Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

Д.Золжаргалд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0039/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Т.Дэлгэрмэнд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар цагаатгах тогтоолтой Дагдандоржийн Золжаргалд холбогдох, 2118000000040 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай эрэгтэй, дээд боловсролтой, модон эдлэлийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 49-703 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ФД-85102211 регистрийн дугаартай, Самбуу овогт Дагдандоржийн Золжаргал.

Д.Золжаргал нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4а байрны 17 тоотод оршин суух Л.Одончимэгт гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3.500.000 төгрөг авч, гэрээгээр халхавчлан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуу овогт Дагдандоржийн Золжаргалд холбогдох эрүүгийн 2118000000040 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Золжаргалыг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Золжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Д.Золжаргал нь “Бусадтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, гэрээний харилцаа үүссэн...гэрээнд заасны дагуу хохирол төлбөрөө барагдуулсан... хохирол төлбөрөө төлсний дараа түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.

            Д.Золжаргалын үйлдэлд Л.Одончимэгийн мөнгийг авахдаа тавилгыг огт хийж өгөхгүй байх, эсхүл мөнгийг нь буцаан төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилго байсан эсэхийг хангалттай тогтоогоогүй, түүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар: Д.Золжаргал нь “Guccina Furniture” тавилгын цехийг төлөөлж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Л.Одончимэгтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа болгон 3.500.000 төгрөг авч, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гэрээнд заасны дагуу Л.Одончимэгт гал тогооны өрөөний тавилга хийж өгөхөөр тохиролцож, заасан хугацаандаа тавилгаа хүлээлгэн өгөөгүйн улмаас Л.Одончимэг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасны дараа 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3.750.000 төгрөг буцаан төлсөн болох нь тогтоогддог.

            “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн зорилго нь ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Түүнээс биш ажил гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан бүтээгдэхүүнийг хийгээгүй, хийх боломжгүй нөхцөлд байж байгаад гэрээний хугацаа дуусгаж, захиалагч мөнгөө буцаан нэхэхээр нь мөнгийг нь буцааж өгч байгаа үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааны “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн зорилгод нийцэхгүй, мөн гэрээний үүргээ биелүүлж байгаа ойлголт биш ба гэрээний үүргийн харилцаанаас үүдсэн асуудал гэж үзэх үндэслэлгүй юм.

            Д.Золжаргал нь бусдаас захиалга авсан талаар тус цехийн эрх бүхий албан тушаалтан, мужаан зэрэг хүмүүст огт мэдэгдээгүй, улмаар хохирогч Л.Одончимэгийн тавилгыг хийх гэсэн санаа гаргаагүй, бодит үйлдэл хийгээгүй, бодит үр дүн гаргаагүй байсаар гэрээний хугацаа дууссан. Иймээс Л.Одончимэг цагдаагийн байгууллагад хандан гомдол мэдээлэл гаргасны үндсэн дээр гэрээнд заасан хугацаанаас 21 хоногийн дараа шахалтад орж, аргагүй байдалд хүрч, захиалагчийн мөнгийг буцаан төлсөн байдаг.

            Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч, мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийг гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол дээрх үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх нь үндэслэлтэй юм.

            Залилах гэмт хэргийн субьектив шинжийг тогтоохдоо тухайн этгээд нь бусадтай харилцан тохиролцсон гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар бодит ямар оролдлого хийсэн эсэх, дээрх үйлдлийн улмаас бодит үр дүн гарсан эсэхэд дүгнэлт хийх нь чухал юм.

            Д.Золжаргал нь Л.Одончимэгийн мөнгийг авахдаа тухайн тавилгыг огт хийж өгөхгүй байх, эсхүл мөнгийг нь буцаан төлөхгүй байх гэсэн санаа зорилго агуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог.

            Өөрөөр хэлбэл: Д.Золжаргал нь бусадтай үйлдвэрийн цехийг төлөөлж гэрээ байгуулан урьдчилгаа мөнгө авч, тус мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, Л.Одончимэгтэй байгуулсан гэрээгээ өөрийн үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтан болон тус тавилгыг гардан хийх ажилчдад мэдэгдээгүй, тус тавилгыг хийх бараа бүтээгдэхүүнийг захиалаагүй болох нь тогтоогдсон.

            Д.Золжаргалын дээрх үйлдлийг дүгнэхэд гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авах субьектив санаа зорилготой байсан болох нь нотлогдож байна.

            Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Д.Золжаргалыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.

            Харин шүүхийн цагаатгах тогтоолд заасанчлан материаллаг бүрэлдэхүүнтэй гэж дүгнэн, хохирол төлөгдсөн гэх үндэслэлээр нэг талаасаа “гэмт хэрэг биш” гэж үзэх нь үндэслэлгүй юм. Д.Золжаргалын үйлдэл нь Л.Одончимэгээс 3.500.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл хийснээр төгссөн гэж үзнэ.

            Мөн шүүх “...хохирол төлбөргүй болсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ.

            Хохирол төлбөрөө төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаас биш, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх гэсэн ойлголт биш юм. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй буюу шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

            Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 78 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Цагаатгагдсан этгээд нь шунахайн сэдэлттэйгээр ажил гүйцэтгэх гэрээгээр халхавч хийж энэхүү гэмт хэргийг үйлдсэн байдаг. Түүний үйлдэл нь гэрч нар болон хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог. Д.Золжаргал нь гэрээ байгуулахдаа компанийн захиралдаа огт мэдэгдээгүй нь түүний үйлдэл шунахайн сэдэлттэй бусдыг залилан мэхлэх зорилготой байсныг харуулж байна. Хохирол төлбөр төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл биш юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Цагаатгагдсан этгээдийн хувьд анхнаасаа хохирогчийг залилах санаа зорилго байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Д.Золжаргалд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос Д.Золжаргалыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4а байрны 17 тоотод оршин суух Л.Одончимэгт гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3.500.000 төгрөг авч, гэрээгээр халхавчлан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  Д.Золжаргал нь хохирогч Л.Одончимэгт гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3.500.000 төгрөг авсан боловч мөнгийг авахдаа тухайн тавилгыг огт хийж өгөхгүй байх, эсхүл мөнгийг буцааж өгөхгүй байх гэсэн залилах гэмт хэргийн субьектив талын шинж Д.Золжаргалын үйлдэлд байсан гэдгийг хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнд заасан алданги тооцож хохирогчийн мөнгийг буцаан төлж, хохиролгүй болсны дараа түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Д.Золжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Золжаргал нь “Guccina Furniture” тавилгын үйлдвэрийн захиалга хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4а байрны 17 тоотод оршин суух Л.Одончимэгт гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3.500.000 төгрөг авсан боловч тавилгыг хийж өгч чадаагүй тул захиалагч иргэн Л.Одончимэг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасны дараа 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээнд заасны дагуу алданги тооцож, 3.750.000 төгрөгийг түүнд буцаан төлсөн үйл баримт болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тухайн үед болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Золжаргалын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Мөн хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                        ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ