| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05423/И |
| Дугаар | 101/ШШ2022/04272 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/04272
| 2022 10 17 | 101/ШШ2022/04272 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Н-д холбогдох
5,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д овогтой Б би 2018-2022 оны хооронд хариуцагч Г овогтой Н-г гэрийн үйлчлэгчээр сарын 800,000 /Найман зуун мянга/ төгрөгөөр тохиролцон ажиллуулж байсан болно. Энэхүү хугацаанд хариуцагч Г.Н нь ажилдаа хариуцлагатай хандаж, итгэл найдвар төрүүлж байсан юм. 2021 оны 08-р сарын 31-ний өдөр хариуцагч Г.Н-н аав нь автомашин худалдан авах зайлшгүй шаардлага гарсан тул 4,800,000 /Дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн зээл хүссэн тул цалингаас суутгаж авах тохиролцоотойгоор Г.Н-тай харилцан тохиролцож, 1 жилийн хугацаатай 4,800,000 төгрөгийг зээлүүлсэн юм. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Г.Ннь түрээсийн байрны төлбөр төлөх шалтгаанаар дахин 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийн зээл хүссэн тул мөн л цалингаас суутгаж авах тохиролцоогоор 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэмж 4,000,000 төгрөг зээлүүлсэн. Нийт 8,800,000 төгрөгийн зээлээс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 3,000,000 төгрөгийг тохиролцсоны дагуу цалингаас нь суутгаж аваад байтал 2022 оны 04-р сарын 16-ны өдрөөс хойш гэнэт ажлаа хаяж алга болсон. Хаяг нь олдохгүй байсан тул шүүхээр эрэн сурвалжлах захирамж гаргуулан эрэн сурвалжилж оршин суух хаягийг нь олж тогтоосон. Одоо зээлийн үлдэгдэл 5,800,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч миний бие өнөөдрийн байдлаар хариуцагч Г.Н-д нийт өгсөн 8,800,000 төгрөгөөс 5,800,000 төгрөгийг аваагүй байгаа тул хариуцагч Г.Н-с үлдэгдэл мөнгө 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгийг хууль журмын дагуу гаргуулан иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үүрэгт 5 800 000 төгрөг гаргуулна. Би хариуцагчид 2 удаагийн цалингийн урьдчилгаа өгсөн. Цалингийн журмаар буцаан төлөхөөр тохиролцсон. Эхлээд 4 800 000 төгрөг, дараа нь 4 саяыг өгсөн. Энэ оны 4 сарын 15 хүртэл цалингаасаа суутгуулж байсан боловч ажлаа хаяад явсан. Дараа нь аав болон өөр уруу нь ярьж байсан боловч олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулсан. 8 800 000 төгрөгөөс ажилласан цалинг нь тооцоод 3 000 000 төгрөг суутгасан гэв.
Хариуцагч Г.Ннь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ннь Д.Баас гэрийн үйлчлэгч хийж байх хугацаандаа цалингаасаа суутгуулж байхаар мөнгө зээлсэн нь үнэн. 2020 оны 4 сарын 16-нд ажлаа орхиж явсан нь ч үнэн. Хүүхэд харах хүнгүй байсан тул ажилдаа явж чадахгүй зээлсэн мөнгө ч төлөх боломжгүй байсан. Одоо ажил эрхэлж байгаа тул сар бүрийн 20-нд 290,000 мянга төлж барагдуулах болно. 2020.10 сарын 20-ны өдрөөс эхлэн 20 сарын хугацаанд сар бүрийн 20-нд 290,000 мянга төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна.
5 800 000 төгрөгийн үлдэгдэлтэйгээ зөвшөөрч байгаа. Г нь нэхэмжлэгчийн эхнэр мөн юм. Би Б-с мөнгө зээлсэн гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягтын хуулбар /хх5/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх6/, Ц.Г-н дансны хуулга /хх7, 19/, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх8/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх9/, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх10/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх11/, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх12/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх13/, 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх14/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх14/, 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх16/, 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх17/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх18/, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх20/, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх21/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01862 дугаар шийдвэр /хх22-23/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 28к 1-4/4962 дугаар албан тоот /хх24/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г.Ннь нэхэмжлэлийн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Г.Н-д 4,000,000 төгрөг олгосон болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх6/
Энэхүү шилжүүлгийн гүйлгээний утга нь “урьдчилгаа цалин 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл” гэсэн байна. Уг мөнгийг цалингаас суутгах замаар буцаан төлөхөөр тохиролцсон зээл байсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн.
Иймд нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгийн зээл олгожээ.
Цаашлаад Ц.Г нь 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хариуцагч Г.Н-д 5,200,000 төгрөг олгосон болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтын хуулбараар тогтоогдсон. /хх5/
Гүйлгээний утгыг “зээл, цалингийн хамт” гэсэн байна.
Мөнгө шилжүүлсэн Ц.Г нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр болох талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгч нь энэхүү 5,200,000 төгрөгийн 400,000 мянган төгрөг нь цалин бөгөөд үлдэх 4,800,000 төгрөг нь цалингаас суутгах замаар буцаан төлөхөөр тохиролцсон зээл гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн.
Иймд Ц.Г нь хариуцагчид 4,800,000 төгрөгийн зээл олгосон гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр хариуцагч нь 4,800,000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй, мөн зээлдүүлэгч нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн байх боловч энэхүү мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.
Учир нь гэр бүлийн гишүүд нь эрх зүйн хувьд тусдаа субъект бөгөөд Ц.Г-н зээлийг буцаан шаардах эрх нээлттэй байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийн гэр бүлийн гишүүний шаардах эрхийг шууд хэрэгжүүлэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийн зээл олгосон байна.
Улмаар нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөг буцаан төлөгдсөн гэж тайлбарлаж, хариуцагч зөвшөөрсөн тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нь 1,000,000 төгрөг юм.
Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин зээлдүүлэгч Ц.Г нь өөрийн олгосон 4,800,000 төгрөгийг жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Н-с зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД