| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0212/Э |
| Дугаар | 2017\ШЦТ\200 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2017\ШЦТ\200
2017.08.03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0212/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин ,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ***д холбогдох эрүүгийн 201709000305 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *** түгээгч ажилтай, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***, регистрийн дугаар ***,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч *** нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух иргэн ***гийн гэрээс виза картыг авч 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 08.30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаарт багт байрлах үйлчилгээний төвийн ХААН банкны бэлэн мөнгөний машин ашиглаж 360.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 26-нд *** тоотод оршин суух иргэн ***гийн хашаанд машин засаж байгаад гэрээс нь хутга авахаар орох үедээ ХААН банкны виза картыг авч 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 08.30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаарт багт байрлах үйлчилгээний төвийн ХААН банкны бэлэн мөнгөний машиныг ашиглан ***гийн данснаас 360000 төгрөгийг хулгайлсан болох нь:
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 26-нд хамаатны эгч ******* гэрийн гадаа хамаатны ахын машиныг засаж байгаад хутга авах гээд гэрт нь ороход шкафных нь урд ХААН банкны виза карт уначихсан байхаар нь авчихсан юм. Уг картны ард нууц дугаарыг нь балаар биччихсэн байсан. Маргааш өглөө нь Үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ дээр очоод нэг эрэгтэй хүүхэд явж байхаар нь ахдаа мөнгө аваад өг гэж хэлээд 360000 төгрөг авахуулсан гэх мэдүүлэг,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Дансаа шалгаад үзтэл картанд байсан 360000 төгрөг алга болчихсон байхаар нь ХААН банкинд очиж мэдээллээ шалгахад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 8 цаг 30 минутад үл таних эрэгтэй хүн миний картыг үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-д уншуулж мөнгө авсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Насанд хүрээгүй гэрч ***ний мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө хичээлдээ явах гээд үйлчилгээний төвөөс автобусанд суух гэж байтал 20-30 орчим насны махлагдуу 170 см орчим өндөртэй, бордуу царайтай, хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй нэг ах намайг дуудаад АТМ-с мөнгө авч чадах уу гэж асуусан. Би чадна гэсэн чинь надад картаа өгөөд кодоо хэлсэн. Би картыг нь авч ХААН банкны АТМ-д уншуулан 360000 төгрөг авч өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ ихсэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч ***г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан “хохирлын мөнгө 360000 төгрөгийг хүлээн авсан тул санал гомдолгүй” гэх хүсэлтээр тогтоогдож байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Шунхлай ШТС-д түгээгчээр ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүл ижил хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ***г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***д оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр ижил хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР