| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1601/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1881 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1881
2025 08 05 2025/ШЦТ/1881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: З.Өлзийхүү;
Шүүгдэгч: А.С-;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;
Хэргийн дугаар: 2506000001846;
Шүүгдэгч А.С-ийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
(Яллах дүгнэлтэд дурьдсанаар)
Шүүгдэгч А.С- нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар тоот өрөөнөөс хохирогч М.У-гийн эзэмшлийн саарал өнгийн Асус Ай5 13 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.992.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос А.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн зүйл дээр нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч М.У-гийн “...2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед өөрийн байрладаг оюутны байрны ... тоотод очоод байрнаасаа бүр гарах гээд эд зүйлээ эмхэлж байх үед шүүгээний тасалгаанд хичээл номтой хамт байсан нөүтбүүк байхгүй болсон байсан. Өрөөнийхөө хүүхдүүдээс асуухад “мэдэхгүй, хараагүй” гэж хэлсэн. Тэгээд эртхэн цагдаад хандсан нь дээр гээд дуудлага өгсөн. Яг манай өрөөний эсрэг талын өрөөнд эрэгтэй хүүхдүүд орж гардаг юм байна лээ. Манай өрөөнд байдаг 2 хүүхэд нөгөө өрөөнд орж тоглодог. Намайг байхгүй үед манай өрөөнд орж гардаг эсэх талаар хэлж мэдэхгүй. Өрөө нь дотроо 2 хуваагдсан дундаа нэг гал тогоо, 1 ариун цэврийн өрөөтэй, 1 өрөөндөө 4-лээ, нийлээд 8-лаа байдаг. Одоо М, С- гэсэн хоёр хүүхэдтэй нэг өрөөнд байгаа. Нэг нь эмнэлэгт хэвтсэн. 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүгээгээ янзалж байхад нөүтбүүк байсан. Тухайн өдрөөс хойш Цамбагаравт эгчийндээ хүүхдийг нь хараад баяраар хамт байгаад өнөөдөр байрандаа ирсэн юм. Нөөц түлхүүр байхгүй. Өрөөнд хамт байдаг 3 хүүхдэд түлхүүр байгаа. Сүүлийн үед өрөөний хаалганд түлхүүр зоолттой байгаа гэж С- хэлсэн. Би Ганданд байдаг нөүтбүүк худалдааны төвөөс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11),
Гэрч Б.М-ийн “...У- эгч хөдөө нутаг руугаа явсан хойно над руу залгаад “эгч нь нөүтбүүкээ орон дээрээ орхисон байна, байвал аваад чомдандаа хийчихээрэй” гэж хэлэхээр нь би аваад ягаан өнгийн чомданд далд хийсэн. Тэрнээс хойш ахиж хараагүй. 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг ажил дээрээ байхад У- эгч залгаад “нөүтбүүк харсан уу” гэж хэлэхээр нь чомданд хийсэн талаар нь хэлэхэд “хөдөө явуулаагүй хамгийн сүүлд найзтайгаа машин дотор кино үзсэн” гэж ярьсан. Манай өрөөнд нийт 8 хүүхэд байдаг. 6 хүүхэд эрх зүйн ангид сурдаг. Миний сэжиглэж байгаагаар С- эгч байж магадгүй. С- эгч 2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөө болтол найз гэх эмэгтэй хүүхэд гаднаас өрөөнд авчирж хоносон. Сүүлийн үед С- эгч аав өвчтэй байгаа гэж худал хэлж мөнгө маш ихээр үрж шинэ хувцас авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15),
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-25-523 дугаартай дүгнэлтээр “...Asus i5 13 загварын нөүтбүүкийг 1.992.000 төгрөгөөр” үнэлсэн тайлан (хх-ийн 26-27),
“У” барьцаат зээлийн гэрээ (хх-ийн 50),
Хаан банкны А.С-гийн эзэмшлийн ... тоот дансны хуулга (хх-ийн 51),
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 48-49),
Хохирогч М.У-гийн “нөүтбүүкээ буцаасан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-ийн 59),
Хяналтын камерын бичлэгт “...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 25 минут 12 секунд гэсэн бичиглэлтэй байх бөгөөд А.С- дээгүүрээ хар өнгийн хүрэм доогуураа хар өнгийн өмд өмсөн хар өнгийн цүнх, саарал өнгийн нөүтбүүк барин орж ирж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. 15 цаг 25 минут 37 секундэд барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан нөүтбүүкийг авч үзэж байгаа дүрс байв. А.С- нь иргэний үнэмлэх бүхий бичиг баримт өгч барьцаалан зээлдүүлэх газрын ажилтны өгсөн цаасан дээр гарын үсэг зурж нэг хэсгийг өөртөө нугалж цүнхэндээ хийж байгаа дүрс бичигдэв” гэх үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 54-55),
А.С-гийн гэрчээр болон яллагдагчаар “...Би сургалтын төлбөр нэхэгдээд шалгалтад оруулахгүй гээд байсан болохоор өрөөний охин У-гийн нөүтбүүкийг авч Баянзүрх захын хажуу талд байрлах У нэртэй ломбарданд 750.000 төгрөгөөр тавьсан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм бурууга хүлээж байна” гэх мэдүүдэг (хх-ийн 18-19, 45),
Шүүгдэгч А.С-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 32-40) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, үнэлэхэд шүүгдэгч А.С- нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дугаар тоот өрөөнөөс хохирогч М.У-гийн эзэмшлийн саарал өнгийн Asus I5 13 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.992.000 төгрөгийн хохирол учруулсан нь бүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдов.
Тухайлбал шүүгдэгчийн өөрийн мэдүүлэгт дурдсанчлан тэрээр М.У-гийн нөүтбүүкийг авч, Баянзүрх захын хажуу талд байрлах “У” нэртэй ломбарданд 750.000 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд энэхүү үйлдэл нь хэргийн нөхцөл байдалтай бүрэн нийцэж байгаа нь нотлогдож байна (хх-ийн 18-19, 45). Мөн “У” нэртэй ломбарданд өөрийн нэрээр нөүтбүүкийг барьцаанд тавьсан, мөнгө авсан үйлдэл нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй харилцан нийцэж, нэг үйл явдлыг хоёр эх сурвалжаар баталсан ач холбогдолтой бөгөөд “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны БЗД2-25-523 дугаартай үнэлгээний тайлангаар нөүтбүүк 1.992.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь хохирлын бодит үнэлгээг баталж, гэмт хэргийн үр дагаврын талаарх бодит үндэслэлийг хангаж байна (хх-ийн 50, 51).
Үүний зэрэгцээ хяналтын камерын бичлэгт хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэлд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 25 минут 37 секундэд барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан нөүтбүүкийг авч, шүүгдэгч А.С- нь иргэний үнэмлэх бүхий бичиг баримт өгч, гарын үсэг зурж байгаа дүрс бичлэг нь үйл явдлын цаг хугацаа, газар орны байршлыг тодорхой зааж, хэрэгт хамааралтай, хоорондоо зөрчилгүй, бие биеэ баталсан, бодит байдалтай нийцсэн тул давхар нотолгооны шинжтэй, хууль ёсны эх сурвалж бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үнэн зөв, итгэх боломжтой нотолгоо гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдааны явцад тогтоогдсоноор шүүгдэгч А.С-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дугаар тоот өрөөнд үйлдэгдсэн болох нь барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерын бичлэг, дансны хуулга зэрэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Хохирогч М.У- нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад эд зүйлээ алдсан талаар гомдол гаргасан ч Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хуульчилсан тул уг гэмт хэрэг 2025 оны 05 дугаар сарын 30-нд үйлдэгдсэн гэдгийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, зөвтгөн тогтоосон болохыг дурьдаж байна.
Шүүх хуралдааныг нээлттэй, хуульд заасан журмын дагуу явуулж, яллагч болон шүүгдэгч нарт нотлох баримтуудыг танилцуулах, хамгаалах, няцаах эрхийг тэгш олгосон бөгөөд шүүгдэгч А.С- өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргасан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессын бүх шаардлагыг хангасан, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй болно.
Иймд шүүгдэгч А.С-гийн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх санаа, бэлтгэл, хэрэгжилтийн явц, үр дагавар, үйлдэл ба хор уршгийн хоорондын учир шалтгааны холбоо зэрэг объектив болон субъектив бүх элементүүдийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэргийн шинжид бүрэн хамаарах тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсоноор шүүгдэгч А.С- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, их сургуулийн оюутан болох нь хувийн байдлын талаарх баримтуудаар тогтоогдсон.
Мөн шүүгдэгч А.С- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засгийн ашиг олох санаатай үйлдсэн нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно.
Иймд шүүгдэгчид оногдуулах ялыг тогтоохдоо ял шийтгэлийн зорилго, тухайн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хамтад нь харгалзан шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийг өөрийн хөдөлмөрөөрөө нийтийн ашиг сонирхолд тустай, үр ашигтай ажил хийлгэж цээрлүүлэх, буруутай үйлдлийнх нь хариуцлагыг ухамсарлуулах үр нөлөө үзүүлэх зорилготой бөгөөд нийгмийн амьдралд идэвхтэй, хариуцлагатайгаар оролцох дадал суулгах зэрэг нийгэмшүүлэх үр нөлөөтэй тул шүүгдэгчид дээрх төрөл, хэмжээний ялыг оногдуулсан болно.
Шүүхээс А.С-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурьдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч М.У- нь эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй гэх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болно.
Шүүгдэгч А.С- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгч А.С- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ