Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ын ***-д холбогдох 2516000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *** овогтой ***-ын ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ***нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас ***-ын нүүрэн хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөж, гараараа эрүү рүү 1 удаа цохиж түүнд дээд үүдэн нэг шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас ***-ын нүүрэн хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөж, гараараа эрүү рүү 1 удаа цохиж түүнд дээд үүдэн нэг шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

1. Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим *** аймгийн *** сумын *** дугаар багийн  *** гэх газраас манай нагац болох *** гэдэг хүний хамт мотоциклтой *** багийн *** гэх газар очиж тором ноосолсон. Тухайн газар очиход мотоциклын дугуй хагараад дугуйгаа нөхөж аваад 15-16 цагийн үед *** гэдэг айлд очсон. *** гэх айлд очиход *** эхнэр, 2 хүргэнтэй дөрвүүлээ ямаагаа самнаж дуусаж байсан. Ямаагаа самнаж дуусаад *** эхнэртэй гэр лүүгээ явж ороод 2 хүргэн нь сүүлийн ямаагаа самнаж байсан. Надтай цуг явж байсан *** гэдэг хүн гэр лүүгээ ороод би араас нь бие засчхаад орох гээд бие засаж зогсож байхад ***2-ын *** гэдэг хүргэн нь намайг дуудаж тамхи тат гээд тамхи татаад зогсож байхад та өмнө нь хүн зодох гээд байдаг байсан одоо зодоодох гээд *** гэдэг хүргэн нь намайг нүүр хэсэг рүү толгойгоор 2 удаа мөргөөд миний үүдэн дээд 1 шүд хугарсан. Тэгээд би ***-ын гэрийн үүдэн дээр очиж зогсож байгаад хугарсан шүдээ үзүүлчихээд *** бид хоёр яваад өгсөн. Би тухайн үед ***-ын биед халдаж зодож цохисон зүйл байхгүй. *** миний нүүрэн хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөж гараараа эрүү рүү 1 удаа цохисон. Өөрөөр миний биед халдаж зодоогүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,

2. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** гэх газар манай хадам аав *** гэдэг айлд манай баз ***, хадам аав, ээж бид дөрөв ямаа самнаад дуусаж байхад 14 цагийн орчим *** гэдэг хүн мотоциклтой *** гэдэг ахын хамт ирж мотоциклоос буугаад хоёулаа хашаан дотор орж ирсэн. *** манай хадам аав, ээжийн хамт гэр лүү ороод *** бид хоёр ноолуураа зөөх гэж байж байхад *** мотоцикл pyy явж байхад ***-ыг *** дуудсан. *** ***-ын хажууд ирээд *** ***-д “би танд ямар гэм хийсэн юм бэ? та согтуу ирэх болгондоо янз бүрээр хэлж, зодолдъё, чи зодолдож чадахгүй юм чинь чам шиг юм хүн амьтанд алуулна гэж доромжилдог” гээд *** ***-ыг гараараа 1 удаа алгадсан. Тэгээд би больцгоо гээд хэлчихээд ноолуураа зөөгөөд тэр хоёр хашаан дотор маргалдаад үлдсэн. Намайг ноолуураа тавьчхаад ирж байхад *** ***-ын хүзүүний баруун тал руу гараараа 2 удаа дэлсэж харагдсан. ***, *** хоёр нэг нэгийгээ дэлсэж байгаад *** цаашаагаа ухарч байгаад хашааны хаалганы төмөр дээгүүр давж унасан. Би үлдсэн ноолуураа аваад хашааны аман дээр очиход *** миний шүд уначихлаа гэж босож ирсэн. Тэгэхээр нь би ***-д унахдаа эвгүй унасан юм уу харъя гэж очиход ***-аас архи үнэртэж байсан. Би ноолуураа тавьчхаад ирье гээд амбаар луу явсан Хадам аавын гэрийн үүдэн дээр ирэхэд Гармаадагва, Баасанжаргал хоёр гэрийн үүдэн дээр ирсэн байсан. ***-ын ах нь гэрээс гарч ирээд ***-ыг аваад явсан. Тухайн үед ***-ын ах *** гэдэг хүнээс бас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

3. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Д.Даваахүүгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “1. ***-ын биед дээд үүдэн нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх 2025.05.27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх ГОА0725/260 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ***-ын хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Д.Даваахүүгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ГОА0725/260 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1. ***-ын биед дээд үүдэн нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх 2025.05.27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч ***-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч ***-ын хохирогч ***-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөж, гараараа эрүү рүү 1 удаа цохиж түүнд дээд үүдэн нэг шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

             Шүүгдэгч ***нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

             Шүүгдэгч ***нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ***нь хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

             2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч ***-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох байдлаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох байдлаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч ***-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР