доогуур ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялаас хасч, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***ын Хаан банк дахь хугацаагүй хадгаламжийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***, *** нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 57 хоног, ***ын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ***, *** нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч ***ын Хаан банк дахь хугацаагүй хадгаламжийн дансыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмоц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Т.БАТЖАРГАЛ