Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 07

 

 

 

Ц.Баасанжав нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаар шүүгчийн захирамжтай Д.Гансүх, Ц.Баасанжав нарт холбогдох эрүүгийн 2136000000006 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суудаг, урьд ял шийтүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПН95012018 регистрийн дугаартай, Наймынхан овогт Цагаанцоожийн Баасанжав, 

Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суудаг, урьд ял шийтүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПП97082416 регистрийн дугаартай, Зуутраг овогт Дэнсээдоржийн Гансүх, Ц.Баасанжав нар нь бүлэглэн Хар-Ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Ховд аймгийн Чанмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахиуртайн хоолой” гэх нэртэй газарт байрлах нуураас зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тор ашиглаж Алтайн сугас нэртэй 486 ширхэг загас барьж амьтны аймагт 6804000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аль нөхцөл байдлыг хангагдаагүй гэж үзэж, хэрхэн дүгнэсэн тухай захирамжиндаа тусгаагүй, нийтлэг байдлаар 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Ц.Баасанжав, П.Гансүх нарын үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан 6,804,000 төгрөгийн хохирлоос 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн энэ тухай баримт хэрэгт авагдсан, төлөгдөөгүй үлдсэн хохирлын 5,804,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байхад хэргийн оролцогч нарыг чирэгдүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан загасны торны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж дүгнэж буй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэлийг захирамжид тусгаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Баасанжав, П.Гансүх нарын өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шинжээч нь олон тооны загас барьж амьтны аймагт 3,402,000 төгрөгийн хохирол учруулахад ашигласан хэрэгсэл буюу шүүгдэгч нарын мэдүүлж байгаагаар 50 орчим метр нэг ширхэг торыг 6160 төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй, дүгнэлт гаргахдаа хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж чанар, онцлог, зориулалт, хэмжээг харгалзсан эсэх нь тодорхойгүй байна гэжээ.Эрүүгийн хэрэг хнан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар тогтоох 5 нөхцөл байдлуудыг зааж өгсөн байх бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь бүрэн хангагдсан гэж үзэж байна. Яллагдагч нар нь уг торыг 2019 онд нууран дээрээс хуучин ашиглаад хаясан хаягдал тор олж авч амбаартаа хадгалж байгаад тухайн үед гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгч шүүхийн хэлэлцүүлгийн үед биечлэн хэлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Баасанжав, Д.Гансүх нарыг бүлэглэн Хар-Ус нуурын орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахиуртайн хоолой” гэх нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тор ашиглаж Алтайн сугас нэртэй 486 ширхэг загас барьж амьтны аймагт 6.804.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх “шинжээч нь олон тооны загас барьж амьтны аймагт 3.402.000 төгрөгийн хохирол учруулахад ашигласан хэрэгсэл буюу шүүгдэгч нарын мэдүүлж байгаагаар 50 гаруй метр урт загасны 1 ширхэг торыг 6160 төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй, дүгнэлт гаргахдаа хөрөнгийн үнэлгээний шинж чанар, онцлог, зориулалт хэмжээг харгалзсан эсэх нь тодорхойгүй байна.” Гэж дүгнэжээ. Түүнчлэн шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд нэгэнт хөрөнгийн үнэлгээг хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзсэн тул уг дүгнэлтээр тогтоосон  үнийн дүнгийн хэмжээгээр шүүгдэгч нарт хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаа, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар,  эсхүл эд зүйл,  хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.” зааснаар мөрдөгч нь уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барихад ашигласан гэх 2 ширхэг торны үнийг тогтоолгохоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байна. Хөрөнгийн үнэлгээчин нь үнэлгээний ажлыг хийхдээ үнэлэгдэх хөрөнгийн байдал,  холбогдох баримт бичгүүд, захиалагчийн гаргаж өгсөн мэдээлэл мөн өөрсдийн олж тогтоосон мэдээлэл цаашид ашиглагдах боломж, ижил төрлийн хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийн дундаж мэдээлэл ашиглан хөрөнгийн бодит байдлыг газар дээр нь очиж танилцан захиалагчаас гарган өгсөн мэдээ материалыг үндэслэн шүүгдэгч Ц.Баасанжав,  Д.Гансүх нарын загас барихад ашигласан гэх 2 ширхэг торны үнийг  нэгжийн дундаж үнэ нь 6.160 төгрөг, нийт үнэ 12.320 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-ийн 47-54 дүгээр тал/

Шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээж тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд хариуцуулах хөрөнгийн бодит үнэ цэнэ, хариуцаж буй хөрөнгийн биет байдалд тохируулах итгэлцүүр зэрэгт тулгуурлан 2 ширхэг загасны торны үнэлгээг гаргасан байна.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Баасанжав, Д.Гансүх нарт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжтой, торны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байгаа үндэслэлээ дурдаагүй, торны үнийг дахин тогтоолгох нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй байхад хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир мөрдөгч нь шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх ба “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/51 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Баасанжав, Д.Гансүх нарт холбогдох эрүүгийн 2136000000006 дугаартай хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Баасанжав, Д.Гансүх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

 

      

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР