Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2022/01968

 

 

 

 

 

 

 

 

 

  2022      09        05                                                 181/ШШ2022/01968

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Г нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:А.М

 

21,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Бл, хариуцагч А.М хариуцагчийн өмгөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2019 оны 9-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 19,500,000 төгрөгийг хариуцагч А.М өгсөн билээ. Гэтэл А.М миний өгсөн мөнгөнөөс Г.Г, Э.А нарт 5% хүүтэйгээр 8,600,000 төгрөгийг зээлсэн байсан. Мөн 2019 оны 10 сарын 23-ны өдөр мөнгөний хэрэг гарсан мөнгө зээлээч гэхэд нь итгээд 3 сая төгрөгний үнэтэй алтан гинжээ өгсөн. Хурдан хугацаанд удаахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй, нэг ломбарднаас нөгөө ломбардны хооронд 1,440,000 төгрөгийн хооронд тавьж, удаан хугацаанд итгэж найдаж ирсэн итгэлийг хөсөрдүүлж, мөнгөө авмаар байна гэхэд надад олон танил байгаа, чаддаг юм бол надаас мөнгөө олоод аваарай гэж сүрдүүлсэн тул цагдаад гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул дээд шатны албан тушаалтанд гомдол гаргахад Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/552 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “иргэн А.Мд ашиг олох зорилгоор мөнгө өгсөн, уг зүүлтийг 1,440,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан байна. А.М нь 2019 оны 12 сарын 21-ний өдөр үлдэгдэл 11,000,000 төгрөг болон 1 сарын хүү 1,100,000 төгрөгийг алтан гинжийн хамт буцаан өгнө гэсэн тайлбар гаргасан байх ба дээрх баримтууд болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтаар залилсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, зээлийн хэлцэлтэй маргаан” гэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна гэж хариу өгдөг ... М мөнгөө бэлнээр авдаг. Намайг удаа дараа мөнгөө бэлэн байлгаж байгаарай 10 хувийн хүүтэй зээлж өгнө гэж бэлнээр авдаг ... 2019 оны 9-р сарын 21-ний өдөр манай ээж Т 5,000,000 төгрөг авсан, мөн өдөр би 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн ... 2019 оны 9-р сарын 23-ны өдөр 3 сая төгрөг бэлнээр авсан нь өөрийнх нь дансны орлого гээд оруулсан нь миний дансны хуулгад зарлага гэсэнтэй таарч байгаа ... 2019 оны 9-р сарын 27-ны өдөр 2 сая төгрөг данснаар, 10-р сарын 01-ний өдөр 3 сая төгрөг бэлнээр, 10-р сарын 6-ны өдөр 5 сая төгрөг дансаар шилжүүлсэн ... алтан гинжний хувьд надад туслаач, 7 хоногийн хугацаатай тавиад өгнө гэж хэлж авсан. Яагаад гинжийг буцааж өгөхгүй байна гэхээр ТҮЦ ажиллуулаагүй болохоор өгөхгүй гээд байгаа ... иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг, алтан гинжний үнэ 3,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... хүүгийн төлбөр 7,700,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2019 оны 8 сарын дундуур манай байрны СӨХ-ны дарга болох Ц.Гтой нөхрөөрөө дамжуулан танилцаж байсан. Түүний дараа Ц.Г “ах эгч хоёр туслаарай байрны зогсоол хариуцаад хамтарч ажиллая” гэхэд бид зөвшөөрч сар гаруй хамтарч ажилласан. Г нэг өглөө залгаад “ах, эгч хоёртой уулзаж ярих юм байна, хаана байна” гэсэн “Бид хоёр машины зогсоол дээр байна” гэхэд ирж уулзаад “Та хоёрт манай байрныхан сайн юм чинь орцны хажууд дэлгүүр барья, та хоёр ингэж гадаа зогсож байхаар дэлгүүртэй болчихвол амар шүү дээ орцондоо яаралтай хурал зарлаж зөвшөөрөл авъя” гэхэд нь бид хоёр “энэ жилдээ дэлгүүр барих мөнгө тийм ч их байхгүй дараа жилээс болъё” гэхэд “зүгээрээ ямар ч байсан хурлаа хийж зөвшөөрөл авъя” гээд шавдуулсан. Бид хоёр ч болж байна гэвэл тэгье гээд л байрныхаа оршин суугчдаас зөвшөөрөл авсан. 2, 3 хоногоос ахиад л “Та хоёр хурдан дэлгүүрээ барьчих, дүү нь нэг дэлгүүр ажиллуулсан чинь орлого олдохгүй муу газар түрээслэсэн байна. Дэлгүүрээ барья, би бараагаа та хоёроор заруулмаар байна” гэсэн. Тэгэхэд нь “Бид хоёр одоогоор боломж байхгүй байна, чи дэлгүүрээ барь бид хоёр больё” гэхэд “СӨХ-ны дарга хүн хуулиндаа болохгүй юм байна дүү нь судалсан, зүгээрээ дүү нь мөнгийг нь гаргана та бололцоотой болохоороо өгөөрэй” гэсэн. Бид хоёр зөвшөөрч дэлгүүрээ барьж эхэлсэн. Бид хоёр өөрт байсан бэлэн мөнгө болон хүнээс мөнгө гуйж Г  ч нөхөртэйгөө нийлж бид хоёр талаасаа дэлгүүрээ барьж дуусгасан. Дэлгүүрийн доторлогоо болон, лангуу, цонх, цахилгааны монтаж үлдсэн. Тэгтэл Г “Одоо дүүд нь мөнгө байхгүй та хоёр аргал” гэсэн. Бид хоёрт ч мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Маргааш өглөө нь манай нөхөр Н.Н бид хоёрыг дуудаад “Хурдан манайд ороод ир манай нөхөр Э хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явсан, ирэхээс нь өмнө ярих юм байна” гэсэн. Бид хоёрыг ороход “Мөнгөө эгчээ энэ миний гинж байгаа юм та ломбарданд тавьчих, 1,400,000-с 1,500,000 төгрөг хүрдэг юм тэгээд дэлгүүрийн үлдсэн юмнуудаа авчих дараа нь та хоёр дэлгүүрээ ажиллуулахаар аваад өгчих” гэхэд нь би зөвшөөрч түүний алтан гинжийг 1,400,000 төгрөгөөр “Сайн ломбард”-нд тавьсан бөгөөд одоог хүртэл сар бүр сунгалт хийгээд явж байна. Дэлгүүрээ барих материал авахад Гын нөхөр Э болон манай нөхөр Н бид гурав хамт явсан. Дэлгүүрээ бариад дуусахад Э манайд хоол идээд эхнэртэйгээ сууж байхдаа “Энэ дэлгүүрийг барихад бараг арав гаран сая төгрөг орлоо” гэж хэлж байсан. Бид хоёр ч “Яанаа яаж төлнөө” гэхэд “Болох байлгүй дээ” гэсэн. Тэгээд дэлгүүрээ барьж дуусаад ажиллуулж эхэлсэн чинь 2019 оны 11 сарын 3-ны өдөр Гын нөхөр Э бидэн дээр ирээд “Дэлгүүрийнхээ түлхүүрийг авъя, энэ чинь манай дэлгүүр та хоёр хэдэн төгрөг гаргасан тэрийгээ хэлчих би өгье би өөрөө дэлгүүрээ ажиллуулна” гэсэн. Ингээд бид дөрвийн дунд хэрүүл гарч эхэлсэн. Хуулийн байгууллагаар явж, хэрэг хянагдаж байх явцад бид хоёрт бэлэн мөнгө өгсөн, та хоёрыг цагдаад хэлж шоронд оруулна гээд байнга харааж зүхэж манай охиныг янхан танай ээж чинь удахгүй шоронд орно чи удахгүй янхан болно гээд орцонд болон байрны гадаа хашигчин загинах болсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст нөхөр бид хоёрыг дуудаж асуухад нь “Энэ мөнгийг болон зүүлтийг бид авч өгнө, гэхдээ анх хүүтэй зээлнэ гэж тохироогүй учир бид хүү гэгдэх 11,000,000 төгрөгийг төлөхгүй” гэж бид хэлсэн. Мөн Г нь байрны хажуудах дэлгүүрээ 2020 оны 4 сараас одоог хүртэл хуушуурын гуанз болгон түрээслэж түрээсийг өөрсдөө авч байгаа. Бидэнд үнэхээр хэлсэн ярьсандаа дэлгүүрээ хариуцуулж өгсөн бол бид энэ Гын нэхээд байгаа мөнгө болон гинжийг орлого олж хугацаанд нь эргүүлж өгөх боломжтой байсан ... Г нь анх 2019 оны 9 сарын эхээр ирээд “Мөнгөө эгчээ дүүд нь цөөхөн хэдэн төгрөг байна. Та нарантуул зах дээр олон жил наймаа хийсэн юм чинь 10% хүүтэйгээр найдвартай хүмүүст зээлээд өгөөч, дүү нь 3 хүүхэдтэй нөхөр ажилгүй хэцүү байна” гэхэд нь би “тэгье хүмүүс хайж өгье” гэсэн. Тэгээд жижиглэнгийн бараа зардаг Г болон түүний 2 охинд 10% хүүтэй өгсөн. Энэ мөнгийг Г манайд бэлэн 2 сая төгрөг оруулж ирж өгсөн. Тэр мөнгийг манай нөхөр Нид өгч Г охин А манай нөхрөөс авч байсан. 2019 оны 09 сарын 23-ны өдөр охин А хаан банкны 0 тоот дансанд 1 сая төрөг шилжүүлэн өгсөн. 2019 оны 09 сарын 30-нд ахиад хаан банкны 00 тоот дансанд нь мөн л 10% хүүтэйгээр 1 сая төгрөгийг охинАтнь өгсөн. 2019 оны 10 сарын 02-нд Хаан банкны 5039815210 тоот дансанд 800,000 төгрөгийн 10% хүүтэй шилжүүлэн өгсөн 10 сарын 4-нд А надтай уулзаж “Мөнгөө эгчээ нөгөө хүнд чинь мөнгө байгаа болов уу, дүү нь нэг сарын зээлсэн нийт мөнгөө хийгээд 5,000,000 төгрөг болгож авмаар байна” гэсэн. Би тэгээд “эгч нь сайн мэдэхгүй байна асууя гэсэн. Гоос асуухад “та  л мэд дүү нь тэр хүмүүсийг сайн мэдэхгүй та өөрөө мэд” гээд “Бид хоёр дэлгүүр бариад мөнгөгүй болсон, ээжээсээ мөнгө авч өгдөг юм билүү” гэж хоорондо ярилцаж байсан. Тэгэхэд нь би “уг нь ч найдвартай хүүхэд л дээ” гэсэн тэгээд өгөхөөр болсон. Тэд хоорондоо ярилцаж ээжээсээ 5,000,000 төгрөг авсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Нөхөр бид хоёр Гын ээжээс 5 сая төгрөг авч байгаагүй. Мөнгө зээлсэн А нь миний дансруу 2019 оны 10 сарын 6-нд миний өөрийн 58110482 тоот дансруу 2,150,000 төгрөг шилжүүлж хийсэн. Г хүү болох 150,000 төгрөгийг нь надад өгчих 2 сая төгрөг таны дансанд байж байг дээрээс нь нэмээд дүү нь 3 сая төгрөг хийе” гэсэн. Тэгээд нөхөр Э болон Г бид 3 амгалан захын АТМ-ээс миний дансруу 2019 оны 10 сарын 06-нд 3 сая төгрөг хйисэн. Би А рүү ярихад “би бараа авах гээд байна та яаралтай 2,500,000 төгрөг яг одоо хийчих дүүд нь хэрэг болоод байна, гээд нөхрийнх нь данс гэх хаан банкны 0 тоот дансанд шилжүүлсэн. Энэ дансруу би 2,500,000 төгрөг хийгээд үлдэгдэл мөнгийг 0 тоот дансруу 2019 оны 10 сарын 07-нд 1,450,000 төгрөг хийсэн. Мөн 2019 оны 10 сарын 06-нд 5032943395 тоот дансанд 92,000 төгрөг шилжүүлж хийсэн. Ингээд Г 2,000,000 төгрөг, Анхцэцэг 2,000,000 төгрөг, А 4,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөг зээлсэн. Эдгээр 3 хүний 8 сая төгрөгийг хүү болох мөнгөтэй нь Гын нөхөр Эын 0 тоот дансруу хийж байсан. Миний хаан банкны хуулган дээр тэмдэглэсэн байгаа. Тэгээд намайг хүүг нь өгч байгаагүй дундаас нь идэж байсан гэж хэлмэгдүүлсэн. Би Г болон ээжид нь 200,000 төгрөг болон 500,000 төгрөг гандан явах гэж байгаа гэхээр нь 200,000 төгрөг бэлнээр гэрт нь өгч байсан. Мөн Гын ээж Т нь 5,000,000 төгрөг манай нөхөрт өгч байсан гэж ор үндэсгүй зүйл мэдүүлсэн. Мөн намайг машин зардаг гэж худал мэдүүлэг өгч байсан. Настай хүн байж охиныхоо үгэнд орж биднийг ор үндэсгүй гүтгэж байгаад нь гомдолтой байна. Энэ үйл явдлаас болж манай нөхөр Нийг  Гын нөхөр  Э зодож Баянзүрх дүүргийн шүүхээр шийтгүүлж торгуулж байсан. Ээж Т нь манай нөхрийг ална, хутга шаана гэсэн, мөн манай нөхрийг машинаар дайрах үйлдэл хийсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Намайг гэртээ байхгүй хойгуур орж ирэн охин маань цай хийж өгөх зуур миний гараар хөтөлдөг ноорог дэвтрийн зургийг нууцаар авч нотлох баримт гэж хавсаргасан байна лээ. Тэр дэвтэр нь миний өөрийн гараар бичсэн, миний гарын үсэгтэй дэвтэр юм. Би Гоос хүүтэй мөнгө зээлээгүй, бэлэн мөнгө ч авч байгаагүй. Гын нэхэмжилж байгаа 11,000,000 төгрөг нь дэлгүүртэй холбоотой. Нийтдээ 19,500,000 төгрөг гэж байгаагийн 8,000,000 нь эзэн тодорхой тэр хүмүүс нь зээлсэн мөнгөө хүүгийн хамт өгөөд дуусчихсан. Надтай холбоотой 11,000,000 төгрөг нь ярилцаж тохироогүй огт гэрээ байгуулагдаагүй 5% хүү болох 7,700,000 төгрөг болон алтан гинжний үнэ 3,000,000 төгрөг нэмэгдэж 21,700,000 болсон. Г нь байцаалт өгөх болгонд мэдүүлгүүд нь зөрөн худал ярьж байна. Энэ хоёр хүн анхнаасаа манай гэр бүлтэй дотносож сайхан сэтгэл гаргаж байгаа дүр үзүүлэн бидний итгэлийг олж авч, бидний нэрийг ашиглан дэлгүүр барьсаны дараа бид хоёртой тохиролцоогүй зээлийн гэрээний хүү гэх мөнгө болох 7,700,000 төгрөг, 1,400,000 төгрөг өгөөд ломбарднаас чөлөөлж болох алтан гинжийг байхгүй мэт үзэж 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын ерөнхий прокурорын 2020.06.03-ны 0, 2020.01.02-ны  дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2020.04.23-ны өдрийн №0 дугаар албан бичиг, Баянзүүрх дүүргийн прокурорын газрын 2020.04.13-ны 0 дугаар гомдлын хариу, Баянзүрх дүүргийн прокурорын 2020.03.11-ний өдрийн 0 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай”, 2019.11.13-ны  өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, 2019.12.04-ний 0 дугаар гомдлын хариу албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2020.05.01-ний өдрийн зарлагын баримт, нэхэмжлэгч Ц.Гын Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансны хуулга, Г.Тгийн Төрийн банкны дансны хуулга, зээлийн гэрээг гаргасан.

 

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: хариуцагч А.Мын Хаан банкны дансны хуулга, Тайгын булаг ХХК-ийн 2021.03.18-ны өдрийн №21/1-039 дугаар хариуцагчид гаргасан тодорхойлолт, бараа, материал худалдан авсан зарлагын баримт, цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ,  материалын зардлуудын баримт,  материал авсан зарлагын баримт, гэрэл зургийг гаргасан.  

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.08.16-ны өдрийн №400 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 сарын 12-ны өдрийн 1/2487 дугаартай албан бичгийн хавсралт баримт болох гэрч А.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл, А.Маас гэрчийн мэдүүлэг дахин авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хариуцагч А.Мын гаргасан 2019.11.12-ны өдрийн бичгийн тайлбар, гэрч Н.Нийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч А.Мд холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,700,000 төгрөг, алтан гинжний үнэ 3,000,000 төгрөг нийт 21,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хүүгийн төлбөр 7,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулж мөнгө аваагүй, алтан гинжний мөнгийг нэхэмжлэгчийн дэлгүүрийн байшинд зарцуулсан, нэхэмжлэгч өөрөө барьцаалан зээлдүүлэх газраас авчих боломжтой гэх тайлбар гаргаж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг. 11,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар

 

1. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... 19,500,000 төгрөгийг хариуцагч А.Мд итгэж өгсөн ... мөн мөнгө зээлээч гэхэд нь итгээд 3 сая төгрөгийн үнэтэй алтан гинжээ өгсөн ... “ гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд “ ... хариуцагч А.М мөнгийг чинь өсгөж өгье гээд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ээж Т 5 сая төгрөг авсан, мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2 сая, 9-р сарын 27-ны өдөр 2 сая, 10-р сарын 01-ний өдөр 3 сая, 10-р сарын 6-ны өдөр 5 сая төгрөг тус тус авсан ... “ гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон хариуцагчийн “ ... Г нь анх 2019 оны 9 сарын эхээр ирээд “Мөнгөө эгчээ дүүд нь цөөхөн хэдэн төгрөг байна та нарантуул зах дээр олон жил наймаа хийсэн юм чинь 10% хүүтэйгээр найдвартай хүмүүст зээлээд өгөөч, дүү нь 3 хүүхэдтэй, нөхөр ажилгүй хэцүү байна” гэхэд нь би “тэгье хүмүүс хайж өгье” гэсэн, тэгээд ... хүмүүст мөнгийг нь хүүтэй өгсөн ... “ гэх тайлбар, түүний 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн “ ... Г надаас би байраа зарсан, мөн аялалаар явж ирсэн үлдэгдэл хэдэн төгрөгөө хүнд 10 хувийн хүүтэй зээлүүлж хүүгээр нь амьдармаар байна, танд найдвартай мөнгө зээлэх хүн байна уу гэж удаа дараа гуйсан ... 4 хүнд Гын мөнгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр болсон ... “ гэх мэдүүлэг,  Улсын ерөнхий прокурорын 2020.06.03-ны №1/1559, Баянзүрх дүүргийн прокурорын 2020.03.11-ний өдрийн №1135 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай”, 2019.11.13-ны  өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, 2019.12.04-ний 5/1617 дугаар гомдлын хариу албан бичиг, зохигчдын банкны дансны хуулга зэргээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр, нэхэмжлэгчийн өгсөн заавар, чиглэлийн дагуу хариуцагч А.М нь бусадтай зээлийн гэрээний харилцаанд орж, зээлийн гэрээний дагуу мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаар дамжуулан зээлдэгч нарт шилжүүлдэг байсан нь тогтоогдож байна.

 

3. Тодруулбал нэхэмжлэгч нь бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх зорилгоор хариуцагчтай холбогдож, хариуцагч нь зээл хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж, нэхэмжлэгчийн мөнгийг тэдгээр хүмүүст зээлийн гэрээний дагуу шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх ба ийнхүү нэхэмжлэгчээс өгсөн заавар, чиглэлийн дагуу хариуцагч нь түүний нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийхээр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүсчээ.     

 

4. Гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь А.М Г.Г, Э.А, Э.А нарын хүмүүст сарын 10 хувийн хүүтэйгээр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн “ ... М мөнгийг бэлнээр авдаг ... намайг удаа дараа мөнгөө бэлэн байлгаж байгаарай 10 хувийн хүүтэй зээлж өгнө гэж бэлнээр авдаг ... “, хариуцагчийн “ ... нэхэмжлэгчээс 8 сая төгрөг авч бусдад зээлдүүлсэн ... “, гэрч Н.Нийн “ ... мөнгө өгөөд гадаа байгаа Г гэж хүнд өгөөрэй гэхээр нь дамжуулж өгсөн ... “ гэх мэдүүлэг болон улсын ерөнхий прокурорын 2020.06.03-ны өдрийн №1/1559 дугаар “гомдолд хариу өгөх тухай”, 2020.04.13-ны өдрийн №4/552 дугаар “Гомдлын хариу” албан бичиг, Хаан банк дахь нэхэмжлэгч Ц.Гын 0, хариуцагч А.Мын 5811048253 тоот дансны хуулга, эрүүгийн хэрэгт хариуцагчийн өгсөн гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хариуцагч А.Мын гаргасан “ ... 19 сая төгрөгөөс Гд 2 сая, охин Ариунаад 4 сая, охин Анхаад 2 сая төгрөг авсан ... “ гэх тайлбар бичиг, 2020.02.04-ний өдрийн Ц.Г, Э.А болон Ц.Г, Г.Г нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.

 

5. Талууд Г.Г, Э.А, Э.А нартай зээлийн гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч нь дээрх мөнгөнөөс гадна 11,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба хариуцагч үүнийг эс зөвшөөрч “ ... нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгчээс авсан бүх мөнгийг Г.Г, Э.А, Э.А нарт өгсөн, өөр мөнгө аваагүй ... “ гэх үндэслэлээр тайлбар гаргаж маргасан.

 

6. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4 “Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгүүлэхээр хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч үүрэг зохих ёсоор биелэгдээгүй, энэ үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

7. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч Ц.Гын 0 тоот данс болон хариуцагч А.Мын 5811048253 тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 9-р сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10-р сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон.

 

8. Үүнээс 3,000,000 төгрөгийг гэрээний дагуу зээлдэгч Ат шилжүүлсэн нь хариуцагчийн “ ... тэгээд Ц.Г түүний нөхөр Э бид гурав Амгалан захын АТМ-аас миний данс руу 3,000,000 төгрөг хийсэн, би А рүү тэр доор нь яриад ... нөхрийнх нь данс гэх Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг нь 0 тоот данс руу 2019 оны 10-р сарын 7-ны өдөр 1,450,000 төгрөг хийсэн ... “ гэх тайлбар, зохигчдын банкны дансны хуулгаар нотлогдсон ба үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч нь гэрээний дагуу өөр хэн нэг этгээдэд зээлийн гэрээгээр дагуу шилжүүлсэн, эсхүл нэхэмжлэгчид буцаан өгсөн болохоо нотолж чадаагүй.

 

9. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 “Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу даалгаврын гэрээний дагуу 2,000,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

10. Нэхэмжлэлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгийн шаардлагатай холбоотой үйл баримт буюу тухайн мөнгийг хариуцагчид гэрээний дагуу өгсөн болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар өөрсдийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хэргийн оролцогч хүлээдэг. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 онд иргэний хэрэг үүсгэсэн боловч энэ хугацаанд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийг хангалттай хэмжээнд нотолж чадаагүй бөгөөд түүний шүүхэд гаргасан баримт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, цаашлаад гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг бүрэн нотолж чадаагүй.

Тухайлбал хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичмэл баримт болох хариуцагч А.Маас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан “ ... үлдэгдэл 11 сая төгрөгийг болон зүүлтийг М би 12 сарын 21-нд авч өгнө ... “ гэсэн бичмэл баримт нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг бүрэн нотлохгүй ба уг тайлбарт дурдсан 11 сая төгрөгийг асуудал нь нэхэмжлэлийн үндэслэл болж чадаж байгаа эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсонгүй. Мөн нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид бэлнээр өгч байсан гэх тайлбартайгаа холбогдуулж өөрийн банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч энэ нь тухайн мөнгийг хариуцагчид өгсөн болохыг, гэрээ байгуулагдсан үйл баримтыг нотлохгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримт болохгүй байна.

Тиймээс нэхэмжлэлээс үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Алтан гинжний үнэ 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алтан гинжний үнийг гаргуулах шаардлагын үндэслэлээ “ ... мөнгөний хэрэг гарсан мөнгө зээлээч гэхэд нь итгээд алтан гинжээ өгсөн ... “ гэж тодорхойлсон бол хариуцагч “ ... нэхэмжлэгч надад “энэ миний гинж байгаа юм, та ломбарданд тавиад дэлгүүрийн үлдсэн юмнуудаа авчих, дараа нь та хоёр дэлгүүрээ ажиллуулахаар аваад өгчих” гэхэд нь би зөвшөөрч 1,400,000 төгрөгөөр “Сайн ломбард”-нд тавьсан, одоог хүртэл сар бүр хугацааг нь сунгаад явж байна ... “ гэсэн тайлбар гаргажээ.

 

2. Өөрөөр хэлбэл дэлгүүрийн байшин барих, барилгын материал худалдан авахад зориулж нэхэмжлэгч нь алтан гинжээ хариуцагчид өгсөн, хариуцагч уг алтан гинжийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан эрүүгийн хэргийн явцад хариуцагчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан тайлбар бичмэл баримт, “Тайгын булаг кредит” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №21/1-039 тоот тодорхойлолт албан бичиг болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

3. Үүнээс үзэхэд хариуцагч алтан гинжийг нэхэмжлэгчээс авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан мөнгө авсан үйл баримтын талаар талууд маргаагүй ба харин алтан гинжний үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь дэлгүүр хамтран ажиллуулж байсан үйл баримт болон ийнхүү дэлгүүрийн барилга барихад оруулсан хөрөнгө, дундын хөрөнгийн талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ тохиолдолд шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

 

5. Хариуцагч нь өөрийн шаардлагыг нотлох зорилгоор ТҮЦ-ийг барихад зарцуулсан гэх зарлагын баримтуудыг гаргасан боловч эдгээр баримтууд талуудын хамтран ажиллаж байсан үйл баримтыг бүрэн нотлохгүй байхаас гадна нэхэмжлэгчээс хариуцагчийн өмнө хүлээсэн үүргийн дагуу алтан гинжийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч алтан гинжийг нэхэмжлэгчээс авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж хөрөнгөжсөн нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу эсхүл гэрээнд зааснаар үүссэн гэж үзэх боломжгүй байна.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгсөн алтан гинжийг буцаан шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэлийн зүйл болох алтан гинжийг хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан зээл авсан боловч зээлээ хугацаанд нь төлөөгүй, барьцааны зүйлийг буцаан аваагүй байх ба тухайн зүйл одоо хаана, ямар этгээдэд байгаа, бодитоор хадгалагдаж байгаа эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч эд зүйлийн үнийг гаргуулах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасанд нийцсэн байна.

 

8. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №400 дугаар дүгнэлтээр 18,2 грамм жинтэй, 750 сорьцтой алтан гинжний зах зээлийн үнэ цэнийг 3,276,000 төгрөг гэж тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд алтан гинжний үнэ 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

9. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.Маас гэрээний үүрэг 2,000,000 төгрөг болон алтан гинжний үнэ 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

  

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 267,000 төгрөг төлснийг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Маас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.ЛХАГВАСҮРЭН