| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0099/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох 2516000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1***,
2. ***
3. ***.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нар нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг *** гэх газарт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 192.319 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч *** нар нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг *** гэх газарт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 192.319 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
1. Хохирогчийн төлөөлөгч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... *** сумын Засаг даргын орлогч 2025 оны 01 дүгээр сарын 02 нд томилогдсон. Тухайн хүмүүсийг танихгүй садан төрлийн холбоо хамаарал байхгүй. *** аймгийн *** сум *** дүгээр баг *** гэх газар байгаа, *** гэх газрууд байдаг. *** сум *** гэх газар байдаг. Тухайн газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. 2008 оноос хойш алтны илэрц гарч эхэлсэн. Ард иргэд 2009 оны хавраас гар арга техникээр ухаж эхэлсэн. Тухайн *** гэх газар Хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг олборлолт явуулах зөвшөөрөл байдаггүй. Тусгай зөвшөөрөл байхгүй. 2009 оноос эхэлж ухагдсан. 2008 оноос алтны илэрц гарсан. 2010 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байсан *** гэх компани тухайн үед өөрсдөө хамгаалалтад авч байсан. *** гэх компани үйл ажиллагаа явуулж дууссанаас хойш Цагдаагийн газар болон ард иргэдтэй нийлж хууль бусаар алт олборлогчидтой тэмцэж байсан. Газар зүйн хувьд уулархаг газар байдаг. Одоогоор тухайн алт олборлосон гэх газар очиж үзээгүй байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-p тал/,
2. Иргэний нэхэмжлэгч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний нэр дээр ***улсын дугаартай бонго-3 маркийн, ***улсын дугаартай приус-30 маркийн, *** улсын дугаартай бонго-3 маркийн 3 тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би ийм нэртэй хүмүүсийг танихгүй ямар нэгэн холбоо байхгүй. Танина манай төрсөн хүү байгаа юм одоо бид нар хамт амьдардаг тусдаа гараагүй хүүхэд байгаа юм. Манай хүү ***-гийн нэр дээр ачааны *** маркийн *** гэсэн улсын дугаартай машин байдаг миний нэр дээр олон машин байгаа болохоор 2018 онд хүүгийнхээ нэр дээр авч байсан юм. Би цагаан сарын өмнө *** маркийн *** гэсэн улсын дугаартай машинаа фэйсбүүк дээр машин зарна гэсэн зар байршуулсан байхад нэг эмэгтэй хүн ирээд авъя гэхээр нь 17.000.000 төгрөгөнд бодож зарсан тухайн үед 6.000.000 сая төгрөг бэлнээр аваад үлдсэн 11.000.000 сая төгрөгийг удахгүй өгнө гээд аваад явсан мөнгө бүрэн өгөөгүй болохоор би хүү ***-гийн нэр дээрээс шилжүүлээгүй одоо болтол мөнгөө өгөөгүй байгаа юм. Зүс танина *** гэдэг залуу миний машиныг хашаанаас асаагаад унаад явсан *** гэдэг эмэгтэй бэлнээр мөнгө өгсөн энэ хоёр хүний хэн нь авсныг мэдэхгүй байна. Миний машин зарсан үлдэгдэл мөнгө болох 11.000.000 төгрөг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35- 36-р тал/,
3. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р тал/,
4. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, мөрдөгчийн санал /хх-ийн 12-13-р тал/,
5. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19-р тал/,
6. Автотээврийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчийн талаарх лавлагаа /хх-ийн 42-46-р тал/,
7. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/0402 дугаартай Геологийн Судалгаа, шинжилгээний төвийн шинжээч Н.Дэлгэрмаагийн шинжилгээний дүн /хх-ийн 62-63-р тал/,
8. Байгаль орчны зөвлөх “***” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13/019 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-99-р тал/,
9. “Угалз мэргэн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, /хх-ийн 138-143-р тал/,
10. Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ийм нэртэй хүмүүс танихгүй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Миний нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байдаггүй юм. Энэ машин манай аав *** гэдэг хүний автомашин байсан юм. Миний нэр дээр олон машин байна чиний нэр дээр болголоо гээд миний нэр дээр болгосон. Аав цагаан сарын өмнө хүнд зарчихсан. Мөнгөө талыг нь өгөөд тал мөнгийг нь өгөөгүй байгаа бөгөөд үлдсэн мөнгөө өгөөд нэр дээрээ шилжүүлж ав гэж хэлсэн юм. Би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нар нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг *** гэх газарт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 192.319 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдан ашигт малтмал буюу алт олборлож байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан...” гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д “...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч *** нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох...” гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч *** нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 192.319 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь *** аймгийн Засаг даргын Тамгын газрын нөхөн сэргээлтийн төрийн сангийн *** тоот дансанд, нөхөн сэргээлтийн зардал 243.549 төгрөгийг *** сумын торгуулийн *** тоот төрийн сангийн дансанд тус тус тушаасан тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч *** нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ***-ийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ***-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ***-өд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, шүүгдэгч *** нарт оногдуулсан торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Тиймээс хэрэгт эд мөрийн эд мөрийн хураагдан ирсэн *** гэх бичиглэлтэй саарал өнгийн мотор 1 ширхэг, *** гэх гаргагч хөх өнгийн бичиглэлтэй мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр бункир 1 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо барих зориулалттай баригч төмөр 4 ширхэг зэргийг улсын орлогод, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ***-гийн эзэмшлийн 6,409,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** маркийн *** улсын дугаартай, улаан өнгийн бага оврын трактор, иргэний нэхэмжлэгч ***-гийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4,686,400 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ***-ийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ***-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч ***-өд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ял, шүүгдэгч ***-өд оногдуулсан тэнссэн шийдвэр, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хариуцуулсугай.
5 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн КМ7500 гэх бичиглэлтэй саарал өнгийн мотор 1 ширхэг, WUJIЕ5008 гэх гаргагч хөх өнгийн бичиглэлтэй мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр бункир 1 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо барих зориулалттай баригч төмөр 4 ширхэг зэргийг улсын орлогод, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ***-гийн эзэмшлийн 6,409,000 төгрөгийн үнэлгээ бүхий DOOSAN DX-80 маркийн ***улсын дугаартай, улаан өнгийн бага оврын трактор, иргэний нэхэмжлэгч ***-ийн эзэмшлийн ***маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4,686,400 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Засгийн газрын тусгай сангийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.4-т зааснаар хүрээлэн буй орчны экологи эдийн засагт учирсан хохирол 192,319 төгрөгийг *** аймгийн Засаг даргын тамгын газрын нөхөн сэргээлтийн Төрийн банк дахь төрийн сангийн *** тоот данснаас гаргуулж, Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР