Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***-т холбогдох 2516000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед *** аймгийн *** сумын *** багт үйл ажиллагаа явуулах “***” караокед хохирогч ***-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар араас нь боож газарт унаган нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун шилбэ, тахилзуур ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед *** аймгийн *** сумын *** багт үйл ажиллагаа явуулах “***” караокед хохирогч ***-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар араас нь боож газарт унаган нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун шилбэ, тахилзуур ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

1. Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед *** караоке руу орсон. Тухайн *** караокены тэйкний эмэгтэй болон үйлчлэгч эмэгтэйг би таньдаг юм. Тэгээд үйлчлэгч эмэгтэйгээ цуг дэлгүүр ороод чихэр жимс аваад буцаад *** караокены касс дээр архи пиво захиалах гээд иртэл тэйкний хажууд цайвар цэнхэр өнгийн дээлтэй эрэгтэй хүн тэнд байсан эмэгтэй хүмүүсийг гичий янхнаар нь дуудаад орилоод байхаар чи чинь эх хүнээс гараагүй байгаа биш ямар муухай үгээр хэлдэг юм гэсэн чи хэн бэ? гээд миний араас боогоод дараад унагаасан. Би босох гээд зүтгэсэн чинь чадахгүй байсан. Тэгээд миний хөл хугарчихлаа гээд орилсон. Тэгсэн чинь түргэн дуудаад эмнэлэг рүү явсан. ...миний баруун хөл шилбээрээ 2 хугарсан. Тухайн гэмтлийг *** караокед байсан цайвар цэнхэр өнгийн дээлтэй танихгүй залуу учруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р тал/

 2. Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 сарын 22-ний 18 цагийн үед ягаан дээлтэй шар бүстэй танихгүй эрэгтэй хүн манай *** караокед эрүүл орж ирээд 1 лаазтай пиво авсан. Тэгээд дотор сууж байсан хүмүүстэй хамт гараад явсан. Тэгээд 23 цагийн үед намайг тейкин дээр зогсож байхад ягаан дээлтэй шар бүстэй эрэгтэй хүн орж ирээд надаас танай дарга чинь хаана байна гээд юм юм асуугаад байсан. Тэйкен дээр гар утсаа оролдоод байгаад байхаар нь би энд юм хийж байна цаашаагаа бай гэсэн чинь тоохгүй байхаар нь цаашаагаа бай гээд би мөр лүү гараараа түлхсэн чинь гичий минь зүгээр бай би чамтай харьцдаггүй юм даргатай чинь харьцдаг юм гээд хэл амаар доромжлоод байж байсан заалнаас танихгүй эрэгтэй хүн гарч ирээд чи эмэгтэй хүнтэй аятайхан харьц гэсэн чинь араас нь боогоод газарт унагаагаад гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү rapaapaa нэг удаа цохисон. Босож чадахгүй газарт сууж байсан. Хөлөө хөдөлгөхөөрөө ёоё гээд орилоод байсан. Хөл дээрээ зогсож чадахгүй хөл нь хугарчихсан юм шиг байсан. Өөрөө хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг араас нь очиж түшиж аваад нөгөө танихгүй эрэгтэй хүн гараад явсан. Тухайн эрэгтэй хүний араас гарсан чинь *** рестораны доогуур тойроод яваад өгсөн. Би буцаж ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 22-р тал/

3. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн ГОА0725/178 дугаартай “1. 2. ***-ийн биед баруун шилбэ, тахилзуур ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирсон гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,

4. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11/28 дугаартай Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, эрүүл мэндийн даатгалын санд 565,510 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 15-16-р тал/,

5. Хохирогч ***-ээс гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй гэх хүсэлт /хх-ийн 5-р тал/,

6. Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой *** нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр CD-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 12-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ***-ын хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн ГОА0725/178 дугаартай дүгнэлтээр “***-хийн биед баруун шилбэ, тахилзуур ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирсон гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч ***-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч ***-ын хохирогч ***-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар араас нь боож газарт унаган нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун шилбэ, тахилзуур ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

             Шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

             Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *** нь хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохиролд 20,000,000 (хорин сая) төгрөг төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 565,510 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 565,510 төгрөгийг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас өөр хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

             2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***-т  танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Бусад асуудлын талаар:

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т  оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч ***-т  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР