Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2022/00410

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: К банк ХХК /УБД: ..., РД: .../

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: К б ХХК-нд ... ажилтай, Л овогт Э-ын Б /РД: .../,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн ... К б-ы З т-ны төвийн ... ажилтай, Л овогт Б-йн О /РД:..., утас:..., .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг ... тоотод оршин суух, С овогт Г-ын Ү /РД: ..., утас .../, С овогт М-ийн М /РД: ..., утас: .../ нарт холбогдох

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг 27,682,562 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, зээлийн шимтгэл 0,80 хувь болох 200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б, хариуцагч нарын өмгөөлөгч О.Ү нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К б-ы ... тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Ү, М.М нар нь К банктай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг Эрээн гарах зөвшөөрөлтэй машин худалдан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд М.М-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн ... дугаартай, 61.32 м.кв талбайтай хувийн сууц, М.М-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний дугаартай, ... тоот нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгчдийн хүсэлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийн байдлаар дээрх үндсэн зээлээс 2,276,355 төгрөг, үндсэн хүүнээс 11,066,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 160,623 төгрөг, нийт 13,503,526 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгчид нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах хүсэлтэй байна. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана” гэж заасан байна. К банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй юм. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Г.Ү, М.М нартай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 22,723,645 төгрөг, зээлийн хүү 4,931,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,269 төгрөг, нийт 27,682,562 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлага 1.Г.Ү, М.М нартай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах,

2. Г.Ү, М.М нараас ... тоот Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 27,682,562 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 3016-19/33-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ү, М.М нар нь К банктай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг Эрээн гарах зөвшөөрөлтэй машин худалдан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд М.М-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн ... дугаартай, 61.32 м.кв талбайтай хувийн сууц, М.М-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний дугаартай, ... тоот нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгчдийн хүсэлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. 2020 оны 02 сараас зээлийн төлөлтийг огт хийгээгүй. Зээл төлөх талаар манай байгууллагаас удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Хариуцагч нар нь өвчин зовлонтой гэж огт хэлж байгаагүй. Мэдэгдэл хүргүүлэх болгонд төлнө л гэх зүйлийг ярьдаг байсан. Гэрээний хугацааг цуцлуулж, үндсэн зээл 22,723,645 төгрөг, зээлийн хүү 4,931,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,269 төгрөг, нийт 27,682,562 төгрөгийг гаргуулах, сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйлээр гэрээний үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна гэв.  

Хариуцагч Г.Ү, М.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид банкуудад тавьсан зээл, өр төлбөрийг барагдуулах зорилгоор К банкнаас 25,000,000 төгрөгийн зээлийг авч, зээлийг улс хоорондын зорчигч ачаа тээврийн үйлчилгээг эрхлэх орлогоос буцаан төлөхөөр 2019 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Эрээн хотын чөлөөт худалдааны бүсээс ачаа тээвэр зөөх замаар олсон орлогоор зээлийг төлж байгаад 2020 оны хятадын цагаан сар, цагаан сарын дараагаар ковид-19 цар тахал дэгдсэн улмаас хил хааж орлого олох боломжгүй болсон. 2020 оны 03 сараас өөрсдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогоор зээлийг  төлж нийтдээ 13,503,526 төгрөгийг төлөөд байгаа, мөн М.М 2021 оны 11 сард баруун гартаа гэмтэл  авснаас 2 удаагийн хагалгаанд орж, эмчилгээний зардал мөнгө шаардлагатайгаас зээлийг цаашид төлж чадаагүй байдалд хүрсэн. Энэ байдлыг банкны зүгээс мэдэж байгаа, бид ч удаа дараа мэдэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин гэрээг ноцтой зөрчил үүссэн буюу бидний хугацаа хэтэрч эхэлсэн, аргагүй байдал үүссэн 2021 оны 12-р сараар тогтоон цуцлуулах саналтай байна. Зээлийн гэрээг 2021 оны 12-р сараас цуцлах хүсэлтээр зээлийн үлдэгдэл төлбөрийг тогтоолгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.   00 төгрөгийн зээлийг авч, зээлийг улс хоорондын зорчигч ачаа тээврийн үйлчилгээг эрхлэх орлогоос буцаан

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлд: К банкнаас 2019 оны 05 сарын 03-ны өдрийн ...  тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах нэхэмжлэлийг гаргасантай хамтран хариуцагчаас Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэн К банк, Г.Ү, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1, 20.2.4 дэх заалтаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэгч нь зээлийг тодорхой, заасан чиглэл зориулалтаар олгож байхаар, хуулийн 19.10-д банкнаас олгосон зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монгол банкнаас баталсан байхыг тус тус хуульчилсан тул банкнаас гаргасан нотлох баримтад буй 2019 оны 05 сарын 02-ны өдрийн өргөдөл бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 30-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1-р хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжүүдийг агуулж байх тул маргаан үүсгэж буй дээрх зээлийн гэрээг хучин төгөлдөр бусад тооцож, шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх,  2019 оны 05 сарын 30-ны өдрийн ... тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийн зээл олгосны шимтгэл 0,80 хувь буюу 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: К банкнаас Г.Ү, М.М нарын 2019 оны 05 сарын 02-ны өдрийн өргөдлийг үндэслэн 2019 оны 05 сарын 03-ны ... тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Тухайн өргөдөлд нийт 25 сая төгрөгийн зээл  авахаар хүссэн бөгөөд үүний 18 сая төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор, үлдэх 7 сая төгрөгөөр хагас ачааны зориулалт бүхий Истана маркийн автомашин авахаар дурдагдсан байдаг. Банк нь зээл хүсэгчийн өргөдөлд дурдсан зориулалтаар зээл олгосон бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан ... тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д дурдсан бөгөөд хариуцагч нар тухайн нөхцөлийг уншиж танилцан, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Мөн тухайн гэрээний 9.1.4-т “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний хуудас бүрд гарын үсэг зурсан байгаа нь энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэгтэйгээ нэг бүрчлэн танилцаж, ойлгосон болохоо баталгаажуулсныг илэрхийлж байгаа болно.” гэж дурдсаны дагуу зээлдэгч Г.Ү хуудас тус бүрд гарын үсгээ зурж баталгаажуулсан, энэхүү гэрээг талууд нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлдэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ” гэж заасан ба зээлдүүлэгчийн зүгээс тогтмол олон нийт харах боломжтойгоор веб хуудсанд мэдээллэж байсан бөгөөд М.М, Г.Ү нар нь өөрсдөө зээлийн зориулалтыг К банкнаас нийтэд ил тод мэдээлсэн зориулалт буюу өрхийн хэрэглээний зээлийн хүрээнд тодорхойлсон байдаг. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэл дэх тодорхой чиглэл, зориулалтаар зээл олгох шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн тус хуулийн 22.2-т “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана.” гэж заасан хэлбэрийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний талуудын мэдээллийн хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйл, 10 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт нэг бүрчлэн тусгасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний тухайд аль ч нөхцөл хангагдаагүй байх буюу хуульд заасан шаардлагуудыг нэг бүрчлэн хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх учир хариуцагч М.М-рийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Мөн хариуцагчийн гаргаасан сөрөг нэхэмжлэл нь 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа талаар тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэл болгон дурдсан хуулийн заалтууд нь гэрээ байгуулах үед батлагдаагүй буюу 2021 оны 07 сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг үндэслэл болгосон байгааг дурдах нь зүйтэй. Иймд 2019 оны 05 сарын 03-ны ... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

0,8 хувийн шимтгэлийн хувьд: Банк нь Замын-Үүд дэх өөрийн нэгжээр дамжуулан бизнесийн болон хэрэглээний зориулалтаар зээл олгох болзол, нөхцөлийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д заасны дагуу нийтэд ил тод, нээлттэй зарласан байсан бөгөөд зээл олгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 5.1.14.5-д заасны дагуу зээлдэгч нь “13 сар ба түүнээс дээш хугацаатай” бизнесийн болон хэрэглээний зээлийг авах тохиолдолд зээлийн дүнгийн 1,0 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг авахаар байсан. Дээрх нөхцөлийн дагуу банк нь зээлийн олголтыг бүрэн хийсний дараа зээлийн үйл ажиллагааны шимтгэл 250,000 төгрөгийг хариуцагчтай байгуулсан гэрээ, нөхцөлийн дагуу тус өдөр бэлэн бусаар тооцон авсан байдаг. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба зээлдэгч Г.Үүлэнсолонго нь мемориалын баримтад гарын үсэг зурсан, хүлээн зөвшөөрсөн байдаг. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна”, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасны дагуу зээл олгох үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байдаг. Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно” гэж заасны дагуу банк нь өөрийн болзол, нөхцөлийг нийтэд ил тод зарлаж, түнийг харилцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээлийг олгон ажилладаг. Тодруулбал банкнаас харилцагчид зээл олгох нөхцөл, болзлоо нээлттэй байршуулсны дагуу харилцагчаас тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, түүний илэрхийлэл нь Иргэний хуулийн дагуу 42.1-д заасны дагуу хэлбэржсэн гэж  үзэх үндэслэл болно. Банкны тухай хууль болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тоот тушаалын  хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д тодорхойлон заасны дагуу Капитрон банк нь “хүү”, “шимтгэл”, “хураамж” болон бусад ойлголт мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр үнэн зөв, ил тод нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцож авсан болно. Иймд банк шимтгэл авах эрх нь Банкны тухай холбогдох хууль болон Монгол банкнаас баталсан журмын дагуу тодорхойлогдсон байх учир банк шимтгэл авах эрхтэй байна. Энэ эрхийн хүрээнд хариуцагчийн зөвшөөрснөөр зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг тооцон авсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг К банк нь бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.           

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б сөрөг нэхэмжлэлийн талаарх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М-ийн хувьд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлд холбогдох зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар дурдсан байдаг. Үүнд холбогдуулан К банкнаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбарыг гаргасан байдаг. Энэ сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу тайлбарыг гаргасан байгаа. Яагаад вэ гэхээр Капитрон банкнаас бол Ү, М нарын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өргөдлийг үндэслээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Тухайн 25,000,000 төгрөгийн 18,000,000 төгрөгийг дахин санхүүжүүлэх зорилгоор, үлдэх 7,000,000 төгрөгөөр хагас ачааны зориулалт бүхий Истана маркийн автомашин авах талаар тухайн өргөдөлдөө тусгасан байдаг. Ингээд зээл хүсэгчийн өргөдөл, бусад баримтыг үндэслэн зээл олгосон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д зориулалтыг дурдсан байдаг. Мөн хариуцагч нар тухайн нөхцөлийг уншиж танилцаад гарын үсэг зурсан, тухайн гэрээ бол хүчин төгөлдөр байдаг. Энэ талаар талуудын хэн ч маргадаггүй байгаа. Мөн тухайн гэрээний 9.1.4-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний хуудас бүрд гарын үсэг зурсан байгаа нь энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэгтэйгээ нэг бүрчлэн танилцаж, ойлгосон болохоо баталгаажуулсныг илэрхийлж байгаа болно гэж дурдсан. Үүний дагуу Ү нь хуудас бүрд гарын үсгээ зурж, энэхүү гэрээг яг ямар зорилгоор авч байгаа, яг ямар зориулалттай зээл юм бэ гэдгээ бол мэдэж байсан учраас гарын үсгээ зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ” гэж заасан байгаа. Мэдээж банк болон Монгол банк нь бүх хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, гаргасан шаардлагыг бүрэн биелүүлж ажилладаг байгаа. Зээлдүүлэгчийн зүгээс тогтмол олон нийт харах боломжтойгоор веб хуудсанд зээлийн үйл ажиллагааны шимтгэл болон тухайн зориулалт болон бусад холбогдох мэдээллүүдийг бүгдийг нь ил тод, нээлттэй зарлаж байсан. Зээлдэгч нар нь үүнийг хараад зээлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээг байгуулж байсан. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэл дэх тодорхой чиглэл, зориулалтаар зээл олгох шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг банкны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн тус хуулийн 22.2-т “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана.” гэж заасан хэлбэрийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний талуудын мэдээллийн хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйл, 10 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт нэг бүрчлэн тусгасан байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний тухайд аль ч нөхцөл хангагдахгүй байна гэж манай талаас үзэж байгаа. Мөн хариуцагч М-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн яг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа талаар тодорхойгүй байдаг. 56.1-ийн яг аль үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаагаа дурдаагүй бөгөөд үндэслэлгүй байна гэж банкны зүгээс бол үзэж байгаа. Үүнийг үндэслэн банк бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Мөн хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулан банк нь хариу тайлбар гаргаж хүргүүлсэн байгаа. Хариуцагч М нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Үүнийг бол К банкны хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр энд зээлийн шимтгэлийн талаар дурдсан байдаг. Зээлийн шимтгэлийн тухайд хууль бус учраас энэ шимтгэлийг суутгаж өгөөч ээ гэсэн талаар бичсэн байдаг. Энэ дээр бол К банкны зүгээс үйл баримтын талаар гаргадаг. Тухайн зээлийн гэрээтэй холбогдуулан К банк нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д заасны дагуу нийтэд ил тод, нээлттэй зарласан байсан. Мөн зээл олгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 5.1.14.5-д заасны дагуу зээлдэгч нь “13 сар ба түүнээс дээш хугацаатай” бизнесийн болон хэрэглээний зээлийг авсан учраас тухайн зээлийн дүнгийн 1,0 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг хариуцагч нараас авсан. Дээрх нөхцөлийн дагуу банк нь зээлийн олголтыг бүрэн хийснийхээ дараа энэ шимтгэлийг авсан байдаг. Тухайн зээлийн шимтгэл нь 250,000 төгрөг байсан. Энэ нь тухайн зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг байдаг. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь болохоор зээлдэгч Г.Ү-ын мемориалын баримтад гарын үсэг зурсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримт дээр Ү нь гарын үсэг зурсан байдаг. Зээлийн шимтгэл нь Монгол банкнаас заасан журмын дагуу авагдсан гэдгийг бол тайлбарлаж байгаа. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна”, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасны дагуу зээл олгох үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байдаг. Мөн Банкны тухай хуулийн 10.1-д “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно” гэж заасан байдаг. Үүний дагуу банк нь өөрийн болзол, нөхцөлийг сая дурдсанчлан нийтэд ил тод зарлаж, түнийг харилцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээлийг олгон ажилладаг байгаа. Иргэдэд ганц тавиад байгаа зүйл нь болохоор хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл гэж зааж байгаа. Хэрвээ банкны сайт руу ороод үзэх юм бол банкны зүгээс иргэдэд хүү, шимтгэлийн тухай заавал танилцуулагдаж байж зээл олгогддог гэсэн үг. Банкнаас харилцагчид зээл олгох нөхцөл, болзлоо нээлттэй байршуулсны дагуу харилцагчаас тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, түүний илэрхийлэл нь Иргэний хуулийн дагуу 42.1-д заасны дагуу хэлбэржиж гэрээ болон гарч байгаа гэж үзэх үндэслэл болно гэж банкны зүгээс үзэж байгаа. Банкны тухай хууль болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тоот тушаалын  хавсралтаар батлагдсан журмын дагуу К банк нь хүү, шимтгэл, хураамж болон бусад ойлголт мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр үнэн зөв, ил тод нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцож авсан болно. Иймд хариуцагч М-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг банкны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байгаа гэв. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч М.М, Г.Ү нарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг 27,682,562 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

            Хариуцагч нар нь гэрээний хугацааг 2021 оны 12-р сараас цуцлах хүсэлтээр зээлийн үлдэгдэл төлбөрийг тогтоолгох, мөн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний шимтгэл 0,80 хувь буюу 200,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

            Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Г.Ү, М.М нар нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр гэрээг байгуулсан байна. Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

2019 оны 05 сарын 03-ны өдөр Г.Ү-гийн К банкны ... дугаартай дансанд 25,000,000 төгрөг шилжин орсон нь зээлийн дансны хуулга /хх-ийн 116/-аар, 2019 оны 05 сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 13/-ийн дагуу сар бүрийн 27-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт нийт 699,826,49 төгрөгийг төлөхөөр, Зээлийн гэрээний 6.2.3-д “зээлийн гэрээний Хавсралт 1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах”, 6.2.4-т “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийх өдөр болмогц зээл, түүний хүүг банкин дахь өөрийн ...-н тоот харилцах данс, мөн бусад арилжааны банкууд дахь өөрийн данснаас банканд үл маргах журмаар төлөх” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.

            Хариуцагч нар нь 2019 оны 05 сарын 03-наас хойш 2020 оны 02 сар хүртэл зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-ийн 11/ зэргээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 6.2.3-т тус тус заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

Нэхэмжлэгч талаас 2021 оны 01 сарын 13-ны өдөр нэмэлт гэрээ /хх-ийн 17-18/-г хариуцагч нартай байгуулсан, мөн мэдэгдэл /хх-ийн 24-27/-ийг хүргүүлж байсан боловч хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг хангаагүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан заасан.  Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар хариуцагч нар нь 2020 оны 02 сараас хойш гэрээний үүргээ зөрчиж 585 хоног хугацаа хэтрүүлснийг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй. Зээлийн гэрээний 10.2.2-т “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” бол банк гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах, гэрээний 7.1.5-д “банк нь гэрээний 10.2-д заасан тохиолдлууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг ... шаардах ...”, 7.1.6-д “...зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтрэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхийг ... шаардах” эрхтэйгээр заажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд цуцлагдсан гэж үзнэ. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.”   Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар үүрэг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч төлөгдөөгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагч Г.Ү, М.М нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төв хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төв нь ... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч М.М-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү... дугаартай, 61.32 м.кв талбайтай хувийн сууц, М.М-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний дугаартай, ... тоот нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан байх бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 14-23/ зэргээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч Г.Ү, М.М нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорноговь аймгийн ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг татгалзаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагч М.М 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжүүдийг агуулж байх тул маргаан үүсгэж буй зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх,  2019 оны 05 сарын 30-ны өдрийн ... тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийн зээл олгосны шимтгэл 0,80 хувь буюу 200,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Г.Ү, М.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 30-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. К банкны Замын-Үүд тооцооны төвөөс олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарын банкны бусад зээлийг төлж, ачааны тээврийн хэрэгсэл худалдаж авах нь хариуцагч нарын өөрсдийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэх үйлдэл байна. Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвийн зүгээс хариуцагч нарын өөр банкин дахь зээлийг хаасан аливаа гүйлгээ хийгээгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэх хуулийн заалтуудыг зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний агуулга, мөн гэрээний зүйл зэрэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.3-д заасан шаардлагад нийцсэн гэрээ юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.3,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч М.М нь банктай байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийн 10 заалтын чухам аль заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй байна. Хариуцагч нарын өмгөөлөгч О.Ү-аас шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зээлийн гэрээ нь зөрсөн” гэх боловч нотлох баримтын хүрээнд татгалзлаа нотолж чадаагүй. 

Зээл олгосны шимтгэл 0,80 хувь буюу 200,000 төгрөгийг хариуцагч М.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь уг шимтгэлийн мөнгийг  хариуцагч Г.Ү төлсөн нь К банкны мемориалын баримт ... дугаартай баримт /хх-ийн 120/-аар нотлогддог. Хариуцагч М.М нь хариуцагч Г.Ү-ын итгэмжлэлгүйгээр уг шаардлагыг гаргах эрхгүй юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэх үндэслэлтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлд болон сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хуваарилсан болно.       

Хариуцагч Г.Ү, М.М нарт шүүх хуралдааны товыг тэдний ..., ... дугаартай утсаар 2022 оны 05 сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч талаас хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт шүүх хуралдаанд гаргасан, хариуцагч нарын өмгөөлөгч О.Ү, нэхэмжлэгч талын хүсэлтээс татгалзаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч  Г.Ү, М.М нараас зээлийн төлбөр 22,723,645 төгрөг, зээлийн хүү 4,931,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,269 төгрөг, нийт 27,682,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвд олгож, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар Кн банкны Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Г.Ү, М.М нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч М.М-ийн нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвөөс зээл олголтын шимтгэл 200,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох М.М-ийн өмчлөлийн Дорноговь аймаг ... тоот 61,32 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар бүхий гэрчилгээтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг ... тоот, нэгж талбарын 100500857 дугаар бүхий 500 мкв/га, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж, борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,362.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ү, М.М нараас 296,362.81 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 296,362.81 төгрөгийн 289,712.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 200,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 6,650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч М.М-т олгосугай. 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б