| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/04302/И |
| Дугаар | 184/ШШ2022/03082 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2022/03082
| 2022 оны өдөр | 10 сар 12 р 184/ШШ2022/03082 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: / Хаяг: ******* дүүрэг, ....дүгээр хороо, .. байр, ... тоот
Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, .... дугаар хороо, Зүүн баян цагаан .... дугаар гудамж, .... тоот
2,651,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ******* төрсөн дүү *******-н машиныг ББСБ-т алдах гээд байна. Найздаа 520,000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч гээд ******* дүүрэг, 19 дүгээр хороо Миний захын АТМ-с гаргуулан авсан. Удалгүй 6 хоногийн дараа найздаа 10 хоног зээлчих 2,000,000 төгрөг байна уу гэхэд нь өмнөх мөнгөө яах вэ гэхэд наад 2,000,000 төгрөгөөсөө 520,000 төгрөг хасаад өгчих гэж хэлээд 1,420,000 төгрөг АТМ-с гаргуулан авсан, найз нь 10 хоногт 10 хувийн хүү нэмээд өгнө гэсэн. Удалгүй миний зарж байсан бэлэн хувцаснаас 595,000 төгрөгийн бараа зээлээр аваад одоог болтол төлөөгүй залилсан. Иймд нийт 2,651,470 төгрөгийг хариуцагчаас өгнө үү .
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******-н нэхэмжилсэн 2,595,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 520,000 төгрөг, дараа нь 1,480,000 төгрөг өгсөн гэсэн мөртлөө 2,595,000 төгрөг нэхэмжилсэн байна. Өгсөн мөнгө нь 2,000,000 төгрөг болж байна. Мөн надаас авсан мөнгөнүүдээ хасаагүй байна. Иймд нэхэмжилсэн 2,595,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *******-д олгосон итгэмжлэл, *******-н Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2,595,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлдүүлсэн 2,000,000 төгрөг, зээлээр авсан хувцасны үнэ 595,000 төгрөг, нийт 2,595,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,470 төгрөгийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь мөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй, харин зээлийг төлж дууссан, бараа аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зээлдүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид Хаан банк дахь 5020831843 тоот данснаас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 520,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,480,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь тухайн дансанд 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 500,000 төгрөг /дүү *******-н 5021584257 тоот данснаас/, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг /нөхөр Н.Н-н ******* тоот данснаас/ тус тус буцаан төлсөн байна. /хх-ийн 5-8, 19, 20/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх, ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр заасан ба нэхэмжлэгч зээлийг эргэн төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан тэдний тайлбараар тогтоогдсон.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ бүрэн билүүлээгүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх бөгөөд зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд тусгайлан заагаагүй болно.
Иймд хариуцагчийн зээлийн гэрээнээс төлөөгүй үлдсэн хэсэг болох 1,400,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн холбогдох хангах нь зүйтэй гэж үзэв.
Барааны үнэ 595,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 595,000 төгрөгийн бараа буюу 2 ширхэг бэлтгэлийн хувцас авсан үнийг төлөөгүй тул гаргуулна гэж шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38,1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн орлцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь тухайн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, ямар үнэтэй, хэдэн тооны барааг хариуцагчид хэзээ хэрхэн өгсөн, хариуцагч төлбөрийг хэрхэн төлөхөөр тохиролцсон эсэхийг нотлоогүй, мөн хариуцагч нэхэмжлэгчтэй найз нөхдийн холбоотой байсан, надад хувцас, бараа бэлэглэдэг байсан, би нэхэмжлэгчээс зээлээр бараа аваагүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч 595,000 төгрөгийн үнэ бүхий барааг үнийг нь дараа төлөхөөр нэхэмжлэгчээс авсан нь тогтоогдохгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 595,000 /таван зуун ерэн таван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******